His Girl Friday (1940). Феминизмыг
үл таашаагч Америкийн домогт кино найруулагч Howard Hawks-ын энэхүү романтик
комеди, ойворгон комедийг хамгийн инээдтэй бөгөөд хамгийн хурдан харилцан
яриатай комеди гэж зарим шүүмжлэгчид үздэг ба Америкийн кино хүрээлэнгээс
гаргасан шилдэг зуун инээдмийн киноны 19-р байрт жагссан бол Premiere сэтгүүл
бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 комедийн тоонд оруулсан агаад эл бүтээл маань бүх
цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 148-р байрт жагсдаг.. киноны зохиолыг 1928
онд Broadway театрт The Front Page нэртэйгээр тавигдсан жүжгийн зохиолоос
сэдэвлэн дэлгэцийн бүтээл болгосон агаад өмнө 1931 онд мөн The Front Page
нэртэйгээр кино болоод байсныг \хожим 1974 онд Billy Wilder эх зохиолоор нь бас
кино хийсэн\ Howard Hawks өөрийнхөөрөө дахин хийсэн нь хамгийн алдартай
хувилбар болжээ..
Америкийн жүжгийн зохиолчид болох Ben Hecht болон Charles
MacArthur нарын анхлан Broadway-д зориулж бичсэн жүжгийн зохиол хэд хэдэн кино
болсоноос гадна олон удаа жүжиг хэлбэрээр театрт тавигдсан байдаг ба Howard
Hawks кино зохиол дээрээ 1931 оны хувилбарт кино зохиолчоор бас ажилласан Charles
Lederer-г урьж ажлуулсан агаад эх зохиолын зарим зүйлсийг өөрчилсөн буюу
сурвалжлагчийг эмэгтэй болгож, ингэхдээ редакторын экс эхнэр болгон улам
сонирхолтой болгосон бол мөн нэмж шинэ дүр \Bruce Baldwin – сурвалжлагчийн сүйт
залуу\ оруулаад харилцан ярианы зарим хэсгийг өөрчилжээ.. киноны гол дүрүүдэд
Англид төрсөн Америкийн жүжигчин, классик холливууд эриний гол эрэгтэй
жүжигчдийн нэг Cary Grant тэргүүтэй Америкийн жүжигчин, комедиан Rosalind
Russell болон замнал нь жаранхоёр жил үргэлжилсэн Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин
Ralph Bellamy нар тоглосон ба киноны олон хэсэгт Cary Grant бэлтгэлгүйгээр шууд
өөрийнхөөрөө зохиомжлон жүжиглэж байсан нь эдүгээ алдаршсан.. найруулагч Howard
Hawks сурвалжлагчийн дүрдээ Carole Lombard-г тоглуулахыг хүссэн ч хэт үнэтэй
гээд больсон ба Katharine Hepburn, Ginger Rogers, Irene Dunne нар тус дүрээс
татгалзаж, эцэстээ Rosalind Russell-д сурвалжлагчийн дүр очжээ..
Bringing Up Baby, Twentieth Century
болон эл бүтээлийг ойворгон комеди жанрын жишиг кинонууд гэдэг бөгөөд судлаачид
уг киноны талаар: маш сайн кино зохиолтой, дүрэлзсэн хэмнэлтэй, дээд зиндааны
жүжигчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд найруулагчийн чадварлаг ажиллагаатай энэхүү
кино нь нэгдүгээр зэрэглэлийн зугаатай, хөгжөөнтэй киноны бүх чанарыг агуулсан
хэмээжээ.. энэхүү бүтээлийн бусад ойворгон комеди жанрын киноноос ялгарах,
онцгойрох зүйл нь дүрүүдийн маш хурдан ярилцах харилцан яриа ба энгийн кинонд
минутад 90 орчим үг хэлэгддэг бол энэ кинонд минутад 240 үг хэлэгддэг бөгөөд Howard
Hawks түргэн өрнөх харилцан яриаг бичиж авах гэж олон микрофон ашиглаж байжээ..
киноны нэр His Girl Friday ба "Friday" гэдэг нь киноны сурвалжлагчийн
дүрийг буюу энэ нь эзэний үйлчлэгч гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд сурвалжлагч
кинонд ийм байдалтай гарахгүй харин ч редактортойгоо ижил түвшинд гардаг.. найруулагч
Howard Hawks уг киногоороо хүйсийн ялгааг тодотгох гээгүй, харин ч оюун ухаан
хийгээд ур чадвар л бидний ялгаа шүү гэсэн санааг агуулсан ажээ..
