Dersu Uzala (1975). 1902 онд Ussuri-ын газар нутагт ахмад Arsenyev (Yury Solomin) өөрийн
удирдсан судалгаа шинжилгээний багийн хамт орон нутгийн Тунгус үндэстэн өвгөн
анчин Дэрсү Узала (Maxim Munzuk) гэгчтэй учирна. Өвгөн анчинтай ярилцаж үзсэний
дараа ахмад түүнийг багтаа авч хөтөч хийлгэвэл үлэмж тустай ухаарч уг бодлоо
Дэрсүд хэлэхэд сайхан сэтгэлтэй, тусархуу өвгөн уриалгаханаар хүлээж авсанаар
эл 2 өөр ертөнцийн нандин, бат нөхөрлөл эхэлнэ.
Намхан, арчаагүй нэг муу өвгөн
ой тайгыг гарын 5 хуруу шиг мэдэж байгаа нь, хүний хөлийн мөр хараад нас,
хүйсийг нь яг хэлж байгаа нь, бороо хэзээ орж хэзээ арилахыг оновчтойгоор хэлж
байгаа нь экспедицийнхний хүндлэлийг хүлээхийн сацуу давхар ахмадтай улам
ойртон дотно болж байлаа. Дэрсү эхнэр, хүүхдээ тахлаар алдсанаас хойш ой тайвнаар
гэр хийж амьдарч буйгаа ахмадад хэлдэг. Нэг өдөр экспедиц ууланд ганцаараа олон
арван жил амьдарч байгаа хятад өвгөнтэй таарах ба тэр өвгөн эхнэр нь дүүтэй нь
сууснаас хойш ууланд гарч ганцаар амьдрах болсноо хуучилдаг.
Дэрсү ахмадын
амийг эхний удаа хөлдсөн нуураар явж байхдаа аварна; тэд багаасаа салан хоёулаа
явж байхад шуурганаар замаа алдчих ба байдал бишдсэнийг анзаарсан хашир Дэрсү
орой болж хөлдөж үхэхээс сэргийлж ахмадтай хамт өвс зулгаагаад хорогдох овоохой
барихаар шаргуу ажиллах бөгөөд ядарсан ахмад ухаан алдаж уначихна, сэрээд
хартал өглөө болж амийг нь Дэрсү аварсан болохыг мэдээд "чиний авхаалж
самбайны ачаар би амь гарлаа" хэмээдэг. Экспедиц замд таарсан хорогдох
байшинд хоноглоод замдаа гарахын өмнө Дэрсү үргэлж байшинд хоол хүнсний зүйлсийг
дараагийн ирэх хүмүүст тавьж үлдээх бөгөөд танихгүй, магадгүй хэзээч уулзахгүй
хүмүүст ийнхүү санаа зовж буйд нь ахмад түүнийг бишрэн хүндэтгэнэ. Тийнхүү эрэл
хайгуул дуусгавар болж эрчүүд гэртээ буюу хот руу явах болж, ахмад Дэрсүг хамт
явъя гэхэд Дэрсү ой тайгадаа байхыг илүүд үзнэ гэж эелдгээр хариулсанаар тэдний
зам салдаг. Ингээд 5 жилийн дараа буюу 1907 онд ахмад өөр экспедицтэй Ussuri-д
дахин ирнэ. Аялалын турш тэрээр хуучин анд Дэрсүгээ санаж дурсан, дахин уулзах
болов уу гэж итгэж найдан явна. Нэг шөнө ахмадын хүмүүсийн нэг нь түүнд хөгшин
анчинтай таарсан, анчин түүнээс экспедицийнхэн талаар асуусан гэж хэлэхэд ахмад
