Италийн Неореализм


Алтан үе буюу Италийн неореализм бол кино урлагийн түүхэнд тодрон гарсан чухал хөдөлгөөний нэг бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дуусч, фашист Benito Mussolini-ын засгийн газар унаж, улмаар үнсэн дороос өндийн босох шинэ мөртлөө ядуу, ядарсан Италийн нийгэм, ард түмний тусгалаас үүссэн кино хэл болой.. уг жанрын “амьдарсан” хугацааг 1943–1952 оны хооронд гэж үздэг ба дайны дараах хүндхэн жилүүд шууд неореалзимын үндсэн сэдэв болсон буюу дайны дараах Италийн нийгмийн эдийн засаг болон ёс суртахууны бэрхшээлтэй байдлыг бодитоор үзүүлэхдээ ажилчин ангийн өдөр тутмын ядуу, цөхөрсөн, дарлагдаж бас шударга ёс дутагдсан амьдралыг энгийнээр, өөрөөр хэлбэл яг байгаагаар нь үзүүлэх агаад ингэхдээ тухайн газар нутагт нь зураглах, мөн голдуу мэргэжлийн бус жүжигчид тоглуулдаг байв.. неореализм нь Италийн нийгэм болон соёлыг өөрчилж, дэвшилт замд гаргасан гэж үздэг.. мөн дайнаас болж Cinecittà кино студи эвдрээд байсан учир неореалистууд киноныхоо зургийг гудманд авах тохиолдол их байсан нь энэ жанрыг илтгэх бодит чанар руу улам аваачна.. неореалист хэв маягийг хөгжүүлэгчид бол “Cinema” сэтгүүлийн шүүмжлэгчид болох ирээдүйн неореалистууд: Luchino Visconti, Gianni Puccini, Cesare Zavattini, Giuseppe De Santis нар байсан ба Francesco De Robertis болон Alessandro Blasetti гэсэн найруулагчдын (мөн Францын домогт кино найруулагч Jean Renoir-ын нөлөө бий) баримтад киноны хэлбэр неореализмд нөлөөгөө өгсөнөөс гадна мөн хуманизм, марксизм болон реалист яруу найраг уг жанрыг “төлөвшихөд” нөлөөлжээ..

онолчид анхны неореалист киног Luchino Visconti-ын 1943 онд бүтээсэн Ossessione хэмээх бүтээл гэж үздэг бол дэлхийд алдаршсан анхны неореалист кино бол Roberto Rossellini-ын 1946 онд бүтээсэн Rome, Open City хэмээх бүтээл ба уг кино Канны наадмаас гран при шагнал хүртэж, дайны дараа бүтээсэн Италийн хамгийн том кино болж байжээ.. неореализмын мандалт арван жил ч хүрсэнгүй богино настай байв, дайны дараах хүнд уур амьсгал, гачигдал зовлон нь энэ жанрын амин сүнс байсан бол тавиад оны эхээр Италийн эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал сайжирч ирсэнээр неореалист кино хөгжиж дэвшиж буй улс орны нөхцөл байдал хийгээд оюун санаатай зөрчилдөж ирсэн бөгөөд мөн энэ үед Италид өөдрөг сэдэвтэй холливуудын кинонуудыг үзэгчид дурлан үзэх болсноос харахад неореализмын бараан үүлнээс залхаж уйдсныг илтгэнэ.. Federico Fellini тэргүүтэй дараагийн үеийн найруулагчид илүү хувь хүн рүү хандсан сэдвийг голлох болсоноор Италийн кино урлаг шинэ түвшинд ахиж, илүү модерн болсон.. неореализмыг бий болгож буй чухал элементүүдийн нэг бол мэргэжлийн бус хүмүүс тоглуулах агаад эдгээр дүрүүд нь ядуу, нийгмийн доод давхаргын хатуу ширүүн нийгэмд тэсч үлдэх гэсэн энгийн зорилготой, мөн шударга хүмүүс байдаг ба зарим тохиолдолд л мэргэжлийн жүжигчид тоглуулдаг байв.. мөн неореалист кинонууд хүүхдийг гол дүрдээ оролцуулах нь их байдаг боловч хүүхдийн дүр нь ажиглагчийн үүрэгтэй байх бөгөөд Rome, Open City кинонд хүүхдүүд гол үүрэгтэй байдаг бол уг жанрын том төлөөлөл Vittorio De Sica-ын The Bicycle Thief кинонд дайны дараа амьдрах гэж зүдэрч буй гэр бүлийн талаар гардаг агаад мөн мэргэжлийн бус хүмүүс тоглодог.. гэхдээ неореалистууд дандаа ганц “аяаар” тоглоод байсангүй, 1944–1948 оны хооронд неореализмыг бусад жанртай хольж үзсэн, энэ нь ч амжилт олж байсныг хэлэх хэрэгтэй бөгөөд үүнд: фантааз, түүхэн болон комеди жанрын элементүүдээс ашиглаж байв.. орчин үеийн онолчид неореализмын уналтыг тууштай хэв маяггүй, зөвхөн практик дээр болон дайны дараах бодит байдлаас хамааралтай байсан учир унасан гэж үздэг.. 
1943 оноос 1950 оны хооронд Италийн кино урлагт неореализм бүрэн ноёрхосон бөгөөд неореализм нь ерөөсөө Италийн кино урлагийг дэлхийд гаргасан брэнд гэж болно.. уг жанр хойшдын олон кино зохиолчид болон найруулагчдад урам зориг өгснөөс гадна Францын шинэ давалгаа, Польшийн кино урлагт болон домогт кино найруулагч Satyajit Ray-д нөлөөлсний дээр үзэл санаа нь ерөөсөө дэлхий даяар тархжээ.. неореализм нь хүн өөрийгөө бий болгох, сайжруулахад шинэ мэдлэг өгөх бөгөөд хэт уран сайханжсан, зохиомол бус яг байгаагаарай, бодитоороо өөрөө гоо зүй билээ.. ингээд таны заавал үзэх ёстой таван неореалист киног дор бичлээ..


