Алиалагч, Балетчин хоёрын түүх


Limelight (1952). Өгүүлэх нь, Calvero (Charlie Chaplin) гэгч тавь орчим насны эр гэрийн зүг халамцуу алхасаар орохдоо байрныхаа түрээсийг төлөөгүй байгаа учир хэрэндээ л эзэн авгайд харагдчихгүйг чармайн гэтэн орж явахдаа санамсаргүй байдлаар дөнгөж хорь л хүрч яваа болов уу гэмээр цэцэг шиг сайхан хүүхнийг ухаан алдчихсан, бараг үхэж байхад нь аварна.. халамцуу эр мунгинаж яваад азаар байрандаа амиа хорлохыг завдан хийн гаазанд ухаан алдчихсан байсан хүүхнийг хаалганых нь дурангаар харж учрыг ойлгон шууд хаалгыг эвдэн орсон нь яг цагаа олсон бөгөөд амжиж эмч дуудаад хүүхнийг өөрийнхөө байрт оруулсанаар алтан амийг нь аварна..

 эмч Calvero-гоос учрыг дуулаад эмнэлэг, цагдаа гээд яахав, амиа хорлохыг завдсан гээд шоронд орчихно хөөрхий, аюул өнгөрсөн ба хэд хоног сайхан амраагтун гэчихээд явчихна, харин манай Calvero огт танихгүй энэ хүүхнийг гаргаад хаячих хүйтэн сэтгэлтэн биш, харин ч хүнлэг хүн болохоороо байгаа хэдэн цаасаараа хүч тамир сэргээх хүнс цуглуулахаар одно.. тэрээр дэлгүүрээс ирж яваад байрны эзэн авгайтай таараад зогсохгүй хүүхнийг өөрийнхөө байрт оруулсанаа мэдэгдчихнэ, бузар булай миний байранд үүрлэлээ хэмээн эзэн авгай цамнаж гарах агаад Calvero-ын тайлбарлахыг сонсоод: наад хүүхэн чинь түрээсийн мөнгөө өгөөгүй удаж байгаа, хаалга эвдсэний мөнгө бас нэмэгдсэн, амиа хорлохыг оролдохыг бодоход бүтэхгүй явдалтан биз, тэгээд ч байрныхан гайхна та хоёрыг, ерөөсөө хөөж орхиё гэхэд Calvero мөнгийг нь би өмнөөс нь увуулж цувуулаад төлье, бас бид хоёрыг эхнэр, нөхөр гээд хэлчих, эдгэхээр нь явуулъя хэмээн аргална..
маргааш нь хүүхнийг сэрэхэд нэг хүүхэн хатагтай Calvero гэж дуудан халуун хоол унд өгч асран бүр гайхшруулж орхих ба Calvero ирсэнээр учрын олно, Calvero чи энд тэнхэртлээ миний эхнэрийн дүрд тоглох нь дээ хэмээснээр тэд танилцана.. хүүхнийг Thereza (Claire Bloom) гэдэг бөгөөд болсон жимс шиг энэ хөөрхөн хүүхэн Лондонд орь ганцаараа амьдардаг, балетчин байсан, тэгэхдээ яг мандаж ирэх үе дээрээ харамсалтайгаар хоёр хөл нь гэнэт, ямарч шалтгаангүйгээр мэдээ алдсанаар тахир дутуу боллоо, хоолоо олж идэх хэрэгсэлгүй боллоо, ер нь хэнд ч хэрэггүй хүн болсон болохоор үхэхээр шийдээд байсан нь тэр агаад та намайг хэрэггүй л аварсан юм гээд уйлдаг.. 

