Тэднийг тийнхүү байтал хажууд нь машины хаалга хаагдах
дуугарахад цэцэгчин бүсгүй тэнүүлчинг машиндаа суугаад явчихлаа, өгөөмөр баян
хүн байна гэж бодно, харин тэнүүлчин түүнийг хайрын харцаар чимээгүй ажиглаж
байдаг. Тэр өдрийнхөө орой тэнүүлчин маань согтуу саятан эрийг амиа хорлох гэж
байхад нь аврах бөгөөд согтуу саятан түүнийг өөрийн найзаар өргөмжлөөд харшдаа
аваачиж хатуу ундаагаар дайлахдаа эхнэртэйгээ таарахгүй байгаагаа хэлээд дахин
амиа хорлохоор завдана. Тэд шөнөжин гадуур наргиж, өглөө халамцуу 2 харшдаа
ирнэ, энэ үед сохор цэцэгчнийг тэнүүлчин олж хараад согтуу саятнаас мөнгө аваад
бүсгүй дээр очоод бүх цэцгийн худалдаж авдаг агаад согтуу саятны машинаар бүсгүйг
гэрт нь хүргэж өгдөг. Цэцэгчин эмээтэйгээ ядруухан амьдардаг ба эмээдээ баян
бас эелдэг найзтай болсоноо сэтгэл хөдлөн хэлнэ, энэ үед тэнүүлчин харшид буцаж
ирэхэд саятны архи гараад эрүүл болсон байх агаад эрүүл болсон тэрээр
тэнүүлчинг танихгүй, харин ч бүр хөөж туухыг туслахдаа хэлэхэд анхнаасаа
тэнүүлчинд дургүй байсан туслах уг тушаалыг бахдалтайгаар биелүүлдэг. Хэд
хоногийн дараа тэнүүлчин санамсаргүйгээр согтуу саятантай таарна, саятан согтуу
учир түүнийг таниад гэртээ аваачин хөлтэй хөөртэй үдэшлэг зохиох ба маргааш нь
саятан эрүүл болчихоод дахиад тэнүүлчинийг гэрээсээ хөөнө. Тэнүүлчин цэцгээ
зардаг газраа цэцэгчинг байгаагүйд гэрт нь давхин очих агаад санаандгүй байж
байгаад цэцэгчиний бие муудаж мөнгө хэрэгтэй болсныг сонсох ба уг муу мэдээ түүнийг
гудамжны цэцэрлэгийн ажилд оруулдаг. Тэнүүлчин анхны цалингаараа л хүнс энэ тэр
аваад цэцэгчин дээр очно; энэ үед байрныхаа түрээсийн мөнгөө өгөхгүй бол
зайлаарай гэсэн зурвас авсан эмээ охиныхоо оронд цэцэг зарахаар явсан байх
бөгөөд тэнүүлчин цэцэгчинд сонин уншиж өгч байгаад хараа оруулдаг мундаг эмч
байгаа нийтлэл уншина, гол нь харин их л мөнгө хэрэгтэй байв.
Тэнүүлчин
бүтэлгүйтэн эмээгийн охиноосоо нуусан түрээсийн талаарх зурвасыг олоод
цэцэгчинд уншчихна, тэнүүлчин явахдаа түрээсийн мөнгө хийгээд нүдний эмчилгээнд
шаардлагатай мөнгийг олж өгнө гэж амална. Хараа орно гэж баярласан цэцэгчин би
чамайг харах нь гэж баярлахад тэнүүлчин дотроо өөрийг нь баян гэж бодож байгаа
энэ бүсгүй хэрвээ миний үнэн байдлыг мэдвэл яах бол гэж битүүхэн зовоод өнгөрдөг.
