Хотын симфони


Wings of Desire (1987). Алдар суут Wim Wenders-ын энэхүү романтик фантааз төрлийн кино нь түүний гол ажлын нэгээр нэрлэгддэгээс гадна кино урлагийн чухал эрдэнэсийн тоонд ордог ба найруулагчдаа Канны наадмаас шилдэг найруулагчийн шагнал авчирсан билээ.. кино гарсан даруйдаа шүүмжлэгчдэд сайшаагдаж, ашиг орлого ч олсон ба амьдрахыг магтсан гайхалтай кино, үнэмлэхүй Герман кино гэх мэтчилэн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд баялаг, нууцлаг хийгээд философийн мөн чанартай эл бүтээлийг 1987 оны хамгийн их сайшаагдсан кино гэдэг.. бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 215-р байрт жагсах эл бүтээл нь бясалгалын, мөрөөдлийн мэдрэмж төрүүлэх бөгөөд уг киног 1980-аад оны хамгийн шилдэг киноны хоёрдугаар байрт Raging Bull киноны ард эрэмбэлсэн байдаг, мөн Empire сэтгүүл хамгийн шилдэг зуун кино жагсаалтынхаа 64-р байрт жагсаасан бол The New York Times сэтгүүл шилдэгийн шилдэг 1,000 кино жагсаалтадаа багтаасан байдаг.. найруулагч Wim Wenders нэгдсэн улсад найман жил ажиллаж, амьдарсаны эцэст өөрийн төрсөн баруун Германдаа эргэн ирээд баруун Берлинтэй холбоотой кино хийхийг хүссэн бөгөөд киноныхоо зохиолын санааг ерөнхийдөө Rainer Maria Rilke-ын яруу найргаас урам зориг авч Австрийн зохиолч Peter Handke-тай хамтран бичсэн ба Peter Handke киноны яруу найраглаг харилцан яриаг бичсэн нь энэ киног үнэмлэхүй утга уянгын, яруу найраглаг болгож өгчээ.. Wim Wenders сахиусан тэнгэрүүдийн нэр болох Damiel болон Cassiel гэсэн нэрсийг сахиусан тэнгэрийн талаарх нэвтэрхий толиос олж авсан гэдэг бөгөөд сахиусан тэнгэрүүд харилцан яриагүйгээр хүмүүсийн бодлыг уншдаг санааг найруулагч маань өөрөө бодож олжээ..

Wim Wenders сахиусан тэнгэрийн гол баатрын өнцгөөс өөрийгөө төлөөллүүлэхийг хүсээгүй, оронд нь сахиусан тэнгэрээр киногоо цогцлоон бүтээхийг чухалчилсан ба киноны зорилго бол боломжтой зүйлсийг хүмүүст нээж харуулах буюу амьдрахын сайхныг яруу тодоор тунхагласан урам зориг бадраах кино билээ.. киноны гол дүрүүдэд: Bruno Ganz \Герман хэлт кинонуудаараа алдартай Швейцарийн жүжигчин\, Solveig Dommartin \Францын жүжигчин, энэхүү кино түүний дебют кино байв\, Peter Falk \Америкийн нэрт жүжигчин\, Otto Sander \Германы тайз, дэлгэцийн жүжигчин\ болон алдарт рок дуучин, хөгжимчин Nick Cave нар тоглосон ба сахиусан тэнгэрт тоглоцгоосон Bruno Ganz, Otto Sander нар олон жил тайзан дээр хамтран ажиллаж байсан, биесээ сайн мэддэг байсан нь Wim Wenders тэр хоёрыг гол дүрүүддээ авах үндсэн шалтгаан болсон буюу Wim Wenders сахиусан тэнгэрүүдээ хоорондоо төстэй, бас найрсаг харилцаатай байхыг хүссэн ажээ.. Bruno Ganz-ын тоглолтыг шүүмжлэгчид халуунаар хүлээж авсан агаад түүнийг дэлхий дахин сахиусан тэнгэр Damiel болон Downfall киноны Гитлерийн дүрүүдээр нь үүрд дурсан санах буйзаа.. Bruno Ganz-ын царай төрх сахиусан тэнгэрт тун зохицсон: царайлаг биш ч энгийн хэрнээ дулаахан, нээлттэй бөгөөд реакц бараг гаргахгүйн үнэхээр тохирч өгсөн гэдэг.. харин Peter Falk-ын дүр зураг авалт эхэлчихээд байхад ч төлөвлөгдөөгүй байж байгаад Wim Wenders кинондоо улс төрч юмуу урлагийн дүр оруулахыг хүссэнээр Peter Falk энэхүү кинонд тоглохоор болж, шинээр бий болсон дүрээ импровизацалж бүтээсэн ба тэрээр энэ талаараа: миний амьдралдаа хүлээж авсан хамгийн галзуу санал байсан хэмээсэн байдаг.. 
