Болгоомжтой, хазна шүү!


Videodrome (1983). Өгүүлэх нь, Max \ James Woods – Америкийн жүжигчин, амьд сэрүүн байгаа энэ цаг үеийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг\ бол CIVIC-TV гэх кабелын сувгийн захирал, ганц бие, шинийг эрэлхийлэгч, зоригтой нэгэн бөгөөд түүний сувгаар насанд хүрэгчдэд зориулсан кино гардаг ба энэ салбартаа чамгүй танигдсан, амжилттай яваа эрхэм бөлгөө.. Max энэ хэвээрээ л байгаад байхыг хүссэнүй, үзэгчдийг илүүтэй татах шинэлэг зүйлийн эрэлд хатаж яваа ба нэг өглөө хүсэл нь биелэх буюу хүссэн юм хүзүүгээр татна гэдэг болно.. кабелын сувгийн ажилтан Harlan хиймэл дагуулын антенаар маш хачирхалтай дүрс бичиж авсанаа захирал Max-даа илтгэх агаад тэдний энэ ажил албан бус, хууль бус зүйлс боловч мөнгө хэзээд хууль хийгээд ёс суртахууныг ялдаг болохыг хэлэх илүүц буйзаа.. дүрс Азиас буюу Малайзаас ирж буйг Harlan хэлэх бөгөөд дүрсийг бичиж аваад үзэхэд, тэнд улбар шар өрөөнд багтай хоёр эр нэгэн нүцгэн хүүхнийг тамлаж байгаад эцэст нь алж байгаа гарах ба бичлэг дээрх зүйлд ямар ч зохиол болон жүжиглэлт байхгүйг, бараг жинхэнэ болохыг Max туршлагаараа мэдэрнэ, мөн энэ зүйл телевизийн ирээдүй, алдар нэр, асар их мөнгө авчирч болохыг тэрээр бодож, дүрсэнд зохиогчийн эрх байсангүй учир ашиглахыг санаархан хуурцагт бичиж авдаг..
телевизийн ирээдүйн тухай, бас ер нь телевиз гэгчийн сайн муугийн талаар ярилцахаар Max нэгэн ток шоунд сэтгэл засалч Nicki \ Debbie Harry – Америкийн алдарт Blondie хамтлагийн дуучин, жүжигчин, модел\ болон философич O'Blivion нартай хамт орж өөр өөрсдийнхөө санааг уралдуулах агаад философич O'Blivion: телевиз нь хүний бодит амьдралыг орлох болно гэж зөгнөдөг.. ток шоунаас хойш Max, Nicki нар болзож эхлэх бөгөөд нэг үдэш өнөөх аймаар бичлэгийг Nicki-д үзүүлдэг, үүнээс хойш тэд sadomasochistic секс хийдэг ба бичлэг Nicki-д нөлөөлсөн нь илт буюу хүүхэн улам л гаж секс хүсэж эхэлдэг.. Max Harlan-тай уулзахад Harlan дүрс Азиас биш Pittsburgh хотоос ирж буйг илрүүлсэнээ бас энэ зүйлийн нэрийг Videodrome гэдэг болохыг хэлнэ.. энэ мэдээг сонссон Nicki Pittsburgh руу явж энэ бүхэнтэй өөрийн биеэр танилцахыг хүсэж буйгаа хэлэх ба хүүхэн ийнхүү яваад ахиж хэзээч эргэж ирдэггүй.. Max кабелын сувагт нь порно нийлүүлдэг Masha гэх авгайтай уулзаад энэ Videodrome-ын талаар асуухад Masha шалуулан байж ийн хэлнэ: Videodrome бол хуурамч биш жинхэнэ бөгөөд улс төр энэ тэртэй холбогдсон том сүлжээ, чи хол байвал аминд чинь өлзийтэй, тийм их сонирхоод байвал философич O'Blivion-той уулз гэж хэлнэ.. анх л Videodrome-г үзсэнээс хойш Max аймшигтай хий хоосон юм харж эхэлсэн бөгөөд өөрийгөө солиорч байна гэж эрхгүй бодоод байтал философич O'Blivion-ын охин Bianca-тай уулзсанаар жигтэй зүйлсийн зах зухаас ойлгож эхэлдэг.. Bianca нь нас барсан аавынхаа зорилго болох телевиз нь хүний амьдралын