When a Woman Ascends the Stairs (1960). “Оффисын ажилтай хүүхнүүд орой ажлаасаа тарах үе бол ширээний хүүхнүүд бидний ажилдаа гарах цаг юм” хэмээн өгүүлэх бүсгүй бол манай киноны гол баатар Keiko гэгч бөгөөд гучин настай, бэлэвсрээд таван жил болж буй үзэсгэлэнтэй энэ бүсгүй Токиогийн нэгэн бааранд ширээний хүүхэн хийнэ.. тэрээр нөхрийгөө үхэхэд өөр хүнд хайртай болохгүй, энэ бие махбодио өөр хүнд өгөхгүй гэсэн ам тангараг өргөсөн бөгөөд согтуудаа энэ тангарагаа дотныхоо хүмүүст сайрхан ярьдаг ба үнэхээр ч өдийг хүртэл тангарагтаа үнэнч буй бүсгүй.. Токиогийн шөнийн баарнуудын ерөнхий төрх бол баян, хөгшин, мөн мэдээж гэр бүлтэй эрчүүд архи ууж хөлчүүрэхийн дээр залуухан хүүхнүүдтэй аальгүйтэх юмуу дотно харилцаа үүсгэх бол хүүхнүүд нь аль болох их архи уулган баарандаа хөрөнгө оруулахаас гадна боломжийн эрийн өвөрт орж хэдэн цаас салгахыг чармайна.. Keiko бол уусан шиг уудаг, яриа хөөрөөтэй, аальгүйтэн маяглаж чаддаг, алдартай ширээний хүүхэн боловч хэзээч үйлчлүүлэгчтэйгээ унтаж байгаагүй ба түүнийг бүгд хүндлэхийн дотор баарны менежэр, мөн олон жил хамт ажилласан Komatsu гэгч залуу дотночлон нөхөрлөж, бас битүүхэн хайрлана..
Akira Kurosawa, Yasujirō Ozu
зэрэг Японы шилдэг кино найруулагчдын дараа орохуйц хүндлэгдсэн Mikio Naruse-ын
энэхүү бүтээл бол түүний оргил бүтээлийнх нь тоонд ордог ба эрчүүд
давамгайлсан, мөнгө л үнэт зүйл болсон нийгэмд эрх чөлөө, аз жаргалынхаа төлөө
тэмцэж буй хүүхний түүхийг эл бүтээлд мелодрам жанраар дүрсэлсэн.. Mikio Naruse
нас барсаных нь дараа бүтээлүүд нь олон улсад алдаршсан нь ер бусын үзэгдэл
болсон бөгөөд суут Akira Kurosawa түүний бүтээлүүдийг “гадаргуун дөлгөөхөн ч
гүндээ догшин их мөрөнтэй адилхан” хэмээсэн байдаг.. Mikio Naruse-ын
кинонуудынх нь сэдэв дайны дараахь Японы нийгмийн амьдралыг үзүүлэхдээ эмэгтэй
хүнийг гол баатараа болгоод уг эмэгтэйн орчин үеийн нийгмийн материаллаг
хэрэглээний бэрхшээлээр, нийгмийн шударга бус байдлын улмаас хэрхэн сэтгэл
болон бие махбодиор доромжлогдож, шаналан, зүдрэн буйг илэрхийлэн гаргадаг ба
энэ кинонд ч мөн тус сэдэв гарна.. киноны гол дүрд Hideko Takamine дэлхийн
хэмжээний тоглолт үзүүлсэн бөгөөд тэрээр Mikio Naruse-тэй хамтарсан
кинонуудаараа алдартай.. киноны гол дүр Keiko ажилладаг баарныхаа шатаар шөнө
болгон өгсөхдөө жигшил нь төрдөг бөгөөд шатаар өгсөөд л мөнгөтэй эрчүүд
эмэгтэйчүүдийг секс хэрэглээ гэж хардаг ертөнц рүү орох ба энэ шат бол эл хоёр
ертөнцийг холбосон симбол болно.. мөн киноны хоёр ч сцен дээр эрэгтэй дүрүүд
секс хийснийхээ дараа дариухан хувцаслаад хүүхнүүдээ орхиж явахыг хүсдэг нь
тэдний эмэгтэйчүүдийг огт хүндэлдэггүй, нэг удаагийн хэрэглээ гэж хардаг болох
нь ажиглагдана.. киноны төв нь мөнгө, кинон дээрх гарах хүүхнүүд материалист
нийгэмд аятайхан, хүн шиг амьдрахын тулд баталгаатай, найдвартай амьдралтай
эрчүүдтэй суух гэж зүтгэн тэмцэх, эсхүл баян эрийн нууц амраг болохоос өөр
замгүй бөгөөд энэ утгаараа кинон дээр гарах эмэгтэй дүрүүд нь ямарч эрх
чөлөөгүй, зах зээлийн эрчүүд давамгайлсан нийгэмд секс хэрэгслэл болж буйг
үзүүлсэн гутранги хийгээд үнэн бүтээл ажээ..
Mongoliin niigemd ch iim uzegdel ihessen bga..emegt hunii amidral hetsuu2
ReplyDelete