Гажиг соронз буюу Эдвард Нортон


 

Ааш муутай, өндөр шаардлагатай, найруулагчид болон продюсеруудын толгойны өвчин Edward Norton бол энэ цаг үеийн хамгийн авъяаслаг эрэгтэй жүжигчдийн нэг бөгөөд коммершил киноноос арт кино хүртэл олон хэлбэрийн киноны олон дүрд хувирч тоглож чаддаг ховорхон жүжигчин бөлгөө.. мэргэжилдээ хүсэл эрмэлзлэлээр дүүрэн ханддаг Edward Norton өндөр ёс зүйтэй жинхэнэ мэргэжлийн жүжигчин гэгддэгээс гадна хамтарч тоглоход хамгийн сайн жүжигчин гэгддэг бөгөөд аугаа Dustin Hoffman болон Robert De Niro нартай түүнийг адилтгадаг (тэрээр мөн тэднийг бишрэн шүтдэг) ба домогт Marlon Brando түүний тоглолтыг магтаж байсан нь нэгийг хэлнэ.. найруулагчийнхаа ажилд хөндлөнгөөс оролцох, кино зохиолдоо дураар гар хүрэх зэргээр түүний дураараа, өөрийнхөөрөө байх хурц араншин найруулагчдад таалагддагүй агаад төгс байх хүсэл нь эсрэгээр өөрийг нь доош татдаг буюу зан аашнаасаа болж боломжит амжилтаа хараахан үзүүлж амжаагүй байгаа гэж хувьдаа боддог..

Edward Norton бол сонгогддог биш сонгож тоглодог жүжигчин юм.. тэрээр замналаа төгс байлгахыг хичээдэг шигээ хувийн амьдралдаа, нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтээ төгс байхыг хичээдэг ба НҮБ-ын сайн үйлсийн элч тэрээр холливуудын алдартан гэж хэлүүлэхээсээ илүү сайн нөхөр, сайн аав, буянтай нийгмийн зүтгэлтэн гэж хэлүүлэхийг хүсэгч бөгөөд Edward Norton-ын мэргэжлийн ур чадварыг хамтран тоглогчид нь үнэлдэг бол экс найз хүүхнүүд нь түүнийг одоо хүртэл хүндэлдэг.. тэрээр хувийн амьдралаа олон нийтийн өмнө байлгах дургүй ба бараг улс төрч, нийгмийн зүтгэлтэн Edward Norton 1996 оноос жүжигчин Courtney Love-той болзож байгаад 1999 онд тэд больсон агаад тийм ч царайлаг биш боловч сэтгэл татам төрхтэй тэрээр 2002 оноос жүжигчин Salma Hayek-тэй нэг жил үерхчихээд салсан бол 2013 онд төрсөн анхны хүүхдийнхээ эх Канадын продюсер Shauna Robertson-той хурималан одоо ч хамт амьдарч байна.. Edward Harrison Norton 1969 оны наймдугаар сарын арваннайманд нэгдсэн улсын Massachusetts мужийн Бостон хотод төрсөн ба түүний эцэг тэнгисийн цэргийн дэслэгч, эх нь англи хэлний багш байсан агаад тэрээр дороо хоёр охин дүүтэй ажээ.. Edward Norton-ын аав цэргийн албанаас чөлөөлөгдөөд хожим нэртэй хуульч болсон ба Edward Norton түүхийн чиглэлээр их сургууль төгсөхдөө ч, Японд байх өвөөгийнхөө компанид хэдэн сар ажиллахдаа ч тэрээр өөрийгөө жирийн хүн биш жүжигчин болохоо ухамсарладаг байсан агаад Edward Norton бол төрмөл авъяастан билээ.. 

