Профессор Боргийн үхэл


Wild Strawberries (1957). Нар гудмыг хурцаар гэрэлтүүлэх үеэр байшингаас нэгэн өвгөн гарч ирээд бугуйн цагаа харахад цаг нь зогссон байх агаад өвгөн гудманд байх цаг руу хартал цаг зүүгүй байна, үүнд гайхаж бас хирдхийсэн өвгөн цааш эргэтэл хар хувцастай хүн зогсч байна, өвгөн чичирхийлсээр хар хувцастай хүнд хүртэл өнөөх хүн ууршаад алга болчих ба өвгөний айдас ингээд зогссонгүй, булан тойроод авс ачсан морин тэрэг гарч ирэх бөгөөд морин тэрэг шон мөргөснөөр авс газарт унаж таг нь нээгдчихнэ, өвгөн авс руу дөхөж очоод хартал авсанд өвгөн өөрөө хэвтэж байв.. энэ бол профессор Borg-ын хар дарсан зүүд бөгөөд 78 настай, яншаа, зөрүүд бас хувиа хичээгч профессорын эхнэр олон жилийн өмнө өөд болсон бол төрсөн ганц хүү Evald-тайгаа харилцаа муу, насан өндөр эхтэйгээ хөндий байдаг амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг үдэж буй ганцаардсан хөгшин болой.. профессорт Lund хотын их сургуулиас хүндэт докторын цол олгохоор болсон тул тэрээр Stockholm-оос Lund хүртэл урт удаан машинаар аялах хэрэг гарах ба өвгөнтэй хамт түүний бэр Marianne явна, энэ хүүхэн нөхөртөө очиж тэдэнд тулгамдсан асуудлаа шийдэх гэж байгаа буюу Marianne жирэмсэн бөгөөд хүүхдээ гаргахыг хүсэхэд Evald харин хүүхэд хүсэхгүй, иймээс тэд салахаар төлөвлөж буй.. Marianne хадам аавдаа дургүй байсан бол энэ аялал тэдний харилцааг сайжруулна, харин профессорт энэ аялал хуучны дурсамжын бүрэн сэргээх бөгөөд өнгөрсөнөө эргэн санах, зүүдлэх хийгээд өнгөрсөндөө эргэн очиж байна гэж төсөөлөх нь киноны чухал хэсэг ба өнгөрсөнд профессорыг хүйтэн, муу хүн байсныг бид олж мэднэ..
профессор бэрийн хамт аялж байхдаа замдаа хэд хэдэн хүмүүсийг машиндаа суулган авч явах бөгөөд эдгээр хүмүүс өвгөний дурсамжыг улам тодруулах буюу эхний машинд дайгсад Sara нэртэй хүүхэн хоёр эрэгтэй найзын хамт орж ирэх ба Sara-д хоёр залуу хоёулаа хайртай бол хүүхэн хэнийг нь сонгохоо үл мэдэн эргэлзэж буйгаа профессорт хэлнэ.. энэ Sara гэдэг нэр профессорын бүтээгүй хайрыг нь буюу хайртай бүсгүйн ахтайн суусан хар дурсамжыг санагалзуулах ба дараагийн дайгсдаар дундаж насны эхнэр нөхөр суух агаад тэд замын турш хэрэлдэх нь профессорт гэрэл гэгээгүй гэрлэлтийг нь санагдуулна.. тийнхүү профессор маань Lund хотод ирээд хүндэт цолоо авахаас гадна хүү бэр хоёроо эргэн нэгдүүлэх бөгөөд хүндэт профессор маань гашуун бас чихэрлэг нулимстайгаар орондоо ордог.. 
Шведийн суут кино найруулагч Ingmar Bergman-ын энэхүү сэтгэлзүйн драм нь түүний хамгийн баялаг, хамгийн хүмүүнлэг бүтээл бөгөөд энэ кино Ingmar Bergman-г дэлхийн кино урлагийн тэргүүлэгч болгожээ..  хүндэт докторын цолны аялал профессорыг өнгөрсний алдаануудтайн хүчээр нүүр тулгахын дээр үхлийг хүлээн зөвшөөрүүлэх ба энэ кино дурсамж, төсөөлөл, мөрөөдөл болон хар дарсан зүүдээр дамжуулан өөрийгөө нээх аялал хийгээд хүн төрөлхтөний өөртөө итгэх итгэлийг сэргээнэ.. өөртөө ухамсартайгаар дүн шинжилгээ хийх хийгээд хүний оршихуйг философийн үүднээс хөндсөн эл бүтээл Ingmar Bergman-ын шилдэг ажлын тоонд зүй ёсоор ордог бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 58-р байрт жагсдаг ба мөн Sight & Sound сэтгүүл хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 63-р байрт эрэмбэлсэнээс гадна Берлины кино наадмаас алтан арслан шагнал хүртжээ.. Ingmar Bergman киноныхоо санааг эмээгийнх руугаа аялж явах замдаа олсон буюу нэг хаалга онгойлгоод хүүхэд нас руугаа буцан очиж, дахиад өөр нэг хаалга онгойлгоход эргэн бодит байдалдаа очиж буй зохиолын санаа төрсөн ба тэрээр ходоодоо эмчлүүлэн эмнэлэгт хэвтэж байхдаа кино зохиолоо бичсэн (Total Film сэтгүүл уг киноны зохиолыг хамгийн шилдэг тавин кино зохиолд багтаажээ) бөгөөд тухайн үед Ingmar Bergman гэр бүл хийгээд эцэг эхтэйгээ харилцааны асуудалтай байсан нь кино зохиолд нь нөлөөлжээ.. Ingmar Bergman профессорынхоо дүрд анхнаасаа л өөрийн шүтээн Шведийн домогт кино урлаач Victor Sjöström-г тоглуулахыг хүссэн ба хэдийнээ 79 нас зооглоод байсан Victor Sjöström-г (түүний сүүлчийн кино) тоглуулахын төлөө Ingmar Bergman хамаг хүчээ шавхсан ба кино зураг авалтын үеэр өвгөн найруулагч маань үгээ мартах зэргээр их будилж, үүндээ тун их шаналж байжээ.. мөн Ingmar Bergman-ын гарын жүжигчид болох Max von Sydow, Bibi Andersson, Ingrid Thulin гэсэн Шведийн тэргүүн жүжигчид тоглосон.. Andrei Tarkovsky, Stanley Kubrick нар уг киног дээдэлдэг болохоо хэлсэн байдаг бол Woody Allen-д хүчтэй нөлөө үзүүлжээ..

Comments