Үхэж буй Хун






A Woman Under the Influence (1974)
. Nick-ын гэр бүл нэгдсэн улсын ажилчин, дундаж давхаргыг төлөөлсөн байдаг л нэг гэр бүл бөгөөд дөч орчим настай өрхийн тэргүүн Nick эхнэр болон арав хүрээгүй гурван хүүхдийн хамт амьдрах ба тэрээр уурхайд ажилладаг, гэртээ удаан байх нь ховор, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нийлдэг хэдээ толгойлох маягтай их нийтэч хүн болой.. эхнэртэйгээ бүтэн өдөр романтик байхын тулд Nick эхнэртэйгээ ярилцан хүүхдүүдээ хадмынх руугаа явуулчихаад өөрөө ажлаасаа эртхэн харьж ирэхийг бодтол гэнэт төлөвлөөгүй ажил гаран нэг өдрөөр харих нь хойшлох ба Nick-ын найзууд түүнд хандан: чи ч өнгөрсөөн, танай эхнэр галзуу даа хэмээхэд Nick уурлан: тэр маань галзуу биш, зүгээр л жаахан этгээд, хоол хийнэ, юм угаана, ёож хатгана бас хурьцал хийнэ, эхнэр хүний чадах бүхнийг хийнэ гэдэг.. Nick хэзээ язаагүй дэлбэрэх галт уул шиг огцом ууртай, бүхнийг загнасан, хамт байхад түвэгтэй байрын хүн бөлгөө.. Nick-ын эхнэр Mabel хүүхдүүдээ ээждээ өгч явуулчихаад нөхрөө хүлээн ядах ба ирж чадашгүй болсныг нь утсаар ярьж мэдчихээд ганцаараа гадагшаа гарч бааранд уухдаа нэг залуутай танилцаад гэртээ авчиран хамт хоночихно, Mabel мэдээж согтуу байсан ба өглөө үл таних эртэй сэрээд хачин этгээд аашлан залууг хөөж явуулсанаас төд удалгүй Nick ажлынхаа арваад залуустай хамт гэртээ ирэн бөөн хоол унд болцгооно..
хоолны үеэр Mabel бүх хүмүүсийн нэрийг асууж танилцах агаад үнэндээ хүүхэн тэднийг эртнээс мэддэг ч мартсан уу, эсхүл зориуд тоглож байна уу гэдэг нь үл ухагдах ба хоолны үеэр эвгүй зан гаргасан Mabel нөхөртөө зад загнуулсанаар зочид гэрт үүссэн эвгүй уур амьсгалын улмаас харьцгаасны дараа эхнэр, нөхөр хоёр эвтэй найртайн аргагүй орондоо ордог.. Mabel бол тэрсхэн төрсөн хүүхдүүдээ хардаг гэрийн эзэгтэй бөгөөд нөхрийнхөө ая тал, сайн сайхны төлөө бүхнээ зориулагч, бүр хэтэрхий хичээгч ч гэж болохоор нэгэн юм.. тэр өдөртөө Mabel-ын ээж хүүхдүүдийг нь дагуулан гэрт нь ирэх бөгөөд энэ үеэр Mabel-ын ааш авир туйлбаргүй, хурц, ойлгомжгүй болж ирсээр Nick-ын ээж гэрт нь ирэх үед бүрэн садарч, дэлбэрч, өөрөөр хэлбэл галзуу юмуу, эсхүл согтуу, мансуурсан мэт аашлахад нь эмч дуудан байж тайвшруулдаг ба улмаар Mabel сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэнэ.. эхнэрийн эзгүйд Nick хүүхдүүдээ харж асрах гэж хэрэндээ л хичээсэн ч яагаад ч эхнэрээ орлохгүйгээ, хүүхдүүдээ муу харж буйгаа ойлгох агаад үүнд тэрээр хүүхдүүддээ пиво уулган согтоосноор харагддаг.. ингээд зургаан сарын дараа Mabel эмнэлэгээс гарч ирэхэд Nick баярын үдэшлэг шиг баахан зочин гэртээ урьсан байх агаад сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс дөнгөж гарч байгаа хүнийг тайван, чимээгүй орчинд байлгах хэрэгтэй гэсэн ээжийнхээ үгийг Nick хүлээж авсанаар зочдоо тараагаад зөвхөн хадмууд болон өөрийнхөө гэр бүлээс хэдхэн хүн үлдээнэ.. Mabel гэртээ маш ядарсан төрхтэй орж ирээд шууд л хүүхдүүдтэйгээ уулзахыг хүсэх бөгөөд эх, үрсийн тэврэлт, бэтгэрсэн нулимсыг төсөөлөхөд ч бэрх..