Тэнүүлчин буцаад ажилдаа очиход хоцорсон хэмээн түүнийг халчихна, энэ үед
тэрээр нэгэн боксчинтой учрах ба боксчин түүнд амар аргаар мөнгө олохыг хүсч
байвал надтай тохиролц; хоёулаа хоорондоо тулалдана, гэхдээ хуурамчаар, ингээд
шагналын мөнгөө хувааж авъя гэхэд тэнүүлчин зөвшөөрнө. Тийнхүү тулаан болохын
өмнө өнөөх боксчин цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан учраас тэнүүлчинг
орхиод зугтаачих ба ингэснээр тэнүүлчин жинхэнэ боксчинтой ямар ч найраагүй
тулалдахаар болж, ямар ч арга заль хэрэглээд тусыг эс олсноор ялагддаг.
Тэнүүлчин согтуу саятантай 3 дахь удаагаа таарч саятан түүнийг мөн л харшдаа
дагуулан аваачина.
Уг боломжийг ашиглаад тэнүүлчин сохор цэцэгчиний талаар
согтуу саятанд учирлан хэлж мөнгө гуйхад согтуу толгой түүнд хангалттай мөнгө өгөх
ба саятны гэрт хулгайчид орж ирээд нуугдсан байсныг мэдсэнгүй, улмаар хулгайчид
тэдэн рүү дайраад саятныг цохиж унаган түрүүвчийн авч одно. Цагдаа нар
тэнүүлчинг их хэмжээний мөнгөтэй байхыг олно, согтуу саятан эрүүл болж сэрээд
тэнүүлчинд мөнгө өгсөнөө санахгүй тул тэнүүлчин дээрмийн хэргээр шоронд орохоор
болдог ч тэрээр баригдахаасаа өмнө амжиж мөнгөө цэцэгчинд өгч амждаг. Хэдэн сар
өнгөрч, тэнүүлч шоронгоос суллагджээ. Тэнүүлчин цэцэгчиний цэцгээ зардаг байсан
буланд очиход бүсгүй тэнд байхгүй Байна; бүсгүй одоо өөрийн гэсэн цэцгийн
дэлгүүртэй болсны дээр хараа орсон байна, мэдээж энэ бүхэн тэнүүлчиний ач буян
бөлгөө. Цэцэгчин маань нэгэн цагт өөрт нь тусалсан хүнийг хүрээд ирэх болов уу
гэж хүлээхдээ түүнийгээ царайлаг, баян хүн гэж төсөөлнө. Тэнүүлчин цэцэгчиний
дэлгүүрийн дэргэдүүр өнгөрч яваад бүсгүйг хараад зог тусч, эрүүл бас жаргалтай
байгаагийн хараад гөлөрчихнө; цэцэгчин түүнийг өлссөн гуйлгачин гэж бодоод
мөнгө болон цэцэг өгнө. Энэ үед тэд гар барилцах агаад цэцэгчин түүний гарыг
бариад чи юу хэмээхэд тэнүүлчин инээмсгэлээд чи одоо харж чаддаг болжээ гэхэд
бүсгүй тиймээ, одоо би харж чадна гэж хэлдэг.
Хэрвээ аугаа их Charlie
Chaplin-ын бүтээлүүдээс нэгийг л хадгалж үлд гэвэл түүний суут ухааны олон
талыг нэгтгэн илэрхийлсэн уг бүтээл сонгогдох хамгийн өндөр магадлалтай юм. Уг
бүтээл нь элэглэл, пантомиме, зовлон хийгээд бие махбодийн идэвхгүй байдлыг
мелодрам, бүдүүлэгтэл, нигүүлсэнгүй чанар, мөн бяцхан тэнүүлчинтэй уялдуулж
өгсөн ба Charlie Chaplin-ын уг дүр тухайн цаг үедээ манай гаригийн хамгийн
алдартай дүр гэгдэж байв. Уг киноны бокстой сцэн болон хөшөөтэй эхлэлийн
сцэнүүд Charlie Chaplin-ын замналын хамгийн алдартай сцэнүүдийн тоонд ордог.
