Хайрын барилга




Who's Afraid of Virginia Woolf? (1966). Сартай саруулхан шөнө нэгэн гэр бүлийн хоёр үдэшлэгээс таран гэрийн зүг харьж буйгаар өгүүлэх кино маань эхэлнэ.. их сургуулийн үдэшлэгээс уусан архиндаа халамцсан хоёр гангар гунгар хийн алхах буюу үнэндээ эхнэр нь нөхрөө загнах юмуу гоочлох зэргээр үглэн явсаар гэртээ орцгоох ба тэдний орон гэр нь эл хосыг нийгмийн сэхээтэнгүүд болохыг илтгэх номын сан, мөнгөжүү байдлыг нь илтгэх орчин үзэгдэнэ.. эхнэр нэгэн киноны нэр асуух шалтгаар нөхрөө хоргоож, хэрүүл өдөхөд нөхөр энэ ингэж л байдгийн гэсэн байдлаар үл тоох юмуу аядуу байдлаар хариу хандах ба тэд гэртээ орж ирээд бас л архи ууцгаана.. ингээд киноныхоо гол дүрүүдтэй ойртон танилцая: нөхөр буюу George нь тавь гаран настай, эрдэм номын төрхтэй, их сургуулийн түүхийн профессор бол эхнэр буюу Martha нь нөхрөөсөө арай дүү, залуудаа сайхан хүүхэн байсныг нь илтгэх ул мөр одоо бүдэгхэн ч цацарсаар агаад их сургуулийн ерөнхийлөгчийн охин байсан ба энэ хоёр хүн залуудаа яаж танилцсан нь одоо хэнд ч тодорхой бизээ.. George орондоо орж унтах гэтэл Martha өнөөдрийн үдэшлэг маань хараахан өндөрлөх болоогүй, саяын үдэшлэг дээр би залуухан гэр бүлтэй танилцсан, тэгээд гэртээ урьчихсан, одоо ирж байгаа хэмээх бөгөөд George хараалаа барсаар босохоос яахав.. George-г орноосоо босохтой зэрэгцэн уригдсан зочид ирэх бөгөөд киноныхоо бас чухал хоёр дүртэй танилцая: Nick бол их сургуулийн биологийн профессор ба гуч орчим насны бие хаа сайтай царайлаг залуу бол Honey баян айлын эрх охин бөгөөд мангардуу төрхтэй, тэд гаднаасаа аз жаргалтай хос шиг харагдана..
ийнхүү манай дөрөв архи уунгаа танилцаж бас элдэвийг ярилцацгаах агаад Martha болон George дөнгөж танилцсан хүмүүсийн дэргэд зохимжгүй үгээр хоёр бие рүүгээ дайрч, гэр бүлийн дотоод хэрүүлдээ залуу хосыг оруулна, мэдээж залуу хос уг явдалд ичиж бас эвгүйцнэ.. энэ үед Martha, Honey хоёр хувцас болон нүүрний будагаа янзлахаар явсан хойно эрчүүд үлдэн зантайхан ууцгааж, Nick George-оос хүүхдийн талаар асуухад George нэг л бөөрөнхийлсөн, дурамжхан хариулах ба Martha, Honey хоёр эргэж ирнэ, Honey эргэж ирүүтээ George, Martha хоёрын хүүхдийн талаар асууж, маргааш хүүгийнх нь арван зургаан насны төрсөн юмуу? Сая Martha надад хүүхдийнхээ талаар ярилаа хэмээхэд George ярих ёсгүй юм ярилаа гэж эхнэртээ уурлаж хэрүүл үүсгэнэ.. Martha болон George-ын хэрүүл чи ингэдэг, тэгдэг гэх мэтээр хувийн, гэр бүлийн өнгөрсөн асуудлууд руу гулсан орно, нэн ялангуяа Martha нөхрийнхөө өнгөрсөнийг ярьж хорыг нь зэвүүнээр маажих ба энэ үед бие султай, угаасаа ууж чаддаггүй Honey бөөлжиж тэднийг сандаргах буюу азтайгаар нөхцөл байдал дордохоос сэргийлнэ.. Honey-г сэргээх, бас кофе чанахаар Martha гэрт үлдэхэд эрчүүд гадаа цэцэрлэгт гарч уух агаад одоо харин Nick нэлээн муудсан байв, ер нь тэд цөмөөрөө согтсоныг хэлүүштэй.. согтсон Nick