Nostalgia (1983). Оросын зохиолч Andrei 18-р зуунд амьдарч асан нутаг нэгт алдратай хөгжмийн зохиолч Pavel Sosnovsky-ын амьдралыг судлахаар Италид ирэх ба хөгжмийн зохиолч Pavel бол Италид амьдарч байгаад оростоо буцаж очсныхоо дараа амиа хорложээ. Andrei ганцаараа явсангүй, түүнтэй хамт Eugenia гэх үзэсгэлэнтэй хүүхэн хамт явах агаад Eugenia нь Andrei-ын хэлмэрчээс гадна амраг нь бөлгөө. Тэд Тускан мужийн нэгэн хөдөө нутгийн сүмд Piero della Francesca-ын фреско зургийг харахаар очих хэдий ч Andrei сүүлийн мөчид сүмд орохоос татгалздаг. Буудалдаа буцаж очсон хойно Andrei хэлж боломгүй нөхцлийг мэдрэх буюу хасагдсан юм шиг хийгээд Орос орон руугаа буцах тэсэмгүй хүсэлд автана. Eugenia түүнийг өөртэй нь унтахгүй байгаад гайхаж, чамаас илүү найз залуу намайг хүлээж байгааг анхааруулдаг. Маргааш нь Domenico нэртэй хачин жигтэй эртэй Andrei танилцах агаад энэ хачин эр нь асаасан лаа бариад эрдэст устай санг хөндлөн туулах гэж оролддогоороо тосгондоо алдартай ба хэрэв уг хүслээ амжилттай гүйцэтгэж чадвал дэлхийг аварна гэж ярина. Шинэхэн найзууд өөрсдийг нь хүрээлэх бүхнээс тусгаарлагдсан мэдрэмжүүдээ хуваалцана. Гэвч удалгүй Domenico-г сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн хорогдох байрт фашистын дараах засгийн газар уг газрыг хаах хүртэл тэнд амьдарч байгаад одоо гудамжинд гарсныг Andrei олж мэднэ.
Мөн тэрээр Domenico гэр бүлтэй байсныг, дэлхий сөнөхөөс хамгаалж байна хэмээн гэрээс нь гарахгүй хорьж байгаад 7 жилийн дараа цагдаа тэднийг чөлөөлсөн болохыг олж мэддэг. Domenico явахаасаа өмнө Andrei-д лаагаа өгөөд миний өмнөөс лаагаа асаалттайгаар усыг гатлахыг захина. Зүүдний мэт үзэгдлийн үеэр Andrei өөрийгөө Domenico гэж харж, эхнэрээ Eugenia-г мөн гэгээн Mary-г, бүгдийг нь нэг оршихуй гэж харна. Andrei судалгаагаа зогсоомоор санагдаж, Орос руугаа явахаар төлөвлөх бөгөөд тэрээр Eugenia руу утасдаад хэрвээ амалсан ёсоороо усан санг гатлавал Domenico өөртэй нь Ромд уулзах боломжтой эсэхийг түүнээс асуугаад өгөхийг хүсэхийн зэрэгцээ хүүхэнд баяртай гэж хэлдэг. Eugenia найз залуутайгаа хамт байв, гэвч найз залуу нь ажил төрлөө бодоод хүүхнийг огт сонирхохгүй байгаа мэт түүнд санагдана. Дараа нь Domenico хотод хүн төрөлхтөн үнэнээр ахан дүүсэг байх хэрэгтэй хийгээд бид буцаад энгийн амьдрал руугаа орох хэрэгтэйг цогтойгоор олонд тунхаглан ярина. Эцэст нь тэрээр Beethoven-ын хөгжим дор өөрийгөө шатааж золиослоно. Энэ зуур Andrei Bagno Vignoni дахь эрдэст устай санд амлалтаа биелүүлэхээр очиход түүнд ус нь ширгэсэн ганц л сан олдоно. Andrei хоосон санд ороод нэг булангаас нөгөө булан хүртэл асаасан лаагаа унтраалгүйгээр хөндлөн гатлах гэж 3 удаа оролдсоны эцэст 3 дахь оролдлогоороо зорилгодоо амжилттай хүрэнгүүтээ ухаан алдан унадаг.
