The Mirror (1975) . Оросын суут кино урлаач Andrei Tarkovsky
24 жилийн дотор 7 бүрэн хэмжээний кино бүтээсэн байдаг. Энэ тоог их
найруулагчийн авъяас, боломжит чадвартай харьцуулахад дэндүү чамлалттай
харагдана.. гэвч харамсаад өнгөрсөнийг өөрчлөх боломжгүй, харин ч энэ хавчлага,
боломжийг нь хааж байснаар Andrei Tarkovsky цөөхөн ч маш чанартай, нэг үгээр
бүх кино нь шедевр болсон кино бүтээх гол түлхэц ч болсон байж магадгүй.. их
эрх чөлөө, дэндүү их боломж заримдаа хүнийг залхуу, хойрго болгодог талтай
шүүдээ.. ТОЛЬ хэмээх аугаа бүтээлээ Andrei Tarkovsky бяр чадал суусан, ид ирэн
дээрээ байхдаа буюу 1975 онд хийсэн ба өмнө нь Ivan' Childhood 1962, Andrei
Rublev 1966 болон Solaris 1972 зэрэг кинонуудаа хийчихсэн хэдийнээ дэлхийд
танигдчихсан найруулагч байсан бол ТОЛЬ~оос хойш Stalker 1979, Nostalghia 1983,
The Sacrifice 1986 гэсэн бүтээлүүдээ туурвисан (сүүлийн хоёр кино нь Итали
болон Шведэд хийгдсэн) бөгөөд ТОЛЬ-г ихэнх судлаачид түүний оргил ажил гэж
үздэг.. үзэгчид уг киногоор дамжин Andrei Tarkovsky-ын дотогш нэвтэрч жинхэнэ
уран бүтээлч хүнийг олж харж, мэдрэхээс гадна түүний хувийн дотоод ертөнц рүү
өнгийн харж болно..
уг кино түүний бусад бүтээлүүдийг бодвол хамгийн намтарчилсан кино нь гэж хэлэхгүй
боловч түүний гоо зүйг хамгийн товчхон хураангуйлсан бүтээл гэж хэлж болох ба
энэ кино бол түүний кино урлаг ямар байх ёстой вэ гэсэн итгэл үнэмшлийнх нь
хэлбэр, "онол" юм.. олон тооны завсарлагатай намтарчилсан хэсгүүд нь
зөвхөн дурсамж болон зүүдний логикоор юмуу
архивын бичлэгээр өрөгдөн бий болоод ер бусын яруу найраглаг боловч
шугаман бус өгүүлэмжээр хүүрнэгдэх маш онцгой хэлбэртэй тун өвөрмөц дүрслэлтэй
бүтээл юм.. уг киноны үйл явдлыг бичих боломжгүй ба ерөнхий хар зургийг би
хойно чадан ядан бичлээ. Гэвч энэ киног үзэж байж туршлага дээрээсээ мэдэрч
ойлгох бүтээл агаад бүрэн ойлгох бас л боломжгүй учир заавал ойлгох гэж
өөрийгөө хүчлэх юмуу ойлгоогүйдээ өөрийгөө юмуу Andrei Tarkovsky-г хараах
хэрэггүй, харин дахин дахин үзэж сэтгэлийн, харааны сэтгэл таашаал эдлэхдээ
үзэх болгонд энэ бүтээл нүдний тань өмнө шинээр бий болж буйг ажиглана.. Andrei
Tarkovsky цаг хугацааны хооронд архивын бичлэг оруулах зэргээр үзэгчээ цаг
хугацаа хийгээд орон зайн хувьд төөрөгдүүлэх ба архивын бичлэгийн цаг тооллыг
олсоноор киноны бүтцийг ойлгоход чухал үүрэгтэй гэж үздэг.. Andrei Tarkovsky
бол цаг хугацаа, дурсамж хийгээд зүүдийг хамгийн сайн холбогч, тэдгээрээр
тоглогч ба өөр ямар ч урлаг кино урлаг шиг хүчирхэг, нарийвчлалтай, хурц тодоор
цаг хугацааг өөрчлөхдөө гоо зүй болон бодит байдлын бүтцийг таних мэдэхэд
тусалдаггүй. Кино урлаг зөвхөн цаг хугацааны үргэлжлэлийг бус мөн өөрчлөгдөшгүй
байдлыг хийгээд байнгын өөрчлөлтийг гэрчилдэг хэмээн тэрээр өгүүлсэн байдаг..