Японд 5 сар болсныхоо дараа Norton Нью Иорк хотод нүүж очоод төрөл бүрийн ажил хийж амьжиргаагаа залгуулж байлаа. Тэрээр 6 сарын турш жүжиглэх янз бүрийн арга техник судалсны эцэст "method" аргачлалд төвлөрөх болов. Хожим тэрээр Японд байхдаа танилцаж байсан жүжигчний багш Terry Schreiber гэгчийн хичээлд сууж эхлэв, Norton өөрийг нь олон талт жүжигчин болоход тусалсан аугаа багш хэмээн Terry-г тодорхойлсон байдаг. Norton мөн Signature theatre company-д жүжгийн зохиол бичиж өгөхөөс гадна off-Broadway театрт тоглох болов. Түүний Brian Friel-ын жүжигт гаргасан тоглолт нэрт жүжгийн зохиолч Edward Albee-ын анхаарлыг татсан бөгөөд Norton 1994 онд Albee-ын жүжгийн сонгон шалгаруулалтад орсон ч хүссэн хэсгээ авч чадсангүй. Гэхдээ, удсангүй Albee түүнд шинэ жүжгийн дүр олж өгсөн бөгөөд Norton-ын бэлтгэл, хандлага Albee-ын сэтгэлд нийцэж, "Norton бол маш ховор авъяастай жүжигчин, тэр намайг үнэхээр гайхшруулсан" хэмээн Albee ярьсан байдаг. Norton тухайн үед Нью Иоркт байр сууриа олох гэж тэмцэж байхдаа  Al Pacino-гоос маш их урам зориг авдаг байснаа дурссан бий. 1995 онд агент Shirley Rich Norton-г олж нээсэн буюу Norton түүнд Шекспирийн жүжгүүдээс тоглож үзүүлснээр кино урлагт хөл тавих боломж нээгджээ. Ингээд 1996 онд Norton 2000 орчим жүжигчдээс сонгогдож нуар драм жанрын Primal Fear кинонд туслах дүр бүтээв. William Diehl-ын романаас сэдэвлэсэн эл кинонд тэрээр Richard Gere-тэй хамтран тоглосон ба католик шашны хамба ламыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй тахилч хөвгүүний дүрийг гайхалтай бүтээсэн бөгөөд шүүмжлэгчид түүний кино дэлгэцийн дебютийг шагшин хүлээж авсан. Norton-ын дебютийг "бүрэн итгэл үнэмшилтэй", "заавал үзэх ёстой дебют" гэх мэтээр шүүмжлэгчид дүгнэсэн агаад Norton эл дүрээрээ Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг туслах эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, мөн энэ ангилалаараа Оскарын наадамд нэр дэвшжээ. 1996 онд тэрээр мюзикл жанрын Everyone Says I Love You болон намтарчилсан The People vs. Larry Flynt гэсэн хоёр ч кинонд дүр бүтээгээд амжсан байна.

 1998 онд тэрээр , их хэмжээний өрөө төлөхийн тулд покер тоглож байгаа хоёр найзын тухай өгүүлэх Rounders кинод Matt Damon-той хамтран тоглов. Кино болон Norton-ын тоглолтыг шүүмжлэгчид "давгүй" гэж дүгнэсэн ба өнөөдөр эл киног покерийн талаарх хамгийн сайн киноны нэг гэж үзэх болжээ. Тэр оны сүүлчээр Norton-ын гол дүрд нь тоглосон гэмт хэрэгт драм жанрын American History X бүтээл нээлтээ хийж дэлхий дахинаас өндөр үнэлгээ авсан бөгөөд тэрээр 3 жил шоронд суусныхаа эцэст урьдныхаа идеалогоос татгалзаж буй шинэчлэгдсэн нео-нацист дүр бүтээв. Norton продакшны үеэр найруулагч Tony Kaye-ын анхны үзвэрт сэтгэл дундуур байсан гэдэг ба үүний улмаас тэрээр киноны эцсийн цомхотголыг хариуцсан буюу Norton-ын хувилбар Kaye-ынхаас 40 минутаар илүү урт болжээ. Түүний тоглолтыг судлаач, шүүмжлэгчид "хоёрдмол утгатай эротик сэтгэл татам байдал нь уг киног мартагдашгүй болгов" гээд Norton энэхүү тоглолтоороо Оскарын гол өрсөлдөгч гэж байв; үнэхээр тэрээр Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүр шагналд нэр дэвшжээ. 1999 онд тэрээр David Fincher-ын найруулсан Fight Club кинонд цагаан захтаны ажилдаа хавчуулагдсан гэж өөрийгөө мэдрэгч буюу киноны нэргүй итгэх найдваргүй хүүрнэгчийн дүрийг бүтээв. Киног Chuck Palahniuk-ын романаас үндэслэсэн бөгөөд Norton дүрдээ зориулж бокс, таэквондо зэргээр хичээллэсэн байдаг. Fight Club Венецийн олон улсын кино наадмаар нээлтээ хийж, эдүгээ култ классик статустай болсон. Продакшны үеэр Norton "телевиз үзэж өссөн анхны X үеийнхний үнэ цэний зөрчлийн судалгаа буюу үнэ цэнийг зар сурталчилгаанаас өвлөж авсан хүмүүсийн цөхрөл хийгээд мэдээ алдалтын шинжилгээ юм" гэсэн буй. Norton-ын тоглолтыг өргөнөөр сайшааж, дүрдээ шаардлагатай олон талын арга техникийг эзэмшсэн жүжигчин гэж байлаа. 2000 онд, Norton кино найруулагчийн дебютээ Keeping the Faith гэх романтик комеди жанрын киногоор хийсэн ба шүүмжлэгчид "ухаалаг найруулагчийн дебют" гээд Norton найруулагчийн хувьд сайн байсан ч кино зохиол ядмаг байлаа гэж дүгнэжээ. 