хөөрөн баясч тэр даруй ойгоор Дэрсүг хайх агаад хуучин андууд дахин уулзаад
халуун дотноор тэврэлддэг. Тэд өнгөрсөн жилүүдэд юу хийцгээснээ шөнөжин ярилцаж
хонох ба Дэрсү экспедицийн хөтөчийн үүргийг дуртайяа хүлээн авдаг. Нэгэн хүнд
хэцүү аялалын үеэр Дэрсү болон ахмад, мөн 3 эрсийн хамт салаар ширүүн урсгалтай
мөрөнг гатлах хэрэг гардаг агаад энд Дэрсү ахмадын амийг хоёрдахиа аврахдаа
өөрөө золтой л эндчихдэггүй. Цаг хугацаа өнгөрсөөр, ахмадын судалгаа шинжилгээ
амжилттай үргэлжилсээр бол ахмад болон Дэрсү хоёр дурсамжтай сайхан мөчүүдийг
хамтдаа үддэг. Хавар иржээ, Дэрсү өөрсдийн бар дагаад байгааг багийнхандаа
анхааруулах агаад нэгэн удаагийн тохиолдолд бар ахмад, Дэрсү хоёрын яг урд гарч
ирэхэд айсан Дэрсү бар руу сандарсандаа буудчих агаад хэдий оноогүй ч бар
гүйсээр байгаад үхчихнэ гэж өөрийг нь тайтгаруулах ахмадад Дэрсү гуниглан
өгүүлнэ.
Дэрсү барыг шүтдэг байв, түүнийхээр тайгын савдаг түүнийг шийтгэхээр
өөр нэг бар илгээнэ гэдэг бат итгээд уг явдлаас хойш сэтгэлээр унаж, огцом
уурладаг болж, ахмадаас дөлөх болов. Үүнтэй зэрэгцэн насны эрхээр Дэрсүгийн
хараа муудаж ан агнах боломжгүй болж ирнэ; зэрлэг байгальд ан агнахгүй ганцаар
амьдарна гэдэг шууд үхэл гэсэн утгатай
тул Дэрсү улам гундаж доройтно. Хайрт нөхрөө ийм байдалтай орхиж чадахгүйн
мэдээж болсон ахмад түүнд гэртээ хамт амьдрах урилга өгөхөд хөөрхий Дэрсү
аргагүй эрхэнд урилгыг хүлээж авдаг. Ахмадын гэр бүлийнхэн Дэрсүг халуунаар
угтаж, мөн түүнийг хайрлах бол Дэрсү ч ахмадынханд дасч тэдэнд хайртай болох
боловч хотын дүрэм журмаар зохицуулагдсан, амьсгаа давчдам орон зайд баригдсан
амьдралд Дэрсү залхахаас илүүтэй уйдаж, гуниглаж үхэхийн ирмэгт ирнэ. Ингээд
тэрээр өөрийг нь явуулж өгөхийг ахмадаас гуйхад ахмад түүнд үнэтэй винтовоо
бэлэглээд сайн сайхныг ерөөгөөд явуулдаг. Хэсэг хугацаа өнгөрчээ, ахмадад
Тунгус хүний цогцос олсон, хэн болох нь мэдэгдэхгүй байгаа учир хүрч ирж хэн
болохыг нь хэлж өгч туслаач гэсэн захиа Ирнэ. Ахмад заасан газарт очоод үл
танигдах цогцос Дэрсүгийнх болохыг батална.
Цагдаа Дэрсүгийн үхлийг бууг нь
булаах гэсэн шуналын сэдлээс болсон юм шиг байна гэж ахмадад хэлдэг. Ахмад
насан туршин цор ганц жинхэнэ найзыг хоёр эр жишим ч үгүй булахыг харж зогсдог.
