Цэгцрээгүй сэтгэл




Eternal Sunshine of the Spotless Mind (2004). 21-р зууны хамгийн шилдэг кинонуудын нэг гэж BBC уг киног нэрлэсэн бол Empire сэтгүүл хамгийн шилдэг 500 киноны 73-р байрт жагсаасан ба уг бүтээлийн зохиолыг Америкийн кино зохиолчдын холбооноос гаргасан хамгийн шилдэг 101 кино зохиолын
24-р байрт жагсааж, мөн TSPDT сайт тус киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 223-р байрт эрэмбэлсэн энэ зууны хамгийн сайн романтик, уран зөгнөлт, фантази төрлийн киноны нэг болох “Тунгалаг оюуны мөнхийн гэгээ” хэмээх гоёмсог нэртэй киноны цол гуншин асар их.. Францын кино найруулагч Michel Gondry-ын найруулж, Америкийн кино зохиолч Charlie Kaufman, Michel Gondry болон Pierre Bismuth нар кино зохиолыг хамтран бичсэн бөгөөд кино зохиолын санаа 1998 онд Michel Gondry, Pierre Bismuth хоёрын дунд өрнөсөн ярианаас үүдсэн ч олигтой юм болохгүй гээд Pierre Bismuth орхин явсан бол хожим Michel Gondry “Human Nature” хэмээх бүтээл дээрээ хамтран ажиллаж байсан Charlie Kaufman-д санаагаа хэлсэнээр тэд кино зохиол болгон хөгжүүлж эхэлжээ.. тэд концептоо эрэлттэй болно гэж итгээгүй бөгөөд тухайн үед ижил төрлийн гэж хэлж болохуйц Christopher Nolan-ын “Memento” бүтээл нээлтээ хийснээр Charlie Kaufman-ын санаа зовж төслөө зогсооё гэж бодож байсан гэдэг..

Charlie Kaufman киногоо триллер жанрынх болгохыг хүсээгүй гэдэг, тэрээр киногоо дурсамж арилгадаг уран зөгнөлт жанрын, мөн романтик харилцааг голчлон үзүүлэхийг зорьсон гэдэг ба кино зохиолоо бэлэн болгох гэж шар махтайгаа хатсан хэмээдэг.. ингээд кино зохиол бэлэн болж киноныхоо нэрийг Английн нэрт яруу найрагч А. Попын “Eloisa to Abelard” гэдэг яруу найргийн хэсгээс авч киногоо нэрийджээ.. найруулагч Michel Gondry замналаа видео клипээр эхлүүлсэн бөгөөд тус кинонд зураглаачаар ажилласан Ellen Kuras-д энэхүү бүтээл том сорилт болсон буюу Michel Gondry-ын хүссэн дүрслэлийг авах амаргүй байсан гэдэг ба кино маань зураглал тун гоётой, санаанд оромгүй, магад зөвхөн зүүдэндээ л харж болох зураглалийг энэ бүтээлээс харж болно.. киноны хөгжмийг Jon Brion бичсэн ба мөн The Polyphonic Spree, The Willowz зэрэг хамтлаг дуучдын уран бүтээл эл бүтээлийн саундтракыг бүрдүүлнэ.. киноны хөгжим сонголт кинотойгоо наалдаж өгөхийн дээр тусад нь салгаж сонсоход ч сайхан ба хайр болон дурсамжыг эргэн сануулдаг хэмээн судлаачид уг киноны хөгжмийг тодорхойлсон байдаг.. кино 20 саяар бүтээд 72 саяын ашиг олсон агаад Оскарын наадамд хоёр төрлөөр нэр дэвшээд шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулсан билээ.. 

эл бүтээл нь сайн кино тодотголд шаардлагатай: хөгжим, жүжигчид, зохиол, зураглал гэсэн бүхий л чухал чанаруудыг багтаасан ба шүүмжлэгчид: Charlie Kaufman-ын зохиол төсөөлөл сайтай, ухаалаг гээд түүнийг 2000-д оны хамгийн авъяастай кино зохиолч гэж магтсан байдаг бол найруулагч Michel Gondry-г маш мэдрэмжтэй найруулсан, энэ бол урд хожид байгаагүй романтик бүтээл гэцгээсэн байдаг.. жүжигчдийн баг чадварлаг, өнөө цагийн алдартай олон жүжигчдийг тус кинонд тоглосон, үүнд: Jim Carrey, Kate Winslet, Elijah Wood, Mark Ruffalo, Kirsten Dunst гэсэн сайн бүрэлдэхүүнтэйн дээр тэдний тоглолтыг судлаачид сайшаасан байдаг бөгөөд алиа марзан дүр байнга гаргаж байдаг Jim Carrey “сирозны” дүрээр гарах нь сонин байх агаад судлаачид түүний тоглолтыг замналынх нь хамгийн бодит бас өрөвдөм, үзэгчдийнхээ сэтгэлийг уяраасан дүр гэсэн байдаг..миний хувьд энэ кинонд Jim Carrey замналынхаа хамгийн сайн дүрээ гаргасан гэж боддог ба киноны продюсерүүд анхандаа Jim Carrey-г тохирохгүй гэж үзэж байснаас гадна Charlie Kaufman Joel-г бичихдээ өөрийнхөө зан аашийг дүрдээ суулгаж өгчээ.. 

