Newsies (1992). Хэрэв та 1899 оны Нью Иоркт очвол гудамжинд сонин зарагч
есөөс арван долоо хүртэл насны хүүхдүүдтэй таарах бөгөөд тэд бол өнчин өрөөсөн,
орон гэргүй, нэг үгээр ядуу гудамжны хүүхдүүд болой.. сонингоо борлуулахын
төлөө тэд сонин дээрх мэдээллийг дөвийлгөх юмуу хэтрүүлэх зэргээр заль
хэрэглэхээс авхуулаад бүр гарамгай жүжиглэх нь энүүхэнд ба дан хөвгүүдээс
бүрдэх энэ нийгмийн орхигдсон бяцхан ажилчин анги зодоон цохионд оролцох, элдэв
асуудал татах нь элбэг учир хүүхдийн хориход хоригдох хийгээд ер нь сэргийлэхийн
хараанд байна..
сонин зарагчид сонины хэвлэлийн газраас шууд сонингоо авах буюу
нэг сонин тогтсон үнэтэй ба сонин зарагч маань зарж чадах тоогоороо сонингоо
аваад үндсэн үнэ дээр жаахан үнэ нэмж зарсанаар амь зууна.. тэд бөөндөө нэг
байранд шамбааралдан гахай, нохой шиг амьдрах боловч ахан дүүс, анд нөхөд, гэр
бүл шиг эв нэгдэлтэй бас дотно.. бизнесийн өрсөлдөөн хийгээд шуналдаа автсан New
York World сонины захирал, ерөөсөө Нью Иоркийн эзэн шахуу Joseph Pulitzer
сониныхоо үнийг өсгөснөөр сонин зарагчдын толгой дээр аянга буулгах ба шууд үх
гэсэнтэй ижил шахуу энэ бусармаг шийдвэрийг сонин зарагчид эсэргүүцэн босох
агаад босогчдыг арван долоо настай Jack тэргүүлнэ..
Jack энэ хотын хамгийн алдартай сонин зарагч агаад төрөлхийн манлайлах чадвартай нэгэн бөгөөд үл бүтэх эцэг эхийн улмаас хүүхдийн шоронд орж явсан ч шударга, сайхан сэтгэлтэн, тэрээр хүссэн хэмжээнийхээ мөнгийг олж аваад Санта Фе-д очиж амьдрах мөрөөдөлтэй.. Jack энэ үеэр сонин зарагчдад шинээр нэгдсэн David гэгч үеийнхээ хөвгүүнтэй нөхөрлөх агаад David бол алсын хараатай, ухаантай нэгэн бөлгөө.. хүүхдийн хорихын дарга Snyder-ын Jack-г барих гэсэн оролдлого Jack, David хоёрыг улам дотносуулах бөгөөд хамтдаа зугтааж яваад David-ын гэр бүлтэй Jack танилцсанаар гэр бүл гэдэг ямар сайхан зүйл болохыг мэдэхийн дээр David-ын охин дүү Sarah-д дурлачихна.. Snyder Jack хоёр эртний өсөөтэй бол энэ Snyder хоригдол хүүхдүүдтэй харгис харьцаж, засгийн мөнгийг шамшигдуулагч өөдгүй новш.. Jack-ын манлайлах чадвар болон David-ын ухаан нийлээд бослогыг амжилттай болгосон ч тэдэнд өшөө илүү далайцтай хүч хэрэгтэй байв, тэр хүчийг Conlon гэгчээр удирдуулсан Брүүклины сонин зарагчид өгөх байсан ч Conlon байдлыг харзнаж байгаад нэгдэх эсэхээ шийднэ гэнэ.. мөн энэ үеэр The Sun сонины сурвалжлагч Denton уг эсэргүүцлийн жагсаалыг ихээхэн сонирхон сурвалжлах ба тэрээр сонин зарагчдыг дэмжин ажиллаж байв..
Denton-ын
ачаар сонин зарагчдын хүч үлэмж нэмэгдэх бол Joseph Pulitzer бослогыг хүч
хэрэглэн дарахыг заавардсанаар Jack болон түүний нөхдийг Snyder-ын асар басар
ноход болох ах дүү Delancey тэргүүтэй хүнд гарууд урхидан бүслээд нам дарахыг
оролдох үеэр Conlon “цэргүүдтэйгээ” ирж тусалсанаар сонин зарагчид тулаанд
ялаад зогсохгүй дайнд ялах итгэлээ олж авна.. үлэмж хүчирхэгчин, зогсоогдошгүй
хүчтэй болсон сонин зарагчдыг Denton сониныхоо нүүрэн дээр гаргаснаар улам
алдаршуух ба мөн Jack Sarah-тай улам дотноссоор санаж, сарвайсан бүхэн
нь биелж байлаа.. Snyder Joseph Pulitzer-тэй уулзаад энэ Jack-г л
барьчихвал бүх асуудал тань шийдэгдэнэ гээд түүнийг барих бүх боломжийг олгохыг
хүсэхэд Joseph Pulitzer зөвшөөрөөд түүнийг над дээр авчир хэмээн тушаах ба
сонин зарагчдын хурал дээр Jack баривчлагдан Joseph Pulitzer-д хүргэгдэнэ..
тэдний уулзалт Jack-д хүчтэй нөлөөлөх буюу чи надад ажиллаж, энэ жагсаал
бослогоо зогсоовол би чиний амьдралыг баталгаатай мөнгөтэй болгоод зогсохгүй
найзуудыг чинь шоронд хийхгүй өнгөрөөнө гэж Joseph Pulitzer Jack-д хэлэх бөгөөд
маргааш нь Jack шинэ хувцастай, халаас дүүрэн мөнгөтэй Joseph Pulitzer-ын
хүнээр найзуудынхаа эсрэг босно..
Би энэ киног багадаа кассетаар үзэж өссөн
бөгөөд маш их урам зориг авдаг байсан ба одоо ч хэвээрээ, мөн мюзикл жанрт
дуртай болоход минь нөлөөлсөн гэж боддог.. 1899 оны Нью Иоркийн сонин зарагч
хүүхдүүдийн ажил хаян боссон бодит түүхээс сэдэвлэсэн эл бүтээлийг мюзикл жанрт
гаршсан Америкийн кино найруулагч Kenny Ortega найруулсан.. уг кино Kenny
Ortega-ын дебют ажил байснаас гадна мюзиклынхаа бүжгийг өөрөө дэглэжээ.. кино
ашиг орлогын хувьд “сөнөсөн” хэдий ч эдүгээ култ мюзикл хэмжээнд хүрсэн бөгөөд 2012
онд Broadway-д тайзны хувилбараар тавигдаад Тонигоос хоёр шагнал хүртжээ..
киноны жүжигчдийн бүрэлдэхүүн: Christian Bale, David Moscow, Bill Pullman,
Robert Duvall болон Ann-Margret гэсэн Оскар авч байсан, мөн Оскарт нэр дэвшиж
байсан чадварлаг жүжигчидтэй бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүн наймаас арван долоо
хоног холимог тулаан хийгээд бүжгийн бэлтгэл хийж байжээ.. киноны хөгжмийг Alan
Menken болон J.A.C. Redford нар бүтээжээ.. уг кино эрч хүч, өөртөө итгэх итгэл
өгөх бөгөөд тууштай, эв нэгдэлтэй байж чадвал зорилгодоо хүрч болохыг
үлгэрлэсэн бүтээл..
Comments
Post a Comment