Зовлон хайгч


Sullivan's Travels (1941). Холливуудын залуухан алдартай кино найруулагч Sullivan өөрийг нь алдар хүндийн оргилд гаргасан, хоолоо олж идэх гол хэрэгсэл болсон комеди жанраасаа татгалзаж, хүмүүний зовлон, бэрхшээлийн талаар өгүүлэх гүн гүнзгий, жинхэнэ амьдралтай кино хиймээр байгаагаа студийн захиралдаа хэлж буйгаар кино маань эхэлдэг.. захирал үүнийг нь эсэргүүцэж юун яасан амьдрал зүгээр мөнгөө л олох амар комедигоо хийгээч гэж ятгасан ч идеалист Sullivan өөрийнхөөрөө зүтгэхдээ бүр оодрон энэ аугаа санаагаа ядуусын дунд орж өөрөө гуйлгачин шиг хэрэн тэнүүчлэн явж өөрийн бие, сэтгэлээр зовлон гэгчтэй танилцаад үүнээ кино болгохоор хатуу шийднэ.. 

зөвхөн өөрийгөө хэн болох иргэний үнэмлэхээ л авсан (гутлан дотроо оечихдрг) Sullivan гуйлгачингийн төрх байдалд бүрэн хувираад ажилдаа гарах ч студийн ажилчид нь араас нь дагах нь Sullivan-д яршиг түвэгтэй санагдаад байхаар нь хөөрхөн төөрүүлж хаячихаад цаашаа ажилдаа гарна.. өлсөж цангасан Sullivan нэгэн кафед ороод ганц аяга кофе авах гээд мунгинаж байтал шаргал үстэй, үнэнхүү гоё сайхан нэгэн хүүхэн түүнийг хоол, 2 ч аяга кофегоор дайлах ба Sullivan-н зовж ядарсан нь саяхан өөрт нь тохиосон азгүй явдлыг санагдуулсан учраас өрөвдөн ийнхүү сайхан сэтгэл гаргах агаад энэ гоё хүүхэн бол саяхан ажлаасаа хаягдсан жүжигчин мэргэжилтэй хүн болой.. дайлсан, дайлуулсан 2 элдвийг ярисаар гайгүй сайн танилцаад амжих ба сайхан сэтгэлийн хариу болгож хүүхнийг туслахынхаа машинаар хүргэж өгч байгаад цагдаад баригдан шорон явна, учир тэрээр мэдээж жолооны үнэмлэхүй байсны дээр гадаад байдал нь хулгайч шиг хэнд ч санагдахаар байв..

хүүхэн, залуу хоёр шоронд удаан байсангүй тэднийг Sullivan-ын туслахууд ирж гарган авах бөгөөд жинхэнэ байдлаа нууж, худлаа ярьж өөрийг нь мэхэлсэн гэж гоморхон тансаг харшид нь орших усан сан руу Sullivan-г түлхэж унагааснаар тэдний дунд хайрын зул гэрэлтэн асаж эхэлнэ.. Sullivan өөрийн бүх төлөвлөгөөгөө хүүхэнд ярихад хүүхэн нэгэнт ажилгүй, хийх юмгүй болсон намайг хамт авч яваач гэж зогсоо зайгүй гуйснаар нэг юм зөвшөөрүүлж чаддаг.. ингээд Sullivan буцаад гуйлгачинд хувирах бол хүүхэн хөвгүүний дүрд хөөрхөн байдлаар хувирна.. тэд воганаар улс орноо хөндлөн гулд туулж өлсгөлөн, даарч хөөрөх, орон гэргүй байхын зовлонг бодитоор мэдэрч байхдаа гуйлга гуйх, хямдхан ажил хийх (ингэж явахдаа  Sullivan өнөөх иргэний үнэмлэхтэй гутлаа хулгайд алддаг) болон ядуустай хамт хорогдох байранд шахцалдан унтаж, үмх талхаа ч хувааж иднэ.. энэ бүхний эцэст хангалттай туршлага хуримтлууллаа гэж үзсэн Sullivan гэртээ буцаж ирэх ба түүний олж мэдсэн туршлага өндөр амжилт авчирдаг.. 

