Миний үзэсгэлэнт Дульсинея


Lars and the Real Girl (2007). Хөдөөний жижиг хотод гуч орчим настай Lars \Ryan Gosling\ гэгч ичимхий, дуу цөөтэй, ихэнх цагийг ганцаараа өнгөрөөх залуу ах болон бэр эгчтэйгээ хамт амьдрах буюу бүр нарийвчилан хэлбэл Lars ах, эгч хоёрынхоо байшингийн чанх урд байрлах гараж-д ганцаар амьдрах ба ахынхаараа зочлох нь өдрийн од шиг бөлгөө..

 олон нийттэй бараг харьцдаггүй, хэтэрхий бүрэг, бас одоо хүртэл найз охингүй Lars ажил дээрээ нэр хүндтэйгээс гадна сүмд байнга явдаг, хэзээ ч хэнтэй ч хэрүүл зодоон хийж байгаагүй, бүр чанга ч бараг дуугардаггүй ба түүнийг хотынх нь хүндэлж, хэвийн бишид нь санаа тавин битүүхэн өрөвдөн хайрлана.. Lars-г ах нь гэртээ оройн хоол идэхийг урьж буйгаар кино маань эхлэх бөгөөд ахыг нь Gus \Paul Schneider\ гэдэг бол бэр эгчийг нь Karin \Emily Mortimer\ гэнэ, Karin жирэмсэн, мөн Lars-д үргэлж санаа тавин анхаарч нөхрөө дүүтэйн ойр байлгах гэж хичээх ба энэ оройн хоол бол түүний санаа юм.. ах Gus нь дүүдээ түвэг болохгүй гэдгээс үү, эсхүл угаасаа дүү нь этгээд учир өөрийг нь сонсохгүй гэдгээс үү, дүүгээ тэгтэл тоохгүй агаад Lars ч ахтайгаа хөрш атлаа танихгүй хүн шиг гараж-даа бүгнэ.. 

Karin болон Gus Lars-ын дэндүү зожигт санаа зовж энэ талаар уулзаж ярилцая, бас ганц бие байгаад нь ижил хүйстэнээ сонирхогч юм болов уу гэж түгшицгээнэ.. ингээд, нэлээд гуйлга болж байж Lars ахындаа хоол идэхээр ирдэг ч бараг юм идэлгүйгээр үл барам би сайн байгаа, асуудалгүй гэсээр зугтаах шахуу гараж-даа орчихно.. Margo \Kelli Garner \ гэх шаргал үстэй хүүхэн Lars-тай хамт ажиллах агаад Lars-д сэтгэлтэй, үүнийгээ ч нуулгүй ил тод илэрхийлж байхад хүмүүс тэднийг нийлчихээсээ гэж хүснэ, харин Lars л хүүхнээс дөлж зугтаана.. нэг өдөр Lars-ын ажлын порно үзэх дуртай залуу Lars-д шинэ сайт олсоноо олзуурхан хэлэх бөгөөд энэ нь секс хүүхэлдэй захиалгын сайт байна, өөрөөр хэлбэл уг сайтаас хүссэн арьстай, хэлбэртэй, төрхтэй секс хүүхэлдэйгээ захиалах боломжтой ажээ..
уг явдлаас сарын дараа Lars-ын гаражын үүдэнд том хайрцагтай илгээмж ирнэ, энэ бол Lars-ын захиалсан секс хүүхэлдэй бөгөөд хар үстэй, латин төрхтэй энэ секс хүүхэлдэйг Bianca хэмээнэ.. Lars хайрцагаа нээхээсээ өмнө гоё хувцсаа өмсөн үс зүсээ засан яг жинхэнэ хүнтэй уулзах гэж байгаа мэт сандран ичих ба хүүхэлдэйтэй бодит, амьд хүн шиг харилцан бас ярилцана.. дэгжин, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан Lars ахынхаа хаалгыг тогшоод: над дээр нэг зочин ирсэн, англи хэл мэдэхгүй гадаадаас ирсэн, суумгай бас их шашин шүтлэгтэй учраас надтай хамт хонох боломжгүй байна, танайд хонож болохуу хэмээн асуухад ах, эгч хоёр нь туйлгүй баярлаад ямар хүн байх нь хамаагүй аваад ир, хооллоод бас ээжийн өрөөнд хонуулъя гэцгээнэ.. 

