25th Hour (2002).
Нью Иоркийн
гудамжинд нэгэн машин гэнэт тормоз татан зогсох агаад машины дэргэд нохой
зодооноос болж шархдсан гэмээр байдалтай нэгэн нохой хэвтэнэ. Машинаас тарган,
туранхай 2 эр бууж ирнэ; туранхай, царайлаг, 30 гаран насны залууг Monty гэх
бөгөөд манай киноны гол баатар, харин тарган эрийг Kostya гэнэ, тэд найзууд,
бас ажлын хамтрагчид бөлгөө. Нохойны догшин авирыг үл харгалзан Monty хөөрхий
амьтныг асран хамгаалж өөрийн болгохыг хүсэн ойролцоох эмнэлэг рүү авч явж
буйгаар кино маань эхэлдэг. Эл явдлаас хэдэн хоног өнгөрсөнийг яг таг мэдэхгүй
ч Monty нохойн хамт өглөөний тунгалаг салхины эрх чөлөөг сүүлчийн удаа мэдрэн
цэцэрлэгт сууна. Түүний царайнд дотно хүмүүстээ эргэлзсэн, тээнэгэлзсэн
бодлогшронгуй төрх илрэх бөгөөд мөн хэт их шуналтай явсандаа, харалган
байсандаа харамсаж, бухимдсан зовлонт байдал тод илэрнэ. Monty дөнгөж
өчигдөрхөн хар тамхины хэргээр 7 жилийн ял сонссон ба тэрээр хар тамхины
наймаачин юм. Олон жил амжилттай ажиллаж байгаад гэрээсээ баригдсан нь тун
сэжиг төрүүлэм буюу цагдаа нар гэрт нь орж ирээд хар тамхи хаана нууж байгааг
мэддэг юм шиг шууд барьсан нь Monty-г дотны хэн нэг хүн нь ховлосон гэх харын
сэтгэл төрүүлэх агаад тэрээр өөрөөс нь хэн урваж болох талаар ийнхүү тарчлан
бодож буй нь энэ.
Эхлээд тэрээр хамгийн хайртай хүн болох найз хүүхэн
Naturelle--г сэжиглэв; хүүхэн үргэлж түүнтэй хамт байдаг бөгөөд өөрийнх нь бүх
юмыг дэндүү сайн мэддэг нэгэн байв. Monty түүнийг 17-тай байхад нь танилцсан
учир хайртыгаа ингэж хардаж буйдаа битүүхэн өөрийгөө жигшинэ. Дараа нь тэрээр
газар дээрх хамгийн сайн 2 найз болох их сургуулийн багш Elinsky, wall street-д
ажилладаг Frank нарыг хардаж үзэх ч тэд үнэндээ өөрт нь үнэнчийг хангалттай
мэдэх тул бас л хий хоосон хардалт болж байв. Юутай ч түүнийг хэн нэгэн
хорлосон нь тодорхой ба эрх чөлөөтэй байх сүүлчийн өдрөө Naturelle болон 2
андынхаа хамтаар зад наргиж өнгөрөөхөөр шийднэ. Monty цэцэрлэгээс аавынхаа
ажиллуулдаг бааранд очиж аавтайгаа эцсийн удаа хамт хооллоно. Аав нь маргааш
хүүгээ шорон руу хүргэж өгье хэмээх нүдэндээ нулимстай гуйх ба үнэндээ илүү их
мөнгө олох юмуу ер нь Monty хар тамхитай холбогдох шалтгаан нь аавынхаа баарыг
хөл дээр нь босгох гэж Оросын мафид ажиллаж эхэлсэн бөгөөд ингэх явцдаа залуу
хүн шуналдаа дийлдсэн нь энэ ажээ. Monty аавыгаа хараад эртхэн болиогүйдээ
харамсан өөрийгөө улам зүхэх бол аав нь хүүгээ ийм байдалд орсонд өөрийгөө
буруутгана. Monty буруу замаар явсан ч муу эр байсангүй, тэрээр цагдаад Орос
толгойлогчоо барьж өгөлгүй өөрөө хамаг хэргийг үүрээд шоронд явахаар болно. Нар
жаргажээ. Сүүлчийн цэнгүүн эхлэх болжээ. Frank болон Elinsky нар эртхэн уулзаж
бусдыгаа хүлээнгээ пиво ууж байх зуур бид тэдэнтэй хурдхан шиг танилцаад авъя.
