Уйлж чаддаг хүн инээж чаддаг


Lola (1961). Боомт хот Нантад долоон жилийн өмнө хайр сэтгэл болон ирээдүйд төрөх хүүгээ мөнгө, алдар нэрийн төлөө орхисон Michel гэгч эр ирж буйгаар кино маань эхэлнэ.. баян болох мөрөөдлөөс өөр зүйлгүй хоосон усан цэрэг байсан Michel төрөлх хотдоо хүслээ биелүүлж баян болоод ирж буйн энэ бөгөөд орхиод явсан бүхнээ, гомдоосон сэтгэл зүрхээ эргүүлэн эзэмдэхээр ирэхдээ өөртөө итгэлтэй сэтгэл ханамжаар инээмсэглэх нь бардам, ихэмсэг.. далайн түрлэг шиг мансуурам эл боомт хотод амьдрах Roland гэгч залуу амьдралынхаа зүг чигээ алдан, нэг л зорилгогүй болсон тэрээр шинэ адал явдал, шинэ орчин хүсэхийн дээр өсвөр насныхаа хайр Cécile гэгч охиныг санаж, анхныхаа хайртай ахин нэг уулзахыг мөрөөднө..

 Америкийн усан цэрэг Frankie өөрийн нөхдийн хамтаар нэгэн кабаре бааранд орж үйлчлүүлэн алжаал ядаргаагаа тайлах агаад уг баарны хамгийн шилдэг бүжигчин Lola гэгч хүүхэнтэй явалдах ба тогтмол биш байнга ирж явах Frankie энэ бүжигчин хүүхнийд ерөнхийдөө буудаллана.. энэ хотын хамгийн зартай баарны хамгийн нэртэй бүжигчин бол Lola хочтой Cécile хэмээх нүд гялбам үзэсгэлэн гуа, арааны шүлс асгаруулам гоё хүүхэн бөгөөд түүнийг тодорхойлвол: эмзэг, итгэмтгий, хөгжилтэй хэрнээ цаанаа гунигтай ба тамхи ихээр татаж, архи уух ч замаа бүр алдаагүй хэдий ч таалагдсан эртэйгээ хөнжлөө дулаацуулчихна..
биеэ өгөх ч сэтгэлээ хэзээч хэнд ч тэрээр өгөөгүй бөгөөд долоон жилийн өмнө жирэмслүүлээд орхисон залуугаа эргэж ирнэ гэж итгэсээр, мөн үнэнчээр хүлээх ба өдөр ирэх тусам аавтайгаа адилхан болох хүүгээ харахтайгаа зэрэг Lola хаяад явсан аавыг нь уучилна.. ийнхүү Michel-г эргэж ирэх үед багын найзууд болох Lola, Roland нар санамсаргүйгээр уулзацгаах агаад болзож үзэхэд Roland хүүхэнд одоо ч хайртайгаа хэлж, хамт амьдрах хүсэлтэйгээ хэлэхэд Lola түүнээс эелдэгээр татгалзаад энэ насны зүрх сэтгэлээ би нэг л хүнд нэг мөсөн өгсөн учир өөр хүнд өгөх хайр сэтгэлгүй гэдэг.. Lola-г харихад Frankie түүнийг хүлээж байх бөгөөд усан цэрэг маань маргааш нутаг буцах учир эцсийн удаа хамт хоноё гэхэд анхны хайрыг нь санагдуулдаг байсанд, мөн хүүд нь сайн ханддаг байсан болохоор Lola зөвшөөрөх ба энэ үед Michel ойртон ирээд байв..

 Хөгжимгүй мюзикл гэж уг киногоо найруулагч Jacques Demy тодорхойлсон байдаг нь санаандгүй хэрэг биш бөгөөд энэ бүтээл итгэлээ алдаж толгой гудайлгасан нэгнийг өндийлгөж, алдаж буруутсан нэгэнд цааш амьдрах урам хайрлах ба бид амьдралынхаа турш тохиолдлоор хүмүүстэй учирч хайрлаж бас хагацаж байдаг тул амьдралын энэ “жамыг” хүндээр тусгаж аван амьдралаа бүү алдагтун гэсэн өөдрөг утгатай кино ажээ.. 
кино найруулж, дууны үг бичихээс гадна кино зохиол бичигч байсан Jacques Demy бол Францын шинэ давалгаа хөдөлгөөний сонирхолтой нэг төлөөлөл бөгөөд тэрээр мюзикл жанрын мастер байв.. эдүгээ судлаачид уг киног Францын шинэ давалгааны хамгийн дутуу үнэлэгдсэн гол бүтээл хэмээх үзэх болсон агаад Францын шинэ давалгааны сонгодог хэлбэрээр хийгдсэн гэж үздэг, мөн киноны зураглаачаар нэрт Raoul Coutard ажилласан бол алдарт Agnès Varda киноны үндсэн дуу "Lola" дээр ажиллажээ.. энэхүү романтик драм нь Jacques Demy-ын анхны кино агаад энэ бүтээлээ Германы их найруулагч Max Ophüls-ын дурсгалд зориулжээ.. 

киноны нэр болон гол дүр "Lola"-ын дүрийг алдарт найруулагч Josef von Sternberg-ын “Der blaue Engel” бүтээлээс урам зориг аван бүтээсэн ба “Der blaue Engel”-д домогт Marlene Dietrich "Lola" хэмээх бүжигчин хүүхний дүр бүтээдэг.. өхөөрдөм, зөөлөн бас гашуун хэрнээ чихэрлэг, уран яруу уг киног Jacques Demy-ын оргил ажил гэж үзэгсэд байдаг ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 507-р байрт жагсдаг бүтээл.. киноны гол дүрд Францын жүжигчин Anouk Aimée тоглож, энэ киног гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтүүлэх бөгөөд арвандөрвөн настайгаасаа жүжиглэх болсон тэрээр нийтдээ дал орчим кинонд тоглосноос гадна Канны наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналтай билээ.. Anouk Aimée-ын "Lola" бол тамхи татдаг, уух дуртай, тэнэгдүү боловч эр хүн болгоны хүсэмжит “амттай” хүүхэн ба эмзэг, энхрий түүний зүрх сэтгэл ганцхан л эзэнтэйн бахдам сайхан..

Comments