уг кинонд зураглаачаар ажилласан Henri Alekan-ын хар-цагаан зураглал тун гоо зүйтэй бөгөөд түүний камерын ажиллагаа үзэгчдэд сахиусан тэнгэрийн нүдээр харж байгаа мэт өнцгөөс зураг авалт нь хийгдсэн ба үзэгчид сахиусан тэнгэрүүдийн хамт тэнгэрээр нисэх юмуу хотын дээрээс хүмүүсийн мөрөөдөл, айдас болон найдварын бодролыг сонсоно.. хүмүүс мэдээж сахиусан тэнгэрүүдийг харахгүй, сахиусан тэнгэрүүд тэдэнд шууд нөлөөлж чадахгүй, мөн хүмүүсийг хамгаалж чадахгүй агаад сахиусан тэнгэр бол үзэгчдэд их хотын ганцаардсан, тусгаарлагдсан амьдралдаа цөхөрсөн олон янзын хүмүүсийн бодлыг дамжуулагч буюу бидэнд яг л фм радионы долгойн сольж буй мэт санагдахаас гадна Henri Alekan-ын зураглал сахиусан тэнгэрийн нүдээр гарахдаа хар-цагаанаар, харин хүмүүсийн нүдээр гарахдаа өнгөт болох бөгөөд хачирхалтайн хүүхдүүд сахиусан тэнгэрүүдийг хардаг нь тэд томчууд шиг итгэл, бишрэлээ алдаагүй гэлтэй.. мөн киноны урт үргэлжлэх хугацаа нь киноны удаан хэмнэл хийгээд бодролын, яруу найраглаг бүтэцийг нэгтгэх бөгөөд энэхүү сахиусан тэнгэрийн хүүрнэх хэлбэр нь бүтээлийг реалзмаас холдуулж, үзэсгэлэнтэй, мөрөөдлийн болгох ба орчин үеийн хотын амьдралыг дүрсэлсэн хотын симфони юм.. киноны хөгжим жанраа дагаад киноны түүхийг ялгаатай өгүүлэх буюу Jürgen Knieper-ын кинонд зориулсан хөгжим нь зүүн европын, уламжлалт христийн элементтэй хөгжим нь сахиусан тэнгэртэй сценүүдэд илүүтэй гарах бол Marion циркийг орхисноос хойш рок хөгжим илүүтэй сонсогдох ба Jürgen Knieper-ын хөгжим урлагийнх байхад рок хөгжим нь физик, бодит ертөнцийг симбол болдог ажээ.. сахиусан тэнгэр, сүнс хийгээд хий үзэгдэл хүмүүст туслахаар дэлхий дээр бууж ирдэг сэдэв кино урлагт шинэ биш өмнө нь ч байсан агаад It's a Wonderful Life болон A Matter of Life and Death зэрэг бүтээлүүдийг дурдаж болно, жишээн: A Matter of Life and Death бүтээлд хүмүүний амьдралд атаархасан сахиусан тэнгэр мөнхийн амьдралаасаа татгалзаж байгаа гардаг нь Wim Wenders-ын эл бүтээлтэй төстэй.. 
