Бидний хайрын түүх




An Affair to Remember (1957). Нью Иоркоос Европын хооронд аялдаг дээд зэрэглэлийн усан онгоцон доторх хүмүүсийн анхаарлыг татан, нэг үгээр дээд зиндаахны хов живийн бай болоод буй азтайн хажуугаар азгүй эр, эм хоёртой танилцая.. Nickie бол олонд танигдсан зураач, авъяастай боловч олонд танигдах болсон шалтгаан нь түүний баян сүйт хүүхнийх нь нөлөө маргаангүй мөн бөгөөд сайхан залуу юу гэвэл тийм гэхээс гадна ер нь зураачдын нийтлэг зан болох хүүхэмсэг.. ойрын өдрүүдэд түүнтэй холбогдоод буй хүүхнийг Terry гэнэ, сэтгэл татам, боловсролтой энэ сайхан хүүхэн дуучин ба мөн л их баян сүйт хархүүтэй ба Nickie-г бодвол журамтай нэгэн.. 

тэдний яаж танилцсан нь онц сонин биш, харин анхны харцаар хоёр биедээ таалагдсан нь үнэн, мөн хэн хэн нь энэ урт аялалд ганцаардан уйтгарлаж байсан нь үнэн бөгөөд анхны уулзалтын сайхан суурь дараагийн уулзалтыг бий болгох нөхцөл болох ба угаасаа нэг усан онгоцон дээр байгаа улс таарахгүй ч гээд яахав, дурлалцсан сэтгэл нэгнээ хайхгүй ч гээд яахав.. дээд зиндаахны хов жив гэдэг бол хорт зүү бөгөөд зүгээр ярилцаж байгаа манай хоёрыг чичлэх, зургийг нь сэтгүүлчид нууцаар авах зэргээр тэднийг дарамтлан, хорих агаад эргээд энэ байдал нь тэднийг бие биедээ хүчтэй татагдах сэдэл болох ба мөн Nickie, Terry нарын сүйт хархүү болон хүүхэндээ огт сэтгэлгүй, сэтгэлтэй гэж эндүүрч явсан нь ижил байж, энэ усан онгоц дээр учирсанаар уг төөрөгдлөө таницгаана..
ийнхүү байтал усан онгоц газрын дундад тэнгисийн Villefranche-sur-Mer хэмээх үзэсгэлэнтэй жижигхэн боомт хотод ирэх ба энд Nickie-ын эмээ амьдран сууна.. нэг өдөр хүмүүсийн нүднээс хол, мөн хоёулахнаа байхаас гадна Nickie эмээтэйгээ уулзахаар Terry-г дагуулан амар амгалан болсон газрын диваажинд хэсэг саатна.. эмээд Terry таалагдаж, битүүгээр ачтай минь суугаарай гэх бол Terry-д эмээгийн сайхан сэтгэл болон энэ үлгэрийн мэт газар орон сэтгэлийг нь ихээр хөдөлгөх бөгөөд хамгийн гол нь Nickie харагддагаасаа илүү сайн хүн болохыг олж мэднэ.. ингээд Nickie, Terry хоёр усан онгоц дээрээ эргэж ирээд хайрын цэцэг нь бүрэн дэлгэрсэнийг ойлгох ба мөд аялал нь дуусч буцаад дассан амьдралдаа орцгоохоо ухамсарлах бөгөөд яг зургаан сарын дараа бүх хувийн амьдралаа зохицуулчихаад Нью Иоркийн Empire State Building-ын хамгийн дээд давхарт болзоё гэж тохироод сална.. тийнхүү зургаан сар өнгөрлөө, тэдний хувьд тамын урт хугацаа байсан нь мэдээжээс гадна өөр хоёр зүрх сэтгэлийг шархлуулаад амжсан нь мэдээж буюу хэн хэн нь эрх чөлөөт хүмүүс болсон байв.. болзсон газраа Nickie эрт ирчихээд лифтээр буух хүмүүсийг ширхэгчлэн харах үед Terry яарч, сандарч яваад авто осолд орж эмнэлэгт хүргэгдэх ба шөнөжин хүлээсэн Nickie хүүхнийг бодлоо өөрчилж гэж бодон сэтгэлээр унан гэрийн зүг гэлдэрнэ.. 

