The Virgin Spring (1960). Дундад зууны Шведэд өвөл бараг дуусч хавар
айлчлан ирэх буюу өвөл тасар хүйтнээ арай тавиагүй, хавар юу юугүй цэцэг навч,
ус ундаагаа оргилуулан, цэцэглэлүүхэд дөхсөн тэр үед Töre гэгч бурхан ном
шүтдэггүй, хөдөлмөр хүчээрээ элбэг дэлбэг амьдрагч эр эхнэр болон охины хамт
олон айл өрхийг толгойлон зарц нарыг захиран эзэнтэн гэгдэн амар жаргалтай
амьдарна.. Töre-ын эхнэр Märeta эсрэгээрээ гүн шүтлэгтэн бөгөөд амин ганц охин
нь эхийгээ үл тоож эцэгтээ хамаг хайраа зориулдагт нь нөхөртөө атаархаж,
охиныхоо хайрыг олохыг туйлгүй хүсэгч бөлгөө.. яагаад ч арван найм хүрээгүй,
ариун онгон охин Karin энэ айл гэрийн утга учир хийгээд өнгө жавхаа нь агаад
дэндүү эрх түүний үг энэ гэрт бурханы сургаалиас ч хүчтэй.. том бөөрөнхий
талхыг голоор нь зүсээд дунд нь мэлхий хавчуулан бөө мөргөлийн хараалын үг
шивнэх жирэмсэн хүүхнийг Ingeri гэнэ, гэдэс нь дөнгөж томорч буй энэ хүүхэн энэ
айлын зарц ба бөө мөргөлтөн тэрээр өдөржин Karin-г үхээсээ хэмээн залбирах агаад
бодвол Töre-оос жирэмсэлсэн тэр хайр халамжыг ганцаар хүртэхийг хүсэн тийнхүү
атаархан хонзогнодог буйзаа..
ариун Karin өвлийг сүүл өдрүүдийн нэгээр сүмд лаа
хүргэж өгөхөөр Ingeri-ын хамт явна, гадаа дулаахан сайхан байх агаад хэзээний
хавар болсон мэт, хүүхнүүд явсаар нэгэн усан тээрэм дээр ирэх бөгөөд бөө
мөргөлтөн Ingeri шүтлэгийн улмаас цааш хамт явж чадахгүй гээд айн уйлахад
түүний нулимсанд саяхан хэрэлдсэний улмаас үүссэн хорсол гялтганах ба тэд усан
тээрэм дээрээс салцгаана.. үлдэж хоцорсон Ingeri хөгшин, үзэшгүй муухай төрхтэй
хүнтэй тааралдах ба тэр хүн өөрийгөө бусдын хардаггүйг хардаг, сонсдоггүйг
сонсдог гээд хүчиндэх гэж оролдоход Ingeri амжиж зугтаан, Karin-ын араас явна..
ганган гоё хувцастай, залуухан гоо сайхан охин ганцаараа явж байхыг гурван
малчин харах ба тэд бол том нь хэлгүй, дундах нь халзан, бага нь шал нялхаараа
буюу гурван ах дүүс бөгөөд бага дүү нь арван нас орчим бол том нь гуч хүрээгүй бүдүүлэг,
зэрлэг малчид охиныг хараад л шууд хүчиндэхийг хүсэн тачаадана.. тэд Karin-г
тосон уулзаад, гэмгүй сайн хүмүүсийн дүр исгэнэ, охин тэдэнд итгэж найз нөхрийн
үүднээс, сайхан сэтгэлийн үүднээс харьцах ба авч явсан хоолоо өгч энэрэнгүй
хандахад эрчүүд хоолыг нь гутарчихаад охиныг аймшигтайгаар хүчиндээд зогсохгүй шаардлагагүй
байхад зодож ална.. эл явдлыг эхнээс нь дуустал Ingeri зүгээр л харж зогсох бол
малчин ах дүүсийн бага жаал хүү ах нарынхаа аймшигт үйлдэлд цочирдон, бяцхан
оюун ухаанд нь энэ явдал аймшигтай том цохилт болох ба ах дүүс Karin-ын үнэтэй
дээл, хувцасыг цүнхлэн алга болно.. хэл сураггүй болсонд Märeta охиндоо санаа
зовох бол Töre маргааш охин ирчихнэ дээ хэмээн тайван хандахад тэдний хаалгыг
өнөөх хүчиндэгч ах дүүс тогшино, гадаа тэсэхийн аргагүй хүйтэн байна, нэг шөнө
толгой хорогдуулаач гэж ах дүү гурав гуйхад Töre тэднийг гэртээ оруулан бас
хооллодог.. ах дүүс чухам хаана, хэнийд ирсэнээ мэдсэнгүй, тэд гэрийн эзэгтэй Märeta-д
охиных нь гоё дээлийг худалдах гэж оролдох ба ямарч эцэг эх үр хүүхдээ үнэрээр
нь таньдагчлан эх Märeta энэ малчид охиныг нь алсанг зөнгөөрөө мэдэх бөгөөд
нөхөртөө хэлсэнээр кино урлагийн түүхэн дэх нэгэн бодит яргалал бий болсон буюу