нар, сар оюун ухаангүй, гэтэл чи хүн болохоор оюун ухаантай, энэ чинь гайхалтай хэрэг, амьд бүхэн, амьдрах чинь гайхалтай хэмээн Calvero өгүүлээд өөрийгөө танилцуулдаг: тэрээр нэгэн цагт улс даяар алдартай комедиан явсан ба нас болон цаг үеийн шалгуураар тайзнаасаа арчигдан одоо бол гудамжинд л тоглолтоо үзүүлж амь зуух болсон үеэ өнгөрөөсөн архичин агаад оргилоос авралгүй унасанаар сэтгэлээр унаж архи маш их ууж, улмаар зүрхний шигдээс болсон, энэ хэвээрээ уусаар байвал нэг өдөр үхэх хэдий ч уухгүй байж чаддаггүй, уугаад дасчихсан юм хэмээдэг.. ингэж тэд нүүр хагарах бөгөөд хүүхэн үлдэхийг зөвшөөрч Calvero ч түүнийг дуртайяа халамжилна, Calvero-д хань хэрэгтэй байсан бол Thereza-д зөвлөгч, урам зориг хайрлагч хэрэгтэй байлаа.. Calvero уух нь эрс цөөрч ихэнхдээ Thereza-тай ярилцан, сэтгэл санаагаар дэмжих бөгөөд тэднийг аав охин, ах дүү, эсхүл амраг хосууд гэж андуурам боловч Calvero ядарсан хүүхнийг хуялын нүдээр харах биш хүүхэд шиг бөөцийлнө.. Calvero эмч авчиран Thereza-г үзүүлэхэд эмч: хүүхний биеэ цоо эрүүл, асуудал сэтгэл санаанд нь л байна, их сандарсанаас юмуу их сэтгэл гутралаас болсон байх, өөрөөс нь л бүх юм хамаарна гэх бөгөөд үүнээс хойш Calvero Thereza-г хөл дээр нь босгох гэж дасгал хийлгэж эхэлдэг.. нэг өдөр Calvero Thereza-аас бүтэлгүй хайр өнгөрсөнд чинь байсан уу гэж асуухад Thereza ингэж ярьдаг: тэрээр балетчин болохоосоо өмнө хөгжмийн дэлгүүрт ажилладаг байжээ, дэлгүүрт залуухан бас царайлаг Neville гэгч хөгжимчин залуу байнга ирж үйлчлүүлэх бөгөөд тэд хоёул ичимхийгээсээ болж хоорондоо ярилцдаггүй ч харцаараа дурлалын хэлээ солилцдог байсан ба төд удалгүй Neville өөр газар явж, Thereza балетчин болсоноор үүрд салсан, энэ магадгүй миний хайр байх гэж хэлэхэд Calvero хариуд нь: чи түүнийгээ олоод, та хоёр гайхалтай хайранд умбанаа гэдэг..

тийнхүү байтал Calvero-ын удаан хүлээсэн ажлын санал шуудангаар ирж бардам эрийн өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах боломж ирэх бөгөөд харамсалтайн Calvero-г тайзан дээр гараад удаагүй байхад л үзэгчид танхимыг орхин гарцгаадаг.. Calvero гэртээ ирээд доромжлуулсандаа, үнэнд гүйцэгдсэндээ уйлтал үүнийг харж сэтгэл нь ихэд хөдөлж Calvero-г өрөвдөж бас хайрласан Thereza хөл дээрээ босож тэд хөлгүй хөөр баяр болно.. тэдний баяр хөөр үүгээр дууссангүй Thereza эргээд балетчин болно, угийн асар авъяастай тэрээр орон зайгаа шуудхан олоод зогссонгүй шинэ бүжгэн жүжигт Calvero-г алиалагчийн туслах дүрд тоглуулахаар болдог.. энэ үед нэг сонин юм болсон нь бүжгэн жүжгийн хөгжимчин нь Neville байж таарах ба Thereza үүнийг мэдсэн ч хэнд ч юу ч ярихгүй, учир нь, энэ үед тэрээр Calvero-оос өөртэйн хуримлахыг гуйсан агаад Calvero эхэндээ хүүхэн түүний ачийг л хариулах гэж ингэж байна гэж бодсон боловч Thereza цуцалтгүй гуйж бас шаардахдаа үнэхээр өөрт нь хайртай, нас, ер нь юу ч хайрыг нь өөрчлөхгүй гэснээр тэрээр хүүхэнтэй хуримлахаар зөвшөөрдөг.. 