сурвалжлагч
би өөрийгөө эмэгтэй хүн шиг мэдэрмээр байна гэсээр кино маань эхэлдэг, гэхдээ
тэрээр энэ хэвээрээ ч арай өөрөөр амьдармаар байгаагаа илэрхийлдэг бөгөөд Howard
Hawks эргэн хуримлаж буй дүрүүдээрээ гэрлэлт, гэр орон хийгээд гэр бүл гэсэн
ойлголтыг жигшдэг болохоо уг бүтээлээрээ илэрхийлсэн гэдэг.. кино камерын
хөдөлгөөн хийгээд харилцан яриагаар гэр бүлийн амьдралын аар саар зүйлсийг шүүмжилсэн
гэдэг ба энэхүү кино нь бусад олон комеди киноны адилаар найдваргүй, бүтэлгүй
хайрыг баяртайгаар, мөн зугаатайгаар дүрсэлжээ.. киноны төгсгөлд сурвалжлагч
уйлдаг хэсгийг судлаачид сурвалжлагч эмэгтэйлэг чанараа эцэст нь илчилсэн бус
мэргэжлийн мөн чанар нь эмэгтэйлэг мөн чанартайн мөргөлдсөнөөс үүдсэн цөхрөлийн
нулимс гээд сурвалжлагчийн эмэгтэйлэг тал нь эрэгтэй хүнд захирагдахыг, бас
сексийн хувьд хамааралтай байхыг хүсдэг ба мөн нөгөө талдаа хүүхнийг хэвшмэл эмэгтэйлэг
хариуцлагаа ухамсарлахыг хүсдэг бөгөөд түүний нулимс сэтгэл хөдлөлийнх нь
хоосныг болон уур хилэн нь эр хүний өмнө хүчгүйдэхийг илэрхийлнэ..
Howard Hawks-ын
ихэнхи киноны гол дүр ёс суртахууны доройтолд орсон байдаг ба энэ гол баатрууд
хэзээч өөрчлөгдөх юмуу сайжирдаггүй бөгөөд энэ киноны редактор амиа бодогч,
тархи угаагчийн дээр ашигтай бол ээж шигээ хөгшинийг ч алж чадахыг бид киноноос
харах агаад киноны төгсгөлд тэрээр сурвалжлагч өөрийг нь үзэн ядаж байна уу, ер
нь ямар ч хариу сонсохыг хүсэхгүйгээр дахин хуримлах саналыг бараг хүчээр
тулгадаг дураараа, их аминч хүн бөлгөө.. ингээд киноны төгсгөлд салсан хосууд
дахин нийлэх хэдий ч тэд огт тэврэлдэх, үнсэлцэх хийгээд хоёр бие рүүгээ
романтикаар харахгүйн энд ямарч романтик харилцаа байхгүйг гэрчлэх бөгөөд үзэгч
редакторыг ухаажин сайн нөхөр, романтик залуу боллоо гэж бодоход тийм биш тэр
яг хуучин янзаараа өөдгүй, ажлаал бодогч бол сурвалжлагч шинэ амьдрал хүсээд эргээд л
гэртээ ирж буй хүлцэнгүй, дорой хүүхэн болой.. найруулагч Howard Hawks эл
бүтээлдээ тамхийг ухаалгаар ашигласан байдаг ба сурвалжлагч сэжигтэнтэй уулзаад
тамхи татахыг санал болгохол сэжигтэн зөвшөөрсөн ч тамхийг татдаггүй, мөн
тамхийг авсан ч хуваалцахыг хүсдэггүйн хэвлэл мэдээллийн хүн, жирийн хүн хоёрын
ялгааны симбол болгожээ.. кино маань мэргэжлийн болон романтик гэсэн хоёр
сэдэвтэй бөгөөд гол дүрүүд маань хайр сэтгэлээ аврахаар оролдохын дээр хүн
амины хэрэгт сэжиглэгдсэн гэмгүй нэгнийг аврах гэж зүтгэнэ..
кинонд сурвалжлагч
болон редактор хоёр маш хурдан ярьж, харин туслах дүрүүд болох Bruce, Earl нар
удаанаар ярьдаг нь кинон дээр хэн нь ухаантай, хэн нь мангар болохыг ялган
харуулах буюу мэдээж мангарууд нь Bruce, Earl хоёр.. энэ кино бол анхнаасаа
хурц байгаагүй өргөс хэзээч хурц болохгүй гэдэг үгийг батлах ба эргэж ойсон,
буцаж ирсэн тийм муухай зан араншиг дүрсэлсэн кино.. ингээд, киноны үйл явдлыг
товчхон: улс орны том сонины редактор Walter салсан эхнэр буюу өөрийн хуучин сурвалжлагч
Hildy-тэй хэсэг хугацааны дараа уулзахдаа энэ хүүхнээ хайр сэтгэлийн үүднээс
болон ажил хэргийн үүднээс алдаж болохгүйгээ ухаарах бөгөөд тэд хамтдаа
чөтгөрийг ч мангартуулж чадах ажгуу.. тэд дахин уулзахад Hildy даатгалын
компанид ажилладаг Bruce гэгчтэй хуримлахаар төлөвлөөд байгаагаа хэлэх бөгөөд
энэ үед улс даяар томоохон хүн амины хэрэг гарч баахан шуугиан дэгдээнэ.. Walter
эл хэргээр дамжуулан эхнэрээ дахин өөрийн болгох гэж оролдохын дээр нэр төр,
хөрөнгө мөнгөний араас улайран зүтгэхэд үзэгч бид түүнийг уухайлан дэмждэг
билээ..
Comments
Post a Comment