2001 онд тэрээр heist жанрын The Score кинонд Robert De Niro, Marlon Brando нарын хамтаар тоглосон агаад Jack Teller гэх амбицтай залуухан хулгайчийн дүрд тоглосон нь шүүмжлэгчдээс мөн л өндөр үнэлгээ авчээ. Robert De Niro, Marlon Brando нар уг кинонд тоглосон ч Norton-ын тоглолтыг илүү байсан гэж зарим шүүмжлэгчид үзсэн бол Los Angeles Times "асар авъяаслаг залуу жүжигчин" гэж бичиж байв. 2002 онд тэрээр 4 кинонд тоглосон. Мексикийн зураач Frida Kahlo-ын намтар кинонд Nelson Rockefeller-ын дүрийг бүтээсэн бөгөөд Norton кино зохиолд кредит үгүйгээр хэд хэдэн удаа гар хүрэхдээ үндсэн зохиолд Kahlo-ын бодит амьдралыг илүү тусгахдаа хөнгөхөн хошигнол нэмсэн байдаг ажээ. Norton-ын оруулсан хувь нэмэр бүхий эцсийн кино зохиол шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Дараагийн кино нь хоррор жанрын Red Dragon кино байв. Hannibal Lecter-ын түүхийг өгүүлэх уг киноны продакшны үеэр Norton найруулагч Brett Ratner-тэй кино зохиолын талаар байнга маргалддаг байж; "тэр найруулагчийг эсэргүүцэх дуртай, энэ бол оюунлаг мэтгэлцээн юм, Norton-ын зөн совин би энэ киног аврах ёстой гэж хэлдэг,  энэ бол ерөөл бас хараал" гэж Ratner өгүүлсэн байдаг. 2002 онд, Spike Lee-ын 25th Hour гэх модерн шедевр кинонд тоглосон билээ. Paramount Pictures кино компанитай хийсэн гэрээний дагуу 2003 онд heist жанрын Italian Job кинонд бараг хүчээр шахуу тоглосон ба Norton-ын тоглолтыг судлаачид "ухаалаг, авхаалжтай ба хэлсэн бүх үгээрээ үзэгчдийн анхаарлыг татаж чаддаг ховор жүжигчдийн нэг" гэж нэрлэж байхад зарим нь түүнийг "гажиг соронзон" гэж нэрлэж байв. Энэ үеэрээ тэрээр Class 5 Films гэх кино продакшн компани байгуулсан. 2005 онд түүхэн туульсын жанрын Kingdom of Heaven гэх кинонд тоглов, кино дэлхий дахинаас 211 саяын ашиг олсон боловч шүүмжлэгчид кинонд гүн гүнзгий чанар дутмаг гэж дүгнэсэн. Norton-ын дараагийн гол дүр нео-Вестерн жанрын Down in the Valley кино байж, уг Вестерн кинонд өөрийгөө ковбой гэж төөрөлдсөн залуугийн дүрийг бүтээсэн ба кино сайн үнэлгээ аваагүй ч түүний тоглолтыг харин магтсан байдаг. 