Киноны төгсгөлийн энэ хэсэг 9:07 үргэлжлэх
хугацаатай агаад киноны үйл явдлыг хураангуйлан хүргэхэд ийм. Киноны нээлтийн
сцэнд Andrei Tarkovsky Оросын хөдөөгийн хомс, нэг өнгийн эсрэг Италийн баялаг,
элбэг дэлбэг хөдөөний нуга хөндийг харуулахдаа киноныхоо гол баатрын сэтгэлийн
зөрчилдөөнийг зэрэгцүүлэн үзүүлэхийг хүсчээ. Оросын зохиолчийн судлахаар очсон
хөгжмийн зохиолч бол эх орондоо хүртээгүй алдар нэрийг гадаад улсаас хүртсэн
нэгэн агаад алдар нэрээсээ татгалзаад эх орондоо буцаж очин феодалын албатаар
даруухан амьдарч байгаад цөхрөлд автан улмаар амиа хорложээ. Орос зохиолч
Andrei сүмд орохыг гэнэт хүсээгүй үлбэгэр мэдрэмжээ ингэж илэрхийлдэг: би
эдгээр даахуйц гоо үзэсгэлэнг харахаас залхаж байна, би өөртөө илүү юу ч
хүсэхгүй, хангалттай! Хэмээдэг.. алгуурханаар дэлгэрсэн меланхолиг мэдрэмж нь
Andrei-г үзэсгэлэнтэй амрагаас нь, гэр бүлээс нь, эх нутгаас нь, тэр бүү хэл
өөрөө өөрөөс нь тусгаарладаг. Мөн эхэн сцэнд Eugenia түүнтэй Arseni
Tarkovsky-ын яруу найргийн талаар ярилцах гэтэл Andrei орчуулга эх хэлний
нарийн өнгө аясыг алдагдуулдаг хэмээн тус сэдвийг орхидуулдаг. Eugenia хариуд
нь: бид тэгээд яаж бие биенээ ойлгох юм бэ гэж асуухад Andrei хариуд нь: улс
хоорондын хилийг арилгаснаар гэж хариулдаг.
Зохиолч Andrei-ын улс хоорондын
хилийг үгүй болгох гэсэн санаа найруулагч Andrei-ын Stalker болон Solaris зэрэг
өмнөх кинонуудад гардаг ба Solaris киноны Kris хийгээд Stalker киноны далд
ухамсар ба бодит байдлын Дунд хамтдаа орших метафизик ертөнцөд зохиолч Andrei
хайртай, алсад байгаа эх нутгаасаа бие махбодийн хувьд салангид байгаа нь
бодолд нь гүн шингэснийг сайтар ухаардаг; түүнийг чиглүүлдэг далд ухамсар нь
түүний дотоод сэтгэлийн эв нэгдлийг олох гэсэн хэмжээгүй хүсэл юм. Егөөтэй нь,
түүний үйлдлүүд улс хоорондын хилийг үгүй хийх бодолтойн эсрэгцэж ирэх буюу
дутуу мэдрэмж болон өөрөө өөртөө шингэсэн баригдмал байдлаар тэрээр бие
махбодийн бодит байдлаа өөрийнхөө хуурамчаар бий болгосон ханаар тусгаарладаг.
Andrei Bagno Vignoni дахь гэгээн Кэтриний сүмд Domenico-той уулзахдаа түүнийг
бусдын хэлдгээр галзуу биш, харин итгэл үнэмшилтэй нэгэн болохыг олж мэддэг.
Түүхийн хувьд, Bagno Vignoni-ын халуун рашаан нь өвдөж хавдсан хүмүүсийн
өвчнийг намжаах зорилгоор бүтээгдсэн халуун усны газар юм. Кинон дээр Andrei
салж хуваагдан зовж буй сэтгэлээ анагаахаар тус газарт очдог ба хүний намтар
судлах судалгааны аялал нь эцэстээ хувийн дотоод сэтгэлийн эв нэгдлийг олох
гэсэн урт удаан эрэл хайгуул болдог нь хамгийн чухал зүйл юм. Domenico гэр
бүлээ хорьж байсан, одоо эзгүйрч хоосорсон байшинд Andrei-г урих ба Domenico
гэр бүлдээ гаргасан өөрийнхөө үйлдлийг ертөнцийн төгсгөл хийгээд өөрийгөө
сүйтгэх гэсэн сэдлээс үүдэлтэй тэнэглэл байснаа хүлээдэг. Гэр бүлээсээ
тусгаарлагдсан, эх орноосоо хол, одоо ганцаараа байгаа Andrei ганцаардсан
байдал болон ханахгүй хүсэл, өөрийн сүнслэг эргэн дурсахуй руу гулсан ордог.
