Breathless (1960). Humphrey Bogart-ын постерийн өмнө Michel гэх залуухан, аюултай эр өөрийгөө Humphrey Bogart шиг "сайн" эрээр төсөөлөн зогсохдоо байнга уруулаа гараараа арчих нь содон. Michel бол гэмт хэрэгтэн бөгөөд гэмт хэргийн ертөнцийнхөнтэй нягт холбогдсон тун чиг хүүхэмсэг эр агаад аманд тамхи мөнхөд байна. Тэрээр машин хулгайлж яваад цагдаатай тааран бараг "санамсаргүйгээр" алчих буюу машинд байсан буугаар цагдааг хөнөөж орхино. Мөнгөгүй, бас цагдаагаас зугтаах болсон Michel урьд нь 2-3 удаа уулзаж байсан, дотроо өөрийгөө түүнд сэтгэлтэй гэж итгэх Patricia гэх богинохон үстэй, үзэсгэлэн гоо тод хүүхэн дээр очно.
Энэ Patricia гэгч нь оюутан бөгөөд сэтгүүлч
болох хүсэлтэй, чөлөөт цагаараа гудманд сонин зарагч агаад тэд уулзаад
Michel-ын хамт хоноё, санаж хүсэж байна гэсэн шаргуу ятгалгыг хүүхэн
цааргалсаар маргааш уулзая хэмээснээр Michel-г явуулж дөнгөнө. Michel түүнээс
салаад өөр нэг хүүхэн дээр очоод мөнгийг нь хулгайлчих агаад тэд янаг амрагийн
харилцаатайн илэрхий. Michel-ын араас цагдаа нар хөөсөөр бол энэ үед Michel
холбоотонтойгоо холбогдож хүртэх ёстой мөнгөө авах гэж үйлээ үзнэ; ингэхдээ
олон ч жижиг сажиг хулгай дээрэм үйлдэж амждаг.
маргааш нь тэрээр Patricia-тай
уулзаад өнөөх л хүслээ дахин уламжлахад Patricia ажлын шугамаар Америк эртэй
уулзана дараа больё гэнэ; харин Michel түүнийг сэмхэн дагаад Америк эртэйгээ
үнсэлцэж байхыг нь харна. Өглөө үүрээр Patricia гэртээ ирэхэд Michel орон дотор
нь хэвтэж байх агаад хүүхэнг олон янзаар өдөж оролдсон ч амжилт олдоггүйн
холбоотонтойгоо холбогдож Итали руу зугтаах зайлшгүй хэрэгтэй мөнгөө авч
чадахгүй байгаатайн давхцдаг. Michel болон Patricia нар орондоо тамхи татангаа
хайр, ном, хөгжим гээд 9 жорын юмс ярилцахдаа хэн хэндээ хайртайгаа зарлаад
зогсохгүй Patricia жирэмсэн болсон, бараг чиний хүүхэд байх гэж хэлдэг. Харин
Michel түүнтэй хамт Итали явах хүсэлтэйгээ илэрхийлдэг ба эцсийн эцэст Michel
хүссэндээ хүрч Patricia-тай энгэр зөрүүлдэг. Michel-ын мөнгөө авах нь нэлээн
нааштай болж, Patricia ч хамт Итали руу явахаар болж ирээд байтал харин цагдаа
нар Michel-г барихад тун дөхөж ирнэ. Цагдаа нар Patricia-тай уулзаж Michel
гэдэг бол хулгайч бас алуурчин, уулзвал хэлж мэдэгд хэмээхэд хүүхэн ихээхэн
хэлмэгдэж гайхах боловч Michel-г барьж өгдөггүй ч ямар хүн болохыг нь олж мэддэг. Michel хүссэн мөнгөө
авах газар болох нэгэн студид Patricia-г дагуулж очоод холбоотноо хүлээн
хоноглохоор болно; хэдэн цаг өнгөрөхөд л тэр мөнгөө ч, хайртыгаа ч аваад зугтааж
алга болохоор байв. Гэтэл түүнийг Patricia нууцаар цагдаад мэдэгдэж орхих
бөгөөд үүнийгээ ч Michel-д өөрт нь хэлэхэд Michel нэгэнт ийм хэрэг болсон бол
шоронд орохыг илүүд үзнэ. Michel-ын холбоотон болон цагдаа нар бараг зэрэг ирэх
агаад холбоотон нь мөнгөө өгөхөд Michel авахгүй, мөн буугаа өгөхөд авахгүй
боловч холбоотон нь буугаа шийдчихээд яваад өгнө. Michel бууг авч байгаад
цагдаад буудуулан үхэхэд Patricia түүнийг харангаа уруулаа гараараа арчиж
байдаг аа.