эхнэрийнхээ мөнгөнд л татагдсанаа, мөн хуримлах гол шалтгаан Honey-г жирэмсэн болсонд, гэвч Honey үнэндээ жирэмсэн болоогүй байсан, гэхдээ яахав ингээд л амьдарч байна гэхэд George ойлгож байна гээд гэрлэлт гэдэг бол хэзээч баригдаж дуусдаггүй барилга шүүдээ гэдэг.. George нэгэн түүх ярина: нэгэн өсвөр насны хүү байжээ, хүү найзуудтайгаа архи ууж согтоод санамсаргүй, золгүй байдлаар эхийгээ буу алдан хөнөөчихжээ, уг явдлаас болж аав нь амиа хорлосон бол хүү өөрөө сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үлдсэн насаа өнгөрөөжээ.. George-г ярьж дуусахад Martha кофе уу гэсээр эрчүүдийг дуудна.. ингээд зочид явах болж тэднийг George хүргэж өгөхөөр болоход Martha хамт явах ба тэд замдаа нэгэн уушийн газар орж нэмж уухаас гадна бүжиглэцгээнэ, Nick Martha-тай бүжиглэх бол George, Honey хоёр тэднийг харах бөгөөд Nick болон Martha бүжгээрээ George-г илт өдөж бас тохуурах нь, George-ын уурыг хүргэчихнэ.. уурласан George хөгжмийг унтраасанд шартай Martha энэ муу хэзээч хэвлэгдээгүй зохиолынхоо баатар шигээ эцэг эхийгээ алсан байж магадгүй шүү хэмээхэд George эхнэр рүүгээ дайрахад Nick амжиж зогсоодог.. тайвширсан George би та нарт бичих хоёрдахь зохиолынхоо тухай яръя гэх буюу энэ түүх нь жаахан л өөрчилсөн болохоос Nick, Honey хоёрын түүх байх ба мэдээж бүх нууцыг нь илчилсэнд Nick асар уурлаад өшөөгөө авна гэчихээд эхнэрээ дагуулан уушийн газраас гарч явна.. George болон Martha-ын хэрүүл машины зогсоол дээр оргил цэгтээ хүрч George дахиж чамд доромжлуулж, тэнэг үгсийг чинь сонсож чадахгүй гэж хатуу сануулах агаад Martha залуу хосыг даган гэрийн зүг одох бол George хөөрхий хөлөөрөө алхахаас өөр замгүйдэнэ.. George-г гэртээ очиход гэрийнхэн үүдэнд Honey машин дотор унтаж байна, харин унтлагын өрөөний цонхоор Nick, Martha хоёр тэврэлдэн байгаа харагдана.. шал согтуу Honey-г George сэргээх гэж оролдоход Honey баахан юм ярих ба уг яринаас Honey хүүхдээ авхуулсаныг George ойлгоно.. энэ хооронд Martha Nick-г сексдээ тааруу юм гэж зэмлэхэд залуу энэ доройтлоо архи руу чихдэг.. ингээд хагас согтуу дөрөв үүр цайхын өмнө дахин цуглах ба Martha болон George өөрсдийн хүүгийн гадаад байдлын талаар маргах буюу нүдний өнгө нь тийм, үс нь урт богино хэмээн хэрэлдэх нь хачин агаад George хүү маань Martha-ын хэтэрхий их анхаарал халамж болон дарамттай ааш араншингаас болж гэрээсээ зугтаасан гэснээр Martha-г галзууруулах дөхнө.. ингэж хэлэнгүүтээ George сая надад илгээмж ирсэн, Martha чи бид хоёрын хүү авто ослоор үхжээ гэж хэлэхэд Martha галзуурч улангассан амьтан шиг George руу хашгичих буюу чи хүүг минь үхүүлэх эрхгүй, чи яагаад хүүг минь үхүүлж байгаан гэж уйлан хайлах агаад уг явдалд цочирдсон Nick эхнэрээ дагуулан тэр гэрээс гарахад нар мандаж байлаа.. хэзээч хүүхэдтэй байгаагүй, хэзээч хүүхэд олохгүй энэ гэр бүл ядарсандаа унтахаар болоход нар өндрөө авч байдаг.. 