кино урлаач хүн цаг хугацааг бүтээх ёсгүй харин тэдэнд өгөгдсөн цаг хугацаатай
ажиллах хэрэгтэй: дүрс өөрөө дотроо цаг хугацаатай, энэ бол түүний гол санаа
буюу уран бүтээлч хүний анхны , эх бүтээлээ хийхэд дотоод ертөнцийн хувьсал нь гадаад
ертөнцийн хувьсалтай таарч байх
шаардлагатай ажээ.. ер нь кино театр руу хүн цаг хугацааг мэдрэх гэж явдаг
байх, тэр хүн амьдралын туршлагын төлөө тийшээ явдаг ба ямар ч урлагаас илүү
кино урлаг нь хүний амьдралыг сайжруулж, туршлагыг өргөн хүрээнд төвлөрүүлдэгба
зөвхөн сайжруулаад зогсохгүй бас хүний амьдралыг урт хугацааны туршид ач
холбогдолтой болгодог. Энэ бол кино урлагийн хүч хэмээн тэрээр хэлсэн буй..
ТОЛЬ нь киноны гол баатар Alexei эсхүл Alyosha-ын (Ignat Daniltsev) бодол,
сэтгэл хөдлөл хийгээд дурсамжийг дүрслэх бөгөөд мөн түүний хүүхэд нас, өсвөр
нас болон 40-д насны үеийг буюу түүнийг тойрсон ертөнцийг харуулна.. насанд хүрсэн
Alexei дэлгэцнээ бараг харагдахгүй, гэхдээ түүний хоолой сонсогдож, зарим сцэн
дээр харилцан ярьж байгаа нь дуулдана.. киноны бүтэц нь үргэлжилсэн бус, он
цагийн хэлхээсгүй, мөн уламжлалт кино зохиолгүй агаад тохиолдол, зүүд, болон
дурсамжуудыг архивын бичлэгтэй хамтад нь үзүүлэх ба кино 3 цаг үеийн хооронд
шилжих буюу дэлхийг хосрдугаар дайны өмнөх үе, дайны үе, дайны дараах үеүүдийг
үзүүлжээ..
ТОЛЬ бол Andrei Tarkovsky-ын хүүхэд насныхаа дурсамжаас буулгаж
зурсан кино бөгөөд дайны үед Москвагаас хөдөө Нутаг руу эргүүлэн татаж нүүлгэн
шилжүүлсэн эцгийнхээ болон мөн хэвлэлийн
газарт ажиллаж байсан эхийнхээ талаарх дурсамжуудаас киногоо бүтээсэн гэж
үздэг.. энэхүү кино Alexei-ын өсвөр насны хүү Ignat зурагтаа асаагаад зурагтаар
эмч нэгэн ээрүү залууг эмчилж буй үйл явдлыг үзэж буйгаар эхэлдэг.. кадр
солигдож дайны өмнөх цаг үеийн хөдөө нутагт Alexei-ын ээж Maria (Margarita
Terekhova) нэгэн эмчтэй (Anatoly Solonitsyn) ярилцаж байх агаад тэдний яриан
дунд Чеховын бүтээл дурдагддаг.. Alexei-ын өвөөгийн хөдөө нутгийн байшингийн
гадаад болон дотоод байдал дараагийн сцэнд гарч, залуухан Alexei охин дүү болон
ээжийн хамт амбаар шатаж байгааг харж зогсоно, эл сцэн бол кино урлагийн түүхэн
дэх хамгийн аугаа сцэнүүдийн нэг билээ.. үүний дараа зүүдний хэсэгт Maria үсээ
угааж байгаа гарах ба мөн л гайхалтай үзэсгэлэнтэй сцэн билээ.. кино дайны
дараах үед шилжин, Alexei ээжтэйгээ утсаар ярьж байна, гэхдээ тэрээр өөрөө
харагдахгүй харин зөвхөн түүний орон сууцны байдал нь үзэгдэнэ.. кино буцаад
дайны өмнөх үе рүү шилжиж бид Maria-г яарч сандран хэвлэлийн газартаа ирж
байгааг харах ба тэрээр ажил дээрээ алдаа гаргачихлаа гэж зовох бөгөөд түүнтэй
хамтран ажилладаг Liza (Alla Demidova) Maria-г аргадан тайвшруулдаг агаад Maria
найз хүүхнээ Достоевскийн "Албингууд" романы Maria Timofeyevna гэдэг
дүртэй төстэй байна хэмээдэг.. буцаад дайны дараах үед шилжихэд Alexei нэгэн
цагт эхнэр байсан, өгүүлэн буй цаг үед салсан Natalia-тай (мөн Margarita
Terekhova) маргалдан байх гарах агаад Natalia хүү Ignat-ын хамт амьдардаг
бөлгөө.. уг сцэний дараа Испаний иргэний дайны талаарх архивын бичлэг гарна..
