Contempt (1963). Өгүүлэх нь, улаан, хөх, цагаан өнгөөр ээлжлэн (Америк, Францын далбааг илтгэнэ) гэрэл туссан өрөөний орон дээр бүрэн нүцгэн эр эм хоёр хэвтэн ярилцана.. эмэгтэй нь, залуугаасаа, өөрт нь хэр их хайртайг болон өөрийнхөө биений аль хэсэгт дуртай зэргийг асууна.. эр нь, бүх зүрх сэтгэлээрээ хайртайгаа хэлээд, хөлний үзүүрэс авхуулаад толгойн үс хүртэл бүх зүйлд нь дуртайгаа хэлж, бахархана.. Paul \Michel Piccoli – Францын жүжигчин\ бол кино зохиолч бөгөөд Америкийн санхүүжилтэй, Австрийн алдарт кино найруулагч Fritz Lang-ын найруулан, эртний Грекийн суут Хомерын Odyssey-г орчин үед хөрвүүлэн кино болгох багт орж ажиллана..
Paul
эртний зохиолыг орчин цагт аваачих амаргүй ажлыг Америкийн продюсер,
санхүүжүүлж буй Jeremy-гээс \Jack Palance – Америкийн жүжигчин\ хүлээж авна..
Paul үзэсгэлэнт эхнэр Camille-г \Brigitte Bardot – цаг үеийнхээ хамгийн
алдартай эмэгтэй жүжигчдийн нэг байсан Францын жүжигчин, модел, дуучин\ бүх
ажлын турш хамт авч явна.. Америк продюсер Jeremy Paul-ын тачаангуй сайхан
эхнэрт сэтгэл татагдаж, эргүүлж эхэлнэ. Camille илт дургүйцэж Америк эрээс
дөлөн, эр нөхөртөө байдлыг хэлэхэд, Paul огт тоосон шинжгүй байна.. эхнэртээ
итгэсний шинж үү, эсхүл ажлаа буюу мөнгөө бодсоноос тэр үү, маш хүйтэн хөндий
хандана..
Camille нөхрийнхөө хандлагад жигшиж, голдоо ортол гомдоно.. кино дуусах
үед Paul хожимдож сэхээрнэ.. харин энэ үед бүх зүйл нэгэнт өнгөрч, Camille
нөхөртөө цаашид хайргүй болж, Америк эрийг дагаж яван улмаар осолд орж үхсэнээр
кино төгсдөг.. киноны үйл явдлыг өгүүлсэн ядмагхан бичвэрээ ингээд зогсооё,
учир нь кино маань үйл явдал багатай, нарийн нягт санаа хийгээд аналитик тул
боловсролтой үзэгчийнхээ мэдрэмж, гоо зүйн таашаалыг баллахаас зайлсхийж буй нь
энэ.. киног үзэх явцад маш олон бодол төрж, асуултууд ар араасаа хөвөрнө: хайр
чухал уу? Мөнгө чухал уу? Гэсэн бараг мөнхийн асуултыг нэлээд хурц өнцгөөс
харуулсан ба эхнэр нөхрийн харьцаан дээрээс цаашлаад хүмүүс хоорондын харьцаан дахь
согог, хүйтэн хөндий байдлыг найруулагч тогтсон байдал, хэвшсэн заншлыг эвдэж,
өөрийн дураараа “өржээ”.. дайны дараа Европт бүтээгдсэн хамгийн шилдэг кино
гэгддэг сайхь киног Францын шинэ давалгааг гол төлөөлөх эрхэмүүдийн нэг
Jean-Luc Godard найруулсан ба орчин үеийн нарийн, ээдрээтэй ертөнцөд хүмүүсийн
ойлголцох мэдрэмж тусгаарлагдан салангид болж буйг үзүүлэхийг зорьсон агаад
ингэхдээ уур хилэн, уйтгар гунигийн хэмнэлээр дүрсжүүлжээ.. уг бүтээл бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны 39-р байрт жагсдаг ба найруулагч маань
киногоо бүтээхдээ Германы жүжгийн зохиолч, яруу найрагч Bertolt Brecht-ын нөлөөнд
автсан байсан байх магадлалтай ба кинонд олон симбол чанар хийгээд философлог
шинжүүд бий..
кино урлаг дахь хамгийн чухал бүтээлүүдийн нэг уг киног Италийн
зохиолч Alberto Moravia-ын Il disprezzo хэмээх романаас сэдэвлэн Jean-Luc
Godard өөрөө кино зохиол болгожээ.. Киног үзэсгэлэнтэй бас үнэмлэхүй сексий
болгож байгаа зүйл бол жүжигчин Brigitte Bardot бөгөөд түүний сайхан биеэ цогцсыг
бид хангалттай бахдан харна, ер нь нүцгэн Brigitte Bardot-г л харах гэж уг
киног үздэг хүн маш олон болов уу.. төгс кино суутан, жинхэнэ секс симбол хоёр
нийлээд ямаршуу “жигшим” бүтээл тууривсныг үзээрэй.. сонирхуулахад, Jean-Luc
Godard гол дүрүүдэд Kim Novak, Frank Sinatra нарыг тоглуулахыг хүсч байсан бол
киноны продюсер Carlo Ponti харин Sophia Loren, Marcello Mastroianni нарыг санал
болгож байсан ч эцэстээ одоогийн энэ жүжигчид дээр тогтжээ.. мөн түүнчлэн Австрийн
кино найруулагч Fritz Lang өөрийнхөө нэрээр тоглосон ба суут найруулагчийн ямар
нэгэн дүрд тоглож байгааг харах сайхан боломж энэ кино билээ..
НЭМЭЛТ: Францын сэтгүүлч Antoine
de Gaudemar гэгч 2009 онд энэ киноны тухай баримтат кино хийсэн байдаг аж. 2012
онд уг киног Sight & Sound сэтгүүлийнхэн бүх цаг үеийн хамгийн шилдэг 100
киноны тоонд багтаасан. Paul, Camille хоёрын гэрлэлт тодорхой болдог хэсгийн
кино дахь өргөтгөсөн байрны үзэгдлийн дарааллыг судлаачид өндрөөр үнэлдэг буюу
энэ кинонд хосуудын харилцааг архитектурын аргаар гайхалтай дүрслэн үзүүлдэг
ажээ. Найруулагч Jean-Luc Godard гол дүрүүдийнхээ муудаж буй харилцааг байрны
орон зайгаар илтгэдэг ажээ. Анхлан энэ кинонд зориулж бүтээсэн "Theme de
Camille" гэдэг хөгжим хожим 1995 онд "Casino" киноны үндсэн
хөгжим болжээ. Уг киноны постер 2016 оны Канны кино наадмын албан ёсны постер
болсон.
Comments
Post a Comment