Уг
киног хийх явцдаа Andrei Tarkovsky эх орноо хайрлах хувийн шаналал хийгээд уран
бүтээлчийн эрх чөлөөний тэмцлийг асар их мэдэрсэн гэдэг бөгөөд 1983 онд тэрээр
эхнэрийн хамт хайртай хүүгээ ЗХУ-д
орхиод баруун руу "дүрвэн" гараад байв. зохиолч Andrei-аар
дамжуулан найруулагч Andrei өөрийн сэтгэлийн хоосрол, соёлын мөн чанарын
алдагдал, тусгаарлалт болон уран бүтээлчийн хэрэгцээг "холбохыг"
хүсчээ. Суут Andrei Tarkovsky-ын бас нэгэн хачирхалтай, сэтгэлд хоногшим
үзэсгэлэнтэй сэтгэлзүйн драм. Кинонд өөрийгөө эрж хайж буй эрийн дотоод
бясалгалыг дүрслэх бөгөөд спектрийн хар-цагаан өнгийн гэрэлтүүлж, зүүд хийгээд
бодит байдлын ялгааг арилгах пастелийн өнгөөр баялаг сепиа ашигласан нь бидэнд
тун танил юм. Киноны үндсэн өгүүлэмж нь ангижралтын дараах материалаг ертөнцөд
шантрашгүй эргэлзэх сэтгэл гутрал, меланхолиа, дурсамжийн талаар ба уг кино
зугаатай биш, харин итгэл үнэмшлийн талаарх нийтлэл буюу Andrei Tarkovsky
метафизикчин шиг өөр юу ч үлдээгээгүй юм. Nostalghia нь ЗХУ-Италийн хамтарсан
бүтээл, Andrei Tarkovsky кино зохиол дээрээ Италийн яруу найрагч, кино зохиолч
Tonino Guerra-тай хамтран ажилласан ба киноны гол дүрүүдэд Oleg Yankovsky,
(Andrei Tarkovsky анх гол дүрээ Anatoly Solonitsyn-д өгөхийг хүсч байсан ч
Anatoly 1982 онд хорт хавдраар нас барж оронд нь ТОЛЬ кинонд хамтран ажилласан
Oleg-г сонгожээ) Erland Josephson болон Domiziana Giordano нар тоглосон.
Энэхүү
кино нь Andrei Tarkovsky-ын ЗХУ-аас өөр улс оронд хийсэн анхны кино агаад зураг
авалт нь Mosfilm-ын дэмжлэгтэйгээр Италид хийгдэж, харин ихэнх харилцан яриа нь
мөн Италид хийгдсэн. Киноны бэлтгэл ажил 1980 оноос эхтэй ба киноны нэр анх
Voyage to Italy байсан боловч 1954 онд Roberto Rossellini Journey to Italy
нэртэй кино хийчихээд байсан болохоор өөр нэрний эрэлд гарч, эл нэрийг сонгон
авчээ. Mosfilm дэмжлэгээ эргүүлэн татсанаар Andrei Tarkovsky киноныхоо төсвийн
тодорхой хувийг Италийн үндэсний телевиз болон Францын Gaumont компаниас татаж
зураг авалтаа Италид дуусгаж чадсан ба кино зохиолд байсан Оростой холбоотой
зарим сцэнийг хасч, Орост болох байсан байршлыг дахин бүтээж бусад сцэнийг
Италид байхаар өөрчилжээ. Luciana Tovoli анх киноны зураглаачаар ажиллах байсан
ч больж Giuseppe Lanci оронд нь ажилласан байдаг бөгөөд Tovoli 1982 онд Andrei
Tarkovsky-ын баримтад кино болох Voyage in Time бүтээлийг туурвижээ.
1984 онд
Donatella Baglivo уг бүтээл хэрхэн бүтсэн талаар Andrei Tarkovsky in Nostalghia
нэртэй 90 минут үргэлжлэх баримтад кино хийсэн ба уг кинонд Nostalghia-д
тоглосон жүжигчид, кино багийнхантай хийсэн ярилцлага, киног бүтэх явцыг
тэмдэглэсэн сонирхолтой ажиглалтын талаар гардаг ажээ. Andrei Tarkovsky өмнөх
бүтээлүүддээ ашиглаж байсан шигээ удаан тогтсон зураглал, зүүдний үзэгдлүүд
болон минимал өгүүлэмжийг уг кинондоо мөн хэрэглэсэн. Италийн кино зохиолч Gian
Luigi Rondi "энэ кино ТОЛЬ шиг зүүдний реализм уу?" Хэмээн Andrei
Tarkovsky-оос асуухад "нэг талдаа энд ямар ч реализм байхгүй, нөгөө талдаа
(эсрэгээрээ) энд "зүүд" байгаа хэмээн тэрээр хариулжээ. Мөн тэрээр
"бид амьдралынхаа 3-ны 1-г унтаж өнгөрүүлдэг (ингэхлээр зүүдэлдэг гэсэн
үг): тэгэхээр зүүднээс илүү бодит зүйл байх уу? Гэж хэлжээ. Судлаачид уг киног
баргар найдваргүй болон тов тодорхой
байдлыг нэгэн зэрэг харуулсан зураглалтай гэсэн байдаг. Мөн уг киног
Andrei Tarkovsky-ын хамгийн олонд бага танигдсан кино гэдэг ба шүүмжлэгчид уг
киног үл ойшоодогоос гадна уг киноны талаар маш бага бичсэн байдаг, ер нь
Nostalghia-г ойлгосон нэгэн ховор гэжээ. Эл бүтээл 1983 оны Канны кино наадам
дээр FIPRESCI шагнал хүртсэн ба ЗХУ-ын удирдагчид Palme d'Or шагнал авахаас
сэргийлж байснаас үүдэж Andrei Tarkovsky дахиж ЗХУ-даа ажиллаагүй гэдэг. Уг
бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 391-р байрт жагсдаг.
Comments
Post a Comment