The Magnificent Ambersons (1942). 20-р зуун ертөнцийг машинжуулж эхэлсэн тэр үед
эл машины ачаар зарим авъяас чадвартай нь хөрөнгөжиж алдар нэрийг олж байхад
хуучин зууны шинэчлэлтэд дургүй язгууртан зарим хэсэг нь өнгөрсөнтэйгөө
зууралдсаар сөнөж мөхсөн тэр цаг үед кино маань өрнөнө. Нэгдсэн улсын Индиана
хотод Ambersons-ынх гэх язгууртан, баян айл байв. Хот даяараа тэдний сүр
жавхланг хүндэтгэж Ambersons-ынх ч баян чинээлэгээрээ хийгээд язгууртан байвал
төрхөөрөө ялгарах ба тэдний нэр хүндээ хичээх, бардамнал өндөртэй зан чанар нь
туйлын дээд. Уг айлын өрхийн тэргүүний үзэсгэлэнт охин Isabel-г хотын жирийн
оршин суугч залуу Eugene эргүүлэн хоргоох хэдий ч охин үл тооно. Нэгэн золгүй
байдлаар Eugene охиныг олны өмнө эвгүй байдалд оруулчихна; угаасаа жирийн иргэн
Eugene үүнээсээ болж энэ насныхаа хайрыг эгнэгт алдах буюу Isabel баян
чинээлэг, зиндаа ойролцоо Minafer-тай хуримлана, охин түүнд хайргүй байсан ч
нэг насныхаа сонголтыг ийнхүү хийдэг. Minafer болон Isabel нар дундаасаа нэг
хүүтэй болно; тэд түүнд George гэдэг нэр өгдөг бөгөөд хүү хотын хар дарсан зүүд
нь болно. Үнэнхүү сахилгагүй, эрх дураараа гэж чигтэйхэн, George-ын үймээн
дэгдээж зүггүйтэх нь дэндүү ч эцэг эхийн ганц хүү болохоор хэн ч юу ч хэлэхгүй.
Хотын бяцхан чөтгөр George ихэрхү, дээрэнгүй, бардам зангийн тод жишээ болсон эр
болж өсөх ба гадна төрх сайхантай энэ ааш муутай залуу хар багаасаа гэрийнхнээ
базаж нас биенд хүрнэ. George коллежийнхоо амралтаар гэртээ ирэхэд өвөө нь
баярлаж томоохон үдэшлэг харшдаа зохион байгуулна. Ирсэн хүндэт зочдын дунд
Eugene өөрийн охин Lucy-ын хамт байх агаад авто машины хөрөнгө оруулагч болж
хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн Eugene 20 жилийн дараа төрсөн хотдоо ийнхүү ирэхдээ
харин бэлэвсэрсэн эцэг болсон байв. Үзэсгэлэнтэй, сэтгэл татам Lucy-г харсан
George шуудхан л дурлачих бөгөөд тэр оройжингоо тэд хамт бүжиглэнэ. Энэ үед
Eugene Isabel нарын нурманд дарагдсан хайр асч эхлэх ба Isabel нөхөртөө бус
Eugene-д сэтгэлтэй гэдгээ ухаарна. Ээжийнхээ танихгүй эртэй харилцах байдалд
Goerge эгдүүцэн дургүйцэнэ; үүнд Eugene-ын энгийн байж байгаад хөдөлмөрлөж баяжсан
байдал бүр ч эгдүүг нь хүргэх агаад тэр хүний охин өөрт нь таалагдаж байсан ч
араншингаа үл нууна. Үдэшлэг өндөрлөхөд George-ын хүчээр шахуу тулгасан
болзоонд явах болсон Lucy аавдаа энэ залуу их дээрэнгүй юмаа гэж хэлэхэд аав нь
залуу, цус шингэн байна, аргагүй гэдэг. Тэр оройдоо George Eugene гэж хэн болох
талаар авга эгч Fanny-гаасаа асуун шалгаахад эгч нь юу ч хийж манаргаж мэдэх
дүүгээсээ айсан Fanny болгоомжлон Eugene болон Isabel нарын өмнөх харилцааг
хэлэлгүй, харин оронд нь Eugene өөрийг нь эргүүлдэг маягийн зүйл зохиогоод
хэлчихнэ. Маргааш нь George, Lucy, Eugene, Isabel болон Fanny нар зугаалга
хийнэ, энэ үеэр болсон золгүй явдалд George өөрийгөө Eugene-д доромжлогдлоо гэж
буруу санаж ихээхэн хилэн өвөртлөнө. Энэ зугаалга George Lucy 2ын харилцааг,
бас Eugene Isabel нарын харилцааг үлэмж гүн, дотно болгодог. George коллежоо
дүүргээд гэртээ ирнэ, энэ үед эцэг нь явцгүй бизнесд хөрөнгө оруулсны улмаас
ихээхэн гарз амссан байх ба үүнээс болж бие нь муудаад төд удалгүй нас барна.
