Муу залуугийн үлгэр


Scarface (1983). Өгүүлэх нь, 1980-аад он, Куба улсаас нэгдсэн улсад дүрвэсэн олон мянган хүний дотор манай киноны баатар Tony өөрийн найз Manny-ын хамтаар Флорида мужийн дүрвэгсдийн зусланд хүрэлцэн ирэх бөгөөд Tony бол тэнэг зоригтой, өөртөө дэндүү итгэлтэй, том мөрөөдөлтэй гэмт хэрэгтэн ба түүнд Кубийн коммунист генералыг алвал нэгдсэн улсын ногоон пасс өгье гэсэн санал ирэхэд тэрээр саналыг бодсон ч үгүй хүлээж аваад даалгавараа амжилттай гүйцэтгэж дотно найз Manny-ын хамтаар Америкийн иргэн болно.. халаас хоосон залуус амьдрахын тулд гуанзинд ажиллах ба царайлаг, гоё бас хүүхэмсэг Manny орон нутгийн том гар Omar гэгчтэй хамтран ажиллахаар болж Omar-д Tony-г танилцуулахад Tony өөрийгөө жижиг ажил хийдэг өт биш гэдгээ хурц ааш, огцом хөдөлгөөнөөрөө нотолно..

ингээд, Tony болон Manny Колумбын мафитай наймаа хийх асар эрсдэлтэй ажиллагааг хариуцан аваад чөтгөрийн ивээлээр амжилттай гүйцэтгэх бөгөөд Tony анхнаасаа Omar-д дургүй учраас түүнд итгээгүйгээс гадна энэ амжилттай үйлдлээрээ том босс Frank-д итгэл олохын тулд Колумбын мафиас олсон ашиг болох мөнгө, хар тамхийг тоо ёсоор нь Frank-д өгсөнөөр боссын итгэлийг олж, шууд итгэлт ажилтан нь болох ба ингэснээр Tony-ын ядуу амьдрал дуусна.. Frank бол ордонд амьдардаг, хөдлөшгүй бат суурьтай, бүхэл бүтэн хотыг захирсан хунтайж ба түүнд Elvira гэх залуухан, үзэсгэлэн төгөлдөр хүүхэн байх агаад Tony боссынхоо хүүхэнд анхны харцаар дурлаж, энэ миний хүүхэн гэдгийг шууд ухаарна..

нэлээн мөнгөжсөн Tony ээж болон хайрт дүү охин Gina дээрээ баялаг ирэх бөгөөд дүүгээ мөнгөөр баярлуулах бол Tony-ын ээж хүүгээ ингэж баяжих гэж чи хэдэн хүн алсан, энэ мөнгө чинь бохир, чи бас бохир болохоор зайл хэмээн гэрээсээ хөөх ба Manny Gina-г зүрхэн нүдээр харахад Tony Manny-д хандаж: чи дүүгээс минь хол байгаарай, ална шүү хэмээдэг.. хар тамхины том эзэн Frank Tony-г өөрийн баруун гар Omar-ын хамтаар латин америкийн хамгийн том хар тамхины борлуулагч Sosa гэгчтэй уулзуулж энэ наймааг аятайхан бүтээхийг хүсэхэд Tony өөрийгөө хэр удирдагч, хэр бүхнийг эзэмдэгч болохоо харуулах ба Omar-г нууц цагдаа гэж Sosa-ын хэлсэнээр нисдэг тэргэнээс түүнийг дүүжлээд Tony-той хамтран ажиллах санал тавиад, хэзээ нэгэн цагт миний итгэлийг хөсөрдүүлвэл өөртөө гомдоорой гэж хатуу сануулна.. баруун гараа үхсэнд, бас өөрийг нь үл тоож дур мэдэн Sosa-тай хэлэлцээр хийсэнд үхтлээ уурласан Frank Tony-г баахан загнахад Tony өөрийгөө өмөөрөөд зогсохгүй энэ бизнесийг хаанчлах ёстойгоо мэдрүүлэх ба Frank айж эхлэхээс гадна энэ нөхрийг эртхэн устгах хэрэгтэйг ухамсарлана.. 