ингээд бүжгэн жүжиг амжилттай болж Thereza ч од болон гийнэ, харин Neville хөгжмийн дэлгүүрийн хүүхэн Thereza болохыг таниад болзоонд урих зэргээр илт эргүүлнэ, нөгөө талд Calvero өөрийг нь энэ жүжигт тохирохгүй тул хасах гэж байгаа гэсэн цуурхал сонсон эргэн архиндаа орох ба манлайлагч байсан хүн ингэтлээ дорд орсондоо гутран, мөн асрамжинд нь байсан шувуухай өөрөөс нь огт хамааралгүй болсонд ганцаардан зантайхан ууна.. дашрамд хэлэхэд, Calvero, Thereza хоёр нөгөө байрандаа хамтдаа амьдарсаар ба дориухан балгасан Calvero үүднийхээ өрөөнд унтаж байгаад хаалганы цаана ярилцах буюу хүүхнийг хүргэж ирсэн Neville болон Thereza хоёрын яриаг санаандгүй чагнана, яриа ийн өрнөнө: Neville хүүхэнд хайртайгаа хэлж, бид хоёр дэлгүүрт байхын л хоёр биедээ дурласан, чи одоо хүртэл надад хайртай биздээ хэмээхэд Thereza би түүнд жинхэнэсээ хайртай, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэснээр Neville хүүхэнд амжилт хүсээд явж одоход харамсалтайн Calvero зөвхөн Neville-ын ярьсан яриаг сонсох агаад энэ залуу Thereza-ын ярьсан хайртай хүн нь мөн байна, тэд бие биедээ хайртай юм байна гэдэгт итгэчихнэ.. 

уг явдлаас хойш Calvero улам их ууж, Thereza хуримлахыг улам ихээр шамдуулах ба Neville залуу бас чамд хайртай, чи ч бас хайртай болохоор та хоёр яг тохирно гэж Calvero нэг өдөр хэлж Thereza-г нус нулимстайн хутгах бөгөөд хүүхэн зөвхөн өөрт нь л хайртай, чамаас өөр юу ч надад хэрэггүй гэж хэлээд байтал нь Calvero түүнийг орхин гудманд гардаг.. энэ явдлаас хойш багагүй хугацаа өнгөрчээ, Thereza өөрийн гэсэн театртай болсон байв, Calvero санамсаргүй явж байгаад Neville-тэй таараад Thereza-г асуухад, Calvero-г явсанаас хойш хүүхэн удаан хугацаанд өвдсөн ч одоо зүгээр гэдэг.. Calvero Neville-ээс салаад удаагүй Thereza-тай тааран хоёр талаас туйлгүй баярлах ба хүүхэн түүнд зориулж томоохон хүндэтгэлийн тоглолт хийх бодолтой байгаагаа хэлэхэд Calvero би эцсийн удаа үзүүлээд өгье гэнэ.. ингээд тоглолт болно, тоглолтын өмнө Calvero зоригоо чангалан хэд гурав балгах ба тоглолт ч гайхамшигтай болж, үзэгчид битүү байж номер болгоныг дахиулахад Thereza хамгийн ихээр баярлана.. тийнхүү Calvero-ын номер дуусч Thereza тайзнаа гарахад Calvero дахин зүрхний шигдээст дайрагдах бөгөөд тэрээр эмнэлэгт очихын оронд эцсийн амьсгаагаа хураатал Thereza-г тайзны хажуунаас бүжиглэхийг нь харахыг хүснэ, тэрээр Thereza-даа тийм их хайртай билээ.. 