уг явдлаас хойш хэдэн сар өнгөрчээ, бүтэлгүй хайр Nickie-д олон сайн зураг зурахад нөлөөлсөн бөгөөд тэрээр сүйт хүүхэнтэйгээ эргэж нийлээгүй бол Terry маань суумгай болж, улмаар хөгжмийн багш болсон агаад бас баян залуутайгаа суусангүй.. Terry тэргэнцэр дээр суух болсноо Nickie-д огт хэлсэнгүйн өөрийнхөө мууг харуулахыг хүсээгүй хийгээд Nickie-д дарамт болохыг хүсээгүйтэй хамаатай бол үүнийг залуу яаж мэдэх билээ, хүүхэнд гомдсоор байв.. ингээд зул сар ирэх бөгөөд Nickie, Terry хоёр эксүүдтэйгээ хамт балет үзэж яваад санамсаргүй таарч бие биенээ буруу бодохоос гадна Terry сууж байсан учир Nickie түүнийг анзаарахгүй.. тэр өдөр яагаад ирээгүй, юу болсныг тодруулахаар Nickie хүүхний гэрийг сурагласаар олоод шууд явж ороход Terry буйдан дээрээ ном уншаад сууж байдаг.. Terry гайхаж бас сандрах ч үнэнээ хэлэхгүй бөгөөд олигтой хариулт авч чадаагүй Nickie гутран хаалгаар гарах явцдаа Terry түрүүнээс хойш буйдангаасаа огт хөдлөөгүйг санахаас гадна өөрийнх нь нэг зургийг тэргэнцтэй хүүхэн авсныг гэнэт санаад Terry-ын унтлагын өрөөнд  шууд дайран ороход хамгийн сайн зураг нь байж байв.. 

Энэхүү романтик, мелодрамыг бүх цаг үеийн хамгийн романтик киноны нэгээр зүй ёсоор нэрлэдэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 370-р байрт эрэмбэлж байна.. Америкийн нэрт кино урлаач Leo McCarey 1939 онд өөрийн бүтээсэн “Love Affair” классик киногоо дахин хийсэн нь өмнөхөөсөө даваад зогсохгүй хойшдын олон кинонд нөлөөлсөн байдаг, жишээн Nora Ephron “Sleepless in Seattle” киногоо бүтээхэд эл кино үлэмж урам зориг өгсөн бол 1994 онд шинэчлэгдэн хийсэн бөгөөд мөн Энэтхэгүүд өөрсдийн хувилбараар хийгээд амжжээ.. Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг хүсэл тэмүүлэлтэй зуун киноныхоо тав дугаар байрт уг киног жагсаасан ба тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг дуу, шилдэг хувцас болон шилдэг зураглал төрлөөр нэр дэвшжээ.. киноны гол дүрийн хослолд Cary Grant, Deborah Kerr гэсэн мундагуудыг сонгож тоглуулсан нь нүдээ олсон санагдсан ба тэд хамт гарах ихэнх сцений зураг авалтад шууд тухайн нөхцөлдөө зохиомжлон тоглож байжээ.. холливуудын романтизмын амттай хэрчим гэж уг киног нэрлэсэн байдаг бол зарим судлаачид хүүхдийн гэмээр гэнэн, дэндүү абсурд гэж үзэх шүүмжлэгчид мөн байдаг.. кино романтик комеди хэлбэрээр эхлээд алгуурхан нулимс дүүрэн мелодрам хэлбэрт шилжихдээ хөнгөхөн хошигнол, урам бадраах хайрын үгсээр хөөсрөн солонгорох агаад киноны төгсгөл маш хүчтэй учир үзэгч нулимсаа барихад хэцүү.. уг киноны бүх орц, жор жүжигчин Deborah Kerr-ын бүтээсэн дүрийг идеал эмэгтэй болгодог..

Comments