Цагаан мод





A Streetcar Named Desire (1951). Шинэ орлеаны Францын хороололд нэгэн нурж унах шахсан нийтийн байрны гадаа дунд орчим насны эмэгтэй трамбайнаас бууж ирэн охин дүү Stella-гаа хайж сурагласаар нэг юм олсоноор кино маань эхэлнэ.. эгч, дүү хоёрын сэтгэлийн хөдөлгөөнөөс бид тэднийг уулзаагүй удсаныг ойлгох ба Stella түрүүн дурдсан нурах шахсан байранд нөхөр Stanley-ын хамт амьдрах агаад эгчийгээ гэртээ аваачин,  улмаар нөхөртэйгээ танилцуулан хэсэг хамт амьдрахаар болно.. одоо таныг Stella-ын эгч, түрүүнээс хойш нэрийг нь дурдаагүй хүүхэнтэй танилцуулъя: Миссиссиппигээс ирээд буй энэ хүүхэнг Blanche Dubois гэдэг бөгөөд их сургуулийн багш байсан, хэлж ярих хийгээд хөдөлж авирлах нь боловсролтой, дээд зиндааны хүн шиг агаад дэндүү бүрэг, аймхай, сандрамтгай байдлаас нь ажихад сэтгэцийн өөрчлөлттэй гэмээр.. харин дүү нь дуу шуутай, зоригтой бөгөөд нээлттэй цоглог хүүхэн бол нөхөр нь болох Stanley огцом ууртай, бүдүүлэг, байнга тамхи татаж, пиво гүзээлэх ч гаднах байдал ямар ч хүүхний зүрхийг эзэмдэхүйц сайхан гэж хэлж бүрнээ болно.. Blanche-ын гэнэт зочлолт хүргэн дүүд огт таалагдсангүй, хүүхний цэмцгэнэсэн байдал залууд худлаа маяг шиг санагдаж, үүнийгээ ч нуухгүй шууд илэрхийлэх нь ноомой Blanche-г балмагдуулж, айлгах ба тэдний энэ эрс тэрс байдал анхнаасаа л тэднийг таарахгүйг харуулна.. Blanche харин охин дүүгээ зэрлэг, соёлгүй эртэй нийлсэнд эгдүүцэн дүүгээ баахан зэмлэх бол Stella нөхрөөсөө эгчийгээ өмөөрөөд зогсохгүй нөхөртөө маш их хайртайгаа эгчдээ учирлана.. Blanche-ын ачаа тээшнээс жирийн багшид баймааргүй үнэтэй гоёл чимэглэл хийгээд хуучны хувцас хэрэглэл гарч ирсэнээр хартай Stanley-ын сонирхолыг төрүүлж, эхнэрийнхээ эзгүй нэг өдөр тэрээр Blanche-г энд яах гэж, ямар хэргээр ирсэн, та чухамдаа баян хүүхэн юм биш үү хэмээн зандчиж, сүрдүүлэх шахуу "байцаахад" айлд толгой хорогдож байгаа, бас угийн зөөлөн Blanche ийнхүү хэлнэ: Stella болон тэдний гэр бүлийнхэн бол нэгэн цагт баян айл байсан ч дампуурч, үүнээс болж Stella гэр бүлээ орхин явсан бол өөрөө их залуудаа нөхөрт гарсан ч нөхөр нь амиа хорлож, мөн ажилгүй, очих газаргүй болсон болохоор дүү дээрээ ирсэн гэж хэлнэ.. энэ тайлбар Stanley-ын сэтгэлийг хангасангүй, илүү нуусан мөнгө энэ тэр байгаа гэж хүүхнийг тарчлааж, цүнхийг нь ухаж байгаад бөөн боодол бичиг гаргаж ирсэн нь үнэндээ Blanche-д бичсэн нөхрийнх нь захидал байх агаад ариун нандин зүйлд нь хүрлээ гэж өдийг хүртэл хүлцэнгүй байсан Blanche уйлан догширч одоо энэ захидлуудыг шатаахаас өөр аргагүй боллоо хэмээн харуусахад Stella орж ирээд эгчийгээ өмөөрөн хэрүүлийн шуурга тавих бөгөөд энэ үед Stanley Stella-г жирэмсэн болохыг зарлана, уг мэдээ Blanche-г маш ихээр зөөлрүүлнэ.. уламжлалт ёсоор Stanley найзуудаа авчран хөзөр тоглож, уух ба согтуу Stanley гэдэг бол хэрцгий араатан лугаа  бөгөөд агсам тавьж найзуудаа тараагаад зогсохгүй, эхнэрээ зодож танхайрахад Blanche дүүгээ аваад дээд давхрынхаа айлынд орчихно.. архи нь гарсан Stanley шөнөжин байрны гадаа эхнэрээ дуудахад Blanche хориглоод байхад Stella үгнээс нь гараад нөхөрт очин тэврүүлэх бөгөөд нус нулимсандаа хутгалдсан араатан Stella-ын тэвэрт нялхархаас гадна тэдний дунд эрчилсэн, зогсошгүй хүсэл тачаал байгааг, энэ нь тэднийг холбодог болохыг Blanche тэднийг хараад ойлгоно.. маргааш өглөө нь Blanche дүүгээ ийм араатантай яаж хамт байдаг юм, энэ хүн чинь хүн биш араатан байна, чи сал энэ зэрлэгээсээ гэхэд Stella зөвшөөрч байтал бохир хувцастай Stanley гаднаас орж ирэхэд нөгөө салах гэж байсан Stella нөхөр руугаа хүсэл дүүрэн гүйлтээр гүйн очиж тэврүүлдэг нь тэд санаагүйг харуулна.. хөзөр тоглодог тэр шөнө Blanche Stanley-ын найз Mitch гэгч ээжтэйгээ амьдардаг залуутай танилцах агаад хүүхний сэтгэл татам, романтик байдал Mitch-д маш ихээр таалагдаж Blanche-г эргүүлж эхлэхэд хүүхэн ч залууг түлхэлгүй нааштай хандана.. ингээд хэдэн хоног өнгөрлөө, Blanche болон Stanley хоёрын тэмцэл улам ширүүсэх бол Blanche, Mitch хоёрын шохоорхол бадамлан цэцэглэж, согтуурал хийгээд сэтгэл хөдлөл тэднийг бараг сүй тавиулчихна.. 