энэ үед манай хоёрын романтик барилга бүрэн баригдаж дууссан байв, үүнд мэдээж хамтдаа жаргаж бас зовсон нь хэн хэнийгээ жинхэнээр танихад гол үндэс болсон байв.. хүүхэн Sullivan-тай үлдмээр байгаагаа, нэг үгээр сэтгэлтэй болсноо илчлэхэд угийн үнэнч шударга найруулагч маань эхнэртэй, гэхдээ эхнэртэй хайргүй, зөвхөн орлогын татвараас болж гэрлэсэн, энэ санааг нь менежер нь гаргасан гээд үнэндээ татвараас бултуулсан мөнгөөсөө их мөнгийг эхнэртэй зориулдаг болохоо олж мэддэг.. зорилго нь амжилттай болсонд сэтгэл нь ханасан Sullivan ядуу хүний амьдрал ямар байдгийг бүх бие, оюун сэтгэлээрээ мэдэрсэн тул ядуучуудын дунд орж таарсан хүн болгондоо мөнгө тарааж яваад нэгэн шунахай, муу этгээдийн анхаарлыг татах агаад шунахайрагч Sullivan-г дагаж явсаар араас нь цохиж унагаад бүх мөнгийг нь авчихаад өөрийг нь воганы чингэлэг дотор оруулчихаад зугтааж орхино.. баахан мөнгөтэй болсон балмад этгээд хэт баярласнаас болж барьж байсан мөнгөө төмөр зам дээр унагаж түүх гэж ухнатаж байгаад воганд дайруулан үхэх бөгөөд энэ золгүй хулгайч бол Sullivan-ын гутлыг хулгайлсан тэр хулгайч байв.. танигдахын аргагүй болсон цогцосыг ганц таних тэмдэг нь найруулагчийн иргэний үнэмлэх байна, Sullivan нь ч ор сураггүй болсон болохоор бүгд түүнийг учир битүүлгээр үхсэнд итгэцгээнэ, найруулагчийн үхэлд хүүхэн гашуунаар гашуудан харуусна..

  харин жинхэнэ Sullivan воганаар холын хол газарт очсон байх агаад толгойдоо бэртэл авсан тэрээр ухаангүй шахуу байж байгаад өөрийн мэдэлгүй хүн алчихна, түүнийг нэг муу гуйлгачин гэж бодон их л дээрэлхүү хандсан харуулын Бүдүүлэг харьцаанд уурссан Sullivan санамсаргүйгээр гар далайснаар алах боловч шүүх хурал түүнийг санаатай биш (бараг солиотой хүн гэж үзэн ) гэсэн үндэслэлээр чанга дэглэмтэй шоронд 6 жил хорих ял онооно.. цохиулсанаас болоод орон гаран болсон, өөрийгөө өмгөөлж бас хэн гэдгээ хэлэх чадваргүй болсон найруулагч учрыг сайн ухаагүй байтал хүн алаад зогсохгүй шоронд орж үйл тамаа үзнэ.. шоронд орсон хойноо Sullivan ухаан бүрэн сэргэж, хэн болохоо хэлэх гээд үйл тамаа бас л үзэх ба түүний омог бардам, хэгжүүн араншин шоронгийн даргад таалагдаагүй тул түүнийг хамгийн хатуугаар яргалан шийтгэж, бас үгийг нь ер сонсохгүй.. шоронгийн хөгшин харгалзагч Sullivan-д сайн хандаж туслах агаад нэг өдөр харгалзагчийн уншиж байсан сонинг Sullivan санамсаргүй харахад сонин дээр нэрт найруулагч Sullivan учир битүүлгээр алуулсан тухай бичсэнг хараад хэрхэн шоронгоос гарах ухаанаа сийлэх буюу би тэр найруулагчийг алсан хэмээн өөрийгөө зарлаж олны анхаарал татан сонинд бичигдсэнээр шоронгоос гараад зогсохгүй буцаад амьдралдаа орно.. түүнийг хүүхэн хүлээж байх бол эхнэр нь үхсэн гэж итгэсэн учир менежертэйн суучихаад байсан нь найруулагч, хүүхэн хоёрын жаргалын замыг нээнэ.. 

