Beyond the Clouds (1995). Нэгэн кино найруулагч Итали руу
онгоцоор нисэж байхдаа сүүлд бүтээсэн
киноныхоо төгсгөлийг бодон бодлогошрох агаад үүлсийг харж байхдаа дараагийн
киногоо илүү арт кино хийхээр төлөвлөнө.. газартсаныхаа дараа тэрээр шөнийн
манан дундуур хүмүүсийг ажиглаж киноныхоо санааг хайх ба энд өгүүлэх кино 4
хэсгээс бүрдэх буюу 4 өөр романтик хайрын талаар үзүүлж, хэсэг болгонд уг
найруулагч оролцох юмуу хөндлөгөөс ажиглах бөгөөд өөрөөр хэлбэл энэ найруулагч
бидэнд хүүрнэгч, тольлуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.. 1-р хэсэг: хэзээч оршиж
байгаагүй хайрын түүх. Италийн нэгэн хотод Silvano гэх залуу шөнө болсон тул
хоноглочих буудал хайж яваад нэгэн сайхан хүүхэнтэй учран ойрхон хоноглочих
буудал байгаа эсэхийг лавлах агаад Carmen дурамжхан байдлаар нэг буудал зааж
өгсөн нь өөрийнх нь мөн буусан буудал байлаа..
Silvano буудлын ресторанд
Carmen-тай дахин таараад дотно танилцаж, бүсгүйг багш мэргэжилтэйг залуу мэдэж
авна.. бид бүгдээрээ хэн нэгний төсөөлөлд амьдрахыг хүсэх юм гэж залуу хэлэхэд
хүүхэн хайрын нууц үүнд л оршдог байх гэж хариулдаг.. тэдний эл
"философийн" яриа халуун үнсэлтээр өндөрлөж, Silvano хүүхнээс аль
өрөөнд байгааг асууснаар тэд салцгаах бөгөөд Carmen өрөөндөө хувцсаа тайлаад
ерөнхийдөө залуугаа хүлээх бол Silvano өрөөндөө ороод баахан эргэлзэж байснаа
унтчихна, чухам яагаад гэдгийг нь тэр өөрөө л мэдэх буйзаа.. өглөө болж Silvano
сэрүүтээ Carmen-ын өрөө руу сандран очиход тэнд мэдээж хүүхэн байсангүй.. 2
жилийн дараа тэд кино театрт таарна, тэд ойр зуурын юм ярьсаар Carmen-ын гэрт
ирэх ба хүүхэн нэг залуутай амьдарч байсан ч тэр залуу нь түүнийг хаяад явсныг
өгүүлэх бөгөөд тэд бүрэн нүцгэлээд хүсэл тачаалаар дүүрэн үнсэлтээр хоёр биенээ
шагнах ч яг секс хийхгүй, чухам яг хийхийн даваа нь дээр Silvano гэнэт
хувцаслаад яваад өгөхөд хүүхэн гунигтайгаар цонхоор харж үлддэг.. 2-р хэсэг:
Бүсгүй, гэмт хэрэг. Найруулагч маань далайн эрэгээр фото зураг авч явж байгаад
нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйг олж хараад араас нь дагаж явсаар бүсгүйг хувцасны
дэлгүүрт ажилладаг болохыг олж мэдэх бөгөөд тэд ганц ч үг солилцохгүй боловч гүн
хийгээд учиртайгаар харц хэд хэдэн удаа солилцоно.. хэсэг хугацааны хойно
бүсгүй найзтайгаа уулзахаар кафе ортол кафед найруулагч мөн байж таарсанаар тэд
анх удаа ярилцаж, далайн эрэгээр хамт зугаалан явна.. энэ үед бүсгүй эцгийгээ
алсан, ингэхдээ 21 удаа хутгалж хөнөөсний
улмаас шоронд байж байгаад гарсанаа хэлээд зогсохгүй аллага болсон
газарт хамт очицгоодог..
