Цайвар хөх ба ногоон


Red Desert (1964). Бүрхэг, үйлдвэрийн хог хаягдлаар байгаль орчин нь нэлэнхүйдээ бохирдсоны улмаас үнсэн хөх, саарал өнгөөр амьсгалах Ravenna хотыг том, том яндангийн зуух болон зэвхий үхмэл өнгөнүүд намагт хэвтэх амьтан лугаа харагдуулах ба энэ үед манан дундаас ногоон хүрэмтэй нэгэн хүүхэн бяцхан хүүгээ хөтөлсөөр гарч гарч ирэх бөгөөд энэ хүүхэн болон хүү бол үйлдвэрийн менежэр Ugo гэгчийн гэр бүл бөлгөө.. эх, хүү хоёр замдаа бослого гаргагчидтай таарахаас гадна хачиртай талх идэж байгаа нэг эртэй таарах агаад маш их өлссөнөө гэнэт ухаарсан хүүхэн талыг нь идчихсэн талхыг худалдаж аваад амтархан идэх бөгөөд энэ хүүхнийг Giuliana гэдэг, Giuliana хүүгийн хамт нөхөр рүүгээ яваа нь энэ ээ.. эхнэр нь ирэхэд Ugo ажлын хамтрагч Corrado гэгчтэй ярилцан байх агаад энэ Corrado гэгч бол боловсролтой, өв залгамжилсан баян хүн боловч аз жаргалаа хайн хэрэн тэнүүчлэгч ба Ugo түүнд хандан: манай эхнэр саяхан авто осолд орсон, бие махбодь нь бэртээгүй ч оюун ухаан нь хэвийн бус болсон буюу яарсан, айсан, тогтворгүй болсон хэмээнэ.. тэр шөнөдөө Giuliana хачин жигтэй аашилна, тухайлбал ямар нэгэн сордог элсний тухай ярих ба нөхөр нь түүнийг тайвшруулж ч, ойлгож ч чаддаггүй боловч тэд амттайхан хурьцаж хононо..

Giuliana-д татагдах болсон Corrado Giuliana-ын нээхээр зэхэж буй дэлгүүрийн хоосон байранд очно, тэд амьдрал хийгээд оршихуйн талаар ярилцах ба Giuliana түүнд хандан: би эмнэлэгт байхдаа нэг охинтой танилцсан, тэр охинд эмч чи хэн нэгнийг хайрла, нөхрөө, хүүгээ эсхүл нохойг ч юмуу хайрла гэж зөвлөсөн бол харин тэр охин хөл доор нь газар байдаггүй юм шиг санагдаж, үргэлж живж байгаа мэт мэдрэмж төрдөгөө надад хэлсэн хэмээхэд Corrado хүүхэнг өөрийнхөө талаар ярьсныг ойлгоно.. нэгэн амралтын өдөр Giuliana, Ugo, болон Corrado нар боомтон дээр орших модон байшинд наргихаар очно, тэдэн дээр Max, Linda гэсэн гэр бүлийн хоёр, бас Emilia гэх хүүхэн нэмэгдсэнээр наргилт улам хөгжүүн болох ба тэд ууж, тоглоом тоглож бас садар зүйсч ярих бөгөөд орой болж хүйт ороход даарцгаасан тэд галлах модгүй болсон учраас байшингаа хэмхчин шатааж эхлэх нь хүмүүс бид эх дэлхий дээр амьдардаг хэрнээ эх дэлхийтэйгээ хэрхэн харьцдагийг зүйрлэсэн гэлтэй.. энэ үед нэгэн нууцлаг усан онгоц боомтонд ойртож ирээд дохиогоо дуугаргахад Giuliana Corrado-д хандан: би далайг удаан харж чадахаа больжээ, эсхүл эх газар сонирхлыг минь татахаа больж хэмээхэд Corrado: чи харж байгаа зүйлээ мэдэхийг хүсэж байхад би яаж амьдрахаа мэдэхийг хүсэж байна гэдэг.. хэд хоногийн дараа Ugo ажлаар гадагшаа явж Giuliana хүүтэйгээ үлдэнэ, гэтэл хүү нь гэнэт явж чадахаа больж түүнийг үхтэл нь айлгана, айсан эх хүүдээ ийм нэг үлгэр ярьж өгнө: нэгэн ягаан элстэй арал дээр нэг охин ганцаараа амьдардаг байж, нэг өдөр арал руу нууцлаг онгоц дөхөхийг хараад өөдөөс нь угтаж сэлтэл хөлөг онгоц буцаад явчих ба охин эргээд арал дээрээ иртэл хэн нэгэн дуулж байлаа, гайхсан охин хэн дуулж байгааг хайх бөгөөд хайснаа ч олно, дуу хад цохионоос гарч байлаа.. уг үлгэрийн дараа хүү эргээд явж чаддаг болж эхийнхээ магнайг тэнийлгэнэ.. тайвширсан Giuliana дахин салангид, ганцаардсан мэдрэмжинд автах ба ингэснээр Corrado-ын буудалласан буудалд очиж түүнтэй энгэр зөрүүлсэн ч тусгаарлагдсан мэдрэмжийг нь арилгахгүй агаад хүссэнээ авсан Corrado ээлжит аялалд гарах бол Giuliana улам ганцаардан ийнхүү хэлнэ: бид бүгдээрээ тус тусдаа.. 