уг явдлын дараа Tony Elvira-тай уулзаад би удахгүй Frank-аас салж тусдаа өөрийн гэсэн бизнесээ эрхлэх гэж байгаа бөгөөд надад чамшиг эхнэр байвал би ертөнцийг эзэлнэ гэхэд хүүхэн бодолд автдаг.. тэр оройдоо Tony шөнийн клубт мөрдөгч Bernstein-тэй уулзана, мөрдөгч Tony-д хамтран ажиллах санал тавих буюу би чамд мэдээлэл өгч бас чамайг хамгаална, харин чи надад мөнгө өг гэж сүрдүүлэх бөгөөд мөн тэр клубт Gina байж, нэг залуутай их л янагхан бүжиглэх ба уурандаа галзуурах шахсан Tony дүүгээ, бүжиглэж байсан залуутайн хэмх зодно.. уйлж бас айсан Gina-г Manny гэрт нь хүргэж өгөхөөр аваад явна, энэ үеэс тэдний дунд хайрын цэцэг дэлбээлэх бол нөгөө талд шөнийн клубт ууж суусан Elvira болон Frank хоёр дээр Tony хүрч очоод босс-оосоо айлгүй хүүхнийг эргүүлж Frank-тай шууд арсалдана.. 

Frank уурлаад хүүхнээ авч явахдаа шөнийн клубт Tony-г хөнөөлгөх хоёр алуурчин үлдээгээд гарахад нэлээд согтсон Tony чөтгөрийн ивээлээр амьд гараад зогсохгүй тэр эрчиндээ Bernstein, Frank хоёрыг энэрэх сэтгэлгүйгээр хядах агаад Elvira дээр очоод одоо чиний минийх хэмээдэг.. ингээд хэдэн жил өнгөрөхөд гэмт хэргийн ертөнцөд Tony гэдэг шинэ хаан төрсөн байх агаад тэрээр үнэмлэхүй баян, хэмжээгүй эрх мэдэлтэй болсоноос гадна Elvira гэдэг үзэсгэлэнтэй хатантай, Manny гэх үнэнч туслахтай болж, Sosa-тай түншүүд болсон байх ба хувийн шинж чанарын хувьд өөрийгөө шүтэж, зан ааш нь чөтгөр лүүгээ адил болж, мөн хар тамхинд гүн донтож байв.. Elvira ч авах юмгүй дотроосоо хөгзрөн, Tony-той үргэлж хэрэлдэн эхнэр, нөхрийн дулаан уур амьсгал ор мөргүй хийсэн улам хөндийрцгөөх бол Manny хуучин найзаа танихаа больж, нөхөрлөлд нь ан цав үүсч эхлээд байв..

 энэ үед Manny болон Gina нарын харилцаа улам батжчихын хэрээр харилцаагаа Tony-гоос нууна, хэрэв мэдэгдвэл угийн аймшигтай хартай, одоо байнгын мансуурсан, хэрцгий догшин болсон Tony тэднийг өршөөхгүй байлаа.. Tony-ын галзуурлыг холбооны мөрдөх товчоо зүгээр хараад өнгөрүүлсэнгүй, Tony-д их хэмжээний мөнгөн татвар ногдуулах ба төлөхгүй бол шоронд суулгана гэнэ.. тийнхүү тэвдэн байтал Sosa түүнийг чухал яриа байна гэсээр дуудах агаад Sosa-ынд бохир ертөнцийн томчууд цугласан байх бөгөөд Sosa Tony-д хандаж: чамайг татварын асуудалтай байгааг сонссон, надад чамайг уснаас цэвэр гаргаж чадах танил Вашингтонд бий, гэхдээ чи юуны өмнө надад болон энд байгаа найз нартаа тусла, яаж вэ гэж үү? Нью Иоркт нэг сэтгүүлч байна, түүнд биднийг шоронд хатааж чадах ноцтой баримт байгаа ба амжиж тараахаас нь өмнө түүнийг ал гэх бөгөөд Tony зөвшөөрөөд Sosa-ын бие хамгаалагчийн хамт Нью Иорк руу явна.. сэтгүүлчийн машинд алсын зайны удирдлагатай тэсрэх бөмбөг байршуулж, тохирох зайнд орж ирэхээр Tony бөмбөгийг тэслэх байв, гэтэл цаг болоход сэтгүүлч машиндаа ганцаараа биш эхнэр хүүхдүүдийн хамт сууж таарах ба Tony хэдий муу хүн ч арай хүүхэд алах хэмжээний хүн биш байж, ингээд энэ бузар хэргийг үйлдэхээс татгалзаад Sosa-ын бие хамгаалагчийг хөнөөчихнө.. 