Chaplin-ын 1928 онд гарсан "The Circus" нь түүний сүүлчийн дуугүй
кино болсон буюу кино урлаг тэр үеэс дуутай болж дуугүй кино эрин үеийн төгсгөл
ирсэн байдаг. Тэгсэн ч Chaplin эл бүтээлээ дуугүй хийхийг хийхээр зорьж байсан
ба техникийн хувьд зарим нэг дуу болон хөгжмийн элементийг ашигласан ч бүхий л
чанараараа дуугүй кино болж, харилцан яриан мэдээж бичгийн хэлбэрээр гарна.
Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад Chaplin-ын зөв байсан буюу хэрвээ дуутай
байсан бол уг кино өнөөдрийн өндөрлөгт хүрэхгүй байсан гэдэгт итгэлтэй байна.
1928 оноос Chaplin Harry Carr-ын хамтаар кино зохиол дээрээ ажиллаж эхэлсэн ба
"The Circus" киноны амжилтын дараа кино зохиолын хөгжим улам эрчимжиж
эхэлжээ. "The Circus" кинон дээр алиалагч сохорч буй өгүүлэмжээс
сохор цэцэгчиний санааг олсон бол анх эдгэсэн бүсгүй тэнүүлчинг харж байгаа
хэсэг киноны эхний сцэн байхаар төлөвлөж байж, гэхдээ ямар ч байсан уг сцэнийг
төвөө болгон тойруулж кино зохиолоо бичжээ, Chaplin. Харин тэрээр киноны
хоёрдахь утга санаанд нийгмийн ядуу давхарга болох сонин зарагч хөвгүүдийн
талаар өгүүлэх гэж байгаад болиод согтуу саятны сэдвийг сонгосон агаад ийм дүр
түүний 1921 оны "The Idle Glass" кинонд хальт гардаг ажээ. 2 согтуу
саятан тэнүүлчинг маань цэгээс татан гаргаад хамгийн үнэтэй бүхнээр дайлчихаад
буцаагаад хогийн саванд нь хийж, маргааш нь тэнүүлч амсаж туулсан бүхнээ зүүд
билүү гэж боддог эл санаа Chaplin-д аль эрт төрж байсан санаа гэдэг. Chaplin
киногоо 1928 оны 5 сард эхлүүлж, дизайнаараа Австралийн зургийн дарга Henry
Clive-г хөлслөсөн ч Henry Clive-г Chaplin согтуу саятны дүрд тоглуулахаар
болсон байдаг. Анхандаа кино зураг авалт Парист явагдах байсан зургийн дарга
олон хотын холимогоос бүрдүүлэхийг хүссэн ба кинонд гарах хот бол дэлхийн бүх
хотыг илэхийлсэн, энэ бол хачин этгээд хот гэсэн байдаг.
1928 оны 8 сард
Chaplin-ын ээж нас барж тэрээр хэдэн 7 хоног гашуудан зовсоноор кино намрын дунд
үе хүртэл хойшлогдов. Зарим сэтгэлзүйчид уг киног Chaplin-ын намтарчилсан
бүтээл гэдэг ба сохор цэцэгчин Chaplin-ын эхийг илэрхийлнэ гэдэг бол согтуу
саятан түүний аавыг илэрхийлнэ гэдэг агаад кинонд гарах газар орны ихэнх байдал
Chaplin-ын хүүхэд насны бодит амьдарч байсан газруудтай харьцуулагддаг ажээ.
Chaplin сохор цэцэгчиний дүрд олон жүжигчин шалгаруултад оруулсан ч хэн ч
сэтгэлд нь нийцээгүй ба нэгэн зураг авалтын үеэр танил жүжигчин Virginia
Cherrill-тэй таарахад бүсгүй өөртэй чинь хамтарч ажиллах боломж байгаа болов уу
гэж Chaplin-аас асууснаар цэцэгчиний дүрийг авсан бөгөөд үнэндээ Virginia
Cherrill ойрын хараа муутай байсан нь сохор цэцэгчиний дүрд сонгогдох гол
шалтгаан болжээ. Кино албан ёсоор 1928 оны 12 сард эхэлсэн ба Chaplin жилийн
турш кино зохиол дээрээ ажилласан бол тухайн цаг үед тэрээр хамгийн олон зураг
авдаг, төгс төгөлдөрийг хүсэгч муухай ааштай найруулагч байв.Тэнүүлчин сохор
цэцэгчинтэй танилцаж байгаа сцэн киноны эхлэл сцэн болох ёстой байв, уг хэсгийг
авах гэж 7 хоног болсон Тул Chaplin Cherrill-д эргэлзэж эхэлсэн гэдэг. Хожим
Cherrill энэ талаар; надад Chaplin хэзээ ч таалагдаж байгаагүй, бас би түүнд
таалагдаж байгаагүй гэж хэлсэн буй.
