Ариун хүүхдүүд




The Dreamers (2003). Залуу хүмүүст гэмт хэрэгт дурлах үе байдаг хэмээн нэгэн философич хэлсэн байдаг.. залуусын хүсэл, мөрөөдөл хийгээд сониуч, зоргоороо, тодорхойгүй үеийг Италийн нэрт кино найруулагч Bernardo Bertolucci өөрийн арга барилаар тунхагласан нь кино урлагийн алтан санд үзээд, үзээд ханашгүй гайхамшигтай бүтээл болж үлджээ.

Энэхүү романтик драм нь хэт илэн далангүй секс дүрслэл хийгээд нүцгэн шалдан зураглалтай учраас насанд хүрэгчдэд зориулсан кино ба киноны зохиолыг Шотландын зохиолч Gilbert Adair-ын “The Holy Innocents” гэдэг роман дээрээс сэдэвлэжээ.. харьцангүй саяхны бүтээл боловчиг, тус киноны залууст үзүүлсэн нөлөө тэртээх  Францын найруулагч Francois Truffaut-ын “Jules and Jim” кино шиг шуугиан тарьж байсан ба Truffaut-ын хоёр эрэгтэй, нэг эмэгтэйн ээдрээд харьцааг арай өөрчлөн орчин цагт авчирсан.. Bernardo Bertolucci киногоо этгээд, их радикал гаргаж өгсөн нь залуу хүний доторх шуурга, эрч хүчийг зүйрлэсэн болов уу гэмээр бөгөөд найруулагч залуу насаа дурссан буюу Францын кино урлагт гарсан “шинэ давалгаа”-нд хамаарагдах олон аугаа бүтээлд хүндлэл үзүүлэхээс гадна тухайн бүтээлүүдийн хэсгээс шууд кинондоо ашигласан нь үүнийг гэрчилнэ, үүгээрээ кино сонирхогчдод зориулсан кино гэж болно..

Жараад оны Францын залуус жинхэнэ кино хорхойтнууд байв, тэд киногоор өвчлөн, киногоор амьдарна, гэхдээ киног дээд зэргээр мэдэрч чаддаг, урлагийн өндөр соёлтой, боловсролтой тийм үзэгчид зөвхөн тэр үед л байсан гэдэг агаад 1968 онд Францад нэгэн их сургуульд гарсан багахан хэмжээний жагсаал өргөжсөөр улмаар улс даяар засгийн газраа эсрэгүүцсэн боссон залуусын хөдөлгөөн болсон нэг шалтгааныг тэр үеийн “шинэ давалгаа”-нхны нөлөө байсан гэж үздэг бөгөөд кино маань тэр үеийг, тухайн цаг үеийн залуусын амьдралыг харуулдаг.. секс, улс төр болон кино урлагийг гоо зүйтэйгээр холбож өгсөнөөс гадна киноны гол гурван баатар байрандаа архи ууж, мансууран, хүсэл тачаалдаа согтон, мөн кино урлагийн ертөнцдөө гаднаас тусгаарлагдан оршиж байхад гадаа гудманд жагсаал цуглаан болж, өмхий самхай дэгдэж байдаг бөгөөд уг бүтээл нь кино урлагийн цар хүрээ, хүч чадлыг мэдрүүлнэ.. киноны хэт илэн далангүй сценүүд ёс зүйгүй мэт анхны сэтгэгдэл төрүүлэх хэдий ч сайн ухаж үзвэл гол санаа, илэрхийлэмжээ цаанаа “нуусан” гэмээр ба нэрт кино шүүмжлэгч Roger Ebert уг киног гайхамшигтай үзэсгэлэнтэй гэсэн байдаг..

Bernardo Bertolucci цэвэр өөрийн арга, дүрслэлээр бусад уран бүтээлүүдэд хүндлэл үзүүлсэн бөгөөд судлаачид уг киног “Last Tango” болон “Stealing Beauty” гэсэн хоёр бүтээлийнх нь холимог хэмээсэн байдаг, мөн залуу насны гуа үзэсгэлэн хийгээд урлагийн, тэр дундаа кино урлагийн эстетикийг харуулж чадсан.. найруулагч Bernardo Bertolucci эх зохиолд байсан гомо секстэй хэсгийг арай хэтийдсэн зүйл болно гээд хассан байдаг ба мөн нүцгэн шалдан сцен хийгээд задгай секс хэсгүүдээс болж жүжигчиний замнал нь баларна гэж Eva Green-г энэ кинонд тоглохгүй байхыг эцэг эх нь, бас агент нь хориглож байжээ.. киноны гурван гол дүр юу ч хийхээс буцахгүй ба тэдэнд тогтсон дүрэм үгүй, гаж бас зоргоороо, гэвч дотоод ертөнцдөө амьдрагчид юм, жараад оны Франц залуус ийм л задгай, гэхдээ оюунлаг байсан болов уу гэмээр.