Хэсэг хугацаа өнгөрчээ; Eugene авто машины үйлдвэртэй болж хөрөнгө баялаг нь
зузаарсан байна. Мөн Eugene Isabel нарын харилцаа гүнзгийрч, тэдний харилцааг
George-с бусад нь мэддэг болсон байна. Eugene энэ харилцаагаа George-д хэлж бүх
юмаа ил болгоё гэхэд Isabel арай болоогүй гэнэ, үүндээ тэрээр хүүгээсээ үхтлээ
айж байв. Мөн энэ үеэр George Lucy-д сүй тавих санал тавина; гэсэн бүсгүй
татгалзах агаад шалтгаанаа George-г ямар ч амьдралын зорилгогүй, энэ янзаараа л
байгаад байх дуртай, өөрөөр хэлбэл сонирхолгүй уйтгартай гэнэ. Lucy-г ингэх
болсон шалтгааныг George Eugene-с болсон гэж дотроо буруутгана. Lucy хэсэг
хугацаагаар хотоос явдаг, харин Eugene-г Ambersons-ынхон оройн хоолонд урина;
хоолны үеэр George бүдүүлгээр Eugene-ын авто машины үйлдвэр болон ер нь авто
машины ирээдүй рүү дайрахад ухаалаг Eugene эвтэйхэн аргалаад өнгөрүүлнэ. Тэр
оройдоо George ээжийг нь Eugene эргүүлж байгааг Fanny эгчээсээ олж мэдэх бөгөөд
ерөөсөө өөрөөс нь өөр бүх хүн ээжийнх нь явдлыг мэддэг болохыг олж мэднэ.
George-ын хэрхэн хорсон зэвүүцэж, Уур хилэндээ шатсаныг өгүүлэшгүй. George-ын
хувьд энэ бүхэн доромжлол, гутамшиг агаад ээж нь нэр төр хийгээд гэр бүлийнхэн
нэр төрийг шившиглэсэн хэрэг байлаа. Үүнийг мэдсэн өдрөөс хойш George Eugene-г
ээжтэйгээ уулзахыг хориглоно, Isabel хүүгээ уурлуулахгүй гэж хүүгээ сөрөн
эсэргүүцэж чаддаггүй. Eugene Isabel захидал бичнэ, захидлын утга нь; би чамайг
хайрлаад нэг удаа хаягдсан, би хоёрдахиа хаягдах эрхгүй, чи нэг удаа сэтгэлээ
дагаж шийдвэр гарга, хүүгээ юмуу хайр сэтгэлийнхээ аль нэгийг сонго гэсэн байв.
Isabel захиаг хүүдээ уншуулах Isabel мэдээж хүүгээ сонгодог. Lucy буцаж ирээд
George ээжийнхээ хамт урт хугацаагаар Европоор аялах болсныг олж мэднэ. Lucy
George 2 уулзахад George бүсгүйг өөрт нь хайртай эсэхийг мэдэхийн тулд далд,
хоёрдмол утгаар баахан шалгаахад Lucy тухай бүрд нь хайргүй гэсэн хандлага
гаргаж George-г гомдоох ба явсан хойно ухаан алдаж унадаг. Хэдэн сар өнгөрчээ,
Isabel хүндээр өвдөж бүр хүний гарт орсон байв. Тэрээр гэртээ буцаж очихыг
хүсэхэд хүү нь ээж нь Eugene-тэй дахин нийлчихнэ хэмээн айж хориглосоор байв.