энэ бол шууд амиа хорлосон хэрэг бөгөөд Sosa нэгэнтээ түүнд итгэл битгий алдаарай гэж сануулж байсан билээ.. Tony-г гэртээ ирэхэд Elvira төрхмөндөө буцаж, Manny сураггүй алга болсон байх бөгөөд Tony Gina-г хайж явсаар Manny-тай хамт байхад нь олоод дэлбэртлээ уурлаж, хагартлаа хардсанаасаа болж Manny-г буудаж алдаг.. Gina нус, нулимсандаа хутгалдан байж Manny бид хоёр өчигдөр хуримласан, танд гэнэтийн бэлэг барих гэж байсын гэхэд нөгөө талд Tony-ын шилтгээнийг Sosa-ын арми бүсэлж байдаг буюу энэ бол гарцаагүй үхэл гэсэн үг бөлгөө.. 

Америкийн нэрт кино найруулагч Brian De Palma-ын найруулж, мөн Америкийн алдартай кино найруулагч, кино зохиолч Oliver Stone-ын зохиолыг нь бичиж, гайхамшигт Al Pacino гол дүрд нь тоглосон энэхүү кино нь Америк мөрөөдөлд автсан цагаач эр хэрхэн гэмт хэргийн ертөнцөд мандан бадарч, бас хэрхэн сүйрэн унаж буйг өгүүлэх цуст “дуурь” агаад хурц харгислал, тод хээнцэр хэлбэр хийгээд зэвүүн харилцан яриагаараа бидний төсөөллийн гэмт хэргийн далд ертөнцийг буюу гэмт хэрэгт кино жанрыг дахин тодорхойлж, эдүгээ гангстар киноны ноён оргил болсон бүтээл бөлгөө.. Куба улсын ард түмнийг хар тамхины наймаачид, гэмт хэрэгтнүүд шиг дүрсэлсэн гэж зэмлүүлж, мөн хэтэрхий хүчирхийлэлтэй, хар тамхины сцен ихтэй, хараалын үг хэмжээ хязгааргүй \ fuck гэдэг үг 226 удаа хэлэгддэг ба хараалын үг тогтмол ашигласан анхны киноны нэг\ ашигласан буруу үлгэр дуурайл үзүүлсэн гэж шүүмжлүүлж анхлан X үнэлгээ авсан кино бөгөөд кино шүүмжлэгчид ч сөргөөр дүгнэж, холливуудад үл ойшоогдож байсан ч Martin Scorsese өндөрөөр үнэлж байсан агаад эдүгээ гэмт хэрэгт жанрын нүүр царай, култ классик бүтээл болжээ.. TSPDT сайт уг бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 581-р байрт жагсаасан бол Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг арван гангстар кинондоо багтаасан байдаг ба мөн киноны алдартай "Say "hello" to my little friend!" ишлэлийг Америкийн кино хүрээлэн шилдэг зуун кино ишлэлийн 61-р байрт жагсаасан байдаг..

энэхүү кино нь нэгдсэн улсын урлаг, соёлд томоохон нөлөө үзүүлсэн буюу Америкийн хип хоп хөгжимд, видео тоглоом болох Grand Theft Auto болон мэргэжлийн бөхийн WWE-д сүүдэрээ тусгасан байдаг ба Entertainment Weekly сэтгүүл эл бүтээлийг шилдэг 50 култ киноны 8-р байрт, Empire Magazine сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 киноны 284-р байрт, мөн Total Film сэтгүүл шилдэг 30 гангстар киноны 9 байрт тус тус эрэмбэлэгддэг.. эл бүтээл 1932 онд домогт найруулагч Howard Hawks-ын найруулж, алдарт кино зохиолч Ben Hecht-ын зохиолыг нь бичсэн ижил нэрт киноны дахин хийлт буюу шинэчилсэн хувилбар гэж явдаг ч олон талаар өөр, яг таг дахин давтаагүйгээрээ цоо шинэ кино гэж хэлж болмоор бөгөөд найруулагч Brian De Palma энэ киногоо Howard Hawks болон Ben Hecht нарын гэгээн дурсгалд зориулсан байдаг.. жүжигчин Al Pacino 1932 оны хувилбарыг үзээд шинэчлэн хийхийг хүсэн өөрийн менежер бас энэ кинонд продюсерээр ажилласан Martin Bregman-д хэлсэнээр кино бүтэх араандаа орсон ба анхлан Sidney Lumet найруулагчаар ажиллахаар болоод байсан ч Sidney Lumet, Martin Bregman хоёрын арга барил зөрсөн буюу Sidney Lumet киног илүү улс төрийн шинжтэй, тухайн үеийн нэгдсэн улсыг хар тамхитай муу тэмцэж байгааг шүүмжилсэн сэдэвтэй үзүүлэхийг хүссэн нь Martin Bregman-д таалагдаагүй учраас найруулагчийн суудалд Brian De Palma, харин кино зохиолчын суудалд Oliver Stone тус тус заларсан.. 

