Онгойлгож болохгүй хаалга!


The Hidden Face (2011). Залуухан, авъяаслаг найрал хөгжмийн удирдаач Adrián найз охин Belén-ээсээ өөрт нь хаяглаж үлдээсэн видеог үзэн уйлан суух бөгөөд видеоны утга ийм: Adrián би чамайг орхиж байна, би чамд хайртай ч ингэхээс өөр арга алга, шалтгааныг нь чи мэдэж байгаа, намайг битгий эрж хайгаарай.. ийм мэдээ гэнэт сонссон ямар ч залуу найз охиноо өөр эр дагаж явсан гэж хардахаас гадна уй гунигаа архиар дарахыг хүсэх ба дашрамд энэ бүхэн Колумб улсад болж байгаа, мөн Adrián бол Испаний иргэн болохыг хэлэх хэрэгтэй.. Adrián нэгэн бааранд ороод салам ууна, энэ үед Fabiana гэгч зөөгч бүсгүйтэй танилцах агаад их муудсан Adrián-г бүсгүй гэртээ аваачин буйдан дээрээ унтуулна, залуу бүсгүйд мэдээж таалагдсаны дээр ганцаарангийн явуулах аюултай тул сайхан сэтгэл давхар гаргажээ.. маргааш оройн Adrián Fabiana-ын ажил дээр ирээд өчигдөрийн явдалдаа уучлалт гуйснаар тэд болзож, улмаар тэр шөнөдөө Adrián-ын тансаг байшинд очин хамт жарган хонох бөгөөд бүсгүй Adrián-г баян, нэр төртэй болохыг мэдсэн учир дуртай зөвшөөрөх бол Adrián өөрийгөө ганц бие гэж хэлнэ.. энэ өдрөөс Fabiana Belén-ын орон зайг орлож эхлэх бөгөөд цагдаа нар Belén-г хайж, ор сураггүй алга болсонд Adrián-г зүй ёсоор сэжиглэнэ.. уг хэргийг мөрдөх цагдаа Fabiana-ын экс найз залуу нь байх агаад Fabiana-д хандаж: чи хүссэн мөнгөтэй эр ээ олоо шив, болгоомжтой байгаарай, наад удирдаач чинь найз охиноо нухсан байх магадлалтай шүү гэж хэлдэг.. Adrián-нд Fabiana нүүж ирсэнээс хойш түүнд янз бүрийн жигтэй зүйлс тохиолдож эхэлнэ, тухайлбал: нүүрээ юмуу шүдээ угаах үед угаалтуураас хачин бөглүү чимээ гарах болон усанд орж байхад халуун, хүйтэн ус солигдох зэргээр айдас хүргэм зүйлс ээлж дараалан болох ба нэг өдөр санамсаргүй байж байгаад шалны завсар унасан зүүлт олно, тус зүүлтэнд нэгэн түлхүүр холбосон байна, Fabiana үүнийг өөртөө үлдээчих бөгөөд айснаасаа болоод Adrián-нд танайх сүнстэй юм бишүү гэж хүртэл хэлж үзнэ..
тийнхүү байтал Adrián-г моорогт ирж нэг цогцсыг Belén-ынх болох эсэхийг үзнэ үү гэж дуудах ба энэ үед Fabiana инээмсгэлэх нь цогцос мөн байгаасай гэсний тэмдэг бөгөөд харамсалтайн цогцос Belén-ынх биш байдаг.. энд хүрээд бид цаг хугацааг ухрааж Испанид байх Adrián, Belén нар дээр ирэх ёстой ба тэд үнэхээр гайхалтай хос байсныг хэлэх хэрэгтэй.. Adrián-д Колумбад ирж удирдаачаар ажиллаач гэсэн татгалзаж боломгүй санал ирсэнээр тэрээр найз охины хамт Колумбад ирэх бөгөөд нэлээд хуучны ч тансаг байшин худалдаж авна.. Adrián шууд л мандаж эхлэх бөгөөд нэг өдөр Belén түүнийг хийлчин хүүхэнтэйгээ хамт байхад нь гардах ба Adrián ам тангараг өгч нэг удаа тогтоох боловч Belén цааш ухаж төнхсөөр найз залуугийнхаа худлаа яриад буйг мэдсэнээр сэтгэлээр унана.. хайр сэтгэлээ даган харь оронд ирсэн Belén-д зовлон, жаргалаа хуваалцах ганц хүн байсан худалдаж авсан байшингийнх нь хуучин эзэн авгай ба авгай байшингаа зарж хүслээ гүйцээсэн тул одоо Герман руугаа санаа амар явах гэж буй.. Belén найз залуугийнхаа талаар авгайд ярихад