Дэлхий түүнийг анх "Roman Holiday" киноны Ann гүнжээр харсан бөгөөд тэр кинон дээр Audrey Hepburn Европоор аялж буй гүнжийн дүрийг бүтээдэг.. 1992 оны арван сард дэлхий түүнийг зурагтын мэдээгээр эцсийн удаа харсан ба Audrey Hepburn Африкт өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд буяны гараа сунган, сайн үйлсийн аянд явж байв, тэрээр уг явдлаас гурван сарын дараа 63 насандаа ховор тохиолддог хавсралт хорт хавдараар нас барсан билээ..
тэрээр жинхэнэ үлгэр жишээ хатагтай байв:
заяамал ухаан, нигүүлсэн сэтгэл хийгээд бишрэм гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг
байсан тэрээр зөвхөн гоо үзэсгэлэнтэй жүжигчин байж, гуа сайхандаа эрдэхийг
хүссэнгүй, үйл хэргээрээ сахиусан тэнгэр байж чадсан ба Audrey Hepburn 1954
оноос ЮНИСЕФ-т хувь нэмрээ оруулж эхэлсэн бол амьдралынхаа сүүлийн жилүүдэд
ихэнх цаг заваа сайн үйлсэд зориулсан бөгөөд 1988, 1992 оны хооронд дэлхийн
хамгийн ядуу улс орнуудад биеэр очиж ажиллаж байсан агаад 1992 онд Ерөнхийлөгчийн
медал хүртэж, мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчин сайдаар томилогджээ..
тэрээр сэтгэл хөдлөл ихтэй, ёс суртахуунтай язгууртны биелэл байсан бөгөөд түүн
шиг хүнийг зөвхөн кино дээрээс л харах боломжтой.. Christie-ын дуудлага
худалдаагаар Audrey Hepburn-ын "Breakfast at Tiffany's" кино дээрээ өмссөн Givenchy-ын
"little black dress" даашинз $900,000-р зарагдав, энэ нь хамгийн
өндөр үнэ хүрсэн киноны хувцас болсон агаад уг мөнгө Энэтхэгийн ядуу хүүхдүүдэд
зориулагджээ..
тэрээр дахин давтагдашгүй, орлуулашгүй нэгэн болох нь түүнийг
орлох гэсэн олон бүтэлгүй оролдлогоос харж болох ба Catherine Oxenberg-ын Roman
Holiday, Julia Ormond-ын Sabrina болон Thandie Newton-ын The Truth About
Charlie зэрэг шалихгүй дуураймлууд Audrey Hepburn-ын сүүдэрт үүрд дарагдан
үлджээ.. New Women сэтгүүлийн уншигчид түүнийг бүх цаг үеийн хамгийн
үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэсэн байдаг, түүний хайр татам байдаг шалтгаан
магадгүй тэр өөрийгөө тэгж боддоггүй байсантай холбоотой байж болох ба тэрээр
өөрийнхөө харагдах байдал болон жүжиглэлтдээ өндөрөөр үнэлдэггүй байсан бөгөөд үүнийг
тэрээр өглөгч, хайраа ил гаргадаггүй ээж Ella-аасаа өвлөн авсан байх гэдэг..
Ella
охиныхоо амжилтанд баярлаж байгаагаа ховорхон үзүүлдэг байсан ба 1951 онд Audrey
Hepburn Broadway-ын Gigi жүжигт тоглоод ид мандаж байхад тайзны ард Ella
охиндоо хандан “хонгор минь, чи авъяасгүй ч сайн байлаа” хэмээсэн байхад Audrey
Hepburn-ын хүү Sean Hepburn Ferrer ээжийнхээ талаар “өөрийнхөө гэрлийг харж
чаддаггүй од” гэсэн буй.. тэр кино болгон дээрээ гайхалтай хувирч чаддаг ч
өөрийн гэсэн үндсэн гоо үзэсгэлэнгээрээ кино болгоноо тамгалж ирсэн ба хөхгүй,
бөгсгүй, туранхай хэмээн анх гологдож байсан Audrey Hepburn үсээ дээш нь шууж
боосон загвараараа хэвшсэн гоо сайхан болон загварын хандлагыг өөрчилсөн бөгөөд
түүний ухаалаг яриа, янзаган харц, төгс төгөлдөр байдал гээд ерөөсөө камер түүний
төрмөл үзэмжинд дурлачихсан юм..
Audrey Hepburn-ын хамтран тоглогч эрэгтэй жүжигчид
ихэнхдээ түүнээс олон ах хүмүүс байв, жишээ болгож бид Gary Cooper, Rex
Harrison, Cary Grant, Henry Fonda, Humphrey Bogart, Fred Astaire гэсэн нэрсийг
харахад хангалттай ба эдгээр жүжигчид тухайн үед Audrey Hepburn-тэй хамтран
тоглохдоо арваас хорин насны ах байсан бөгөөд аав шигээ хүмүүстэй хамтран
тоглох нь түүний сэтгэл татам сахилгагүй төрхийг тодотгож байжээ.. амьдралынхаа
ихэнх хугацаанд алдар нэр авчирдаг шар хэвлэлийн нүүрнээс зайлсхийж кино
дэлгэцэн дээр л алдар нэрээ мандуулж явсан Audrey Hepburn үүргээ үргэлж хатуу
ухамсарладаг байв.. тэрээр хоёр удаа гэрлэж, мөн хоёр хүү төрүүлсэн бөгөөд эр
хүний халамжийг бага мэдэрч байсан ч амьдралынхаа сүүлийн хэсэгт найз
залуу Robert Wolders-ын хайр халамжинд
жаргаж байгаад үхсэн агаад салсан хоёр нөхөртэйгөө үхэх хүртлээ сайн
харилцаатай байв..