план солигдоход
тэд орон дотор янаглалын бал бурмаа ичгүүргүй, харамгүйгээр солилцож байна,
энгэр зөрүүлсэний дараа найруулагч хүүхнийг орхин явдаг.. 3-р хэсэг: намайг
олох гэж бүү оролдоорой. Кафед нэгэн залуухан хүүхэн өөрөөсөө ах залуу дээр явж
очоод би саяхан сонирхолтой юм уншлаа, үүнийгээ хүнтэй хуваалцмаар байна гэсээр
ирээдүйн нууц амрагууд танилцжээ.. уг явдлаас 3 жилийн дараа гэхэд залуу нууц
амрагаа сонгох уу, эхнэрээ сонгох уу гэсэн шийдвэрлэх асуудлын өмнө тулгарах
буюу хоёр талд амьдрах нь там шиг санагдахын дээр нууц амраг болон эхнэр нь ч
түүнийг хоёр талд гүйгээд байгааг мэддэг болсон байв.. эхнэр Patricia нөхөртөө
сонголтоо хий гэж тулгахад нөхөр нууц амрагаасаа сална гэж амална, нөхөр нууц
амрагтаа очин энэ мэдээгээ хэлэх ч тэд салах биш харин ч бүр секс хийгээд
таарах агаад нөхөр нууц амрагийнхаа секс амтнаас салахаа нэгэнт өнгөрсөн хүн
байжээ..
нөхөр гэртээ ирэхэд Patricia шал согтуу байна, эхнэрээ өрөвдсөн нөхөр
одоо дахиж нууц амрагтаа очихгүй хэмээгээд эхнэртэйгээ 3 жилийн дараа анх удаа
секс хийнэ.. нөхөр харилцаагаа тэглэхээр нууц амраг дээрээ очоод бөөн хэрүүл,
зодоон болох хэдий ч эцэстээ хүсэл оргилсон хагацашгүй секс хийдэг.. энэ зуур
Carlo тансаг байшиндаа иртэл байшинд эхнэр нь байхгүй, мөн орон гэр нь ямар ч
тавилга хогшилгүй, зөвхөн түүнийх гэсэн эд юмс үлдсэн байх буюу өөрөөр хэлбэл
энэ айл нүүх гэж байгаа мэт.. энэ үед утас дуугарч Carlo эхнэртэйгээ
хэрэлдэнэ.. утас тасрахдаа зэрэгцэн хаалганы хонх дуугаран Patricia орж ирэх
бөгөөд Patricia энэ байшинг эхнэрээс чинь түрээслэх болсон гээд мөн саяхан
нөхрөөсөө салсанаа хэлнэ, харин Carlo ажлын журмаар байнга гадагшаа явдаг
болохоор эхнэр нь өөрийг нь хаяж байгааг Хаяж байгааг Patricia-д учирлаж хэлнэ.
Утас дуугарч Patricia хилэнтэйгээр нөхөртөө намайг олох гэж оролдсоны хэрэггүй
гэж хэлэх бөгөөд Carlo хүүхэнд бүх зүйлийг анагаадаг юм бий гэж хэлэхэд
Patricia хариуд нь наадах чинь л намайг зовоож байна гэдэг.. Carlo хүүхний
гарыг эелдэгээр үнсэхэд план солигддог.. 4-р хэсэг: Энэ биеийн бузар.
Найруулагч маань уран зураг, уран баримал зэрэг урлагийн бүтээлүүд сонирхож
яваад нэгэн залуу, бүсгүй хоёрыг танилцаж байхын гэрч болно.. залуу үзэсгэлэнт
хүүхний араас нь дагаж, улмаар зэрэгцэн ирээд барагалж тойрон эргэлдэнгээ
элдвийн юмс ярих хэдий ч хүүхэн үл тоож хайхрамжгүй хэдэн үгс хэлсэн болоод
цааш явсаар байлаа.. нэлээд удаан хамт алхасан тул хүүхэн овоо ам нээх буюу сүм
руу явж байгаагаа хэлэхийн сацуу энэ биесээ ангижрахыг хүсдэг ээ, мөн бид ер нь
жаргалтай байя гэвэл утгагүй бодлуудаасаа ангижрах хэрэгтэй хэмээнэ. Залуу энэ
үед хүүхний биеийг улам сонирхох бөгөөд чи лав хүнд дурласан байх гэж асуухад
хүүхэн хүлээн зөвшөөрдөг.
Тэд ийнхүү явсаар сүмд орж ирнэ, хүүхэн дуугаа хураан
залбирч эхлэхэд залуу сүмд орж ирсэнээр залхуу нь хүрч, уйтгарлаад бусдаас
тусгаарлагдсан мэт санагдах агаад ингэж байгаад унтчихна.. залууг сэрэхэд сүмд
тэрээр ганцаараа үлдсэн байх ба яаран сандран гарахад аз болж хүүхэн нээх
холдоогүй байв.. энэ үед орой болсон байх тул залуу хүүхнийг гэрт нь хүргэж
өгөхөөр хамт алхана, залуу үхлээс айдгаа хэлэхэд хүүхэн харин эсрэгээрээ
амьдралаас айдаг гэж хэлнэ.. тэд хүүхний гэрт ирэхэд залуу ийн хэлнэ: хэрвээ би
чамайг хайрлавал яах вэ? Гэхэд хүүхэн чи өрөөг бүхий л гэрлээрээ гэрэлтүүлэх
лаа болно гэж хариулдаг.. залуу үргэлжлүүлээд маргааш хоёулаа Уулзах уу гэж
асуухад хүүхэн маргааш би сүм орно хэмээн хариулдаг. Ингээд хүүхэн гэртээ орж
залуу цааш яван одоход гадаа бороо орж байлаа.. киноны төгсгөл бол кино
урлагийн түүхэндэх бүх цаг үеийн хамгийн гайхалтай төгсгөлийн сцэнүүдийн нэг
билээ..