"Breathless"-с өмнөх болон "Breathless"-с хойших
гэж кино урлагийг 2 ангилдагаас харахуйд уг киноны үнэ цэнэ, кино урлагт
оруулсан хувь нэмрийн хэмжээ далайцыг илтгэнэ. Jean-Luc Godard эрчтэй, чөлөөт
хэлбэртэй, секс-д хүндэтгэлтэйгээр хандсан 1960-д оныг "нахалины"
байдлаар зурагласан нь Америкийн кино урлаачдын бүхэл бүтэн нэг үеийнхэнд урам
зориг өгчээ. Godard-ын өнгөлгөөгүй, илүүдэл хандлагатай, юу ч өрнөж болохуйц
гэмт хэргийн хүүрнэлтэй уг кино нь залуу жүжигчид байсан Jean - Paul Belmondo,
Jean Seberg нарыг тод од болгосон бол уг кино нь Францын шинэ давалгааг
эхлүүлцсэн бөгөөд түүнээс хойш кино урлаг эгнэгт өөрчлөгдсөн бөлгөө. Энэхүү
бүтээл нь Godard-ын анхны бүрэн хэмжээний кино ба Francois Truffaut-ын
"The 400 Blows" болон Alain Resnais-ын "Hiroshima, Mon
Amour" гэсэн киноны хамтаар Францын шинэ давалгааг эхлүүлж, эл давалгааны
хамгийн нөлөө бүрий бүтээлийн тоонд орж олон улсад Францын кино урлагийн шинэ
хэлбэр маяг хэмээн танигдсан агаад тухайн цаг үедээ зураглалын зоригтой хэлбэр
болох үсэрсэн монтажаараа уламжлалт кино хэлийг эвдсэн болой. Киноны гол
дүрүүдэд тоглосон Францын жүжигчин Jean - Paul Belmondo 60,70,80-д оны Францын
хамгийн том оддын нэг байсан бол Jean Seberg нь амьдралынхаа ихэнхийг Францад
өнгөрүүлсэн Америк жүжигчин ба "Breathless" киногоороо алдаршиж
үлджээ. Jean - Paul Belmondo уг кинонд тоглохоосоо өмнө төдийлөн олонд
танигдаагүй залуу жүжигчин байсан ч Godard түүнд итгэсэн байдаг ба харин
эмэгтэй гол дүрдээ киноныхоо бага төсөвт таарсан бага цалинтай жүжигчин
тоглуулахыг хүсч байв.
Ингээд Godard жүжигчин Jean Seberg-тэй нөхрөөр нь
дамжуулж танилцаад хамтран ажиллах болсон агаад Jean Seberg киноны нийт төсвийн
зургааны нэгийг цалин болгож авсан байдаг. Кино хийгдэж байх явцад Godard-ын
шинэлэг ажиллах аргад гайхсан Jean Seberg түүнээс энэ кино маань ер нь амжилт
олдог байгаа хэмээн эргэлзэнгүй асуусан байдаг; кино амжилт олсны дараа тэд
"Le grand Escroc" кинонд дахин хамтран ажилласан байдаг. Киног
амжилттай болно гэдэгт итгээгүй бас нэг хүн байсан нь Jean - Paul Belmondo
байсан буюу тэрээр киног хэзээч олонд хүрэхгүй гэж бодож байснаа амжилт олсных
нь дараа гайхан өгүүлсэн байдаг ажээ. Уг киноны санааг анх Francois Truffaut
сонин дээрээс уншаад олсон бөгөөд Michel-ын дүрийг бол бодит амьдрал дээрх
Michel Portail гэгчийн амьдралаас сэдэвлэсэн ба тэрээр мөн сэтгүүлч Америк найз
охинтой байжээ. Энэ Michel Portail нь 1952 онд өвчтэй эх дээрээ очих гэж машин
хулгайлаад зогсохгүй цагдаа хөнөөсөн хэрэгтэн ажээ. Truffaut уг түүхийг кино
зохиол болгох гэж Claude Chabrol-той хамтран ажиллаж эхэлсэн байдаг ч төд
удалгүй зохиол дээрээ маргалдаад больжээ. Godard түүнийг нь уншиж таалагдсан
учир хөгжүүлээд кино хийхийг хүсчээ.
Ингээд Truffaut болон Chabrol нар кино
зохиолыг хөгжүүлэх эрхийг Godard-д өгөхийг зөвшөөрсөнөөр Godard найруулахаар
болж харин Truffaut анхны санаачлагчийн хувьд нэр нь кредитэд бичигдэхээр
болжээ. кино зохиолоо Godard ганцаараа бичсэн бөгөөд зохиолынхоо талаар
Truffaut-д энэ киноны сэдэв бол үхлийг боддог залуу болон үхлийг боддоггүй
охины тухай байх болно гэж хэлж байжээ. Бодит амьдрал дээрх Michel Portail-г
гол дүрээ болгохоос гадна кино зохиолч Paul Gegauff гэгч хүнээс ихээхэн санаа
авсан гэдэг бубуюу энэ хүн нь Michel шиг асар хүүхэмсэг эр байжээ. Мөн Godard
өөрийнхөө амьдралд таарч учирч байсан хүмүүсээс олон дүрийнхээ санааг олсон
байдаг ба Truffaut-ын үзэж байснаар киноны төгсгөлийг Godard хувийн чанартай
болгосон буюу Godard киноныхоо төгсгөлийг миний бичсэн байснаас илүү
хүчирхийлэлтэй болгосон нь түүний мөн чанар нь надаас илүү уй гунигтай учраас
тэр гэж хэлсэн байдаг.
