Solaris (1972). Өгүүлэх нь, хүн төрөлхтөн сансар огторгуйд
нэгэн шинэ гариг нээжээ. Уг гариг нэлэнхүйдээ далай ба далайгаас ирэх нөлөө
хүмүүний оюун, ухамсарт хүчтэй нөлөөлж, төөрөгдөл, самуурлын төлөвт оруулж
байгааг тэр станцаас ирсэн хүмүүс ярих агаад үнэндээ тэнд юу болоод байгаа нь
их нууц байдаг.. энэ бүхний учрыг олохоор сэтгэлзүйч Крис эх дэлхийгээс Solaris
гариг дээр байрших сансрын станц руу явна..
Крис явахаасаа өмнө ахиж уулзахгүй
байх гэж санаж эцэгтэйгээ уулзахаар гэртээ ирнэ.. эцгийнд нь Solaris станц дээр
ажиллаж байсан гэх нэгэн нисгэгч байна.. нисгэгч Крист тэнд байхдаа хачин юмс
их харсан гээд болгоомжтой байхыг сануулна.. Крис сансрын станц дээр очтол эл
хуль, эмх замбраагүй станц угтана.. анх байгуулагдахдаа наяад хүний
бүрэлдэхүүнтэй байсан станц өөрийг нь оруулвал гуравхан хүнтэй үлджээ. Эд цөм
эрдэмтэд бөгөөд Крис-г ирэхээс өмнө нэг нь амиа хорлосон байна.. Крис үлдсэн
хоёр эрдэмтэнтэй хэл усаа олохгүй зовно..
эрдэмтэд хахь хүйтэн, нууцлага
байна.. Крис унтаад сэртэл нэгэн бүсгүй дэргэд нь сууж байна.. энэ бүсгүй
Крис-н арван жилийн өмнө амиа хорлож үхсэн эхнэр Хари байна.. сүнс сүүдэртэй
учирлаа гэж айсан Крис эндүүрсэн байна.. энэ үнэхээр эхнэр нь байхаас гадна
түүнд хүрч, бүр үнсэж болж байв.. нөгөө хоёр эрдэмтэн Крист учрыг ийнхүү
тайлбарлана.. энэ гаригийн нөлөө хүний ухамсарт нөлөөлөх бөгөөд зүүдэлсэн зүүд,
бодсон бодлыг шууд матер хэлбэрээр биежүүлдэг гэнэ.. Крис одоо бүхнийг ойлгож
эхэлнэ, яагаад станцынхан алга болж, зарим нь амиа хорлож, үлдсэн нь үл
ойлгогдом болсныг үзэгч өөр дээрээ авч үзсэн ч амаргүй юм.. олон жилийн өмнө
үхсэн хайртай хүн чинь гэнэт эргээд ирвэл ямарч мундаг хүн барьц алдан ухаан
самуурна.. Крис яахаа мэдэхгүй их балмагдаж эхнэр гэх хуулбараа пуужингаар
хөөргөж үзсэн ч, ер нь яаж ч зугтсан өглөө болоход Хари дэргэд нь байж л
байна.. Хари-н хувьд тун хачин бас өрөвдөлтэй. Хүн ч биш, сүнс ч бас биш тэрээр
нөхрөө гэх хайр нь хэвээрээ бөгөөд өөрийгөө хүн гэж бодно.. харин Крис станцад
ирээд бүх эрдэмтдийн адил оюун санааны хүнд байдалд орно.. тэрээр Хари-н
хуулбарыг жинхэнэ гэж бодох ба өдөр бүр үүндээ итгэж байлаа. Энэ хэрээр хуулбар
Хари өөрийгөө бодит хүн гэж бодно..
дээд зэрэглэлийн цөөхөн кино найруулагчдын
нэг Оросын аугаа их Andrei Tarkovsky-н шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн
эгэлгүй, хосгүй бүтээл товчхондоо ийм өрнөлтэй.. Польшын нэрт зохиолч Stanisław
Lem-н ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь шинжлэх ухааны уран зөгнөлт төрөлдөө манлайд бичигдэх бөгөөд философийн, гүн бодролын утга талаасаа хамгийн
шилдэг нь ч байж болох.. Andrei Tarkovsky польш зохиолчын эх зохиолын багагүй өөрчилсөн гэдэг. Үүнд
Stanisław Lem таагүй хандсан байдаг. Эх зохиолоо дагасан эсэх нь одоо чухал биш
гэж үзэж байна.. гол нь найруулагч уг бүтээлээрээ өөрийн гэсэн өвөрмөц, дахин
давтагдашгүй дэлгэцийн бүтээлийг туурвьсан.. Andrei Tarkovsky өөрийн гэсэн кино
бүтээх хэлтэй, энэ нь удаан үргэлжлэх болон удаан тогтсон зураг авалт.. энэ
аргачлал нь яруу найраглаг тансаг ба түүнийг кино яруу найрагч болгодог..
сансар огторгүй, хүмүүний ухамсар хийгээд тайлагдашгүй бүхнийг удааширсан,
уйтгартай зураглал улам гүн гүнзгий, хосгүй шидийн болгоно..
