Улаан хонгил




Irreversible (2002). Парисын нэгэн үдэшлэгээс харьж явсан тун чиг үзэсгэлэнтэй бас жирэмсэн ирээдүйн эхнэрийг нь сэхээнд ортол нь хүчиндэж, хэрцгийгээр зодсон этгээдээс өшөө авахын төлөө Парисын хамаг л далд нууц, хууль ёс хийгээд ёс суртахуунаас ангид бузар булай газраар явах нэгэн залуугийн хар дарсан зүүд лугаа аялалыг Gaspar Noe зориуд урвуугаар зурагласан нь киног улам зэвүүн, улам үзэшгүй муухай болгодог. 

Аймшигт хүчирхийллийн сцэн киноны үндэс суурь өгүүлэмж болох ба энэ хойноосоо эргэх үйл явдлаар Gaspar Noe хүн төрөлхтний орчин үежсэн, хэт иргэншсэн маргад эрдэнэ лугаа хөөр баясалтай харагддаг нийгмийн амьдрал үнэн гүндээ бүдүүлэг, доройтлоор буцалж байдгийг харуулсан бөгөөд Gaspar Noe уг бүтээлээрээ ёс суртахууны дутагдлын аймшгийг үзэгчдийн ясанд тултал мэдрүүлэхийг хүссэн гэлтэй. Дэндүү хэрцгий хүчиндэлтийн хэсэг ямар ч зоригтой үзэгчийг үргээх чадалтай агаад нэг үзсэн хүн насан туршдаа тус хэсгийг мартахгүй нь тодорхой бөлгөө.
Gaspar Noe авъяас чадвар, кино найруулагчийн замналаа дэнчин тавин уг киногоо бүтээхдээ үзэгчдийг огт бодоогүй буюу энэ кино маань үзэгчдэд таалагдах эсэх нь надад падгүй, би л өөрөө кино бүтээхүйгээсээ жаргал, цэнгэл эдлэх нь чухал гэсэн зарчимаар ажиллажээ. Кино зохиолоо Gaspar Noe өөрөө бичсэн ба кино Экспериментал сэтгэлзүйн триллер драм төрлийн хэмээдэг. Уг киног "кино урлагийн бие махбодь" цувралын нэг хэсэгт хамаатуулдаг (Францын шинэ икстрим хөдөлгөөн) агаад өгүүлэмж, зураглал хийгээд хүүрнэл нь маш их маргаан дагуулсан буюу уг кино бол нийгмийн нихилизм, цөхрөлийн тухай түгээмэл мэдрэмж гэж тайлбарлагддаг. Уг киноны хүчирхийллийг хөрөглөсөн хэт хурц, бодит дүрслэл болох бараг 10 минут үргэлжлэх хүчингийн хэсэг болон гал унтраагчаар хүний нүүрийг хэмх нүдэж алдаг хэсгүүд үзэгчид, шүүмжлэгчдийг шоконд оруулж байв. 

Уг киног ижил хүйстэн хүнээс айх айдсаас бий болсон ялын тогтоол гэж үзэгсэд байдаг (энэ талаар найруулагч өөрөө би ижил хүйстэнээс айдаг өвчтэй хүн биш гэсэн буй) бол нэрт шүүмжлэгч Roger Ebert уг киног дэндүү их хүчирхийлэл, харгислалтай кино тул ихэнх хүн үзэж чадахгүй гэжээ. Өгүүлэмж нь хойноосоо урвуугаар өрнөдөг C. Nolan-ын Memento (2000) кино алдаршсаны ачаар Gaspar Noe адилхан бүтэцтэй хийгдэх киноныхоо санхүүг нээх зовлонгүй олсон байдаг. Кинонд нэлээд их зогсолтгүй авсан кадрууд байдаг бөгөөд зарим хэсэгт тусгай эффект ашиглажээ. Хүчингийн сцэнийг бүрэн авах гэж Monica Bellucci болон Jo Prestia нар 2 шөнийн турш 6 удаагийн зураг авалтаар бэлэн болгосон бол Monica Bellucci хүчиндүүлдэг хэсгээ хэзээ ч бүрэн үзэж байгаагүй гэдэг. Gaspar Noe кино зохиол гэж 3хан хуудас материал бичсэн бөгөөд зураг авалтыг үеэр харилцан яриаг ихэнхдээ импровациар явуулж байжээ. Мөн тэрээр киноныхоо гол дүрүүдэд бодит амьдрал дээрх жинхэнэ хосуудыг тоглуулахыг хүсч байсан нь тухайн үед гэр бүлийн 2 байсан Monica Bellucci, Vincent Cassel нар чухам таарч байсан агаад тэдний хамтрал киног хар бараан болоход үлэмж нөлөөлжээ. Киноны арын эхний 30 минутын чимээ газар хөдлөлтийн улмаас үүсдэг нам давтамжтай чимээтэй төстэй байдаг; энэ чимээ нь хүний толгойг өвтгөх, дотор муухайрах байдалд оруулдаг ба киноны зөвхөн эхний энэ хэсгээс болж үзэгчид теартыг орхиж гарч байсан нь угаасаа кино бүтээгчдийн анхлан хүссэнтэй энэ бүхэн таарч байжээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар уг кино тухайн оны хамгийн их үзэгчид нь орхин гарсан кино гэгддэг бол Канны наадмын үзвэрээр 3 хүн ухаан алдаж унаж байжээ. 

Rectum шөнийн клубийн хэсгээс болж маш их ядарч туйлдсан Gaspar Noe амрах гэж хар тамхи хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд киног шинэ Зеланд болон Австрали улсуудад гаргахыг хориглосон байдаг байжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 705-р байрт жагсаасан байхад 2012 онд Sight & Sound сэтгүүлийн хамгийн шилдэг кино санал асуулгад уг кинонд 3 нь ч шүүмжлэгч саналаа өгсөн ба зарим шүүмжлэгчдийн үзсэнээр энэ кино нь 2002 оны шилдэг бүтээлийн нэгээр нэрлэгдэж байв. Мөн зарим кино судлаач уг киног ижил хүйстнээс айх айдсын талаарх хамгийн оргил кино гэдэг бол киноны бүтэц нь жам ёсны ёс суртахууны чанар ба бид хүчирхийллийн үйл явцыг анхаараад байхаас Өш хонзонгийн сэдэл хэрхэн үүссэнг ойлгох хэрэгтэй бөгөөд уг кино бол гадна талдаа харгис өшөө авалт бол гүндээ хариу авсан ёс суртахуунаар жолоологдсон шударга ёс, тэгш эрхийн асуудал болой.

Comments