 гэр бүлийн уулзалт Mabel-ын эрүүл болсон эргэн ирэлтээр эхлээд Mabel-ын дахин цочрол, хилэн, солиорлоор дуусч бүх хамаатан садан гэрээс явж Mabel, Nick хоёр хэвийн байдалтайгаар орондоо орсоноор кино өндөрлөдөг.. энэхүү бүтээл нь үзэхэд хамгийн хэцүү киноны нэгээс гадна эмэгтэй хүний мөн чанарын талаарх хамгийн шилдэг киноны нэг билээ.. кинон дээр бие махбодийн болон сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл гарахдаа киноны баримтад кино шиг зурагласан арга барилаас, жүжигчдийн бодит мэт тоглолтоос үзэгчдэд энэ бол кино биш харин хэн нэгний хувийн бичлэг юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.. эл бүтээл тэр чигээрээ сэтгэлзүйг хүчирхийлэх машин ба киноны турш үзэгч тавгүйтэн, эвгүйтэн, ичин бас айх ч Nick болон Mabel хоёрын хайрыг хүндлэнэ, нэг ёсондоо галзуу Mabel-г Nick л ойлгон хайрлах бол ууртай Nick-г Mabel л хүлээн авна.. Mabel нөхөртэйгөө хоёулахнаа байхдаа энгийн байх бол дэргэд нь гадны хүмүүс байхад хачин, сонин болчихдог нь үзэгчид нууцлаг агаад Nick, Mabel хоёрын хайр бол зөвхөн тэр хоёр хүний нандин, дахин давтагашгүй \энэ нь гаж байсан ч хамаагүй\ хайрын харилцаа юм гэдгийг энэ кино харуулна.. Mabel киноны эхэнд солиоров уу, эсхүл дундаас уу, ер нь солиотой байсан юмуу гэдэг нууцлаг ба энэ хүүхнийг бид киноны төгсгөлд хүндлэн, сайнаар бодно.. киноны эхэнд Nick найзуудаа гэртээ авчирдаг хэсэгт, Nick-ын хүүхдүүдтэйгээ далайн эрэгт тоглох хэсэгт, мөн Mabel-ын эмнэлэгээс гардаг хэсэгт гээд киноны гол хүнд хэсгүүдийг гурван хэсэгт хувааж болох ба кино  хоёр цаг сэтгэлзүйгээр тоглоно.. 

Америкийн бие даасан кино урлагийг үндэслэгчдийн нэг John Cassavetes-ын гэрлэлтийн драм, сэтгэлзүйн драм жанрын уг кино нь түүний хамгийн шилдэг ажил хэмээн үзэгсэд байдаг ба эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 97 байрт жагсдаг.. киноны гол дүрүүдэд: Peter Falk \Америкийн жүжигчин тэрээр ТВ-ын цуврал Columbo киногоороо алдартай\ болон John Cassavetes-ын эхнэр Gena Rowlands \жүжигчиний замнал нь жаран жил үргэлжилсэн Америкийн жүжигчин тэрээр John Cassavetes-ын муза нь байв\ хоёр тоглосон агаад шүүмжлэгчид тэдний тоглолтыг шагшин магтахдаа нэн ялангуяа Gena Rowlands-ын аймаар, галзуутай тоглолтыг цахилгаантай зүйрлэсэн байхад би хувьдаа Gena Rowlands-ын тоглолтыг дэлгэцийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчиний тоглолтын нэгээр нэрлэнэ, мөн Peter Falk магадгүй замналынхаа оргил дүрээ энэ кинонд бүтээсэн болов уу.. 

найруулагч John Cassavetes киноныхоо зохиолоо ерөнхийдөө эхнэрынхээ жүжиглэх байдлаас урам зориг авч бичсэн бөгөөд маш эрч хүчтэй зохиолыг ухаалгаар, бүтээлчээр дэлгэцнээ буулгасан гэж түүнийг биширдэг ба John Cassavetes бие даасан уран бүтээлч болохоор киногоо бүтээхэд санхүүгийн асуудалтай нүүр тулгараад байшингаа барьцаанд тавьж, найз нөхдөөсөө мөнгө зээлсэн гэдэг.. түүнд мөнгө зээлсэн хүмүүсийн дотор Peter Falk байсан агаад зохиол маш их таалагдсан болохоор мөнгө зээлсэн гэдэг бол Gena Rowlands мөнгөний гачигдлаас болж үс засалт болон нүүр будалтай өөрөө хийдэг байжээ.. энэ кино бол Gena Rowlands, John Cassavetes хоёрын хамтран бүтээсэн арван нэгэн киноны нэг бөгөөд мөн эл кинонд тэдний охин Xan Cassavetes дүр бүтээсэн байдаг.. кино Оскарт шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч гэсэн хоёр төрлөөр нэр дэвшсэн байдаг ба энэ кино бол нэгдсэн улсын бие даасан кино урлагийг төлөөлсөн гол бүтээлүүдийн нэг болой..

Comments