Харин Chaplin намтар номондоо; киногоо сайн
хийх гэж их стрессддэг байсан, төгс бүтээл хийхийг хүссэн хүсэлдээ автан
түүнтэй зөрчилддөг байсан хэмээн ерөнхийдөө өөрийгөө буруутгасан байдаг. Тус
сцэнийг авах гэж хэдэн сар ноцолдсоны эцэст түр хойшлуулаад оронд нь хөшөөтэй
хэсгийг киноны эхэн хэсэг болгохоор шийдээд зураг авалтыг гүйцэтгэжээ. Дараа нь
Chaplin тэнүүлчин саятан хоёрын танилцдаг хэсгийг авсан бөгөөд Henry Clive
зураг авалтын үеэр хүйтэн ус руу орохоос татгалзсан тул Chaplin түүнийг халаад
оронд нь Harry Myers-г сонгожээ. Тэрээр саятантай хэсгүүдийг 1929 оны 9 сар
дуустал амжилттай авч дуусчээ. 10 сард Chaplin цэцэгчинтэй хэсгийг авах ажилд
Cherrill-тэй дахин орсон ба Cherrill зарлаж, Chaplin-д янз бүрийн гомдол
мэдүүлж эхлээд зогсохгүй зураг авалтын үеэр үсээ засуулмаар байна, эрт чөлөөлж
өгөөч гэх зэргийн асуудал үүсгэж эхлэв. Chaplin түүнийг халж оронд нь "The
Gold rush" кинондоо хамтран тоглосон Georgia Hale-г сонгов. Гэвч
Cherrill-ын хэсгүүдийг дахин авна гэдэг маш их ажил, цаг хугацаа шаардагдахаар
байсныг Chaplin ухаараад Cherrill-тэй дахин гэрээ байгуулав, өөрөөс нь өөр
сонголтгүйг мэдсэн Cherrill цалингаа нэмүүлэхээ мартсангүй.
1929 оны сүүлээр
цэцгийн дэлгүүртэй хэсгийг дахин авав, энэ удаад асуудал гарсангүй, тус хэсгийг
6 хоногт багтаан авсан ба Chaplin Cherrill-ын тоглолтод сэтгэл хангалуун үлдэв.
Ингээд жижиг сажиг хэсгүүдийг авсаар 1930 оны хавар сүүлчийн том комедиан сцэн
болох боксын тоглолтыг 4 өдөр бэлтгэж байгаад 6 өдөрт авч дуусчээ. 1930 оны 9
сард киноны төгсгөлийн домогт хэсгийг 6 өдрийн дотор авч дууссан ба Chaplin
Cherrill-ын тоглолтод сэтгэл хангалуун байж, Cherrill ашгүй нэг юм дүрээ
ойлгосон гэж хэлж байжээ. 1930 оны 10 сард кино бүрэн бэлэн болоход дуугүй кино
эриний үе өнгөрчихсөн байсан ч уг кино ашгийн хувьд ч уран бүтээлийн хувьд ч
Chaplin-ын шилдэг киноны тоонд орох болсон агаад Chaplin өөрийнхөө кинонуудаас
эл бүтээлдээ хамгийн дуртай гэсэн агаад ялангуяа төгсгөлийн хэсэгтээ тун
хайртай хэмээжээ. Энэ талаар тэрээр; киноны төгсгөлийн хэсэгт би жүжиглээгүй,
би өөрийнхөө биеэс гараад хөндлөнгөөс харж буй мэт, энэ бол үнэхээр
үзэсгэлэнтэй, яагаад гэвэл хэтрүүлэгтэй жүжиглэлт үгүй болохоор үзэсгэлэнтэй
гэжээ. Энэхүү кино нь Chaplin-ын хөгжмийн өөрөө бичсэн анхны бүтээл ба Arthur
Johnston-той хамтран 6 долоо хоногт бичжээ.