Töre махны хутгаар кино урлагийн аймшгийг бүтээжээ.. Шведийн домогт кино найруулагч Ingmar Bergman-ын
энэхүү хүчирхийлэл болон өшөө авалтын сэдэвт бүтээл нь түүнд анхных нь Оскарыг
авчирсан буюу тэр жилийнхээ Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх киногоор
шалгарч байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 682-р байрт жагсаж
буй кино.. Ingmar Bergman дундад зууны Шведийн нэгэн дуулиас киноныхоо зохиолын санааг
олсон, домогт өгүүлсэнээр Per Töre гэгч долоон охинтой бөгөөд долоон охин нь бүгдээрээ
хүчиндүүлж үхсэн ба Ingmar Bergman тус дуулиас кино болоход тохиромжтойгоор нь "Töres
döttrar i Wänge" гэдгийг нь сонгож Шведийн кино зохиолч Ulla Isaksson
түүнийг нь кино зохиол болгожээ.. энэхүү бүтээлд их найруулагчтай олон шилдэг
бүтээл дээр нь хамтран ажиллаж байсан нэрт зураглаач Sven Nykvist болон
жүжигчин Max von Sydow нар бас нэгэн шилдэг хамтралыг үзүүлсэн буюу Max von
Sydow гайхалтай хүчирхэг тоглосон бол Sven Nykvist-ын үзэсгэлэнтэй хар-цагаан
зураглал киноны илэрхий симболизм болох гал ба ус, гэрэл ба харанхуй гэсэн
эсрэгцлийг тод гэрэлтүүлнэ.. кино Шведдээ нээлтээ хийхэд арван таван үзэгч
танхимыг орхин явж, хэд хэдэн үзэгч цурхиран уйлсан гэдэг бөгөөд Америкт ёс бус
хэмээн хүчирхийлэлтэй хэсгийг цензурдаж, зарим мужид хориглож байжээ.. найруулагч Ingmar
Bergman-д уг киногоо бүтээхэд суут найруулагч Akira Kurosawa-ын алдарт Rashomon
(1950) кино том нөлөө үзүүлсэн бөгөөд Ingmar Bergman тус киноны фен байсан ба
миний энэ кино Akira Kurosawa-ын киноны муухан хуулбар гэж хэлсэн байдаг ажээ..
найруулагч Wes Craven дуулиант The Last House on the Left (1972) аймшгийн
киногоо бүтээхдээ Ingmar Bergman-ын эл киноноос ихээхэн урам зориг авсан ажээ.. энэхүү кино нь өшөө
авалт, гэм буруугаа мэдрэх болон шашны итгэл үнэмшил гэсэн ёс суртахууны хэд
хэдэн сэдвийг хөндөж гаргах ба мөн христосын шашин, бөө мөргөл гэсэн хүний
итгэл үнэмшил хийгээд мухар сүсгийн асуудлыг үзүүлсэн.. киноны бүх дүр гэм
буруугийн мэдрэмжтэйгээ тэмцэнэ, Ingeri хүчирхийлэл хийгээд аллагыг зүгээр харж
зогсдог ч сүүлд гэм буруугаа наманчилдаг, Märeta нөхрөө шашин шүтдэггүйд нь,
бас охин нь ээждээ биш аавдаа илүү хайртайд нь нөхөртөө атаархдаг, Töre гэмгүй
шахуу хүүг уурандаа алдаг бөгөөд мөн охиндоо хандах хандлага нь сексийн
мэдрэмжинд чиглэсэн байх боломжтой хэмээдэг..
мөн тус бүтээлд паганизм ба
христосын шашны зөрчлийг харуулна, кинонд паганизм нь атаархал, өшөө авалттай
холбогдож, чөтгөртэй ижил утгатай агаад Töre христост итгэдэггүй, харин өш
хонзонт үйлийг бахтайгаар үйлддэг хэдий ч сүүлд бурханд зориулж сүм барихаа
тангарагладаг.. Töre-ын өшөө авалтыг паганын өшөө авах зан үйлтэй холбох бол киноны
төгсгөлд Töre-ын наманчлал хийгээд өршөөл нь христосын шашинтай холбогдоно.. Karin
болон Ingeri нь эсрэг тэсрэг хоёр талыг илтгэнэ, Karin цэвэр ариун, онгон, бас
үргэлж цэвэрхэн харагдаж, гоё хувцас өмсөх бол Ingeri эсрэгээрээ бохирдсон
төрхтэй, хар бараан өнгийн хувцастай, унах морь нь ч хар ба гэвч жирэмсэн
байдал нь түүнийг цэвэр ариун болгодог.. хавар нь Karin-ын цэвэр ариун, онгон
байдлыг бэлгэдэх бол муу үг хэлж, бузар муухайг харсан Ingeri хаврын уснаас
уудаг нь түүний цагаатгалын бэлгэдэл гэдэг ажээ..
Comments
Post a Comment