Японы домогт кино найруулагч Akira Kurosawa-ын энэхүү кино нь түүний анхны Япон
бус хэлтэй кино бөгөөд мөн түүний цор ганц 70мм~ын кино юм. ЗХУ~Японы хамтарсан
уг адал явдал драм төрлийн киног 20-р зууны эхэн үеэр Оросын алс дорнодын
нутгуудаар олон удаа эрэл хайгуул хийж явах үедээ Дэрсү Узала (Нанай үндэстэний
анчины нэрээр уг киног нэрлэсэн бөгөөд бодит хүн байв) нэртэй өвгөн анчинтай
нөхөрлөж явсан экспедицийн ахмад, оросын судлаач, газарзүйч Vladimir
Arsenyev-ын 1923 оны дурсамж номноос нь суурилж бүтжээ. Оросын алс дорнодын
зэрлэг байгальд киноны ихэнх зураг авалт явагдсан агаад киноны үндсэн сэдэв бол
орчин үежсэн, суурин иргэншсэн амьдрах хэв маяг ой тайга, байгаль орчиндоо
дасан амьдардаг уугуул нутгийн хүмүүсийг амьдрах орчингүй болгож буйг буюу хүн
болон харилцаа соёлжин боловсрохын хэрээр устаж үгүй болж буйг дүрсэлжээ. Мөн 2
өөр орчинд өсч, нас биед хүрсэн 2 эрийн гүн гүнзгий нөхөрлөл, жинхэнэ хүндэтгэл
дээр бий болсон хүн ёсны харилцааг сэтгэл хөдлөм үзүүлсэн ба энэхүү кино бол
нөхөрлөлийн талаарх хамгийн шилмэл бүтээлийн нэг юм.
Өвгөн Дэрсү бол хүмүүсийн
байгаль дэлхийдээ учруулж буй сүйтгэлийн, хүнлэг сайхан сэтгэлийн болон хөгширч
доройтох, хоцрогдлыг зүрх шимшрэмээр зүйрлэсэн хөрөг бөлгөө. Akira Kurosawa
Сибирийн зэрлэг байгалийг кино дэлгэцнээ гарган тавьсанаар ховсдом үзэсгэлэнтэй
зураглал бий болгосон агаад уламжлалт киноны хязгаарлагдмал байдал болон
камерийн ажиллагааг Akira Kurosawa "трансцендсээр" гайхамшигтай зураг
болгон шилжүүлжээ. Кино 1976 оны Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино
шагналыг хүртсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 378-р байрт
жагсдаг бөгөөд Ватиканы аугаа 45 кино жагсаалтын хамгийн үнэ цэнэтэй кино
ангилалд багтсан байдаг. Багаасаа Оросын уран зохиолыг шимтэн уншдаг байсан
Akira Kurosawa Arsenyev-ын номыг эртнээс мэддэг байсан агаад 1930-д оны сүүл
үед кино хийхээр төлөвлөж байгаад номонд өгүүлэх үйл явдлыг тухайн газарт нь
зургийг нь авах хэрэгтэйг ойлгоод больсон байдаг.
Зарим кино нь бүтэлгүйтсэнээс
болж Японы кино студи түүний цаашдын бүтээлд хөрөнгө оруулахгүй гэсэн 1971 оны
замналых нь хүнд хэцүү үед Akira Kurosawa амиа хорлохыг завдаж байсан гэдэг.
Энэ үеэр түүнтэй хамтран ажилладаг байсан продюсерууд Mosfilm-тэй холбоо
тогтоож Дэрсү Узала номоор кино хийх бүрэн эрхийг Akira Kurosawa-д авчирсан
байдаг. Mosfilm Дэрсүгийн дүрд Akira Kurosawa-ын мөнхийн хамтрагч нэрт Toshiro
Mifune-г тоглуулахыг хүссэн ч продюсерууд Оросуудад Toshiro Mifune тийм удаан
(3 жил үргэлжилсэн) ажилд оролцохгүй
гэсээр тэднийг ятгаж дөнгөөд оронд нь Тувагийн жүжигчин Maxim Munzuk-г
сонгожээ. Akira Kurosawa-ын төгс бүтээхийн хүсэл Mosfilm-тэй нэлээн зөрчилддөг
байсан гэдэг. Мөн 100-д гаруй гүишүүнтэй кино багийнхны ердөө 6 нь л Япон хүн
байжээ.
Comments
Post a Comment