шууд сэдвээсээ
хазайсан, аргуу гэхдээ гүн ухаантнууд ярьж буй мэт харилцан яриа болон цагийг
зогсоосон мэт урт сунжруу эл кино бидний яарч тэвдсэн мөртлөө утгагүй амьдралыг
хэсэг зогсоож бодлогшруулна.. Крис-н дүрээр бид техник технологи, шинжлэх
ухаан, алдар нэр бүгд утгагүй бөгөөд бид явсаар, хөгжсөөр эцэстээ хайр гэгч
зүйл дээр ирж зогсдогийг харна.. хайр буюу хүмүүнлэг байх хэрэгтэйг, өөрөөр
хэлбэл материаллаг ертөнцийн хор хөнөөлд автаж, эд юмсынхаа боол, идэш болж
болохгүйг л Andrei Tarkovsky анхаарч үзэхийг хүсчээ.. нэмж хэлэхэд, хүмүүний
оюун ухаан зах хязгааргүйг их далайтай зүйрлээ юу гэж бодох.. бусад шинжлэх
ухааны бүтээлүүдийг бодвол онцгой чамин эффектгүй бөгөөд элдэв гоё буу зэвсэг,
зэвүүн мангас, сэтгэл татам зүйлсгүй болно.. харин илүү бодол ухааныг ажлуулж,
нэг үзсэн байхад байнга бодогдох философийн хүнд бүтээл юм..
Andrei Tarkovsky
сүүлдээ энэ бүтээлдээ таагүй хандах болсон нь үзэгчдийн хүлээж авах чадвараас
болсон болов уу? Мөн найруулагч маань киноныхоо зарим хэсэгт Rembrandt, Pieter
Brueghel the Elder нарын сонгодог уран зургаас шууд санаа авсан байдаг. Жишээн,
Pieter Brueghel the Elder-н зураг дээрх ганзага хоосон гэртээ ирж байгаа гурван
анчин нь манай Solaris-н эрдэмттэй адил үр дүнгүй буцаж байна..
гол дүр Хари-д
алдарт Sergei Bondarchuk-н охин Natalya Bondarchuk тоглосон. Харц булаам бүсгүй
хүйтэн киног бүлээцүүлсэн.. хөгжмийг суут Johann Sebastian Bach-н бүтээлээс
ашиглахаас гадна Andrei Tarkovsky-н хэд хэдэн кинонд хамт ажилласан Eduard
Artemyev хэмээх мундаг хөгжмийн зохиолч мөн энэ кинонд ажилласан.
Andrei
Tarkovsky хожим өгүүлэхдээ энэ бүтээлдээ чамлалттай хандаж Stalker (1979)
киногоо илүүд үзсэн байдаг ч судлаачид уг киног ЗХУ-ын шинжлэх ухааны уран
зөгнөлт кино урлагийн түүхэнд гарсан хамгийн том үйл явдлын нэг хэмээсэн байхад
Empire сэтгүүл дэлхийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 68-р байрт жагсаасан
байдаг.. Andrei Tarkovsky Lem-ын зохиолоор кино хийхээсээ илүүтэйгээр
Достоевскийн ГЭМ ЗЭМ-ээр кино хийхийг хүсч байсан гэдэг, мөн тэрээр уг
киногоороо эрдэмтэн хүний оюун санааны амьдралыг харуулахыг зорьжээ.. энэхүү
кино нь ЗХУ-аас гадуур Andrei Tarkovsky-ын хамгийн их үзэгдсэн кино нь ба мөн
уг киног 2001: A space Odyssey-тэй харьцуулдаг боловч Andrei Tarkovsky
киноныхоо зураг авалтаас өмнө 2001: A space Odyssey-г үзээгүй байсан агаад
үзсэн хойноо "Онцгой биш" хэмээн шүүмжилсэн байдаг.. эцэст нь, энэхүү
суут бүтээл маань Канны кино наадмаас шүүгчийн нэрэмжит шагнал авсан ба бүх
цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 234-р байрт жагсдаг бүтээл билээ..
НЭМЭЛТ: Андрей Тарковский эхэндээ Харигийн дүрд эхнэр Ирма Раушийг тоглуулахыг хүсч байсан ч 1970 оны зун Биби Андерссонтой танилцсаныхаа дараа түүнийг тоглуулахаар шийджээ. Биби ч их найруулагчтай хамтран ажиллахыг хүсэхдээ Рублиэр цалинжахыг зөвшөөрсөн. Гэхдээ эцэст нь Харигийн дүр Наталья Бондарчукт очсон. Тарковский, Наталья нар оюутан цагийн танилууд байсан ба "Solaris" романыг анх Наталья түүнд өгч байжээ. Тарковский 1970 онд түүнийг тоглуулахаар бодож байсан ч арай залуухан юм гээд татгалзаж Наталья-г найруулагч Лариса Шепиткод санал болгож, Наталья ч Ларисагийн кинонд амжилттай тоглосон. Жилийн дараа Тарковский түүний тоглосон киноноос ур чадварыг нь хараад эргэлзээгүй кинондоо сонгожээ. Ингээд кино бүрэн бэлэн болоход Тарковский тэмдэглэлийн дэвтэртээ жүжигчдийнхээ тоглолтыг эрэмбэлсэн байдаг ба үүнд Наталья тэргүүлснээс гадна "Наталья бүгдээс илүү байлаа" гэсэн нэмэлт байдаг.
Comments
Post a Comment