Шулам санаа алдахуй


Suspiria (1977). Өгүүлэх нь, Фрейбургт орших нэр хүндтэй балетын сургуульд сурахаар нэгдсэн улсын иргэн, манай киноны гол баатар Suzy Германы онгоцны буудал дээрээс такси барих үед азарган бороо орох нь муу ёрыг зөгнөв үү гэлтэй.. үзэсгэлэнтэй, залуухан охин гаднаасаа хүчин мөхөс, сул дорой харагдах ч хэрсүү ухаантай нэгэн бөгөөд нэлээд юм болон байж зорьсон академи дээрээ иртэл түүнийг оруулсангүй, мөн академийн үүдэн дээр нэг охинтой санаандгүй таарах ба тэр охин маш их айсан харагдахын дээр нууц, хөх нил цэцэг, эргүүл гэсэн утга авцалдаагүй үгс хашгирчихаад борооноор гүйгээд явчих бол Suzy бороонд нороод байх аргагүй тул зочид буудалд хонохоор явна..

ингээд маргааш нь Suzy академи дээр ирэхэд түүнийг ахлах багш Tanner болон сургуулийн захирал Blanc нар уриалгахан угтах бөгөөд энэ үед мөн сургуульд цагдаа нар ирсэн байв, учир нь болбоос урд шөнө сургуулийн сурагч охин Pat аймшигтайгаар алуулсан агаад Pat бол Suzy-тай таарсан тэр охин бөлгөө.. академийн байшин нүсэр том, бас сүрдэм гоёмсог агаад Tanner, Blanc нараас гадна Daniel гэх сохор төгөлдөр хуурч, Pavlo гэх үзэшгүй муухай зарц залууг дурдах ёстой ба эл сургууль нь эрэгтэй, эмэгтэй оюутнууд хамтдаа сурангаа бас амьдардаг дотуур байртай сургууль болой.. Suzy-д өрөө олдохгүй байв, гэтэл гэнэт ид шидийн мэт Olga гэх охин алга болж Suzy орох оронтой болох ба анхны хичээл дээрээ Suzy ухаан алдаж унана, ер нь ч сургуульд ирсэнээс хойш толгойн эргэж, бие нь муудаж эхлэх нь хачирхалтай бөгөөд багш нарын залж авчирсан эмч Suzy-д тусгай хоолны жор бичиж, мөн аяга улаан дарс орой болгон өгөхийг заавардах агаад гайхалтайн ингээд Suzy-ын бие дээрдсэнгүй, харин оройн хоолны дараа нойроо дийлэлгүй нам унтах буюу бараг ухаан алддаг байв..

Suzy хажуу өрөөнийхөө Sara гэх охинтой танилцан улмаар дотно найзууд болох ба нэг өдөр сургуулийн таазнаас өт бороо лугаа адил асгаран унана, энэ нь дээврийн хөндийд байх хүнс муудсантай холбож үзэх бөгөөд оюутнууд бүжгийн студи дотор бөөндөө унтах үеэр Suzy, Sara хоёрын аймшигт мөрдлөгө эхлэх буюу сургуультай холбоотой түнэр харанхуйн түүх аажмаар ил болох эхлэл тавигдана.. тэр шөнө Sara найздаа их ойрхоноос гарах эвгүй хурхирах, байгалийн бус амьсгалын чимээг сонсож байна уу гэхэд Suzy үнэхээр ч тийм чимээг сонсох ба жилийн өмнөөс энэ чимээг сонсох болсноо хэлээд орой болохоор багш нар ойрхон орших хот руу явцгаадаг боловч шөнө болгон сургуулиар хөлийн чимээ сонсогддог нь тэд энд үлдэж ямар нэгэн юм хийдэг байх гэж Sara хэлдэг..

  маргааш нь академийн сохор төгөлдөр хуурч хэрцгийгээр амиа алдсан мэдээлэл ирнэ, энэ үед Suzy, Sara хоёр ийнхүү ярилцан байна: Pat бол Sara-ын дотно найз байсан ба алуулахаасаа өмнө хачин аашилж, улмаар энэ сургуулийг шуламтай гэж үзэн, үүнийгээ ч нотлох тэмдэглэл бичиж үлдээсэн байсан ч тэр нь жигтэйгээр алга болсон агаад Sara найзынхаа таамаг дээр өөрийнхөө таамгийг нэмсэн тэмдэглэлээ Suzy-д үзүүлэх гэтэл Suzy заншсан ёсоор ухаан алдчихна.. маргааш нь Sara ор сураггүй алга болсныг, багш нар түүнийг зугтаасан гэхийг Suzy мэдээж үнэмшихгүй бөгөөд найзынхаа сэтгэлзүйч байсан Frank гэгчтэй холбогдож, улмаар уулзахад Frank энэ балетын сургууль нь олон жилийн өмнө Helena гэгч зартай шулмын “гэр” байсныг хэлнэ.. Suzy сургууль дээрээ ирэхэд оюутнууд бүгд тоглолт үзэхээр явцгаасан байх агаад Suzy энэ шөнө сэрүүн байж сургуулийн нууцыг нээхийн тулд эмчийн жортой хоолыг идэхгүй асгаж орхиод шөнө хөлийн чимээ хаашаа явж байгааг сайтар сонсоод чимээг даган явна.. Suzy тийнхүү явсаар багш нарын өрөөнд ирж мухардаад байтал хана нь дээр хөх, шар, цагаан нил цэцэг байхыг хараад тэр нэгэн өдөр Pat-ын хэлж байсан үгс санаанд нь орж, Suzy хөх өнгийн нил цэцгийг эргүүлтэл өмнө нь нууц хаалга нээгдэх бөгөөд балетчин охины өмнө хар дарсан зүүднээс ч аймшигтай ертөнц угтана.. 