Америкийн тайз, дэлгэцийн нэрт найруулагч Mike Nichols-ын кино урлагийн дебют ажил нь болсон эл бүтээл орчин үеийн кино урлагийн суурь драмын нэг гэгддэг, мөн хамгийн илэн далангуй, сэтгэл уярам драмын нэг эл бүтээлийг театрын жүжгийн зохиол амжилттай дэлгэцийн бүтээл болсон сонгодог жишээний нэг гэдэг бөгөөд уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 781-р байрт жагсдаг бол Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг зуун киноны 67-р байрт эрэмбэлжээ.. энэ гэр бүлийн драм, сэтгэлзүйн драмаараа найруулагч Mike Nichols өөрийн гайхалтай найруулгийн чадвараараа дебют ажлаараа шилдэг кино найруулагч болохоо харуулсан бөгөөд ийм амжилттай дебют асар цөөхөн билээ.. Америкийн нэрт жүжгийн зохиолч Edward Albee-ын ижил нэрт жүжгийн зохиолыг Ernest Lehman кино зохиол болгосон ба Edward Albee-ын эл жүжиг хараалын ёс бус үг хэллэгээрээ олны анхаарлыг татахын сацуу тухайн үеийн үзэгчид Куба улсаас заналхийлэх цөмийн дайны аюулт нөхцлийг мартагнахын тулд уг жүжгийг ихээр зорьж үздэг байсан буюу энэ жүжиг нь тэр цагийн хит жүжиг байв.. шүүмчлэгчид уг жүжгийг кино болговол тэр үеийн холливуудыг үндсээр нь өөрчлөхийг ойлгож байсан гэдэг бөгөөд энэ тал дээр туршлагатай Ernest Lehman кино зохиол болгож Mike Nichols найруулсанаар тус кино маань тэр жилийнхээ Оскарын наадамд боломжит бүх төрөлд буюу арван гурван төрөлд (өөр ийм амжилт үзүүлсэн ганц кино байдаг нь Cimarron 1931) нэр дэвшээд шилдэг эмэгтэй гол дүр (Elizabeth Taylor), шилдэг туслах эмэгтэй дүр (Sandy Dennis), шилдэг тайз засал (Richard Sylbert, George James Hopkins), шилдэг зураглаач (Haskell Wexler гайхалтай ажилласан) болон (Irene Sharaff) шилдэг хувцас загвар гэсэн таван төрөлд ялалт байгуулсан.. киноны гол дүрүүдэд: тухайн цаг үеийнхээ хамгийн сайхан хүүхнүүдийн нэг байсан Elizabeth Taylor \Англи-Америкийн жүжигчин тэрээр хоёр удаа Оскар хүртсэн ба Америкийн кино хүрээлэнгээс түүнийг хамгийн аугаа эмэгтэй жүжигчдийн долоод эрэмбэлсэн\, тухайн үеийнхээ хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг байсан Richard Burton \ Уэльсийн жүжигчин тэрээр Оскарт долоон удаа нэр дэвшиж байсан ба Elizabeth Taylor-той хуримлаж байсан \, Америкийн жүжигчин, дуучин George Segal болон Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин Sandy Dennis нар үнэхээр гайхалтай тоглосон.. киноны хөгжмийг Америкийн хөгжмийн зохиолч Alex North сэтгэлд хоногшим бичсэн байдаг.. 1965 онд кино хийгдэж байх үед Elizabeth Taylor 33 настай байж, харин түүний бүтээсэн дүр Martha 52 насных байсан ба хожим Elizabeth Taylor уг дүрээ өөрийн шилдэг тоглолтоор нэрлэжээ.. Энэ кино нь Elizabeth Taylor болон Richard Burton нарын нийт хамтран тоглосон арван нэгэн киноных нь дөрөвдөх нь байжээ.. Жүжигчин Sandy Dennis кино хийгдэж байх үед жирэмсэн байсан ба зураг авалтын үед үр зулбаж байж..

Comments