Жолоочийн охин

 


Sabrina (1954). Америкийн нэрт кино найруулагч Billy Wilder-н романтик-комеди. Америкийн жүжгийн зохиолч Samuel Taylor-н "Sabrina Fair" жүжгээс сэдэвлэгдсэн уг киноны зохиолыг Billy Wilder, Ernest Lehman, Samuel Taylor нар бичжээ. Киноны гол дүрүүдэд: Audrey Hepburn, Humphrey Bogart, William Holden нар тоглосон. Анхлан Linus-н дүрд Cary Grant-г тоглуулахыг хүссэн ч Grant татгалзсанаар Bogart тоглохоор болсон. Хатуу ширүүн мөрдөгч, адал явдал хайгчийн дүрээрээ алдаршсан Bogart-н хувьд ухаалаг бизнесмэнээс романтик гол дүрд хувирах нь шинэлэг, өөрөөр хэлбэл сорилт байлаа. Кино продакшны үеэр Audrey, Holden хоёрын янаг амрагийн богино харилцаа шуурга шиг эрчтэй байсан шигээ олон нийтэд ил байж хэл ам дагуулсан. Эхэндээ Bogart эхнэр Lauren Bacall-г Sabrina-д тоглуулахыг хүсч байсан ба Bogart Audrey-г харилцан яриагаа зөв авхуулах гэж дэндүү олон зураг авалт хийлгэдэг, туршлагагүй байна гэж гомдоллож байжээ. Найруулагч Wilder кино зохиол бэлэн болохоос өмнө зураг авалтандаа гарсан ба Lehman зохиолыг амжиж дуусгахын тулд өдөржингөө ажилладаг байжээ. Lehman нэг сцэнийг өглөө бэлэн болгож, өдрийн хоолны үеэр танилцуулж, үдээс хойш зураг авалтад ордог байжээ.

"Sabrina" кинонд хувцас дизайнераар ажилласан Edith Head Оскарын шилдэг хувцас дизайн төрөлд шагнал хүртсэн ч Audrey-н өмссөн хувцасуудыг алдарт Hubert de Givenchy хийсэн буюу Audrey-н сонголтоор хийсэн гэдэг цуу яриа байдаг. 1974 онд өгсөн ярилцлагадаа Head Audrey-д таалагдсан Givenchy-н зарим загвараас санаа авч даашинзуудыг бүтээсэн гэж мэдэгдсэн, өөрөөр хэлбэл тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн, Givenchy даашинзыг хийгээгүй гэжээ. Head нас барсны дараа Givenchy Sabrina-н алдартай хар коктейлийн даашинзыг Head-н удирдлага дор бүтээсэн, энэ нь өөрийнх нь загвар байсан гэж мэдэгджээ. Ямартай ч энэ кино нь Givenchy болон Audrey хоёрын насан туршийн холбоог эхлүүлсэн байдаг. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

Нью Иоркийн саятан Larrabee насан өндөр болсон өвгөн бөгөөд түүний хоёр хүү Linus болон David хоёр өдөр шөнө шиг өөр буюу ах Linus нь ажлын хэнхэгтэй, ажилдаа хэт улайрсанаар хувийн амьдралаа орхигдуулсан, үзэмж тааруу ч шударга, ухаалаг дөч эргэм насны эр бол дүү нь болох  David нь энэ бүхний эсрэг буюу үргэлж зугаалж цэнгэсэн, ажиллах гэдгийг мэддэггүй бөгөөд ахыгаа бодвол үзэмж сайхан, үүнийгээ ч ашиглан үзэсгэлэнтэй хүүхэн бүрийг урхиддаг агаад гоё сайхан хөлнөөс болж гучин насандаа гурвантаа хуримлаж, гурвантаа салсан эр. Өвгөн Larrabee том хүүдээ бүрэн итгэн хамаг юмаа даатгасны дотор болчимгүй дурламтгай бага хүүгээ ч мөн ахад нь даатгасан нь энэ айлын эзэн нь Linus гэж хэлэхэд буруудахгүй. Энэ баян айл тансаг харшдаа байсхийгэд л нүсэр үдэшлэг хийх бөгөөд үдэшлэгт газар газрын цуутай баячууд, нэртэй одод, мөн мэдээж үзэсгэлэнтэй хүүхнүүд уригдан ирцгээнэ.