Аймшгийн кино төрөлд өөрийн гэсэн орон зай, газрын зурагтай эрхэм бол Италийн кино найруулагч Dario Argento билээ, энд түүний хамгийн оргил бүтээлийг онцлон танилцуулъя.. уг киноны тавилт, гэрэлтүүлэг, загвар маяг болон тод өнгөний \тухайлбал гайхалтай тод хөх, шар, ногоон болон улаан өнгийн кадруудтай\ тоглолт нь тавиад оны мюзикл киноны дүрслэлийг санагдуулах боловч айдас хүргэж, дотор хүйт даам цус ихтэй үзэгдлүүд, жихүүцэм уур амьсгал нь эл бүтээлийг нэгдүгээр зэрэглэлийн хараа булаам үзэсгэлэнтэй хоррор болгодог буюу “цусаар” гоо зүйг урлаж болохыг үзүүлсэн шедевр кино..
найруулагч Dario Argento киноныхоо зохиолыг ерөнхийдөө Thomas De Quincey-ын “Suspiria de Profundis” хэмээх эссэнээс сэдэвлэсэн гэдэг, мөн тэрээр Лион, Турин болон Прага зэрэг Европын хотуудаар явж байхдаа шидэт гурвалжин буюу уг хотуудтай холбогдсон аймшгийн кино хийх санаа төрсөн нь хожмын хоррор ертөнцийн алдартай трилоги үүсэх эхлэл болсон бөгөөд “Suspiria” гэх энэ кино бол түүний “The Three Mothers” гэдэг трилогийн анхны кино нь болдог ба Inferno (1980), The Mother of Tears (2007) гэсэн хоёр кино нэмэгдсэнээр уг трилоги бүрддэг.. Dario Argento-д кино зохиолоо бичихэд нь Италийн зохиолч Daria Nicolodi тусалсан агаад Daria Nicolodi багадаа эмээгийнхээ ярьж өгдөг байсан хар ид шид, нууцлаг хүч хийгээд шулмын талаарх үлгэр домгийг кино зохиолдоо оруулж өгөн баяжуулсан ажээ.. киноны гол дүрд Америкийн жүжигчин Jessica Harper тоглосон ба Dario Argento түүнийг нэрт найруулагч Brian De Palma-ын Phantom of the Paradise (1974) кинонд тоглож байхыг хараад гол дүрийн балетчин охины дүрдээ сонгожээ.. Jessica Harper уг кинонд тоглохын төлөө Woody Allen-ын Annie Hall (1977) кинонд тоглохоос татгалзаж байж, мөн балетчин охины дүрээ кино бүтээгчид диснейгийн цасан цагаан гүнжээс сэдэвлэжээ.. 

хоррор кинонд хөгжим том үүрэгтэй байдагчлан уг киноны хөгжмийг найруулагч Dario Argento-тойдоо хамтран зохион бичсэн Италийн прог- рок Goblin хамтлагийн хөгжим аймшигтай бас гайхамшигтай.. кино нээлтээ хийгээд шүүмжлэгчдээс сайн муу холимог үнэлгээ авсан байдаг, тухайлбал: зохиол болон гол үйл явдал чамлалттай, The Exorcist (1973) киноны муухан дуураймал гэсэн сөрөг сэтгэгдлүүд байхад өнгөлөг, камерын өнцөг онцгой, мөн гэнэтийн монтаж нь Dario Argento-ын нөр их хөдөлмөрийг илтгэхээс гадна Edgar Allan Poe-ын бүтээлтэй адитгасан эерэг сэтгэгдлүүд ч байдаг бөгөөд эдүгээ култ кинонд тооцогдох болсон.. кадр болгон нь цэвэр уран бүтээлчийн зохиол, дахин давтагдашгүй энэхүү бүтээлийг Европын үлгэр жишээ хоррор гэдэг бөгөөд уг киноны нөлөө ном, хөгжим, кино болон ТВ шоунд тусгалаа олсон байдаг.. уг киног Empire сэтгүүл хамгийн шилдэг 500 кино жагсаалтынхаа 312-р байрт, Entertainment Weekly сэтгүүл хамгийн аймшигтай 25 кино жагсаалтынхаа 18-р байрт тус тус жагсаасан байдаг агаад бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 366-р байрт эрэмбэлэгддэг бүтээл.. Dario Argento анхандаа арванхоёр наснаас дооших насны хүүхдийн балетын сургуулийг харуулахаар зэхэж байсан ч уг кинонд продюсерээр ажилласан түүний аав эл санааг зохимжгүй гэснээр больсон байдаг ба Helena Markos-д тоглосон эмэгтэйг Dario Argento Ромын гудамжинаас олсон агаад залуудаа янхан байсан ерөн настай хөгшин байжээ..

Comments