авгай чи найз залуугаа шалгах хэрэгтэй гээд том нууцыг задална.. нууц ийм: авгайн нөхөр Германаас зугтааж Колумбад ирсэн нацистын офицер ба уг байшинг худалдаж аваад юмыг яаж мэдэхэв гээд байшин дотор хорогдох, нэг үгээр нууц өрөөг өөрийн гараар хийсэн бөгөөд уг байшин нь том, том толь ихтэйн нөгөө талаас нууц өрөөнөөс байшин дотрох бүхнийг ажиглахаар бүтээгдсэнтэй холбоотой агаад нууц өрөөнд орсон бол гадагшаагаа мэдэгдэх өчүүхэн ч боломжгүй бол нууц өрөөнөөс байшинд болох бүхнийг сонсож бас харах ч нууц өрөөнд болох юмыг сонсож харахын боломжгүй.. эл аймшигт өрөөний ганц хаалга унтлагын өрөөний номын тавиурын ард байрших ба авгай цор ганцхан түлхүүрийг Belén-д өгчихөөд өөрөө нутаг руугаа явчихна.. энэ өрөө бас түлхүүр Belén-д Adrián-ын үнэнч хайрыг шалгаж мэдэх хэрэгсэл шиг санагдаж, чөтгөрийн тоглоомоор тогломоор санагдах ба Adrián-д бидний мэдэх видеог хийчихээд бүх хувцас энэ тэрээ аваад нууц өрөөнд орж өөрийгөө түгжчихээд байж байхдаа түлхүүрээ орхисноо санах агаад яаж ч орилж чарлаад хэн ч түүнийг сонсохгүй.. өрөө муучгүй гэрэлтэй, матрасс-тай, мөн нөөшилсөн хоолтойгоос гадна угаалтуур болон жорлонтой ба энэ өрөөний труба “жинхэнэ” байшингийн өрөөний трубатай холбогддог болохыг Belén олж мэдээд тусламж гуйж баахан хичээсний дээр амьд үлдэхийн төлөө муудсан мах идэн амь зогооно.. 
айж бас зовсон Belén өөрийг нь алга болоод долоо ч хоноогүй байхад Adrián өөр хүүхэн дагуулж ирээд нүдэн дээр нь хурьцахыг харахаас гадна тэр хүүхэн дорхноо өөрийг нь орлоод зогсохгүй өнөөх түлхүүрийг олохыг олж харна.. Fabiana-ын угаалгын өрөөний айдас Belén-тэй холбоотой буюу хүйтэн, халуун усны солбилцол, угаалтуураас гарах чимээг Belén гаргаж байсныг сэргэлэн Fabiana олж мэдэх бөгөөд нууц хаалгыг олоод зогсохгүй олсон түлхүүрийнхээ ч утгыг олно..  гэвч Fabiana баян, нэр хүндтэй найз залуугаа алдахыг хүсээгүй учир мэдсэнээ хав даран, түлхүүрээ нуух агаад энэ мөчөөс эхлэн шөнө нойргүй, өдөр хоолгүй гэмшин шаналах ба энэ үед мөрдөгч Adrián-тай уулзаад би чамайг маш сайн харж байгаа шүү гэдэг.. Fabiana хүн амины хэрэг үйлдчихэв үү гэж цаг үргэлж зовсоор эцэстээ тэсэлгүй нууц хаалгыг нээх бөгөөд Belén түүнийг хүлээж байсан буюу Fabiana-г нууц өрөөнд ороод ирэнгүүт цохиж унагачихаад өөрөө зөрж гарчихаад Fabiana-г авралгүй тэр өрөөнд орхичихно.. Adrián-г гэртээ ирэхэд Fabiana байсангүй, харин толины өмнө Belén-тэй хамт авхуулж байсан зураг байж байв.. Колумбын кино найруулагч Andrés Baiz энэхүү триллерээ “suspense”-ын мастер суут Alfred Hitchcock-ын “Rebecca”, “Suspicion” болон “Notorious” гэсэн шилдэг бүтээлүүдэд хүндэтгэл үзүүлж бүтээсэн ба түгшүүлж, айдас хүргэж, олон юм бодогдуулсан тун сайн “suspense” төрлийн кино болжээ.. найруулагч Andrés Baiz кино зохиолоо өөрөө бичсэн бөгөөд хожим эл бүтээлийг Энэтхэг, Турк улсууд өөрсдийн хувилбараар ахин хийсэн байдаг.. киноны гол дүрүүдэд: Испаний жүжигчин Quim Gutiérrez, Испаний жүжигчин Clara Lago болон Колумбын жүжигчин, модел Martina García нар чадварлаг тоглосон..

Comments