Кино урлагт гоо сайхныг жинхэнээр урлаж ирсэн цөөхөн кино
найруулагчдын нэг бол Италийн суут кино найруулагч Michelangelo Antonioni
бөгөөд уг бүтээл бол их найруулагчийн бүрэн хэмжээний сүүлийн кино буюу ахиж
кино хийхгүй байсаар 2007 онд нас барсан билээ..
кино зохиолыг Michelangelo
Antonioni-ын "That Bowling Alley on the Tibet хэмээх номонд нь байх дөрвөн
бүлэгт ноорог зохиолоос сэдэвчлэн хийсэн бөгөөд кино хийх явцад 83 настай
байсан Michelangelo Antonioni цус харваж цааш ажиллах боломжгүй болсон тул
төслийг Германы бас нэгэн суут кино найруулагч Wim Wenders зохиолыг хөгжүүлж
киног бүрэн дуусгахад тусалсан байдаг.. хэдий кино хоёр том найруулагчийн
дундын бүтээл гэж гарчиглагддаг боловч амин сүнс, харагдах байдал төрхөөрөө ерөөсөө
л Michelangelo Antonioni-ынх билээ.. кино гол дүрүүдэд: John Malkovich (70
гаран кинонд тоглоод буй Америкийн жүжигчин), Sophie Marceau (Францын жүжигчин,
кино зохиолч), Irene Jacob (Франц-Щвейцарийн жүжигчин, мөн Канны наадмын
шагналт) болон Jean Reno (Францын нэрт жүжигчин) нар тогложээ.. энэхүү
романтик, эротик драм нь Венецийн кино наадмаас FIPRESCI шагналыг хүртсэн ба
шүүмжлэгчид их найруулагчийн сүүлчийн ажлыг талархан хүлээж аваад түүний бусад
бүтээл кино урлагийн чухал бүтээлд тооцогдсоор байх болно хэмээжээ.. мөн цааш
нь хэлэхдээ: тус киноны бүх момент нь Michelangelo Antonioni-ын гайхалтай
дүрслэлийн хүчийг үзэгчиддээ мэдүүлэхдээ бие мах бодь хийгээд сэтгэл хөдлөлийн
гал цогийг өнгөн дээрээ асаах хэдий ч цаад гүндээ уй гунигийг тэмтрүүлнэ гэжээ..
энэ кино бол их найруулагчийн гоо зүйн дүрслэлийн эцсийн зураглал буюу бид
бүхэнтэй урлагийн хэлээрээ салах ёс хийж буй түүний кино хэлбэр нь ажээ..
Michelangelo Antonioni-г дээдлэн үзэгчдэд бол уг кино бол түүний өмнөх
бүтээлүүдийн цуурай шиг санагдах боловч өмнөх кинонуудынх шиг нь төөрөгдөм,
сэтгэл хөдлөлийн аниргүй байдлыг мэдрүүлэхгүй бөгөөд киноны голлох ухвар санаа
бол бидний хүсэл тачаал маань ойлгож мэдэрсэнтэй маань таарахгүй үед болон
бидний хүссэн бодит байдалтай нийцэхгүй үед бид мэхлэгдэн хаягдаж байгаа мэт
санагддаг тухай ба эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, гайхалтай нууцлаг мэдрэмж
хийгээд далд ганцаардлын мэдрэмжийг өгдөгөөрөө их найруулагчийг бусдаас өөр
түвшинд аваачина.. энэ кино бол тэр чигээрээ гол үзэсгэлэн агаад нэн ялангуяа
эмэгтэй хүний гоё сайхан биеийн хэсгүүдийг өндөр гоо зүйтэйгээр зураглажээ..
мөн энэ киног гоо үзэсгэлэн болон уй гунигийн нийлбэр ч гэж хэлж болно..
Comments
Post a Comment