Frank бол эрч хүчтэй, хулчгардуу, улаан хөлтнийг урдуураа гаргадаггүй зальтай
эр бол Elinsky номын төрхтэй, номын амьдралтай буюу зарчимч агаад даруухан,
өөртөө итгэлгүй нь сурагч охиндоо дурласан боловч дурласан охин нь өөрт нь илт
сээтэн хаяад байхад зориглож чадахгүй байгаагаас нь харж болно. Frank хэлж
байна: Monty-ын амьдрал дууссан, 7 жилийн дараа гарч ирлээ гэхэд бүх амьдралаа
алдсан байна, тэнд орсон хүн хэзээ ч хуучин шигээ байдаггүй, бидний нөхөрлөл ч
энэ цэнгүүнээр дуусна, угаасаа буруу замаар явсан түүний буруу хэмээн номлоно.
Харин Elinsky эл ярианд эргэлзэж, итгэхийг үл хүснэ. Ийнхүү байтал Monty,
Naturelle нар ирсэнээр тэдний хагацлын цэнгүүн албан ёсоор эхлэх бөгөөд Monty
нэр нүүрээ ашиглан хамгийн алдартай шөнийн клубт орно. Тэд клубын үүдэн дээр
Elinsky-ын сурагч охинтой таарах агаад Mary гэх тэр охиныг тэд аваад ордог. Чанга
хөгжим, анивчих гэрэл, хөөсрөн асгарах оргилууд дарсанд манай гол баатар
халамцаж согтоцгоож эхэлнэ. Энэ үед Monty Frank-тай ганцаарчлан уулзахад Frank
найздаа хандан: 7 жил юухан байх вэ, чи залуугаараа л гараад ирнэ, тэр үед бид
хамтдаа баар ажиллуулна хэмээн хэлнэ. Frank дараа нь Naturelle-тай уулзаад: чи
миний найзын мөнгөөр туйлсан, ер нь чамаас болсон ухааны юм ярьж байгаад
хүүхэнд алгадуулдаг. Энэ үед хоёулахнаа үлдсэн Elinsky Mary нарын байдал
эгзэгтэй болж ирэх бөгөөд охин багшийнхаа өвөр дээр сууж санаагаа сууж илтгэх
боловч багш хөдөлж Өгдөггүй ч тэд угаалгын өрөөнд үнсэлцдэг. Мөн энэ үед Monty
баарны эзэн, өөрийнх нь босс Nikolai нь өмнө "шүүгдэн" зогсоно.
Nikolai түүнд шоронгийн амьдралыг ямар байдгийг хүүрнэн өгүүлэхээр гадна
цагдаад яаж яваад баригдсан эсэх ер нь хэн чамайг бариад өгчихөв гэж байцаан
шалгааж байлаа. Monty түүнд үнэнч байгаагаа баталж, ямар ч байсан асуудлыг өөрийн
толгойгоор шийдэхээ хэлэхэд босс Kostya урвагч буюу чамайг ховлосон хүн бол
Kostya гэдгийг илчилдэг. Босс Monty-г урлагийг ал гэж тушаахад Monty татгалзаад
аавынхаа баарыг харж хандаж байхыг боссоосоо хүсээд явдаг бөгөөд ард нь Kostya
үхэх ялтай үлддэг. Өглөө болжээ. Monty гэрээ ирээд Naturelle-ээс сэжиглэж
байсандаа уучлалт гуйх ба Elinsky-д нохойгоо харж хандаж байхыг гуйна. Ингээд
шорон руу явахад хэдхэн цаг дутуу байхад Monty Frank-аас өөрийг нь хэмх зодоод
өгөхийг гуйна; ингэх шалтгаанаа шоронд муухай байдалтай орвол хүчиндүүлэхээс
аврагдана гэж бодсоноо хэлнэ. Гэтэл Frank татгалздаг ч Monty-ын хорон үгэнд
автан хүслээр нь болж Monty-г аймшигтай зоддог. Санасандаа хүрсэн Monty
аавынхаа хамт машинаар дараагийн 7 жил амьдрах газар руугаа явж байна. Аав
хүүдээ эндээс чи шууд баруун нутаг руу зугт, тэндээ бүгэж амьдар гэж зөвлөх
бөгөөд аавын хэлсэнтэй зэрэгцэн план Monty-г баруунд оччихсон нэр болон зүсээ
өөрчлөөд амьдарч буйг харуулах ба мөн Naturelle түүн дээр оччихсон тэд
хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдарч буйг үзэгчид харна. Өөрөөр хэлбэл баруунд
