Уур хилэнг хайрла


A History of Violence (2005). Өгүүлэх нь, Tom бол жижигхэн хотод хувийн бизнэс эрхэлдэг, тус хотдоо хүн болгоны хайр, талархалыг хүлээсэн даруухан эр бөгөөд сайхан эхнэр Edie болон өсвөр насны хүү Jack, бяцхан охин Sarah нарын хамтаар ямар ч эр хүний атаархам, хүслийн амьдралаар амьдрах агаад Tom-ын эхнэртэйгээ одоо ч гал халуунаар, анхны өдрүүд шигээ хурьцдагаас гадна хүүхдүүдтэйгээ харьцах харилцаанаас түүний гэр бүлийн амьдралын уур амьсгал, өнгө төрхийг харж болно.. тэр нэгэн өдөр Tom өөрийн ажиллуулдаг кафедаа байж байтал хоёр танхай этгээд орж ирэн кафег барьцаалах агаад санамсаргүй байтал Tom гэнэт цахилгаан шиг хөдлөн хоёр новшийг дор нь алж орхих бөгөөд нөгөө даруухан эр бүрэн зэвсэглэсэн хоёр муу эрийг цааш нь зовлонгүй харуулчихсан явдал хотынхныг гайхашруулаад зогсохгүй улсын хэмжээнд анхаарал татаж, улмаар Tom-г үндэстний баатар гэж зарлан бүх ТВ болон радиогоор гаргах бол Tom үүнд маш дурамжхан хандана..
ингээд хэсэг хугацаа өнгөрлөө, Tom-ын ажил, амьдрал ч жигдрээд байтал түүн дээр өөрийгөө Carl гэж нэрлэсэн нэг нүдтэй эр баахан бие хамгаалагчдын хамт ирээд бид чамайг төрөлх хот руу чинь авч явахаар ирлээ, чи бол хүнд гар Joey шүүдээ хэмээхэд Tom гайхахаас илүү эхнэр нь, гэр бүл нь цочирдон гайхах ба хотод гэнэт ирсэн эдгээр зочдыг цагдаад өгөх ч үр дүн тэг бол тэр андуураад байгаа Joey гэдэг хүн оршдоггүй, харин овог нэгтэй өөр Joey байдаг агаад өөр хотод байх тэр Joey бол маш хүнд гэмт хэрэгтэн болох нь тогтооно.. айдас хүргэм үл таних хүмүүс Tom-ын гэр бүлийг тэгээд зүгээр өнгөрөөсөнгүй, байнга харах, тагнах зэргээр амар заяагын үзүүлэхгүй ба Edie-г охинтойгоо хамт дэлгүүр хэсэж байх үеэр Carl хүүхэнтэй таараад төрөлхийн хүчирхийлэгч, алагч бол танай нөхөр бөгөөд миний нүдийг сохолсон гэж хэлээд инээнэ.. зурагтаар гарсанаас болж өөрийг нь андуурч байна гэж Tom хэлэх боловч бодит амьдрал дээр үнэхээр түүнийг хар хувцастангууд дагах ба цусаа амтлан хэвтэх дээрэмчин, анги дээрээ хэмх балбуулсан атман хийгээд шатан дээрх хүчирхийлэл энэ киног илэрхийлнэ.. энэ киног нуршуу өгүүлэхгүйн тулд ингээд зогсох хэрэгтэй бөгөөд сонирхол болон үйл явдлын адармаатайг үзэж л мэдээрэй.. 

Өөрийгөө Дарвинист хэмээдэг Канадын кино найруулагч, аймшгийн киноны мастер David Cronenberg энэ киногоороо дасан зохицох чадвартай, илүү хүчтэй организм нь тэсч үлдэн, сул дорой, чадваргүйгээ залгидаг гэх Дарвины хувьсалын онолыг бүтээлийнхээ үндсэн санаа болгосон ба хүчирхийлэл бол түүхийн бидэнд сургаж ирсэн алив асуудлыг шийдвэрлэх арга байсан, амьд үлдэхийн төлөө бүхий л аргыг хэрэглэ хэмээн David Cronenberg хашгирч байна.. цуст хядлага, сэтгэл санааны дарамт болон араатанлаг секс сценүүд энэ бүтээлийг насанд хүрэгчдийн кино болгох бөгөөд хүмүүс бидний цусанд хүчирхийллийн зан араншин угаасаа байдгийг, олон нийтийн буруушаадаг зүйлийг бид хэрхэн нууцаар хүсдэгийг David Cronenberg харуулсан ба гэнэт тэсрэн сургуулийнхаа дээрэлхүү хүүг хэмх балбах өсвөр насны хөвгүүн хийгээд зодоон нь дур тачаалаар оргилсон секс болон хувирах эхнэр, нөхрийн шатан дээрх хурьцалын сценүүдээс хүчирхийллийн түүхийг харж болно.. таны хамгийн сайн мэддэг гэж бодож байсан, мөн хайрладаг хүн чинь үнэндээ таны боддог шиг тийм хүн биш буюу тэр хүн өнгөрсөнөө далдлахын тулд энэ бүхнийг зохиож шинэ хүн болсон, ерөөсөө тийм хүн байдаггүй байвал яах вэ? мөн тэр хүн энэ хоёрдахь бүтээмэл амьдралаа ухамсартайгаар сонгосон бол эхэн үеийн өгөгдмөл, төрмөл амьдрал нь жинхэнэ тэр хүн байгаад төрмөл нь давамгайлах уу? Ухамсартайгаар бүтээсэн нь давамгайлах уу? Гэсэн хурцадмал байдалд нэгэн гэр бүл орж байгааг энэ кинонд өгүүлдэг.. 

John Wagner болон Vince Locke нарын ижил нэрт зурагт номоос сэдэвлэн David Cronenberg өөрийн аргаар уг киногоо бүтээсэн бөгөөд шүүмжлэгчид энэ кино яагаад алдартай байдаг шалтгааныг David Cronenberg номыг тун бүтээлчээр “өөриймшүүлсэн” хэмээн үздэг ажээ.. эл гэмт хэрэгт триллер, сэтгэлзүйн триллер нь 2005 оны хамгийн шилдэг кино гэж зарим шүүмжлэгчид үздэг бол Empire сэтгүүл уг киног хамгийн шилдэг таван зуун кино жагсаалтынхаа 448-р байрт эрэмбэлсэн бөгөөд мөн TSPDT сайтаас бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 728-р байрт жагсаажээ.. киноны жүжигчдийн бүрэлдэхүүн сайнаас гадна А үнэлгээ авахаар тоглоцгоосон ба киноны гол дүрүүдэд: Дани-Америкийн жүжигчин, хөгжимчин, яруу найрагч, зураач Viggo Mortensen, Америкийн жүжигчин Maria Bello, Америкийн жүжигчин William Hurt болон Америкийн жүжигчин, кино зохиолч Ed Harris нар тоглосон.. сонирхуулахад, Viggo Mortensen уг киног өөрийнхөө тоглосон хамгийн шилдэг киноны нэг гэсэн байдаг бол William Hurt-ын дүр арав орчим минут гардаг ч энэ дүрээрээ Оскарын шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшиж байв..

Comments