Сэргэлэн нүдэт буюу Шэйрли Тэмпл


Бага байхад ( би 88 оных) Монголын үндэсний ТВ-ээр гарах кино болгоныг, нэн ялангуяа хүүхдийн кино бүтээлүүдийг алгасалгүй шимтэн үздэг байлаа.. буржгар үстэй, эгдүүтэй хөөрхөн төрхтэй, гайхалтай гэхэд дэндүү гайхалтай дуулж бүжиглэх бяцхан охины тоглосон кинонуудыг гайхаж бахдан үзэхдээ дотроо "ийм жаахан охин ингэж мундаг жүжиглэх гэж байхуу, одой хүн байх" гэж бодож байсан маань инээдтэй боловч тэгж л гайхаж байсан юм.. 

дэлгэцнээ бужигнуулах жаалхан, гэнэн цагаахан хэрнээ хамгийн хүчтэй, бас элдэвтэй охин маань Америкийн нэрт жүжигчин Shirley temple байсан бөгөөд тэрээр 1935 оноос 1939 оны хооронд нэгдсэн улсын хамгийн алдартай хүн~жүжигчин байсан буюу холливуудын Хаан гэгддэг Clark Gable хүртэл түүн шиг алдартай байгаагүй гэдэг, мөн ерөнхийлөгч Franklin Roosevelt-ын зургаас илүү түүний зургаар сонин сэтгүүлүүд нүүр хуудсаа чимдэг байсан гэдэг.. хүүхэд насандаа алдрын оргилд гарсан Shirley том болох тусам буюу "хөгшрөх" тусмаа замнал нь уруудан, моодноос гарч эхэлсэнийг болон түүний амьдралын талаар жаал хүүрнэе..
Shirley temple нь эх Gertrude Amelia болон эцэг George Francis Temple нарын ууган хүүхэд болж 1928 оны 4 сарын 23нд California мужийн Santa Monica хотод мэндэлжээ.. аав нь банкны ажилтан, ээж нь хүүхдүүдээ харан гэртээ суудаг байсан ба тэрээр дороо хоёр эрэгтэй дүүтэй байв.. 
багаасаа л дуулж бүжиглэх дуртай охиныхоо сонирхолыг эх нь дэмждэг байсан агаад Shirley-г 3 настай байхад нь бүжгийн сургуульд оруулсан бөгөөд Shirley-ын алдартай буржгар үс хийгээд стиль имиж нь түүний ээжээс үүдэлтэй юм.. эгдүүтэй хөөрхөн бяцхан охины авъяасыг Educational pictures студийнхан олж илрүүлж 1932 онд Shirley-тэй гэрээ байгуулав.. тийнхүү Shirley-ын замнал нүд ирмэхийн зуур тодрон дээшлэв, эхэн үедээ богино хэмжээний комеди, өглөөний хоолны реклам зэрэгт тоглож байгаад 1932 ондоо "Red~haired  alibi" кинонд анхны дүрээ бүтээв.. гэтэл Educational pictures студи 1933 онд дампуурч Shirley 1934 Fox Films-тэй гэрээ байгуулсан ба тэр жилдээ тоглосон "Stand up and cheer!" Киногоороо олонд танигдаж од болсон бөгөөд энхрий, гэнэн цайлган бяцхан охиныг хүн бүр хайрлаж өхөөрдөн, кино урлагийн ертөнц нэгэн мундаг жаалхан жүжигчин охиноо өлгийдөн авлаа.. 