энэ хооронд хүнд итгэдэггүй Stanley Blanche-ын түүхийг хүнээр судлуулж олж мэднэ, энэ нь юу байв гэвэл Blanche сэтгэцийн асуудалтай болохыг, мөн багшаар ажиллаж байхдаа Сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсны улмаас ажлаасаа халагдсан буюу энэ хүүхэн бол өсвөр насны хөвгүүнд татагддаг, нэг үгээр сексийн донтой болохыг олж мэднэ.. хорон бас зэвүүн Stanley сайхь мэдээгээ баяртайгаар Mitch-д хэлэх бөгөөд нэгэн орой эл мэдээг аваад Mitch Blanche дээр ирнэ, халамцуу Mitch хүүхний улаан нүүрэн дээр өнгөрсөн бүхнийг нь хэлэхэд Blanche үнэнээ хэлэх буюу танихгүй эелдэг хүмүүсээс хамааралтай болохоо улайдаг ба ингэснээр сүй тавилт цэглэгдэж, бүх юм өндөрлөнө.. бас нэгэн маргааны үеэр жирэмсэн Stella-ын бие өвдөж эмнэлэгт явах ба энэ хүүхэн эгчээ сонгох уу,  хүсэл тачаалаа сонгох уу гэдэг дээр үлэмж эргэлзэж тээнгэлзэнэ.. Mitch-д хаягдсан явдал нь Blanche-ын сэтгэл санааны байдлыг улам дордуулж, үүндээ төөрөгдөн, мангууран байхад эхнэрээ эмнэлэгт хэвтүүлчихээд Stanley гэртээ ирэх ба сэтгэц нь үлэмж донсолсоноос Blanche өөрийг нь удахгүй нэг саятан ирж авна хэмээн худлаа хэлж жүжиглэхэд үүнд нь үргэлж эгдүүцэж байсан Stanley-ын уур гэнэт асан хүүхнийг шоолж, элдэвлээд барахгүй бараг зодох агаад дээрэнгүй харгислал хүчирхийлэлд шилжих бол ноомой бас өрөвдөлтэй байдал хүчирхийллийн олз болдог буюу Blanche  хүргэн дүүдээ хүчиндүүлнэ тэр шөнө.. энэ явдлаас хойш 7 хоног өнгөрөхөд Blanche-ын байдал улам дордон, дүүдээ Stanley-д хүчиндүүлсэнээ хэлэх ч дүү нь итгэхгүй ба хэн хүнгүй түүнийг галзуугийн эмнэлэгт явуулахын төлөө худлаа жүжиг тавина.. энэ үед эмч нар ирэх ба Blanche-г эмч нар аваад явахад Mitch үүнд маш ихээр уурлаж Stanley руу дайрч, энэ бүхэнд түүнийг буруутгаж уйлдаг.. харин эгчийгээ үргэлж хайрлаж бас өмөөрч байсан Stella эгчийгээ гуниг дүүрэн харууслаар үдэх бөгөөд одоо хүүхэдтэй болсон Stella хүүхдээ тэвэрсээр нөхрийнхөө тушаасан дуудлагыг сонсох хэдий ч одоо би энэ үгэнд орохгүй, одоо би ахиж энэ там руу дахин хэзээч очихгүй гэж өөртөө амлахдаа үрээ үнсэж байдаг.. 