дараагийн хэсэгт Alexei-ын гэрт байх Ignat нэгэн үл таних эмэгтэйн хамт ширээнд
сууж байгаагаар гарна, эмэгтэйн хүсэлтээр Ignat Пушкины захидлыг унших бөгөөд
мөн эцэг Alexei-тайгаа утсаар ярьдаг, харин нөгөө нууцлаг эмэгтэй алга болсон
байдаг.. дайны үед шилжихэд өсвөр насны Alexei буудлагын бэлтгэл хийж байх ба
мөн дэлхийн хоёрдугаар дайны архивын бичлэг гарна.. дайн дуусч Alexei болон
түүний охин дүү хоёр аавтайгаа уулзаж байгааг үзүүлнэ, тэгэнгүүт кино эргээд
дайны дараах үед ирж Alexei-г эхнэртэйгээ хэрэлдэж байгаа хэсэг гарна.. дахиад
дайны өмнөх үе рүү кино шилжихэд хөдөө нутгийн орчин байдал, байшин зам гээд
ерөнхий байдлыг харуулаад араас нь Maria агаарт эргэлдэж байгааг харуулна, энэ
сцэн бол кино урлагийн түүхэндэх хамгийн хачирхалтай, сэтгэлд хоногшим сцэний
нэг болой.. тэгсэнээ кино дайны дараах үед Alexei үхлээ хүлээн орондоо хэвтэж
буйг харуулна.. төгсгөлийн хэсэгт дайны өмнөх үе гарах ба жирэмсэн ээж Maria
гарах сцэний хооронд залуу болон хөгшин Maria
гарна (хөгшин Maria-д найруулагчийн ээж Maria Vishnyakova тоглодог)..
киноны бүтэц намтарчилсан, уламжлалт бус хийцтэйгээс гадна киноны турш Andrei
Tarkovsky-ын аав нэрт яруу найрагч Arseny Tarkovsky-ын шүлэг яруу найраг киноны
амин сүнс болж цуурайтан хүүрнэгчийн үүрэг хүлээх ба яруу найргийг Innokenty
Smoktunovsky унших бол киноны хөгжмийн нэрт Eduard Artemyev бичжээ.. харин
киноны гол дүрүүдэд Margarita Terekhova, Ignat Danilltsev, Alla Demidova,
Anatoly Solonitsyn болон найруулагчийн ээж Maria Vishnyakova, мөн эхнэр Larisa
Tarkovsky нар тогложээ.. Andrei Tarkovsky анх хүний зүүд болон дурсамжийн
талаар роман бичье гэж бодож байсан боловч больж уг санаагаа кино дэлгэц руу
шилжүүлсэн буюу гол баатар нь дэлгэцнээ харагдахгүй байхаар энгийн бус бүтэц
хэлбэртэй кино хийхийг хүсчээ.. тэрээр Andrei Rublev дээрээ ажиллаж байхдаа
ТОЛЬ-ынхоо эхний хэсгийг бичиж дуусгаад "A White day" нэртэй (
аавынхаа 1942 оны яруу найргийн гарчигаас авсан) богино өгүүллэг болгон
гаргажээ.. Andrei Rublev киногоо дуусгасны дараа тэрээр Alexander Misharin-тай
хамтран ТОЛЬ-ын зохиолыг бэлэн болгосон агаад хэдий кино зохиолын сэдэв нь
тухайн үеийн Оросын кинонд заавал байх ёстой сэдвүүд болох эх оронч үзэл,
баатарлаг эх болон дайны тухай агуулж байсан ч Goskino кино хийх эрх
олгосонгүй, шалтгаан нь зохиол дэндүү түвэгтэйн дээр уламжлалт байдлаас зөрж
байсанд оршино.. гэсэн хэдий ч Andrei Tarkovsky, Alexander Misharin нар киногоо эцсийн
байдлаар яаж төгсгөхөө мэдэхгүй байсан ба кино хийх явцад төгсгөлийн санааг Олно
гэж бодож байжээ.. Goskino-гоос зөвшөөрөл олгохгүй байсан тул Andrei Tarkovsky
"Solaris" бүтээл дээрээ ажиллаж эхэлсэн байдаг. Эцсийн эцэст 1973 онд