бүхий л чиглэлийг орлох тэр даалгаварыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэгч ба Videodrome бол философич O'Blivion-ын бүтээсэн зэвсэг буюу үүнийг үзсэнээр хий юм харахаас гадна ухаанаа бүрэн алдаж робот лугаа адил болж оюун ухаанаа бусдаар удирдуулах боломжтой агаад энэ зэвсэгийг эзэмших гэсэн улс төрийн дайнаас болж философич маань хамтрагчидаа алагдсан болохыг Max олж мэднэ.. үүнээс гадна Max Harlan өөрт нь зориуд Videodrome-г үзүүлсэн болохыг олж мэдэх бөгөөд хий хоосон юм үзэх нь улам бүр ихсэнэ.. Max-ын адал явдлыг энд хүргээд зогсоохгүй бол киноны хамаг амт шимт үгүй болох ба телевиз, гар утас, компютер зэрэг технологоос хүн хараат болж буйг, хүний бүтээсэн эдгээр технологи эргээд хүнийг өөрийг нь удирдах болсныг харуулсан аймшигт үнэнтэй нүүр тулуулах бүтээл..
 Канадын кино найруулагч David Cronenberg бол хоррор жанрыг өдий зэрэгт хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан кино урлаач ба “body horror” жанрыг бий болгогч анхдагчдын нэг бөгөөд энд өгүүлэх бүтээл нь “body horror” жанрыг илтгэх чухал элементүүд багтсан, David Cronenberg-ын шилдэг ажлуудын нэгээр нэрлэгдэх болжээ.. David Cronenberg кино зохиолоо өөрөө бичсэн агаад тэртээ далаад оны эхэн үед Торонтогийн их сургуульд философич Marshall McLuhan-ын лекцинд суудаг байсан нь хожим уг киног хийхэд том нөлөө үзүүлсэн гэдэг бөгөөд дашрамд тэрээр уран зохиолын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан мэдлэгтэй хүн бөлгөө.. кино тухайн үедээ өндөр өртгөөр бүтсэн ч ашиг орлогын хувьд дампуурсан байдаг, гэхдээ киноны далд утга, психо-секс ухвар санаа хийгээд сюрреалист гоо зүйн жил ирэх тусам хүндлэгдсээр өдгөө култ классик хэмээгдэх болсон ба киноны тусгай эффект, найруулагчийн шийдэл зэргээр шинжлэх ухааны хоррор киноны том төлөөлөл болох болжээ.. давхар, давхар санаа болон балмад харгислал, задгай секс зураглал уг киног ойлгоход амаргүй, үзэхэд хэцүү болгох агаад судлаачид эл бүтээлийг зугаатай, улс төр болон технологийн талаарх эрэгцүүлэл төрүүлэх чанараараа үргэлж шинэлэг байж чадах кино гээд шатам хурц, эмх замбараагүй дүрслэлээрээ “body horror” жанрын төгс жишээ хэмээсэн байх ажээ.. Bloody Disgusting сайт уг киног цаг үеэсээ түрүүлж алхсан шилдэг хоррор кино жагсаалтынхаа наймдугаар байрт эрэмбэлсэн бол Total Film сэтгүүл бүх цаг үеийн хамгийн жигтэй 23 кино жагсаалтадаа багтаасан байдаг ба уг наяад оны манлай хоррор бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 292-р байрт жагсдаг.. Andy Warhol уг киног наяад оны “A Clockwork Orange” хэмээн магтсан байдаг ба киноны хөгжмийг найруулагч David Cronenberg-ын найз Howard Shore бичжээ.. кино маань гурван өөр төгсгөлтэй байжээ, ингээд аль нэгийг нь сонгох болоход кинонд гол дүр бүтээсэн жүжигчин James Woods-ын санаа болох бидний үздэг сценийг сонгожээ..


Comments