1940-с 1944 оны хооронд 8 кино бүтээж, гайхамшигтай формтой байсан Холливууд нэрт найруулагч Preston Sturges-ын энэхүү комеди нь хүн өөрийнхөө амьдралын замыг өөрөө сонгох ёстойг үндсэн сэдвээ болгон аваад хошигнол, сэтгэл уярам хоёр өөр төлвийг амжилттайгаар нэгтгэж чадсан кино ба мөн холливуудын хамгийн сайхан, өгөөмөр сэтгэлтэй кино гэгдэх болжээ.. Preston Sturges киноныхоо нэрийг алдарт Jonathan Swift-ын Gulliver's Travel романы нэрнээс авсан бөгөөд киноны гол дүрүүдэд: замнал нь 5 арван жил үргэлжилсэн Америкийн жүжигчин Joel McCrea болон 1940-д онд үсний засалтаараа алдаршиж явсан Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин Veronica Lake (түүний анхны гол дүрүүдийн нэг) нар тоглосон.. Preston Sturges-ын кино зохиолыг Paramount тухайн үедээ  $6,000 худалдаж авсан ба Preston Sturges кино зохиолоо "номлогч" маягаар буюу нийгэмд мессеж өгөх зорилгоор бичсэн байсан нь бусад комеди нарт дутагдаж байсан чанарыг агуулж байж.. найруулагч зохиолынхоо санааг John Garfield гэх 1930-д оны үед хэрэн тэнүүчилж амьдарч явсан жүжигчин эрийн бодит амьдралаас авсан бөгөөд уг киногоо бидний түвэгтэй амьдралд бага ч атугаа гэрэл тусгаж инээлгэж байдаг тэр алиалагч, хошин шогч нарын дурсгалд зориулсан гэжээ.. найруулагч маань анхнаасаа гол дүрээ Joel McCrea -г төсөөлөн бичсэн гэдэг агаад ганц сонголт нь л тэр байсан бол эхэндээ Barbara Stanwyck-д өгөхөөр төлөвлөж байсан гэдэг.. кино тийм ч амар бүтээгүй байдаг, бас гарсныхаа дараа хэл ам дагуулсан байдаг..

 тухайлбал киноны зураг авалт эхлэхэд Veronica Lake 6 сартай жирэмсэн байв, үүнийг нь найруулагч мэдээгүй байсан учир маргаан дэгдсэн боловч эмч жирэмсэн хүүхний сэтгэл санааг тайван байлгах хэрэгтэй гэснээр Preston Sturges яалт ч үгүй түүнийг кинонд хэвээр үлдээгээд зарим хэсэгт орлон тоглогч ашигласан байдаг бол сонирхуулахад холливуудын хамгийн сайн загвар зохион бүтээгчийг хөлслөөд тусгай хувцас хийлгэж байсан гэдэг.. мөн зураг авалтын үеэр Lake бусад жүжигчидтэйгээ харилцаа муу байсан гэдэг, ялангуяа McCrea бүр хожим өөр кинонд дахиж хамтрахаас татгалзаж байсан ажээ.. гэхдээ McCrea Preston хоёрын харилцаа тун сайн байсан бөгөөд McCrea Preston-г хамтран ажилласан хамгийн шилдэг найруулагч хэмээн магтсан байдаг.. мөн түүнчлэн кинонд гарах ядуурлын талаарх хэсгийг авах гэж нэлээд хөрөнгө мөнгө зарж төсвөө хэтрүүлэх шахаж байсан бол Preston Sturges сүмийн хэсэгт  Charlie Chaplin-ын клипийг гаргахыг хүсч байсан боловч Charlie Chaplin татгалзсан байдаг ажээ.. киноны шоронтой хэсгийг хүмүүнлэг бус, хэтэрхий харгис гээд киног гадагшаа гаргавал манай дайснуудхд (дайны үе)  сайхан Пропаганда олз болно гэж нэгдсэн улсаас үзэж хориг тогтоож байснаас гадна кинонд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэврэлдэж унтаж байгаа гарах нь илт секс харилцааг илэрхийлсэн гэж цензурдуулж байв..

 кино нээлтээ хийгээд олигтой ашиг олоогүй, бас шүүмжлэгчид энэ кино бол Preston Sturges-ын өмнөх кинонуудыг бодвол амьдралаас хол, нарийн мэдрэмж дутуу гэсэн байдаг ч зарим нэг шүүмжлэгчид оны шилдэг кино, хэн ч гэсэн алдаж болно, Preston Sturges хүртэл алдаж болно хэмээн "өмгөөлж байв.. гэхдээ жилээс жилд киноны үнэлмж өссөөр өдгөө шедевр кино болсон агаад Lake-ын тоглолтыг ид шидийн, үлэмж секси, нэг үгээр мөнхийн жүжиглэлт гэсэн байдаг.. уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 237-р байрт жагсдаг ба Америкийн кино хүрээлэнгээс гаргасан бүх цаг үеийн  хамгийн шилдэг Америк киноны 61-р байрт жагсдаг бол Америкийн кино хүрээлэн шилдэг 100 инээдтэй кино, шилдэг 100 урам зориг бадраах кино жагсаалтууддаа нэлээн дээгүүр эрэмбэлсэн байдаг бөгөөд Америкийн кино зохиолчдын холбооноос уг киноны зохиолыг хамгийн шилдэг кино зохиол жагсаалтынхаа 29-р байрт, харин Premiere сэтгүүл киноны постерийг хамгийн шилдэг 25 кино постер жагсаалтынхаа 19-р байрт тус тус жагсаажээ..

Comments