Орчин үеийн кино яруу найрагч Michelangelo Antonioni-ын энэхүү уран зурагтай зүйрлэм бүтээл Венецийн кино наадмын дээд шагналтай ба технологжсон амьдралгүй байдлыг Michelangelo Antonioni-ын муза Monica Vitti нөхөртөө үнэнч бус эмэгтэйгээр гайхалтайгаар дүрсжүүлэн үзүүлэхдээ байгаль орчны бохирдол хийгээд үйлдвэржин газар нутаг дээрх нүцгэн цахилгаан станцууд, хаягдсан загасчины тосгон, мөн сараалтсан далайн боомт гэх мэт зураглал нь уг киног ертөнцийн төгсгөлийг харуулсан уран зураг шиг болгожээ.. Италийн гайхалтай жүжигчин Monica Vitti уг киноны гол дүрд бишрэм тоглосон ба тэрээр жараад оны Michelangelo Antonioni-ын L'Avventura (1960), La Notte (1961), болон L'Eclisse (1962), мөн эл бүтээлийг оруулаад дөрвөн чухал кинонд тоглосон байдаг бөгөөд сонирхуулахад, тус кинонд зураглаачаар ажилласан Carlo Di Palma-тай энэ киноны үеэр танилцаад улмаар үерхэсэн байдаг ажээ.. Энэ кино нь 1960-аад оны дэлхийн хоёрдугаар дайны дараах үйлдвэржсэн, машинжсаны улмаас байгаль нь маш их бохирдсон Ravenna хотыг харуулах агаад кино маань урссан цагаан утаа болон манантай хөх өнгөөр зураглагджээ.. хөгжмийн бүтэц нь абстракт электроник дуугаралтыг орчин үеийн үйлдвэрийн чимээ болон усан онгоцны яндангийн дуутай хослуулсан бөгөөд Giovanni Fusco, Vittorio Gelmetti нар киноны хөгжмийг бичжээ.. энэ кино Michelangelo Antonioni-ын анхны өнгөт бүтээл ба тэрээр энэ киногоо уран зураг шиг зураглахыг хүсчээ: би энэ киногоо яг нэг том зураг шиг бүтээхийг хүссэн, өнгөнүүдийг хоршуулахыг хүссэн, гэхдээ зөвхөн зураглалаар өөрийгөө хязгаарлахыг хүсээгүй, илүү байгалийн өнгийг чухалчилсан хэмээжээ..

 тэрээр орчин үеийн газар нутгийг өөрийнхөө санаанд тааруулахын тулд модод, өвс зэргийг саарал юмуу цагаанаар будаж байсан агаад улаанаар будсан хашлагууд хийгээд яндангийн хоолойнууд архитектураас айх түгшүүрийг илтгэнэ гэж шүүмжлэгчид үздэг.. найруулагч Michelangelo Antonioni энэ их үйлдвэржсэн, бохирдсон орчин үеийн хотыг гутранги, айдас хүргэм талаас нь харуулахыг зориогүй ба харин ч энэ бүхнийг яруу найраг болгон хөрвүүлэхийг зорьсон буюу мододоос, мөрөн голоос үйлдвэрийн яндан илүү үзэсгэлэнтэй байх боломжтойг харуулахыг хүссэн бөгөөд хүмүүс харж дассан зүйлээсээ өөр зүйлийг хүлээж авч чаддаггүй, хүмүүс нэг хэвийн амьдралдаа баригдсан байдгийг онцолжээ.. 
тиймээс киноны гол дүр Giuliana-ын оюун ухаан эрээнтэж бараантсан хотоос болж эмзэг болоогүй, харин тэдгээр гоо үзэсгэлэнг бүсгүй оюундаа хүлээж авч чадахгүй байгаад учир оршино хэмээн Michelangelo Antonioni хэлжээ.. өгүүлэмж болон тодорхой байдлын үүднээс гоо зүйн дүрслэлийг хэт өндөр үнээр бүтээсэн хэмээн суут Andrei Tarkovsky уг кинонд дургүй байжээ.. харин шүүмжлэгчид Michelangelo Antonioni-г амаа олохгүй магтацгаав, тухайлбал: одоогийн байдлаар энэ кино Michelangelo Antonioni-ын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн энгийн, хамгийн эрэлхэг бүтээл бөгөөд кадр болгон нь уран зураг шиг гэсэн байхад зарим нь айдас хүргэм боловч өнгийг шинэлэг байдлаар ашигласан жинхэнэ урлагийн бүтээл гэжээ.. энэхүү кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 316-р байрт жагсдаг..

Comments