Тэрээр энэ талаар; үнэндээ би
хөгжим бичээгүй ээ, би аялж харин Arthur бичсэн, тэр үнэхээр сайн ажилласан
болохоор кредит түүнд оногдох ёстой гээд киноны хөгжим бүхлээрээ тун энгийн ба
дүрийг маань бий болоход чухал нөлөөтэй, мөн дүрүүдийн сэтгэл хөдлөлийг
аялгуугаар дамжуулах үүрэгтэй байсан гэжээ. Үндсэн хөгжим болох сохор
цэцэгчиний дуу "La Violetera"-г Испаний хөгжмийн зохиолч Jose
Padilla-ын ажлаас "зээлсэн" агаад Испаний хөгжмийн зохиолч үүн дээр
заргалдсанаар кредитээ авч чаджээ. Киног дуугүй форматаар хийгдсэнд зарим
шүүмжлэгчид шүүмжилж, энэ бол Chaplin-ын шилдэг кино биш, хамгийн хямдхан кино
гэх мэтээр баалж байсан боловч 1950-д оноос киноны нэр хүнд өсөн нэмэгдэж
иржээ. Эдүгээ киноны төгсгөлийн сцэнийг кино хальсанд буусан хамгийн аугаа
жүжиглэлттэй хэсэг, кино урлагийн түүхэн дэх хамгийн аугаа агшины нэг гэгдэх
болжээ. Мөн Chaplin өмнөх бүтээлүүддээ үзүүлж байгаагүй романтизмын шинэ хэлийг
тус кинондоо ашигласан бөгөөд цэцэгчин өөрийн мэдэлгүйгээр тэнүүлчинг
доромжлоод байдгийг Chaplin сохор бүсгүйгээр бодит ертөнцийн романтизмын
эгзэгтэй мөн чанарыг эргэн сануулсан хэмээжээ.
Тухайн цаг үед кино дуутай
болсноор олон найруулагч киногоо орхих юмуу бүрэн баларч байхад Chaplin өөрийн
үзэл санаандаа үнэнч байсан ба учир нь тэнүүлчингийн дүр дуутай кинонд дасан
зохицохгүй гэдгийг тэрээр мэдээ байв. Orson Welles, Andrei Tarkovsky, Stanley
Kubrick нар уг киног дээдэлдэгээ мэдэгдсэн бол G. B. Show Chaplin-г кино
урлагийн салбараас төрөн гарсан суутан гэсэн буй. Woody Allen болон Federico
Fellini нар уг киноноос санаа аван өөрсдийнхөө кинонд ашигласан тохиолдлууд
байдаг ба философич Slavoj Zizek Өөрийнхөө эссэдээ уг киног жишээ болгож
ашигласан байдаг. TSPDT уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны
28-р байрт жагсаасан байхад Cahiers du cinema сэтгүүл аугаа 100 кино
жагсаалтынхаа 17-р байрт эрэмбэлжээ. Харин Америкийн кино хүрээлэн уг киног
хамгийн шилдэг романтик комедигоор нэрлэж, хамгийн шилдэг 100 кино
жагсаалтынхаа 11 байрт эрэмбэлсэн ба мөн түүнчлэн хамгийн инээдтэй киноныхоо
38-р байрт, хамгийн шилдэг кино баатар жагсаалтынхаа 38-р байрт бяцхан
тэнүүлчиний дүрийг тус тус багтаажээ.
Comments
Post a Comment