Гэтэл Isabel-ын биеийн байдал улам дордож үхэж эхлэхэд George аргагүй эрхэнд
ээжтэйгээ хамт гэртээ буцаж очно. Тэд гэртээ ирсэн хойно ч гэсэн George
ээжийгээ Eugene-тэй уулзуулахгүй: эх нь гуйгаад ч Eugene ирж гуйгаад ч бардам
зөрүүд тэнэглэлийг үл дийлнэ. Isabel хүүгийнхээ гар дээр үхэхдээ Eugene-тэй
уулзуулахыг гуйсаар байгаад үхдэг. Isabel үхсэний дараа George-ын өвөө ч төд
удалгүй нас барна. Эдгээр үхлүүдийн араас гэр бүл нь өрөнд баригдаж өтөнд
идэгдсэн болохыг George мэдэх бөгөөд тэрээр Fanny эгчдээ хандахад эгч нь бас
дампуурсанаа зарлаж, дөнгөн данган амьдрах мөнгөтэй үлдсэнээ хэлдэг. Ингээд
George орон гэр хийгээд гэр бүлийнхээ бүх юмыг зарж борлуулсан ч хэдхэн сар л
амьдрах мөнгө олно. Eugene охиноосоо George-той эргээд нийлмээр байна уу гэж
асуухад Lucy аавдаа нэгэн эртний түүх ярьж өгөх бөгөөд Eugene энэ түүхээс
George-г хэтэрхий ихэмсэг, зэвүүн болохыг ойлгодог. Сохор зоосгүй болсон George
мөнгө л олж байвал ямар ч хамаагүй ажил хийж явахдаа модерн хот, машинжсан,
технологижсон шинэ ертөнцийг ойлгохдоо ухаан сууж, насанд хүрч байлаа. Тэрээр
гэр бүлийнхээ сүүлчийн өмч болох харшдаа өнгөрүүлэх эцсийн шөнөдөө хийсэн бүх
зүйл, үйлдсэн бүх нүгэлээ бурханд.наманчилж өршөөл эрдэг. George өөрийгөө болон
Fanny эгчийгээ тэжээхээр явж байгаад машинд дайруулан хүнд бэртэнэ. George-г
хүнд бэртсэнийг сонссон Lucy ааваасаа түүнийг эргэж очиж болохыг асуухад аав нь
зөвшөөрөх бөгөөд кино маань George Lucy нар нийлснээр, хүнлэг сайхан сэтгэл, ёс
суртахуун дийлсэнээр төгсдөг буюу George эцсийн эцэст Eugene-с уучлалт гуйдаг
бөлгөө.
"Хэрэв тэд киног минь байсан чигээр нь үлдээчихсэн бол
"Kane"~с илүү кино болох байсан" хэмээн домогт Orson Welles
"The Magnificent Ambersons" киноныхоо тухай Peter Bogdanovich
найруулагчид олон жилийн хойно харамсангуй (түүний энэ харууслыг хойно
дэлгэрэнгүй өгүүлнэ) хэлсэн байдаг. Orson Welles уг киногоо "Kane"
илүү болсон гэж боддог байсан нь үзэгч миний саналтай таардаг ба эл бүтээлийг
"Citizen Kane"-ын хамтаар түүний онцгой бүтээлд тооцож, бүх цаг үеийн
хамгийн шилдэг киноны нэгээр нэрлэдэг бөгөөд тухайн жилдээ Оскарт 4 төрлөөр нэр
дэвшиж байжээ. Киноны хэл уян налархай бол эксрессионист гэрэлтүүлэг нь илүү
нямбай бүтэцтэй ба зул сарын үдэшлэгээр дамжуулан киноны гол дүрүүдээ
танилцуулдаг хэсэг бол маргаангүй Orson Welles-ын хамгийн шилдэг тавилттай сцэн
юм. Кинонд: Joseph Cotton, Dolores Costello, Anna Baxter, Tim Holt болон Agnes
Moorehead нар алга ташим тоглож, Orson Welles өөрөө киноныхоо хүүрнэгчээр
ажиллажээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 77-р
байрт жагсаасан бол Signed & Sound сэтгүүл харин хамгийн шилдэг кино
жагсаалтынхаа 81-р байрт нэрлэжээ. Шүүмжлэгчид мөн киноны mise-en-scene-г ер