 Lars, Bianca, Karin болон Gus дөрөв хамт хоолны ширээнд сууна, Lars хэзээч байгаагүйгээр яриа үүсгэхдээ Bianca-тай шивнэлдэн, мөн хоолоо сайн идэх ба Gus, Karin хоёр харж буй зүйлдээ итгэхгүй, Gus дүүгээ галзуурчиж, эмнэлэгт хүргэж өгье гэхэд Karin тайван байж асуудлыг ухаалгаар шийдье гэнэ.. тэр шөнө Bianca Lars-ын ээжийн өрөөнд унтахаар болж, харин Gus, Karin хоёр ухаан сийлж Lars-д хандан: найз охин чинь холын аялалаас болж өвдөж маргааш Dagmar эмчид үзүүлье гэнэ, ингэдэг нь Bianca-р халхавчилан Lars-г эмчид үзүүлэх арга байв.. эмч Lars-г үзээд бага насандаа ганцаардаж, айж байснаас үүдэлтэйгээр бий болсон сэтгэлзүйн эмгэг буюу төөрөгдөл, оюун ухаандаа Bianca гэдэг хүнийг бүтээсэн, шууд эмчлэх боломжгүй, аажмаар эмчлэгдэнэ, энэ хэвээр нь явуул гэх бөгөөд Lars-д хандан:  Bianca чинь өвджээ, амралтын өдрүүдээр та хоёр хамт ирж байгаарай хэмээхэд санаа зовсон Lars мэдээж зөвшөөрнө..

 ийнхүү Bianca Lars-ын ээжийн өрөөнд үлдэхээр болж Lars унтахаас бусад цагийг ахындаа Bianca-тай хамт өнгөрүүлнэ, энэ явдалд Gus бухимдан бас ичихэд Karin ойлгохыг хичээх ба Lars-г Bianca-тайн хамт сүмд явуулах эсэх талаар бяцхан хурал болж хүмүүсийн санал хуваагдахад нэг эмэгтэй: та нар муур нохойндоо хувцас хунар өмсүүлдэг, та нар харь гариг мэтийн зүйлсэд мөнгөө өгдөг, энэ чинь үүнээс ялгаагүй, Lars сайн залуу түүнд бүгдээрээ тусалъя хэмээснээр тэд Lars-ын байдлыг ойлгон Bianca-тай яг амьд хүн шиг харилцаж эхэлдэг.. олны дунд шоолох, бухимдах, зэвүүцэх хүмүүс бишгүй байв, энэ дунд Margo ихээхэн эмзэглэж ажлынхаа өөр залуутай болзож эхлэх үед Lars Bianca-тайгай нуураар зугаалж, дуу дуулж өгөн бүр үдэшлэгт хүртэл хамт очих ба хотынхон Bianca-тай жинхэнэ мэт харьцахдаа үсийг нь засаж өгч, янз бүрийн арга хэмжээнд Bianca-г оролцуулах ёстой гэсээр Bianca-г Lars-аас олон цагаар авч явах нь Lars-ын төөрөгдлийг эдгээх гэсэн, бага багаар Bianca-г түүнээс холдуулах гэсэн арга байв..