Уг үдэшлэгээс Linus бизнесийн түншүүдтэйгээ улам ойртох бол David үзэж хараагүй гоо үзэсгэлэн, амталж мэдрээгүй уруул, нүдийг хайн, хайснаа ч олох ба шинээр нээсэн газар орноо эзэгнэн суух нарийн, өөрийн гэсэн аргаа хэрэглэнэ, энэ арга техник ч үргэлж бүтэх бөгөөд эл аргыг товчхон танилцуулбал: тэрээр үдэшлэгээс нэг хүүхнийг сонгоод хамт бүжиглэхдээ уран чамин үгээр илбэдэж дөнгөөд хоёулахнаа хамт байя хэмээгээд хүүхнээ олноос хол теннисны талбай руу илгээчихээд өөрөө барменээс хоёр хундага, нэг шампаансак аваад араас нь очсоноор янагийн ажил амжилтаар дуусах ба тэр хичнээн хүүхэнтэй теннисны талбайд шампаансак уусныг янагийг ивгээгч саран авхай л мэднэ.

Нэгэн удаагийн үдэшлэг заншсан ёсоор архи дарс гол шиг урсан, гял цал хатагтай, ноёд нар ихэрхэн маяглацгаан, мөн мэдээж David нэг хүүхэнтэй бүжиглэж байхад нэлээн зайтай орших модон дээрээс энэ айлын жолоочийг насаараа хийж буй үнэнч өвгөн Thomas-ын ганц охин Sabrina  гомдсон, атаархасан, арга барсан харцаар гуниглан харах агаад хорь л гарч яваа энэ хүүхэн хүүхэд байхаасаа энэ модон дээрээс өөр ертөнцийн юм шиг тансаг амьдрал болон гоё ганган хувцас хунарт мөрөөдөн тэмүүлж ирсэн бөгөөд угийн хортой шартай Sabrina хэзээ нэгэн цагт энэ ертөнцийн нэг хэсэг болохоо дотроо хэдэн удаа андгайлсаныг таашгүй билээ. Жолооч Thomas саяхнаас охиноо Франц руу тогооч болгохоор явуулахаар хатуугаар шийдсэн нь хоёр шалтгаантай: нэгд, охиноо талийгаач эхнэр шигээ тогооч болгохыг хүссэн бол хоёрт, өөрийн эзэн David-д охин нь ухаанаа алдтал дурласанаас болсон буюу David охиныг нь хэзээч тоохгүйн дээр охинд нь тохирох хүн биш гэж үзэн охиноо хол явуулан David-г мартаг гэж үзсэн аавын ухаан байлаа.

  Sabrina үнэхээр David-д ухаанаа алдтал дурласан ба хар багаасаа дурлан, хүсэн мөрөөдөж ирсэн, энийг нь энэ айлын бүх үйлчлэгч, тогооч гээд ажилчид мэддэг, Sabrina төрмөл гуа үзэсгэлэнтэй ч муу хувцас болон жолоочийн охин гэсэн нэр нь эрчүүдийн харааны гадна үлдээх бол David түүнийг эмэгтэй хүн гэж харахгүй. Sabrina модон дээрээс эцсийн удаа David-гаа харж байхад David нь өөр хүүхэнтэй бүжиглэн, бүр цаашлан өнөөх арга руу ороход Sabrina-д энэ бүхэн шинэ зүйлс биш ба маргаашнаас David-гаа холоос ч болтугай харж, хайрлаж чадахгүйгээ мэдэн сэтгэлээр унан машин дүүрэн гражинд орж угаартаж үхэхээр шийдэн бараг үхэж байхад нь Linus азаар орж ирсэнээр түүний амийг авардаг. Sabrina маш их ичин хэнд ч битгий хэлээрээ гэхэд Linus учрыг сайн ойлгоогүй учир түүнийг өхөөрдөөд өнгөрдөг.

