Mouchette (1967). Сар тэнгэрт мандаад удаагүй байхад голын эрэг дээр хоёр эр архи уун сууцгаах агаад тэд хэдхэн хормын өмнө нэг бүсгүйн төлөө ширүүн зодолдож, одоо жаахан хүүхдүүд шиг инээлдэцгээнэ.. эдгээр эрс бол ойн цагдаа Mathieu (Jean Vimenet) болон хулгайн анчин Arsène (Jean-Claude Gilbert) хоёр ба энэ газар нутаг бол Францын алслагдсан хөдөө нутаг болой.. бүтэлгүй дурлагсдыг зөвхөн саран авхай харсан бус модон дотроос манай киноны баатар, арвандөрвөн настай Mouchette (Nadine Nortier) бас харсан ба хар орой охин хүүхэд модон дунд юу хийж явааг одоо тайлбарлая..
эгэл бор төрхтэй Mouchette тун ядуу гэртээ
хэвтрийн эх, архичин эцэг болон нэг ой ч хүрээгүй нялх дүүтэйгээ өрөвдөм
амьдрах агаад гэр орны ажил, эхийгээ асрахыг тэр л хийхийн дээр зав зайгаараа
уушийн газар аяга угааж хэрэндээ хөдөлмөрлөхөд эцэг нь охиноо сайшаахын оронд
алганы амт үзүүлнэ.. охины зовлон ингээд дуусахгүй, сургууль дээр нь багш нь
дуулж чадахгүй гэж хүүхдүүдийн өмнө доромжлох бол сургуулийн охид, хөвгүүд ад
үзэн шоглох нь зэвүүнтэй.. өсвөр насны охин гадуур зугаалж, үеийн хөвгүүдтэйгээ
болзохыг хүсэвч архичин эцэг нь хориглож, гэртээ ч, гадаа ч олны өмнө зодох ба Mouchette
тосгондоо хамгийн адаглагдсан, гадуурхагдсан, хүн болгонд загнуулсан хамгийн
азгүй хүн гэлтэй.. нэг өдөр Mouchette сургуулийн хүүхдүүдтэйгээ хамт харихгүй
гэж өөр замаар явсанаар төөрөөд тийнхүү ойн модон дотроос дээрх зодооныг харсан
ба ингээд цааш явж байтал ширүүн бороо орж охин айж бас сандран байхад Arsène
түүнийг олж, улмаар дагуулан ойд байх хорогдох байшинд аваачина..
кино
эхлэхэд сүм дотор суух нэг эмэгтэй намайг үхсэний дараа үр хүүхдүүд маань яана
даа гэж хэлдэг, энэ нь Mouchette-ын ирээдүйг зөгнөсөн гэмээр эхлэл буюу охин
үхлээрээ эхийнхээ сэтгэлийн зовнилыг биелүүлсэн гэлтэй.. дараагийн сценд шувуу
барихаар урхи тавьж буй Arsène-г нууцаар Mathieu харж байдаг агаад хулгайн
анчиныг явсан хойно нь урхинд нь шувуу ордог ч ойн цагдаа шувууг чөлөөлдөг, энэ
нь ирээдүйд Mouchette-ын ээж болон Mouchette-г зовлонт амьдралаас үхлээр
чөлөөлөгдөж буйтай холбоотой зүйрлэл байж болохоос гадна хорогдох байшинд
охиныг хүчиндэх Arsène, шувуу урхигдан барих Arsène гэсэн энэ хоёр хэсэг
холбоотой буюу шувуу болон Mouchette адилхан анчинаас чөлөөлөгдөж байгаан
төстэй.. мөн нэг анхаарал татах зүйл бол киноны турш Mouchette хоосон, гунигтай
төрхтэй, томдсон заваан хувцас өмсдөг нь түүнд эргэн тойрных нь харгис, доромж
ханддаг хандлагынх нь тусгал гэдэг бөгөөд охин энэ олиггүй гадаад үзэмжээрээ
өөрийнхөө хүнлэг, ариун байдлыг далдлан хамгаалдаг гэлтэй.. сургуулийн сцен дээр
багш Mouchette-г дуулж чадахгүй байна гээд доромжилдог боловч охин киноны
төгсгөл хэрд гайхалтай дуулдаг ба мөн сургуулийн хүүхдүүд Mouchette-г
нөхөрсөгөөр дуудаж, магадгүй нийлэхийг хүсэхэд охин тэднийг үл тоодог нь
найруулагч баатарынхаа бардам занг мартсангүй.. Mouchette бол айхтар дасан
зохицож чаддаг, ямар нөхцөл байдалд байна түүнээсээ өөрт аятай талыг ологч ба
хүчиндүүлдэг сценд тэрээр анхандаа эсэргүүцэж байсан ч эзэрхийллийн явцад
хүчиндэгчээ тэврэн авч таашаалын мансууралд автдагаас харж болохоос гадна
төгсөлийн сценд Arsène-г өөрийн сэтгэлт залуу гэж хэлдэгээс харж болно..