шинэ даргатай болсон Goskino кино хийх зөвшөөрлийг олгосон бөгөөд тэрээр кино
зохиолоо байнга засан өөрчилж байсан, ТОЛЬ-ын хэд хэдэн кино зохиолын хувилбар
үлдсэн байдаг ба сүүлийн хувилбараа 1974 онд Италид байхдаа бичсэн байдаг
ажээ.. кино зохиол хийгээд киноны нэр олон удаа солигдож байсны эцэст ТОЛЬ
нэрэн дээр тогтсон агаад кинон дээр толь хэд хэдэн удаа гардаг билээ.. Andrei
Tarkovsky Шведийн жүжигчин Bibi Andersson-г ээжийн дүрд тоглуулахыг төлөвлөж байсан
боловч эцэстээ Margarita Terekhova-г сонгожээ.. кино шугаман бус өгүүлэмжтэй
шигээ олон өнгөнд хувирна, тухайлбал өнгөтөөр, хар-цагаанаар болон Sepia буюу
хуучны гэрэл зураг шиг өнгөөр дүрслэгдсэн нь зүүд, дурсамжийг илүү хурц, ер
бусын болгоно.. киноны зүүдний тайлбар шиг зураглалийг судлаачид уран зохиолын
модернист техник болох бодлын урсгалтай харьцуулсан байдаг..
Оросын судлаачид ТОЛЬ дээр хуваагдаж байж,
зарим шүүмжлэгчид уг киног ирээдүй үеийнхэн анализ хийж илүү ойлгох томоохон бүтээл гэж байхад зарим
нь бүтэлгүйтэл гэж дүгнэж байсан агаад ялангуяа соёлжсон хэсэг нь ойлгомжгүй
хэмээн муулж байжээ.. мөн үзвэрийн үеэр театрыг орхигсод байсан бол алга ташин
сайшаагсад ч мэдээж байв.. Goskino
ТОЛЬ-г Канны наадамд үзүүлэхийг зөвшөөрсөнгүй, үүнд наадмын зүгээс асар
дургүйцэж, тэгвэл танай улсаас өөр кино авахгүй гэж байжээ.. эдүгээ уг киног
бүх цаг үеийн хамгийн аугаа киноны тоонд оруулах болсон ба TSPDT сайт бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 30-р байрт жагсаасан бол 2012 онд Sight &
Sound сэтгүүлийн шүүмжлэгчдийн саналаар бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны
19-р байрт, найруулагчдын саналаар 9-р байрт тус тус эрэмбэлсэн байдаг бөгөөд
зохиолч Will Self ТОЛЬ -г бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй кино гэж хэлсэн
байдаг.. мөн түүнчлэн ТОЛЬ-г хэрхэн кино хийх алмайруулам бүтээл, далд
санаагаар баялаг хийгээд яруу найраглаг анхны киноны нэг, зураглалууд нь
туршлагаас давсан гайхалтай кино хэмээн судлаачид магтсан байхад найруулагч
Michael Haneke уг киног багадаа л гэхэд 25 удаа үзсэн гэж хэлсэн байдаг..
ТОЛЬ-г үзэгсдэд одоо хүртэл уг кино нууцлаг байсаар байгаа ба киноны бүтэц нь
хүүрнэхүй биш харин илүү хөгжимлөг буюу хөгжим хүүрнэлийг орлодог гэж үздэг
ажээ.. Andrei Tarkovsky хөгжмийн хуулиудыг үргэлж киноны зохион байгуулалтын
зарчим болгон ашигладаг байсан ба тодотгол нь логик биш үйл явдлын урсгалын
хэлбэрт байрладаг байсан гэж үздэг.. уг киноны төв сэдэв нь өнгөрсөн цагийн
зайлшгүй цөхрөлийн байдал ба мөн сэтгэлзүй доторх Space Odyssey хэмээн
судлаачид хэлсэн байдаг.. энэ кино бол бүх цаг үеийн хамгийн яруу найраглаг
кино гэж харин би хэлмээр байна..
Comments
Post a Comment