Ийнхүү Sabrina Францад тогоочоор хоёр жил сурахдаа оюун санаа хийгээд бие махбодийн хувьд нас биед хүрч их юм сурах агаад түүнийг жинхэнэ хатагтай, төгс төгөлдөр хүүхэн болоход нэг Франц өвгөн ихээхэн тусалдаг. Гэвч тэрээр David-гаа огт мартаагүй ба буцаж очоод хайрын татна гэж итгэнэ. Энэ хооронд жолооч өвгөн охиноо David-г мартсан гэж баярлан бодох бол David саятны охин Elizabeth гэгчтэй үерхэн бараг хуримлах дээрээ тулсан байлаа, гэхдээ David энэ хуримыг хүсээгүй, харин ч эсэргүүцэх бөгөөд Linus энэ бүхнийг төлөвлөж олсон агаад энэ Elizabeth-ын аавтай худ ураг болсоноор бизнес нь үлэмж өргөжих байв. Хоёр жилийн өмнө модон дээр уйлж суусан Sabrina одоо харин хээнцэр дэгжин, гоо үзэсгэлэн нь гэрэлтсэн хүүхэн аавыгаа хүлээн зогсоол дээр зогсож байгаад санамсаргүйгээр David-тай уулзана, David түүнийг огт таньсангүйгээр үл барам ийм гоо хүүхэн бас байдгаа гэж гайхан гэрт нь хүргэж өгөх болдог ба хачиралтайн тэд нэг гэрт ирж, үл таних гоо хүүхэн нь жолоочийнх нь охин болохыг мэдээд David нүд нь орой дээрээ гарахад Sabrina үүнийг мэдрэн бах нь ханана.

  Цоо шинэ Sabrina-г харсан аав нь, энэ баян айлын зарцууд болон Linus хүртэл мэл гайхаж, гоо үзэсгэлэнгийн биширнэ. Одоо David-ын өдрийн бодол, шөнийн зүүд нь Sabrina болж, Sabrina-г л өөрийн болговол сүнсээ өгөхөөс буцахгүй шунан дурлах ба Sabrina-г эргүүлж эхлэхэд хүүхэн ч үүнийг хүсч байсан учир бие сэтгэлээ өгөхөд бэлэн байв. Ээлжит нэгэн үдэшлэгтээ David Sabrina-г урин нөгөө аргаа хэрэглэхээр завдана, харин Sabrina энэ аргын эхлэл болон төгсгөлийг мэддэг хирнээ хүлээн зөвшөөрөх бөгөөд David-тай л хамт байвал бусад нь хамаагүй байв. Тэдний дотносолд өвгөн жолооч охиноо шалиг эрийн тоглоом болчих бий гэж болгоомжлох бол Linus дүү нь Elizabeth-тэй суухгүй бол их мөнгөний ажил нурах нь хэмээн дургүйцнэ. Үдэшлэг болдогоороо болж, David нөгөө аргаараа Sabrina-г теннисны талбай руу явуулчихаад хоёр хундагаа халааслан, шампаансакаа аваад жаргахаар явах гэж байтал Linus яриа өдөн зогсоон Elizabeth-ын талаар, хуримын талаар ярих ба яриандаа халсан David халаасандах байх хундагаа мартан сандал дээр суун бөгсөө бэртээх буюу бөгс нь шүүрэн шанага болно, үүнийг мэдээж ах нь зориуд хийсэн бөлгөө.