энэ цаг үеийн манлай эмэгтэй жүжигчдийн нэг Kate Winslet мөн л энэ кинонд замналынхаа шилдэг дүрүүдийн нэгийг амилуулсан ба уг кинонд тоглосноор маш олон кино наадамд нэр дэвшиж байсны дотор Оскарт шилдэг эмэгтэй гол дүрээр нэр дэвшэж байв.. продюсерүүд мөн Kate Winslet-г эсэргүүцэж байсан боловч Kate Winslet үнэхээр гайхамшигтай тоглож чадсан агаад Premiere сэтгүүл түүний тоглолтыг бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 жүжиглэлтийн 81-р байрт бичжээ.. кинон дээр Kate Winslet-ын үсний өнгө сэтгэлийн байдлаас нь хамаарч байнга өөрчлөгддөг, тухайлбал: улаан, цэнхэр, бор, улбар шар болон ногоон өнгөөр ээлжлэн солигдох нь түүний төрөлхийн үсний өнгө шиг үзэгчдэд санагдах ба энэ нь түүний Joel-той харилцах романтик харилцааны илэрхийлмж буюу түүний үсний өнгөөр бид киноны зохиолын шугамыг дагаж явдаг.. Kate Winslet нэгэн ярилцлагтаа энэхүү киноныхоо тоглолтыг өөрийн дуртай жүжиглэлтээрээ нэрлэсэн байдаг ажээ..

эл бүтээлийг ээдрээтэй киноны нэг радикал жишээ гэдэг, киноны өгүүлэмж чөлөөтэй, толгой эргэм, урагшаа бас хойшоо сүлэлдэж, нурж мөн дахин эмх цэгцэндээ орох хүүрнэлийн хэлбэртэй ба анх удаа үзсэн хүнийг цочоож, гайхшруулам болгож чадна.. өгүүлэх санаа нь хэтэрхий фантази ч ирээдүйг ийм маягаар урдчилан зөгнөсөн нь бид ирээдүйд ийм хүмүүс болцгоох ч юм билүү, гэсэн санааг өгсөн орчин үеийн хайрлан дурлах “аргад” өгөх цохилт гэмээр бөгөөд ирээдүйд дурсамж устгах, ой санамжуудаа бид сонгож арилгах тийм үе, тийм боломж олдвол үзэгч та түүнийг ашиглахуу гэсэн асуултыг шууд тулгаж буй мэт, бодох тусам нэлээд том сэдэв рүү явж орох уг кинонд юу гардагийг бичихээс зайлсхийлээ. Учир нь бараг хүн бүр мэддэг, үзсэн биз.. хүний амьдрал гэдэг ерөөсөө дурсамж л байдаг ба дурсамжгүй хүн тэгэхээр амьдралгүй болох нь.. сайн ч бай муу ч бай өнгөрсөн амьдралаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг хулчгар, сул дорой, хүчгүй хүний шинж.. Clementine бол нээлттэй, галзуу маягийн хүн бол Joel эсрэгээрээ ичимхий, хаалттай нэгэн ба тэдний романтик харилцааг харилцан довтлох теннисны тоглолттой зүйрлэм бөгөөд тэд хамтдаа байх хэцүү ч тусдаа байж чадахгүй хүмүүс билээ..

НЭМЭЛТ: Зохиолч Кэрол Верналлисийн үзэж буйгаар найруулагч Мишель Гондригийн өмнө видео клип хийдэг байсан туршлага нь энэ киноных нь мизансцэн болон дууны дизайнд нөлөөлжээ. Киноны туршид дүрсний, сонсголын, хөгжмийг холбосон утга санаө байдгийн сацуу зарим сэдэв нь эсрэгцэн ажилладаг гэжээ. Философич Кристофер Грау хэлэхдээ уг киног философийн санаануудыг хөндөхийн дээр өөрийн гэсэн Философитой гэжээ. 21-р зуунд дурсамж, хүсэл, носталжиа гэсэн сэдвүүдтэй шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд моодонд орсон, тухайлбал "2046" ба "Code 46" кинонууд. Энэ кинонууд нь шугаман бус бүтцээр дурсамжийг найдваргүй, хэсэгчилсэн гэж үзүүлдэг. Энэ кино ч тийм.  


Comments


  1. -Намайг буугаад ирэхэд чи явчихсан байсан.
    -Тиймээ би хаалга онгойлгоод л гараад явчихсан.
    -Яагаад тэр вэ?
    -Мэдэхгүй ээ би айгаад. Чи намайг аймхай бяцхан жаал гэдгийг мэддэг гэж бодсон юмсан. гэсэн ч чи надад тэгвэл яваа гэж хэлсэн шдээ. Ер нь чи намайг басамжлаад байдаг...тэрийгээ мэдэх үү.
    -Уучлаарай
    -Зүгээр дээ...
    -Жоел! Хэрвээ энэ удаад чи үлдвэл яах бол?
    -Би хаалгаар гараад явчихсан байна шүү дээ. Одоо надад чиний гэх дурсамж үлдсэнгүй.
    -Тэгвэл ядаж хүрж ирээд салах ёс гүйцэтгээч тэгэхүү?Хэдийгээр чи санахгүй ч гэсэн...

    ReplyDelete

Post a Comment