бусын гээд мөн Америкийн кино урлагийн хамгийн шилдэг жүжигчдийн тоглолттой
бүтээлийн нэг хэмээдэг. Киноны зохиол нь Америкийн зохиолч Booth Tarkington-ын
1918 оны Pulitzer-ын шагналтай ижил нэрт романыг дэлгэцнээ шилжүүлсэн бөгөөд
Orson Welles кино зохиол болгосноос гадна продюсерлэжээ.. анх 1939 онд Orson
Welles "The Magnificent Ambersons"-г өөрийн радио театрынхны хамтаар
1 цагийн хэмжээтэй радио драм болгон тавьж, Orson Welles өөрөө George
Minafer-ын дүрд дуу оруулж байв. Романыг кино болгох ажил 1941 онд ЛА хотын
RKO-ын студид эхэлжээ. Amberson-ын харшийг кинонд зориулан Orson Welles-ын
хүсэлтээр тусгайлан барьсан агаад уг барилгад харшид байх бүхий л зүйлс
бодитоороо байсны дээр камер чөлөөтэй ажиллах зам, талбайтай байв. Уг барилгыг
барихад маш их хөрөнгө орсон тул RKO студи хожим олон кинонд дахин ашигласан
байдаг. Анхны эвлүүлгийн дараа киноны үргэлжлэх хугацаа 135 минут болжээ,
Welles дахиад богинсгох хэрэгтэй гэж бодож байсан ба урьдчилсан үзлэгээр орсны
дараа эвлүүлэгч Robert Wise хэдэн минутыг танав, тэгсэн дахин урьдчилсан
үзлэгээр үзэгчдэд сайшаагдаагүй ажээ. Welles болон RKO студийн хооронд Welles
киноны эцсийн эвлүүлгийг хийх гэрээ хийгдсэн байсан боловч RKO түүнээр анхны
бөгөөд ганцхан удаа л эвлүүлэг хийлгэж, киноны эцсийн байдлаар найруулагчийн
хүссэнээр дуусгах боломж олгоогүй байдаг. RKO студи Welles-ын санал хүслийг үл
харгалзан киноноос 40 минут орчим хэсгийг хасч, төгсгөлийн сцэнийг бүр дахин
шинээр зураг авч хийхдээ туслах найруулагч Fred Fleck болон Robert Wise нартай
хамтран ажилласан байна.
Welles-ын эх төгсгөлийг өөрчлөх дөө романы төгсгөлтэй
нь ижил болгосон ба дахин зураг авалтаар кино аз жаргалтайгаар төгсдөг, гэвч
Welles өөрийнх нь эх төгсгөл киноны хамгийн чухал, шилдэг сцэн байсан хэмээн
гомдоллосоор иржээ. Welles энэ бүх хугацаанд хаана байсан бэ? Гэвэл тэрээр
Бразилд RKO-той хийсэн гэрээний дагуу өөр нэг киноны зураг авалтаар явж байсан
ба ингэснээр Welles студитэй утсаар л холбогдохоос өөр киногоо аврах боломж
олдоогүй буюу түүнд тийм боломж олголгүйгээр киног нь жин тан болгожээ. Тэгсэн
Welles уг кинондоо хайртайг байдаг бөгөөд тухайн цаг үеийн Америкийн киноны
стандартаас илүү давсан хар бараан кино хийснээ мэдэж байсан, асуудал дагуулна
гэдгийг анхнаасаа мэдэж байсан, гэхдээ маш сайн кино болно гэдгийг ч бас мэдэж
байсан хэмээн хэлсэн байдаг. Уг кино бол кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны
бараг бүх кредит нь дэлгэцнээ бичгээр биш дуу хоолойгоор танилцуулдаг киноны
нэг агаад энэ киноноос өмнө зөвхөн Францын найруулагч Sacha Guiltry л энэ
техникийг ашиглаж байв. Дэлгэцнээ зөвхөн RKO-ын лого, Welles-ын Mercury
продакшн болон киноны нэр эхэнд бас төгсгөлд гардаг ба Welles бүх кредитийг
уншиж танилцуулна.
Comments
Post a Comment