  Теннисны талбайд Sabrina догдлон байхад David биш Linus шампаансак барин орж ирээд: David ирэх боломжгүй болсон, гэхдээ түүний гэр бүлээс хүн байна гээд тэд шампаансакаа уунгаа сарны дор сайхан яриа өрнүүлдэг. Linus-г яхир, хүйтэн гэж бодож явсан Sabrina тэр шөнөөс хойш сайн хүн болохыг нь олж мэдэх бол Linus-ын мөстсөн зүрх анх удаагаа Sabrina-гаас болж уярч, хайлж эхэлнэ. David шархдсан бөгснөөсөө болж хэд хоног орноосоо босох аргагүй болж Sabrina-г зугаацуулах үүргийг ах нь саналаараа авах ба David-г Sabrina-гаас холдуулж, Elizabeth-тэй суулгаж, Sabrina-г яаж ийгээд өөр тийшээ явуулчихвал Linus-ын хамаг ажил бүтэхээр байсан хэдий ч Linus өөрийн ухаангүй хүүхэнд татагдан, бага багаар хайранд “унана”. David-г орлосон Linus Sabrina-д маш их таалагдаж, түүнтэй өнгөрүүлсэн өдрүүд хэзээ ч амсаагүй жаргалыг мэдрүүлэх нь би үнэхээр David-д хайртай билүү гэсэн бодлыг хурцаар төрүүлнэ. Linus болон Sabrina хоёрын харьцаа улам гүнзгийрэх үеэр David ч эдгэх бөгөөд Linus дүүгээ Elizabeth-тэй заавал суу гэж шаардаад өөрөө Sabrina-г Франц руу явуулж, маш их мөнгө өгөхөөр төлөвлөнө.

  Sabrina зүрх сэтгэл, оюун ухаанаа ойлгохоо болин сэтгэлээ нээн ярилцахаар Linus-ын ажил дээр очих бөгөөд Linus шударга хүн тул бүгдийг буюу өөрөө түүнд хайртайгаасаа бусдыг үнэнээр хэлэхэд Sabrina Франц явах билетийг аваад мөнгийн үлдээдэг нь нэгэнт David-д хайргүйгээ ухаарсан учир бас Linus өөрийг нь үлдээч гэж гуйхгүй байгаад гомдон явахаар болдог. Тэр шөнө Linus нүд амраалгүй бодож хоносоор дүүгээ Sabrina-тай нь суулгая, ер нь хайр сэтгэл мөнгөнөөс чухал гэдгийг өөрийнхөө ганцаардсан, уйтгартай амьдралаас олж харах агаад дүүгээ болон хайрт хүүхнийхээ жаргалыг өөрийнхөөсөө дээр тавих энэ үед Sabrina хөлөг онгоцонд сууж байдаг. Хурим болно, хурим болохгүй гэсэн маргааныг эцэслэхээр Linus хоёр гэр бүлийнхнийг цуглуулаад David Elizabeth-тэй хуримлахгүй гэж хэлэх гэтэл гаднаас David орж ирээд би Elizabeth-тэйгээ сууна, хурдан сууя гэх бөгөөд тэрээр Sabrina ахад нь хайртай болсныг мэдсэн учир ийм шийдвэр гаргажээ. David ахдаа хандан: цаадах чинь явлаа, хайрынхаа араас гүй ахаа гэхэд Linus хар хурдаараа гүйн оддог.

Критикч Bosley Crowther уг киног ойрын жилүүдэд гарсан хамгийн сэтгэл татам романтик-комеди гэж магтсанаас гадна Audrey-н гүйцэтгэлд алга ташин; "Ийм уяхан туяхан биедээ асар өргөн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлийн илэрхийлэмжтэй залуухан бүсгүйн тоглолт үнэхээр гайхалтай" гэжээ. Критикч James Berardinelli үзэгчдийнхээ нүүрэн дээр инээмсэглэл, зүрхэнд нь дулаахан гэрэл үлдээсэн кино гэсэн буй. Модонд авирч, машин доогуур нуугдаж, булан тойрон гүйдэг залуухан бүсгүйг Sabrina гэнэ; тэр байгалиас заяасан үзэсгэлэнтэй, дур булаам, гэхдээ хамгийн тэнэг асуудалд өртөмтгий. Шөнө уйлж, гунигладаг драматик бүсгүй. Би Audrey-г бишрэн хайрладаг, түүний тухай, бүтээсэн дүрүүдийг нь бичих дуртай. Энд онцолж буй кинонд тэрээр домогт Billy Wilder-тэй хамтран замналынхаа тод дүрүүдийн нэгийг бүтээсэн. "Sabrina" киноны түүх феминистээс өмнөх Холливуудын эринд хийгдсэн учир бидэнд ярих зүйлс багагүй байх бололтой. Та анзаарвал, энэ кинонд Audrey-н дүр Max Ophuls-н "Letter from an Unknown Woman" киноны гол дүрийн эмэгтэй шиг хариу нэхдэггүй хайрандаа үнэнч байдаг. Гэхдээ Ophuls-н кино эмгэнэлт драм бол Audrey-н кино романтик-комеди билээ.