Их мастер Charlie Chaplin энэхүү бүтээлээрээ албан бусаар үзэгчид болон кино урлагтайгаа хагацах ёс хийсэн гэдэг бөгөөд энэ кино нь түүний хамгийн сүүлчийн алдартай кино нь бөлгөө.. энэ комеди-драм, мелодрам жанрын киногоо Charlie Chaplin найруулахаас гадна хөгжмийг нь бичиж, продюсерлэж, кино зохиолоо бараг хагас жил бичиж бэлэн болгосон агаад судлаачид эл бүтээлийг нь түүний хамгийн шилдэг ажлуудын нэгээр нэрлэх болж, мөн Charlie Chaplin-ын хамгийн хувийн шинжтэй болсон кино хэмээх болжээ.. кино тухайн цаг үедээ шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ авч байв, тухайлбал: хэтэрхий урт, дэндүү их яриатай, гунигтай талыг нь хэтрүүлсэн гэж үзэгсэд байсан, одоо ч зарим судлаачид үздэг бол жилээс жилд уг киноны нэр хүнд өссөөр өдгөө култ статусыг олсон ба киноны үндсэн санаа болох хүмүүс хоорондын нөхөрсөг харилцааг цаглашгүй философийн хичээл болгож чадсан, Charlie Chaplin кино дэлгэцнээ аугаа хуманист дүр бүтээлээ хэмээн судлаачид сайшаах болсон бөгөөд кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 508-р байрт жагсаж байна.. эл бүтээлийн үйл явдал 1914 онд буюу Charlie Chaplin-ын анхныхаа киног хийсэн жил өрнөдөг нь цэвэр симбол ба кинон дээрх гарах үеэ өнгөрөөсөн ч бардам, ихэмсэг комедиан бол ерөөсөө Charlie Chaplin-ын өөрийнх нь тусгал, өөрийгөө илэрхийлсэн зүйрлэл бөлгөө.. тэрээр энэ кинондоо таван хүүхдээ тоглуулсан байдаг ба том хүүдээ энэ аавынх нь сүүлчийн кино гэж хэлсэн байдаг, мөн Charlie Chaplin кино хийх явцын турш маш жаргалтай бас эрч хүчээр дүүрэн байсан гэдэг.. Calvero дүрээ Charlie Chaplin үзэгчгүй болоод архинд орсон ааваасаа сэдэвлэсэн гэж үзэгсэд байхад зарим нь тайзны жүжигчин Frank Tinney гэгчээс авсан гэж үздэг.. 

киноны төгсгөл буюу Calvero-ын хүндэтгэлийн тоглолтод Charlie Chaplin өөрийн мөнхийн өрсөлдөгч, дуугүй кино эриний ноён оргилуудын нэг Buster Keaton-той хамтран нэгэн мюзикл хэсэг явдаг ба дуугүй кино эриний алт болон мөнгө бүрэн хэмжээний кинонд хамтдаа анхны бөгөөд эцсийн удаа хамтран тогложээ.. гэвч Charlie Chaplin мөнхийн өрсөлдөгчийнхөө гайхамшигтай тоглолтод атаархан шилдэг хэсгүүдийг нь хассан гэдэг яриа байдаг ба энэ нь нэлээн эргэлзээтэй юм.. Charlie Chaplin эмэгтэй гол дүрдээ Audrey Hepburn-г тоглуулахыг бодож байсан ч эцэст нь тайзны жүжигчин Claire Bloom-г сонгосон нь Claire Bloom-ын анхны хамгийн том кино дүр болсон ба киноны балетын хэсэг дээр Claire Bloom-г Канадын балетчин Melissa Hayden орлон тоглосон байдаг.. 1973 онд буюу уг кино нээлтээ хийснээс хорин жилийн дараа Charlie Chaplin болон Raymond Rasch, Larry Russell нарын хамтарсан хөгжим Оскарын наадмаас шилдэг хөгжмийн төрөлд шагнал авсан нь хөгжилтэй бөгөөд энэ нь Charlie Chaplin-ын өрсөлдөж авсан цорын ганц Оскар болой..

Comments