тэр аугаа од, бас аугаа бие хүн байсан бөгөөд кинон дахь
өөрийнхөө хэсгийг тод гэрэлтүүлэгч байснаас гадна тэрээр загвар дагагч биш
харин өөрийн гэсэн хэв маягийг бүтээгч байсан ба Audrey Hepburn бол хамгийн
шилдэг, бас сүүлчийн хатагтай байлаа.. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан бүх
цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин жагсаалтын гуравт бичигддэг, тайз
дэлгэцийн болон загварын домог Audrey Hepburn 1929 оны таван сарын дөрвөнд
Белгийн нийслэлд Joseph Victory Anthony Ruston болон Ella van Heemstra нарын
охин болж төржээ.. түүний багад эцэг эх нь салж, улмаар ээжийнхээ хамт Лондонд
амьдрах болсон ба дэлхийн хоёрдугаар дайны үеэр эх, охин хоёр Нидерланд руу
нүүв.. Audrey Hepburn тэнд балетаар хичээллэж эхэлсэн бөгөөд дайн дуусахад
түүнд Амстердам болон Лондонгоос балетаар суралцах урилга ирсэн агаад залуу
бүсгүй мөн үүний хажуугаар загвар өмсч, бас жүжигчинээр суралцаж эхэлжээ..
1948
онд анхныхаа тайзан дээрээ гарсан бол тухайн ондоо хэд хэдэн кинонд жижиг дүр
бүтээгээд амжсан бөгөөд 1951-53 оны хооронд Audrey Hepburn Broadway-ын Gigi
жүжгийн гол дүрд тоглож дэлхий дахинд өөрийгөө хэр жүжигчин болох боломжтойг
харуулав.. кино урлагт түүний анхны анхаарал татахуйц дүр 1952 онд тохиов, The
Secret People нэртэй энэ кинонд Audrey Hepburn балетчины дүр бүтээсэн бол 1953 онд Roman
Holiday кинонд жүжигчин Gregory peck-тэй хамт тоглож дэлхийн од болох гараа нь
эхэлсэн бөгөөд мөн энэ кинонд гайхамшигтай тоглосноор Оскарын наадмаас шилдэг
эмэгтэй гол дүр шагнал хүртсэн агаад дараагийн жилд нь Sabrina кинонд тоглон
мөн өндөр амжилт үзүүлэв.. 1956 онд тэрээр нөхөр Mel Ferrer-ын хамтаар Л.
Толстойн "War and Peace" романаар хийсэн кинонд тоглосон ба 1957-60 оны хооронд "Funny
Face", "The Nun’s Story" зэрэг замналынхаа чухал кинонууд тоглов.. дараа жил нь Truman
Capote-ын Breakfast at Tiffany туужаас сэдэвлэсэн кинонд гол дүр бүтээсэн нь
хожим өөрийнх нь нэрийн хуудас шахуу бүтээл болсон ба Audrey Hepburn уг киноны
дараа хэсэг хугацаанд кино урлагаас хөндийрөн гэр бүлдээ цаг заваа зориулжээ..
хангалттай завсарласны эцэст тэрээр кино урлагтаа эрч хүчтэйгээр эргэн ирж 1963-67
оны хооронд "Charade", "My Fair Lady" тэргүүтэй замналынхаа шилдэг кинонуудад
тоглосон агаад дахин кино урлагаас завсарлага авав, энэ удаа тэрээр есөн жил
киноноос холдсон ч эргэн ирсэн бөгөөд хэд хэдэн кинонд тоглосон хэдий ч хүнд
өвчний улмаас цааш жүжиглэх боломжгүй болов.. Audrey Hepburn 1954 онд жүжигчин Mel
Ferrer-тэй гэрлэж Sean гэдэг хүүтэй болов, гэвч арвандөрвөн жил ханилсны эцэст
тэд салсан ба 1969 онд тэрээр сэтгэл мэдрэлийн эмч Andrea Dotti гэгч хүнтэй гэрлэж Luca нэртэй хүүтэй
болов, гэвч арвангурван жилийн дараа мөн л салсан бөгөөд дараа нь тэр жүжигчин Robet Wolders-той
үерхэсэн байдаг, тэдний сонирхол олон зүйлээр ижилхэн байсан гэдэг ч тэд
хуримлаагүй билээ.. Audrey Hepburn бол Оскар, Эмми, Тони, Грэмми шагналтай арван тавхан хүний
нэг ба Нидерланд
улсад түүний нэрэмжит гудамж байдаг ажээ.. жич: эл нийтлэлийн гарчиг бол Audrey Hepburn-ын
дуртай шүлгүүдийн нэг болох Rabindranath Tagore-ын Unending Love шүлгийн нэр
бөлгөө..
Comments
Post a Comment