20-р зууны Америкийн тэргүүн жүжгийн зохиолчдын нэг Tennessee Williams-ын 1947 оны Pulitzer-ын шагналт жүжгийг Грек гаралтай Америк кино найруулагч Elia Kazan дэлгэцнээ дүрсжүүлсэн нь кино урлагийн хамгийн маргаантай, олон дахин цензурдуулсан киноны нэг болсоноос гадна дур тачаал болон хүчирхийллийг хамгийн хүчтэйгээр дүрсэлсэн сэтгэлзүйн драмын нэг болжээ.. уг киног Америкийн кино урлагийг өөрчилсөн 15 киноны нэгээр нэрлэдэг бөгөөд бүх цаг хамгийн шилдэг мянган киноны 641-р байрт жагсдаг ба уг киног Америкийн кино хүрээлэнгээс гаргасан шилдэг 100 кино жагсаалтынхаа 45-р байрт, мөн киноны хөгжмийг шилдэг 100 киноны хөгжмийн 19-р байрт, бас киноны хоёр ч ишлэл үгийг шилдэг 100 киноны ишлэл жагсаалтдаа тус тус багтаасан байдаг.. кино тухайн жилийнхээ Оскарын наадамд 12 төрлөөр нэр дэвшиж 4 төрөлд ялалт байгуулсан буюу шилдэг тайз засал, шилдэг эмэгтэй гол дүр, (Vivien Leigh - Оскарын хоёр удаагийн шагналт Английн тайз, дэлгэцийн жүжигчин бөгөөд уг кинонд бүтээсэн дүр миний хувьд түүний оргил ажил гэж боддог) шилдэг эмэгтэй туслах дүр (Kim Hunter - Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин) болон шилдэг эрэгтэй туслах дүрмийн (Karl Malden - Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин) тус тус хүртжээ..  домогт Marlon Brando (түүний бүрэн хэмжээний хоёрдахь кино) уг кинонд тоглохоосоо өмнө бараг хэний ч мэдэхгүй жүжигчин байсан ба уг кино түүнийг холливуудын гол жүжигчин болгосноос гадна энэ кинонд тоглосон дүрээрээ Оскарт нэр дэвшсэн буюу үнэнхүү гайхамшигтай тоглосон билээ..  харгис, бохир мөртлөө сексий Stanley-ын дүр Оскар аваагүйн шударга бус санагддаг ч чухам энэ дүр хожмын Marlon Brando-ын өв залгамжлагчид болох Montgomery Clift, Jack Nicholson болон Sean Penn нарын "гарын авлага" болсон гэдэг бөгөөд нэг үгээр Marlon Brando-ын холливууд дахь ноёрхол энэ дүрээр нь эхэлжээ.. кино зохиол дээр Tennessee Williams өөрөө Elia Kazan-тай хамтран ажилласан байдаг ба Broadway-ын жүжгийг нь Elia Kazan найруулан тавьж байж.. Marlon Brando, Kim Hunter болон Karl Malden нар анхны Broadway-ын жүжигт нь тоглосон байдаг бол Vivien Leigh үндсэндээ нэр хүндээрээ "зодож" энэ кинонд тоглох эрхээ авчээ.. 

кино маань мэдээж жүжгээсээ зарим талаар өөр, зухас дурдваас: жүжигт бараг бүх үйл явдал Stanley-ын байранд болдог бол кинонд олон байршил дүрслэгдсэн, мөн жүжигт Blanche-ын нөхөр ижил хүйстэн байдаг агаад амиа хорлож үхсэн байдаг, харин Blanche нөхрөө элдвээр хэлж дарамталсаар байгаад үхэл рүү түлхэсэн тухай гардаг байхад энэ талаар кинонд бүдэгхэн л гардаг.. мөн түүнчлэн Blanche-г Stanley хүчинддэг хэсэг кино дээр дөнгөж гараад л өнгөрдөг, харин жүжигт энэ бүхэн тодорхой гардаг ба киноны төгсгөлд Blanche-ын хувь заяанд Stanley-г Stella буруутган, улмаар түүнийг орхин явдаг бол жүжигт Stella Blanche-г зөнд нь орхиод Stanley-ын ятгалтад автаад дуусдаг ажээ.. 1993 онд эх хувилбараараа нэг юм гарах хүртлээ эл шедевр бүтээл олон хэсгээ тасдуулж, цензурдуулж байсан агаад анх нээлтээ хийхэд нь ёс суртахуунгүй, бүдүүлэг, нүгэлтэй хэмээгдэн ад үзэгдэж байв..

Comments