Ossessione (1943) James M. Cain-ын 1934 онд хэвлэгдсэн The Postman Always Rings Twice хэмээх романыг Luchino Visconti кино дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд энэ бүтээл хамгийн анхны неореалист кино гэгддэг.. ажилтантайгаа янаг амрагийн холбоо тогтоож, улмаар нөхрөө алаад хөрөнгөнд санаархах үнэнч бус эхнэрийн тухай энэ кинонд гарна.. сэдэв, хийцийн хувьд тухайн цагтаа цочроо болж байсан ба тэр цаг үед хэн ч тийм сэдэвтэй кино хийдэггүй байсан гэж хэлж байв Luchino Visconti..


Germany, Year Zero (1948)
уг кинонд дайны дараах хүнд хүчир амьдрал арванхоёр настай хүүд хэрхэн нөлөөлж, том хүний хариуцлагыг багаасаа үүрч байгаа талаар өгүүлнэ.. найруулагч Roberto Rossellini уг киногоо хийхээс хэдхэн сарын өмнө есөн настай хүүгээ алдсан нь уг киноны гутранги өнгө төрхөнд нөлөөлсөн нь гарцаагүй ба эл бүтээлийг бараг хоррор кино хэмээдэг..


Umberto D. (1952) найруулагч Vittorio De Sica эл бүтээлээсээ өмнө хийсэн хоёр кинондоо хүүхдийг чухалчлан үзүүлдэг бол энэ кинонд залуудаа төрийн албан хаагч явсан, ганцаардсан тэтгэвэрийн өвгөний тухай гарна.. өвгөний дүрд хэл шинэжлэлийн профессор байсан Carlo Battisti гэдэг хүн тоглосон ба энэ кино бол хүний амьдралыг ажиглах боломж олгосон сайхан судалгаа..


La strada (1954) ядуу охин явуулын циркчинд худалдагдаж, улмаар эмгэнэлтэй хувь заяаг туулж байгаа тухай энэ кинонд гарна.. найруулагч Federico Fellini-д Оскараас шилдэг гадаад хэл дээрх кино шагнал авчирсан бүтээл бөгөөд их найруулагчийн эхнэр Giulietta Masina уг кинонд тоглодог..


Francesco, giullare di Dio (1950) Roberto Rossellini-ын эл бүтээлийг хожим найруулагч François Truffaut “дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй кино” хэмээжээ.. Roberto Rossellini-ын кино хэл тавиад оноос сэтгэлзүйн хэлбэрт шилжиж, неореалист гоо зүйг илүү загварлаг болгожээ..



Comments