 Dagmar эмч Bianca-г эмчлэх нэрийдлээр үнэндээ Lars-г эмчлэх буюу Lars-тай ярилцан өөрийнх нь хүүхэд нас болон яагаад хүмүүстэй холбогдож чаддаггүйг нь яриулсаар байгаад олж мэднэ: үүнд Lars-ын хүүхэд нас хайраар дутаж өнгөрсөн бөгөөд Bianca-нхаа тухай ярихдаа өөрийнхөө л тухай ярьж, өөрийгөө л илэрхийлэх ба хүмүүстэй харилцаж чаддаггүйн түүний сэтгэлзүйн эмгэгээс үүссэн хүнийг биедээ хүргэж чаддаггүй сэтгэл санааны нэгэн төрлийн эмгэг болохыг олж тогтоогоод эмчилж эхэлдэг.. нэг өдөр Lars эмч дээр ирээд би Bianca-д гэрлэх санал тавихад тэр үгүй гэлээ гэх бөгөөд Lars дотроо өөрөө өөртэйгөө зөрчилдөж эхэлнэ, нэг үгээр тэр эдгэж эхлэх бөгөөд жаахан юм дээрээс уурлаж, өрөөндөө Bianca-тай хэрэлдэх зэргээр хэзээч гаргаж байгаагүй ааш гаргана..  дүүгийнхээ ийнхүү зовж буйг харсан Gus одоо л ухааран эхнэртээ ийн хэлнэ: дүүгээ ийм байдалд хүргэсэн нь миний буруу, би дүүгээ анхаарч халамжлахын оронд нохой шиг гараж-д амьдрууллаа хэмээгээд  уйлах ба Gus, Lars хоёрын эх багад нь нас барж тэд сэтгэлээр унасан, хүүхэд хүмүүжүүлж чадахааргүй аавтайгаа үлдсэн бөгөөд Gus амиа бодон боломж гарангуут дүүгээ аавтайгаа орхин гэрээсээ яваад аавыгаа үхэнгүүт байшингийн авахаар ирсэн бол Lars энэ бүх хугацаанд маш хүнд байдалд байжээ.. 

энэ үеэр ах дүү хоёр уулзаж ярилцана, Lars ахаасаа яаж жинхэнэ эр хүн болох вэ гэж асуухад ах нь хариуд нь: юу ч болж байсан гэр бүлээ халамжилж хайрла гээд мөн нэмж дүүгээсээ уучлалт гуйдаг.. өөр залуутай аальгүйтэх Margo-г одоо Lars өөр нүдээр харахдаа атаархасан, хардсан өнгөөр харах ба Lars-ын аз болж Margo болзож байсан залуугаасаа сална, энэ бол Lars-ын боломж тул хүүхэнтэй эвтэйхэн харьцаад албан бус болзоо хийх агаад болзоо амжилттай болсны дараа Lars хүүхэнд хандан: би Bianca-гаа хуурч чадахгүй, уучлаарай гэхэд Margo би хүний юмыг булаагч бишээ гэдэг.. нэгэн өглөө гэнэт Lars Bianca-ын бие муудлаа гэж орилон байшинг сэрээх бөгөөд Lars өөрийнхөө хүслээр Bianca-г өвдүүлээд мөн үхүүлэхтэйгээ зэрэгцэн өөрөө эдгэж байлаа.. Bianca-г үхэхэд хот даяараа гашуудан баглаа баглаа цэцэг илгээнэ, Lars Bianca-г эцсийн замд нь үдэхдээ анхны бөгөөд эцсийн удаа уруул дээр нь үнсэхдээ хий төөрөгдөлөөсөө үүрд ангжирдаг.. киноны нэг хэсэгт Lars Bianca-д М. Сервантесийн Дон Кихот романыг уншиж өгч байгаа гардаг агаад энэ бол Lars-ын Bianca хэмээх төөрөгдөл нь Дон Кихот-ын Дульсинея гэдэг төөрөгдөлтэй ижил буюу Lars болон Дон Кихот нь адилхан төөрөлдсөн баатрууд юм.. 

энэ кино бол хүнийг аврахын тулд хуурч бас худал хэлж болохын сайн үлгэр бөгөөд сайн тактиктай төөрөгдүүлэлт зарим тохиолдолд хүнийг эргэн нийгэмшүүлдэг болохыг эл бүтээлээс үзнэ.. энэхүү комеди драмаг Австралийн кино найруулагч Craig Gillespie найруулж, кино зохиолыг Nancy Oliver бичсэн ба Nancy Oliver Оскарт энэ ажлаараа шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшиж байжээ.. гол дүрд эдүгээ цагийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Ryan Gosling тоглож шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд олон жүжигчид замнал нь баларна хэмээн айж Lars-ын дүрээс татгалзсан байхад Ryan Gosling эрсдэл гарган энэ дүрийг авч жүжигчиний замналаа улам баялаг болгосон.. кино судлаач, шүүмжлэгчдийн сайшаалыг хүртэж, авъяаслаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй, гайхалтай зохиолтой агаад хошигнол, гуниг, нулимс болон ухаарлыг зэрэг төрүүлсэн дулаахан бүтээл гэсэн байдаг..

Comments