Norton 2006 онд хоёр ч том кинонд гол дүр бүтээсэн; эхнийх нь, Steven Millhauser-ын богино өгүүллэгээс урган гарсан The Illusionist кино ерөнхийдөө эерэг үнэлгээ авч, "баялаг, тансаг" гэж шүүмжлэгчид магтаад цааш нь "Norton зурагтаар үзэгчдийг зөвхөн татаад зогсохгүй кино театрийн үзэгчдийг ч өөртөө татаж чаддаг" гэж бичжээ. Тухайн оны хоёрдахь гол дүр нь The Painted Veil кинонд өөрийг нь хуурсан эхнэртэйгээ хамт цар тахалтай газарт ажиллахаар явж буй нян судлаач байсан бөгөөд түүний эхнэрт Naomi Watts тоглосон агаад шүүмжлэгчид кинонд бас Norton-ын тоглолтыг "өө сэвгүй, хүчирхэг" гэж магтжээ. Norton  2007 онд хоёр баримтад кинонд тоглосоны эхнийх нь домогт Marlon Brando-ын амьдрал, замналыг харуулсан бүтээл байсан бол удаах нь Америкийн ерөнхийлөгч асан Jimmy Carter-ын тухай кино байлаа. Дараагийн том дүр нь 2008 онд нээлтээ хийсэн Marvel Cinematic universe-ын том төсөвт The Incredible Hulk сүпер баатартай кино байлаа. Norton 2003 онд үзэгчдэд хүрсэн хувилбараас өөрийг хүсэж байсан учир анх кинонд тоглохоос татгалзсан байдаг, харин кино зохиолд хувь нэмрээ оруулж болно гэсэн үндэслэлээр кинонд тоглохоор болсон байдаг ба найруулагч Louis Leterrier "Norton-ын зохиол Bruce-ын түүхэнд бодит чанар өгсөн" гэж хэлсэн байдаг. Харин кино зохиолч Zak Penn Norton-ын өөрчлөлтөд дургүй байсан бөгөөд Америкийн кино зохиолчдын холбоо кино зохиолд Norton-ын кредитийг оруулалгүй Zak Penn-д бүх хүндэтгэлийг өгсөн байдаг. Norton хүмүүнлэгийн ажлаар Африкаар явж байсан тул киноны зар сурталчилгаанд оролцож чадаагүй байдаг, ингэснээр Norton болон кино продюсерүүдийн дунд зөрчил үүссэн гэсэн шуум тэр дороо гарсан ч Norton үүнийг няцаасан байдаг билээ. The Incredible Hulk кино шүүмжлэгчдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авч, Norton байснаар энэ кино илүү сайн бүтээл болсон гэж үзэгсэд өнөөдөр улам олширсоор байна. Кино нийтдээ 263 орчим саяын ашигтай байсан бол Marvel Cinematic universe түүнийг дараа дараачийнхаа төсөлд багтааж, нэн ялангуяа Hulk-ын дүрдээ цаашид тоглоно гэж хүлээж байтал Norton төслөөс гарсан буюу Marvel-тай маргаан үүсгэсний улмаас Mark Ruffalo-гоор солигджээ. Norton Marvel-ын төслөөс гарсан шалтгаанаа "замналынхаа туршид нэг дүртэй холбогдохыг хүсээгүй, олон янзын дүр бүтээхийг хүсэж байсан учраас" гэж хэлсэн байдаг. 2008 онд тэрээр драм жанрын Pride and Glory гэх кинонд шударга мөрдөгчийн дүр бүтээв. 2009 онд, By the People: The Election of Barack Obama гэх баримтад кинонд продюсерээр ажилласан ба Norton 2006 онд уг киногоо хийхээр төлөвлөж байжээ. 

2010 онд, Norton хоёр кинонд тоглосон; эхнийх нь, комеди жанрын Leaves of Grass кино байсан бол хоёдрдахь нь гэмт хэрэгт жанрын Stone гэх кино байсан, харамсалтай нь, эдгээр кинонууд тийм ч сайн үнэлгээ авч чадаагүй. 2012 онд найруулагч Wes Anderson-ын Moonrise kingdom кинонд тоглов. Дараагийн бүтээл нь Bourne цувралын 4 дэх кино The Bourne legacy байлаа. Кино нийт 276 саяын ашиг олсон нь Norton-ын хувьд замналынх нь дээд амжилт болжээ. 2014 онд Norton Оскарын шагнал хүртсэн хоёр ч кинонд тоглосон. Эхнийх нь, Wes Anderson-ын Grant Budapest Hotel гэх оддын чуулга болсон кинонд тоглосон бөгөөд кино Оскарын наадмаас 4 шагнал хүртсэн. Дараа нь тухайн жилийнхээ Оскарын шилдэг кино шагналыг хүртсэн Alejandro G. Inarritu-ын бараан комеди жанрын Birdman кинонд авъяаслаг ч хамтран ажиллахад хэцүү жүжигчний дүр бүтээсэн ба шүүмжлэгчид түүний тоглолтыг "үнэхээр сэтгэл хөдөлгөм яруу найраглаг" хэмээн магтсан байдаг. 2014 онд тэрээр Jonathan Lethem-ын романаар сэдэвлэсэн Motherless brooklyn гэх гэмт хэрэгт жанрын киног найруулж бас өөрөө тоглох гэж байгаагаа зарласан агаад 1999 оноос хойш энэ төслийг кино болгохыг хүсэж ирснээ мэдэгджээ. 2019 онд түүний хүсэл биелсэн бөгөөд кино ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан. Norton 2016 онд драм жанрын Collateral Beauty кинонд Will Smith-тэй хамтран тоглосон, харин кино олигтой амжилт үзүүлсэнгүй. 2018 онд Wes Anderson-той дахин хамтран stop motion төрлийн Isle of Dogs бүтээл дээр ажиллав. 2021 онд Norton Daniel Craig-ын хамтаар Knives Out киноны үргэлжлэлд тоглохоо мэдэгдээд байна.


Comments