түүнээс өмнө кино урлагт хүүхэд тийм их алдартай болж байсан нь үгүй бөгөөд түүнээс хойш ч хүүхэд тэгж алдаршин, олон амжилттай дүр бүтээсэн нь цөөн, нэг үгээр Shirley бол анхны кино од хүүхэд байсан гэж хэлж болох буйзаа.. 1934 он бол дөнгөж 6 настай охинд асар завгүй жил болж өнгөрсөн байдаг, тэр онд хэдэн хэдэн кинонд тоглосны дотор замналынх нь хамгийн онцгой ажлуудын нэг болох "Bright eyes" багтана.. дараа жил нь коммершил хит болсон "Curly top" кинонд тоглож мөн л үзэгчдийн хайр талархалыг хүлээсэн агаад түүнд ихэвчлэн хүнд нөхцөлд амьдардаг өнчин охины дүр юмуу хагацсан дурлалт хоёрыг эргүүлэн нийлүүлж байгаа сайхан сэтгэлтэй охины дүрийн саналууд ирдэг байв, ингэхдээ ихэнх кино нь үлгэрийн мэт өнгө төрхтэй буюу сайн үргэлж мууг ялж байгааг харуулсан байдаг байлаа.. тэрээр 1930-д оны сүүлчээр "Dimples", "Heidi", болон "Little miss Broadway" зэрэг кинонуудад амжилттай тоглов..  1939 онд Frances Hodgson Burnett-ын тэрд нэрт романаас  сэдэвлэсэн "The little Princess" киногоороо коммершил талаасаа ч мөн шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авав.. энэ үед Shirley 11 нас хүрээд байсан ба уг кино бол түүний хүүхэд ахуй насны сүүлчийн кино байлаа.. тэрээр хүүхэд насандаа гаргасан нүсэр амжилтаа өсвөр насандаа ч үргэлжлүүлж чадна гэж итгэж байсан боловч тийм зүйл болсонгүй, 1940 онд тоглосон хоёр кино нь бүрэн утгаараа сүйрэл болов.. 

түүний амжилтын нууц хүүхэд төрх, гэнэн хонгор сахиусан тэнгэр шиг хүүхдийн байдалд нь байсан гэмээр бөгөөд уг дүр нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон учир том болсон Shirley моодноос гарлаа.. гэхдээ тэрээр бууж өгөхийг хүссэнгүй 12 настайдаа хэд хэдэн кинонд тоглосон ч мөн л амжилт олсонгүй, энэ үед нь эцэг эх нь түүнийг сургуульдаа анхаарахыг хүсч эхэлсэн ба юм юмны давхцал Shirley-г кино урлагаас зодог тайлуулсан билээ.. 1950-д оны сүүлээр тэрээр эргэн шоу бизнестээ эргэн ирэв, гэхдээ нэлээн даруухнаар буюу радиод үлгэр өгүүллэгчээр ажилласан байдаг.. энэ эмэгтэйн Амьдрал зөвхөн хүүхдийн насных нь амжилтаар ингээд хязгаарлагдсангүй, 1960-д оноос хоёр дахь замналаа эхлүүлсэн буюу улс төрөөр идэвхтэй "хөөцөлдөх" болов.. тэрээр 1974-1976 оны хооронд АНУ-ын Гана дахь элчин сайдаар томилогдсон бол 1989-92 оны үед АНУ-ын Чехословак дахь элчин сайдаар мөн томилогдож ажиллаж байжээ.. мөн түүнчлэн тэрээр АНУ-ын протоколын газрын даргаар ажиллаж байснаас гадна Walt Disney болон Del Monte foods компаниудад зөвлөхөөр ажилладаг байв.. 

түүний авсан шагнал тоймгүй олон, тухайлан хэдийг дурдваас Juvenile Academy award-ын тусгай шагналтай бол мэдээж холиивуудын алдрын гудамжинд нь нэр нь байдгаас гадна америкийн кино хүрээлэнгээс гаргасан бүх цаг үеийн Америкийн дэлгэцийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчид жагсаалтад 18-р байрт бичигддэг ажээ.. Shirley 17 настайдаа Армийн түрүүч John Agar гэгчтэй хуримласан ч 1950 онд салцгаасан бөгөөд тэд нэг охинтой аж.. түүний хоёрдахь гэрлэлт мөн л цэргийн хүн байсан буюу тэнгисийн цэргийн тагнуулч Charles Adam Black гэх хүн байлаа.. тэд хоёр хүүхэдтэй болсон ба 2005 онд Charles нас барах хүртэл тэдний амьдрал 54 жил үргэлжилжээ.. 1972 онд Shirley хөхний хавдраар өвдөв, азаар эмчилгээ үр дүнтэй байж бүрэн эдгэсэн агаад Shirley бол энэ өвчнийхөө талаараа олон нийтийн хэрэгслээр нээлттэй ярьсан анхны алдартай эмэгтэй байв.. Shirley temple 2014 оны 2 сарын 10нд уушгины архаг бөглөрөлт өвчнөөр хорвоог орхижээ.. тэрээр хүүхэд насандаа загварын домог болж байсан, ээжүүд охидоо түүн шиг хувцаслаж, үс гэзгийг нь адилхан буржийлгаж байсан бөгөөд түүний хэлбэртэй хүүхэлдэй тоглоомууд дэлгүүрийн хамгийн эрэлттэй бараа байсан хэмээдэг..

Comments