кинон дээр бурхан огт дурдагддаггүйг судлаачид шинэ үеийнхэн бурханд итгэхээ больсонтой холбодог ба мөн тэнгэрийн түвшингээс үзэгдэх Берлин нь сахиусан тэнгэрүүд бурханыг сэрээж буй санаа гэж үздэг.. киноны төгсгөлд: энэхүү бүтээлийг бүх сахиусан тэнгэрүүд асангуудад зориулав, нэн ялангуяа Yasujiro, François болон Andrej гэж гардаг.. эдгээр сахиусан тэнгэрүүд бол мэдээж Yasujirō Ozu, François Truffaut, Andrei Tarkovsky нарын домогт найруулагчид ба уг киног нээлтээ хийхээс өмнө эдгээр найруулагчид бүгд тэнгэрт одсон байв.. Wim Wenders-д тус найруулагчид нөлөөлсөн гэж үздэг, тухайлбал Yasujirō Ozu-гаас эмх цэгцийг, François Truffaut-гаас хүмүүсийг, ялангуяа залуу хүмүүсийг ажиглахыг, Andrei Tarkovsky-гоос гоо үзэсгэлэн хийгээд моралыг сурсан гэдэг.. сонирхуулахад, 1998 онд, нэгдсэн улсын найруулагч Brad Silberling City of Angels нэртэйгээр дахин хийсэн байдагт Meg Ryan болон Nicolas Cage нар тоглосон байдаг.. Киноны үйл явдлыг товчхон өгүүлье: Берлиний тэнгэрт газар дээрх ард түмний аж амьдрал хийгээд тэдний гуниг гансрал, хөөр баяр, зол заяа, түгшүүр зовлонг тольдох сахиусан тэнгэрүүд болох Damiel болон Cassiel манай киноны гол баатрууд ба тэд адилхан үсээ ардаа боосон, урт пальтойтой буюу энэ кинон дээр гарах бүх сахиусан тэнгэр ийм хувцас, төрхтэй бөлгөө.. сахиусан тэнгэрүүд юу ч мэдрэхгүй, нэг ёсондоо тэд хүн шиг харж, үнэрлэж, амсаж чадахгүй ба зөвхөн бодол уншиж, ажиглаж чадна, ингэж л тэд оршиж ирсэн, бас оршсоор байх ёстой ажээ.. харин хүүхдүүд л зөвхөн тэднийг харж чаддаг нь энэ киноны нэг чухал сэдэв бол хүүхэд болохыг харж болно.. Damiel болон Cassiel үзэгч биднийг Берлин хотын бүхий л давхаргын, есөн шидийн хүмүүсийн санаа бодлыг уншуулна, үүнд: хөгжим гээд хичээлээ хийхгүй байгаа хүүхэддээ санаа зовсон эцэг, эх хийгээд эхнэртээ хуурагдсан эрийн цөхрөл, биеэ үнэлэгчийн шаналал гэх мэтээр хүмүүний ертөнцөд байсан, байсаар буй, байсаар ч байх асуудлыг үзэгч бид олж харах ба үүгээрээ зовлон гэгч зөвхөн танд л байдаг юм биш шүү гэдгийг ойлгуулна.. сахиусан тэнгэр Damiel ингэж яваад жүжигчин Peter Falk болон циркчин Marion хоёртой уулзсанаар кино маань эргэлтийн хэсэгтээ орно.. Damiel явуулын циркчин Marion гэгч гуа сайхан хүүхэнд дурлах бөгөөд хүүхний ганцаардсан, гунигласан, хайрыг хүссэн цэвэр сэтгэлд Damiel ухаангүй дурлана, ингэснээр тэрээр хүн болохыг хүсэж эхэлнэ.. энэ үед нэгдсэн улсын жүжигчин Peter Falk Берлинд нацистуудын тухай кино хийхээр ирээд байхад Damiel түүнтэй уулзах буюу бодлыг нь сонсож байтал Peter Falk сахиусан тэнгэртэй шууд ярилцах агаад би өмнө нь сахиусан тэнгэр байсан, хүний амьдралд шунаад мөнхийн амьдралаасаа хагацсан гээд амьдрахуйн болон мэдрэхүйн мэдрэмжийн талаар тун амттай ярьдаг.. тийнхүү Damiel сахиусан тэнгэрийн мөнхийн амьдралаасаа хүслээрээ хагацан хүн болсоноор өнгө ялган харж, кофег амтлахаас гадна жаргал, зовлонг мэдрэх боломжтой болдог бөгөөд хүн болсон Damiel хайрлаж дурласан Marion руугаа явдаг..

Comments