зугтаасан Monty тэндээ шал өөр хүн болоод зогсохгүй үзэгч бидний хүссэнээр
хайртай хүнтэйгээ сайхан амьдрахыг
харна. Кино ашгүй ингээд дууслаа гэж бодтол план өөрчлөгдөхөд Monty аавынхаа
машинд шорон руугаа явж байна. Америкийн кино урлагийн түүхэндэх хамгийн чухал
кино найруулагчдын нэг бол Spike Lee бөгөөд миний хувьд "25th Hour"
кино нь түүний хамгийн онцгой шилдэг туурвил гэж боддог. Spike Lee уг кинондоо
өөрийн кино урлах онцгой хэл, арга барилыг бүрэн дүүрэн шингээсэн гэгддэг ба
тус бүтээлээс бид Spike Lee-г ямаршуу чадварлаг кино урлаач болохыг,
жүжигчидтэйгээ гүн ойлголцож чаддаг, кино зохиолыг ухаалгаар дэлгэцнээ
хөрвүүлэгч, шилдэг камертай харьцагч болохыг мэдэрч бас ойлгоно. Судлаач,
шүүмжлэгчид киноны жүжигчдийн тоглолтыг бүхлээр нь магтаж, ухаалаг шийдэл,
бүтэцтэй кино хэмээн сайшаасан байдаг агаад Rossellini-ын "Open City"
бүтээлтэй харьцуулсан буюу орчин үеийн түүхэн баримтад кино гэсэн байдаг; ингэж
үзэх шалтгаан бол киноны арын дэвсгэр 9 сарын 11-ны террорист халдлагыг
дүрсэлсэн байдагтай холбоотой бөгөөд 9 сарын 11-ны үйл явдалтай холбоотой
хамгийн сайн кино ч гэж үнэлэгддэг. Уг киног нэгэн арван шилдэг кино жагсаалтад
багтаасан байдаг бол нэрт шүүмжлэгч Roger Ebert өөрийн аугаа кинонууд
жагсаалтаддаа мөн багтаасан байдаг. Мөн түүнчлэн BBC--ын зүгээс энэхүү киног
2000 оноос хойш бүтсэн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 26-р байрт эрэмбэлжээ.
Киноны гол дүрүүдэд: Edward Norton, Philip Seymour Hoffman, Barry Pepper,
Rosario Dawson болон Anna Paquin нар тоглосон. Судлаачид гол дүрийг бүтээсэн
Edward Norton-г тоглолтыг өндрөөр үнэлсэн агаад түүний угаалгын өрөөндөх
монологи кино ертөнцөд маш алдартай билээ. Киноны зохиолыг David Benioff-ын
ижил нэрт романаас сэдэвлэж David Benioff өөрөө кино зохиол болгох ажлыг гардан
гүйцэтгэжээ. David Benioff их сургуульд сурч байх үедээ номоо бичсэн бөгөөд
2001 онд хэвлэгдсэн байна.
Ном хэвлэгдэж гарахаас 6 сарын өмнө жүжиглэсэн Toby
Maguire зохиолтой танилцаж улмаар түүнд таалагдсан учир кино болгохыг хүсэхийн
зэрэгцээ өөрөө Monty-ын дүрд тоглохоор санаархаж байж. Ингээд David Benioff
романаа кино зохиол болгосон бол Toby Maguire "Хүн аалз" кино төсөлд
орсоноор уг төслөөс гарсан агаад харин продюсерийн үүрэг гүйцэтгэх болжээ.
Тийнхүү Spike Lee киног найруулах хүсэлтэй буйгаа илэрхийлснээр найруулагчийн
хүндэт суудалд заларчээ. Гол дүр Monty-ын "fuck monologue"-г Disney
компани болон David Benioff нар киноноос хасахыг хүсч байсан ч Spike Lee
зүтгэсээр байгаад авч үлдэж чадсан; тэрээр энэ монологи нь киноны амин сүнс гэж
мэдэж байв. Уг монологид Edward Norton "fuck" гэдэг үгийг 40 удаа
хэлдэг ажээ. Кино төлөвлөлтийн шатанд байх үед 9 сарын 11-ны халдлага болсон ба
Spike Lee уг эмгэнэлт явдлыг орхидуулахыг хүсэлгүй харин ч киноныхоо нэг хэсэг
болгож ашигласан нь нүдээ оножээ.
Comments
Post a Comment