Oliver Stone-д 1932 оны хувилбар таалагдаагүй, иймээс суурь хоёр өөрчлөлт хийсэн: эхний өөрчлөлт нь киноны үйл явдлыг хуурай хуулийн үед биш орчин үед авчирсан бол хоёрдахь өөрчлөлт архины оронд хар тамхийг оруулж өгсөн ба архи болон хар тамхи мафийг босгодог гол зүйлс билээ.. Oliver Stone зохиолынхоо судалгааг хайж байх үедээ хар тамхинд донтон, үүнтэйгээ тэмцэж байжээ.. киноны гол дүрүүдэд: Оскарын шагналт, Америкийн жүжигчин Al Pacino, энэ киногоороо алдартай, Куба - Америкийн жүжигчин Steven Bauer, Оскарт гурван удаа нэр дэвшиж байсан Америкийн жүжигчин Michelle Pfeiffer болон Америкийн жүжигчин, дуучин Mary Elizabeth Mastrantonio нар тоглосон ба Al Pacino угаасаа дэлхийн зартай од болсон байсан бол Michelle Pfeiffer, Mary Elizabeth Mastrantonio хоёр энэ кинонд тоглож од болцгоосон гэдэг.. гол дүрд мэдээж Al Pacino тоглохыг хүсч байсан хэдий ч Robert De Niro-д санал тавьж үзэхэд тэр татгалзсан агаад Steven Bauer сонгон шалгаруулалтад оролгүй шууд тэнцсэн, учир нь тэр сонгон шалгаруулалтад орж байгаа жүжигчидээс цор ганц Куба хүн байсан бол Michelle Pfeiffer-ын оронд Carrie Fisher, Glenn Close, Sharon Stone, болон Sigourney Weaver гэсэн жүжигчдийн нэрс яригдаж байжээ..

бүх цаг үеийн хамгийн аугаа жүжигчин Al Pacino энэ киногоороо төгс жүжигчин болохоо харуулсан агаад шүүмжлэгчид түүний бүтээсэн Tony Montana-ын түрэмгий, бүхний дээр байхыг хүсэгч дүрийг орчин үеийн Америкийн кино урлагийн анхны дүрийн нэг гээд энэ кино бол ертөнцийг эрхшээхийг хүссэн, бусдын манлайд явахыг хүсэгч эрийн тухай кино гэжээ.. жүжигчин Al Pacino-ын “Загалмайлсан эцэг” киноны Michael Corleone бол ухаалаг, аргатай, эмх замбараатай дүр бол Tony Montana эсрэгээрээ ойворгон, балмад, зөнгөөрөө бөгөөд энэ кино тэр чигээрээ түүний кино юм.. кинон дээр Tony Montana Elvira-тай бие махбодийн л харилцаатай байхаас ямарч романтик, эелдэг харилцаа байхгүй, хүүхэн мэдээж эрх мэдэл, мөнгөтэй суусан бол Tony Montana эхнэртэй биш төрсөн дүү охин Gina-д анхааран бас хайрлах ба энэ нь ахын хайраас давсан, магадгүй бэлгийн чиг хандлагтай хардсан хайр агаад уг хараасаа болж ганц найзыгаа алдаг билээ.. жүжигчин Al Pacino дүрдээ зориулан тулааны урлагийн багш хөлслөн бэлтгэл хийж байсан гэдэг бөгөөд тэрээр Tony Montana-ын дүрээ өөрийнхөө бүтээсэн хамгийн дуртай дүрийн нэг хэмээсэн байдаг.. Оскарын шагналт Италийн хөгжмийн зохиолч Giorgio Moroder киноны хөгжмийг бичсэн.. сонирхуулахад, Scarface гэдэг нь Итали – Америкийн гангстар Al Capone-ын хоч ба кинон дээр нийт 42 хүн үхдэг ажээ..


Comments