эмгэний
Mouchette-д ханддаг хандлага мэдээж хүнлэг байхад охины хариу үйлдэл ёс зүйгүй,
бусармаг байдаг, үүнийг залуу насны болчимгүй зан хийгээд заримдаа хэт их
өрөвдөх сэтгэл бидний уур, үзэн ядах сэтгэлийг асаадагтай холбож болмоор.. амьдралд
тайлбарлашгүй зүйлс байдагчлан Robert Bresson-ын кинонд тайлбарлашгүй зүйлс
бий, Mouchette-ын бие усанд орж байгаа сцен огт байдаггүй агаад чухам яг яагаад
амиа хорлохоор шийдсэн нь тодорхой бус боловч Mouchette бол энэ ертөнцөд
тохирохгүй, гадных ба Robert Bresson-ын бусад киноны адилаар Mouchette бол
“юм”, киноны нэг матери хэсэг юм.. Robert Bresson-ын кинонууд утга уянгын юмуу,
эсхүл яруу найраглаг байхаасаа илүү аналитик хэмээдэг.. Кино урлагийн аварга загаснуудын нэг
найруулагч Robert Bresson-ын “coming-of-age” драм төрлийн энэхүү бүтээл түүний
хамгийн шилдэг ажлын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд киноны гүйцэтгэл, кадр,
монтаж болон харилцан яриа нь түүний “сүнслэг” кино бүтээх арга барилыг дахин
нэг гүн гүнзгий мэдрүүлэх ба эл гайхамшигтай бүтээл бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 168-р байрт эрэмбэлэгддэг.. тэрээр догшин хэрнээ өрөвч
байдлаар хөдөөгийн нийгмийн архинд живж, авилгад идэгдэж, мөн ёс суртахуун
болон оюун санааны доройтолт унасныг зэмлэн үзүүлэхдээ нэгэн охиныг энэ бүхний
төвд байршуулаад амьдралын зовлон зүдгүүрээр нүдэх нь үзэгчийнхээ “бурханлаг”
сэтгэлийг сэргээх гэсэн мэт..
Robert Bresson кино зохиолоо Францын зохиолч
Georges Bernanos-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн агаад өөрийнхөө алдартай
минималист, хомсхон аргаараа бүтээсэн бөгөөд мөн түүнчлэн тэрээр кинондоо
мэргэжлийн жүжигчид ашигладаггүй арга барилаараа энэ кинондоо ч тэгж ханджээ..
Robert Bresson өмнө нь ашигласан жүжигчдээ дараагийнхаа кинонд ашиглах дургүй
байдаг ч энэхүү кинонд Arsène-ын дүрийг бүтээсэн Jean-Claude Guilbert өмнө нь
түүний алдарт “Au hasard Balthazar” кинонд тоглосон ажээ.. найруулагч Robert
Bresson киноныхоо нэрний талаар: харгислал болон зовлон зүдгүүрийн баримтыг
санал болгоно, Mouchette хаа сайгүй дайн, эрүү шүүлт, алан хядлагыг олно
хэмээжээ..
Comments
Post a Comment