  Түүний дүр William Holden-н дүрийг бодвол илүү ёс суртахуунтай, илүү дээд хүн боловч эмэгтэй хүний барьцамтгай зангаар гэхүү түүнийг олон жил хүсэн мөрөөдөн явдаг. Sabrina Парис руу явж өөрийгөө илүү боловсронгуй болгосноор дурласан эрийнхээ анхаарлыг татдаг ч гол нь тэр эргэж ирэхдээ гадна талаасаа төдийгүй оюун ухааны хувьд насанд хүрсэн байдаг. Тийм ч учраас David одоо түүнд гологдож харин илүү ухаалаг ахад нь дурлачихдаг билээ. Ухаалаг хэрнээ үзэсгэлэнтэй бүсгүйд эцэстээ хатуу ширүүн Linus дурлаж байгаад гайхах зүйлгүй. Киноны хамгийн амттай хэсэг бол Audrey-н дүрийн өөрчлөгдөх явц юм, тэрээр өөрчлөгдөж дуусаад кино Bogart-н кино болчихдог. Энэ бол төгс эмэгтэй болон түүнийг тойрсон тэнэг эрчүүдийн тухай үлгэр ч гэж харж болох мэт. Төгс төгөлдөр гэж байдаггүй, гэхдээ үүнээс өөрөөр байх боломжгүй мэт санагдаж байгаа бол энэ нь төгс төгөлдөрт ойртсон гэсэн үг. Audrey энэ кинонд хамгийн тохирсон сонголт байсан ба тэр дүрдээ хүүхдэрхүү зан, инээдмийн мелодрам, боловсронгуй шинж, гүн гүнзгий гуниг гээд бүгдийг авчирдаг.

Bogart-н дүр ёс суртахууны аялалтай гэж үзвэл сайн боловч Bogart-н ширүүн, ноцтой төрх байдал ийм романтик-комеди кинонд төгс тохирсон уу гэвэл мэдээж үгүй; нэг үгээр Bogart-н замналыг аваад үзвэл "Sabrina" онцлох кинонд нь орохгүй нь лавтай. Holden-н дүр киноны ихэнх хэсэгт байдаггүй, сүүлдээ бараг мартагддаг нь харамсалтай. Харин зарц үйлчлүүлэгчдээс Парисын тогоочийн сургууль дээр гарах киноны жижигхэн дүрүүд киног чимэглэсэн. Бид "Sabrina" бүтээлийг хөнгөхөн үлгэр гэж үзэх ёстой юу? эсхүл бараан сэрэмжлүүлэг үү? гэж үзэх хэрэгтэй юу?, магадгүй энэ хоёрын хослол ч байж магадгүй. Өнгөц харвал эна кино бол насанд хүрсэн хойноо анхныхаа хайрын анхааралд өртөж чадсан эмэгтэйн тухай романтик-комеди  кино болно; гэхдээ кино романтик-комедийн элементүүдээс хамаагүй бараан байдаг.

  Амиа хорлолт, нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, анги давхаргын асуудлууд киноны хөнгөхөн элементүүдийг дарангуйлдаг. Кино үнэхээр "романтик", "комеди" байх эсэхээс үл хамааран эмэгтэйчүүдийг үл тоомсорлох, дутуу үнэлэх зэрэг асуудлуудыг хөндөж байгаа нь тодорхой байдаг. Эмэгтэй хүн боловсролтой болсоноор аливааг гүн, алслан хардаг болж, бие даасан шинжтэй болж байгааг, мөн эмэгтэй хүний гоо сайхны тансагаар үзүүлсэн уг кино классик холливуудын гоо зүйг илтгэсэн. Энэ кино үлгэр байх, бодит амьдрал дээр Sabrina ах дүү хоёрын алийг нь ч сонголгүй, харин Парис явж тэндээ өөрийн гэсэн ресторан нээх байсан болов уу. 

Comments