Godard анхандаа өөрийнх нь богино хэмжээний кинонд
хамтран ажилласан зураглаач Michel Latouche-тэй хамтрахыг хүссэн ч продюсер De
Beauregard оронд нь түүнд Raoul Coutard-г хөлсөлж өгсөнөөр Raoul болон Godard
нарын аугаа хамтрал эхэлжээ. 1958 оны Этно-зөгнөлт "Moi, un noir"
бүтээл Godard хамгийн ихээр нөлөөлжээ, "Breathless"-г хийхэд. Өөрөөр
хэлбэл тус бүтээлээс тэр үсэрсэн монтажийг хэрхэн ашиглахаа харж, бэлтгэсэн
тайз засалтгүйгээр тухайн байршлыг ашиглаж, баримтад кино шиг зураглах санаагаа
олжээ. Тухайн цаг үед кинод ашигласан үсэрсэн монтажийн техник нь шинэчлэл
байсан ба судлаачид үүнийг цаг хугацааны зорилгогүй завсарлага дундах ёс
суртахууны шийдвэр хэмээдэг буюу үүнийг мөн үсэрсэн монтаж нь зураг авалтын үед
байсан төлөвлөгөө бус харин дараа нь эвлүүлгийн үед бий болсон гэнэтийн бүтээл
гэж үздэг. Энэ дүгнэлт үнэндээ үнэн; үсэрсэн монтажыг Godard хожим зарим хэсэгт
хасалт, таналт хийж байхдаа олсон буюу өөрөө бий болгожээ. Godard-г чухам энэ
бүтээлээр нь л олонх дурсах болов уу, мен
ирээдүйн үе үеийн кино урлаачдад урам зориг өгөх бүтээл юм. Судлаач,
шүүмжлэгчид уг киног поп хийгээд урлаг талаасаа хүн төрөлхтний бүтээсэн үнэт өв
гэж үнэлэгдэх болсон бөгөөд одоо ч зэвүүн, одоо ч шинэлэг байгаа, бүх цаг үед
ийм байсаар ирсэн, ирээдүйн киночдод зориулсан кино тойм гэсэн буй. Харин Roger
Ebert эл бүтээлийг1942 оны "Citizen Kane" кинотой адилтгаж дебютээрээ
тийм их алдаршиж бас хойшдын кино урлаачдад нөлөөлсөн кино өөр байхгүй гэсэн
буй.
Godard уг киногоо бүтээхдээ Otto Preminger, Sam Fuller болон John Houston
нарын киноноос санаа аван ишилсэн байдаг бол "Breathless" киноны
нийгмийн урлаг соёлд үзүүлсэн нөлөөг бичихэд цаг, цаас хүрэхгүй. Уг урбан драм,
гэмт хэрэгт драм маани бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 16-р байрт
жагсдаг ба Sight & Sound сэтгүүлээс уг киног хамгийн шилдэг кино
жагсаалтынхаа 13-р байрт жагсаажээ. Raoul болон Godard нар киноныхоо ихэнх
хэсгийг тэргэнцэр дээр сууж байгаад зураглаж авсан байдаг бөгөөд Godard
байгалийн гэрэлд зураг авахыг хүсэхийн дээр жүжигчдээ нүүр будалт хийхийг
зөвшөөрдөггүй байжээ. Модерн кино урлаг "Breathless"-ээс эхэлдэг буюу
Godard-ын кино дебют нь техникийн хувьд ер бусын байснаараа уг киног АНХДАГЧ
болгодог. Энэ кино бол бусдаар дамжуулан өөрөө өөртөө дурласан баатрыг харуулах
агаад энэ баатар нь өөрийгөө нийгмээс ч илүү гэж бодож нийгмийг үл хайхарна.
Jean - Paul Belmondo-ын дүр Pacino, Beatty, Nicholson болон Penn нарын дүр
бүтээлтэд уламжлагдсан байдаг гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зүйл бол киноны гол
дүрийн хоёрын гэнэн цайлган байдал болон ёс суртахуунлаг байдал буюу Michel
өөрийгөө чанга эр гэж бодон, Humphrey Bogart-г шүтээнээ болгох бол Patricia алдартай
сонины сэтгүүлч болохоо хүлээнэ. Кинон дээр гарах 2 чухал аллагад Michel
санамсаргүй тохиолдлоор оролцчихдог бол Patricia түүний сексий, дур татам
гангстер байдалд нь татагдан эл бүх хэрэгт оролцсон нь тэднийг юу хийж
байгаагаа бүрэн ухамсарлаагүй шинжтэй болгодог.
This comment has been removed by the author.
ReplyDelete