 Тэр үед очоод амьдарч үзмээр санагдах агаад нэг үзсэн байхад амьдралын турш санаа бодолд хадагдаж үлдэх маш ер бусын хүчтэй кино ба 2000-аад оны хамгийн сайн киноны нэг.. киноны үйл явдал дээр дурдсан жагсаалын үеэр болно.. оюутан солилцооны журмаар Matthew Парист ирнэ. Ингээд Cinémathèque Française-ын гадаах жагсаалыг сонирхож яваад өөрсдийгөө ах дүүс \ихэрүүд\ гэж танилцуулсан Théo болон Isabelle нартай тэрээр дорхоноо нөхөрлөж орхино.. ах дүүс гадна байдлаасаа ч тэр оюун сэтгэлгээгээрээ ч содон, сэтгэл татам хүмүүс байв. Matthew шууд л Isabelle-д дурлана.. дараа өдөр нь Matthew-г тэд гэртээ урьж оройн хоол идэцгээнэ. Шөнө болсон тул Matthew тэднийд хононо. Шөнө нь шээхээр явж байхдаа дутуу хаагдсан хаалгаар шагайхад Théo, Isabelle хоёр чармай нүцгэн нэг орон дээр унтаж байдаг. Маргааш өглөө Théo, Isabelle хоёрын эцэг эх хэд хоногоор гадагшаа явж байгаагаа хэлнэ. Ах дүү хоёр ч Matthew-г гэртээ энэ хугацаанд хамт байхыг хүснэ.. ингээд залуус өдөржингөө вино ууж, тамхи татангаа улс төр, хөгжим, кино, мөн секс ярилцана.. тэд киноны сценүүдийг хоорондоо дууриаж тоглох болон eric clapton, Jimmy Hendrix хоёрыг харьцуулан, Chaplin, Keaton хоёрын аль нь шилдэг болох талаар маргалдана.. 

Мөн Вьетнамын дайныг шүүмжлэн, Маозимыг ч хөндөн ярилцана.. тэгсээр шийтгэлтэй кино тааврын тэмцээн болж Théo ялагдаж тэдний өмнө гарын ужид хийнэ. Дараа нь Isabelle ялагдахад Matthew-тэй секс хийх шийтгэл авдаг ба шийтгэл бол шийтгэл.. Isabelle харин онгон байжээ.. мөрөөдөгчдийн дууриан тоглодог кинонууд: Shock Corridor - 1963, Queen Christinа - 1933, Scarface - 1932, Top Hat - 1935, Bande à part - 1964, Freaks - 1932, Les Dames du Bois de Boulogne -  1945, Mouchette - 1967 гэсэн кинонууд байдаг бол киноны хөгжмөөр бид Bob Dylan, The Doors, Edith Piaf, Janis Joplin болон Jimi Hendrix нарын аваргуудаас сонсох болно.. гол дүрүүдэд: Францын жүжигчин Louis Garrel \энэ кинонд тоглож алдаршсан\, Америкийн жүжигчин, хөгжимчин Michael Pitt \энэ кинонд бүтээсэн дүрээрээ хожим илүүтэй дурсагдах болов уу\ болон Францын жүжигчин, модел Eva Green \энэ кино нь түүний анхны кино байсан\ нар сэтгэлд хоногшим тоглоцгоосон.. Eva Green-гүйгээр уг киног төсөөлөмгүй бөгөөд тэрээр үргэлж дураараа, дэндүү тачаангуй, ялдамхан Isabelle дүрээрээ төсөөлөгддөг өө.. мөн кино урлагийн түүхэндэх хамгийн сэтгэл татам, халуухан дүрийн нэг болсон билээ.. сонирхуулахад, Matthew-ын дүрд тоглох саналаас Leonardo DiCaprio татгалзаж байсан агаад учир нь тэрээр The Aviator (2004) тоглохоор болоод байжээ.. эцэст нь кино донтонгууд мандтугай..

Comments