Seven Samurai (1954). 16-р зууны Япон орон.. хүчтэйн хүчгүйгээ ялж, дийлж,
бүр алж байсан зэрлэг үе буюу Самурайн үе. Хөдөөний нэгэн бөглүү буйд тосгоныг
удахгүй тариагаа хураах үеэр дээрэмчид дайрч охид хүүхнүүдийн булааж, тариа
будаагийн дээрэмдэхээр зэхэж байгаа мэдээг тус тосгоныхон олж мэднэ.. тариа
тарьж амьдрахаас өөр зүйлийг мэдэхгүй тосгоны жирийн иргэдэд уг мэдээ үүлгүй
тэнгэрээс аянга буухтай адил аа.. айсан улс тосгоны хамгийн настай хөгшинөөсөө
зөвлөгөө авахад хөгшин: ядуу биднийг хамгаалж, өмгөөлөх газаргүй тул самурай
хөлслөн ирэх дайснаас хамгаалцгаая гэнэ.
Ингээд арай сэргэлэн гэж үзсэн дөрвөн
тариачнаа самурайн эрэлд гаргана.. тариачид “хот” орж өдөржин зах болон их
хөлийн газраар тохирох самурайг хайх бөгөөд нэгэн жаахан хүүг алахыг завдан буй
алуурчныг алж, хүүг аварч байгаа настай самурайтай тэд таарна. Хөгшин самурай сайхан
сэтгэлтэй, шударга, олон тулаанд орж явсан туршлагатай жинхэнэ удирдагч
болохоор хүн байв. Аз таарсанд баярласан тариачид самурайд үнэн учраа хэлээд
санал тавина. Мөн ядуу учир шанд нь олигтой мөнгө өгч чадахгүй гэхдээ өдрийн
гурав хооллоно гэнэ.. хөгшин самурай шан харамжиндаа биш харин самурайн ёс,
шударга ёсны төлөө саналыг зөвшөөрнө. Үнэндээ тэр үед зөвхөн хоолны төлөө
самурай нар хөлсөөр ажиллаж байсан
бололтой. Эхний самурайгаа олсон тариачид урамшин цаашаа хөдөлнө. Дараагийн
самурайг хөгшин самурай олно. Тэр нь түүний найз, хамт мөр зэрэгцэн тулалдаж
явсан самурай байлаа, ийнхүү ээлжит самурайгаа олсоор байв, Жишээлбэл: архи,
хүүхэнд дуртай ч сэтгэлээрээ нэгэн самурайг элсүүлэх бол дандаа онигоо ярьсан
шогч нэгэн байхад мөн тулааны урлагтаа гарамгай тэгсэнээ барагтаа юм ярьдаггүй
гээд өөр өөрийн онцгой төрхтэй, чадвартай яг долоон самурай бүрэлдэнэ..
ингээд дөрвөн тариачид маань нүүр бардам тосгондоо очно. Гэтэл тосгоныхон тэднээс бишүүрхэн айх ба өмнөх самурайнуудын дээрэнгүй байдлаас болж тариачид самурайнуудаас айх болжээ. Зарим нь охиноо доромжлогдоно гэж айгаад үсийг хусч, эрэгтэй хувцас өмсгөнө, гэвч тариачид-самурайн үл ойлголцол дээрэмчдийн ирэх аюул заналхийллийн улмаас үгүй болж, нэгэн цул болно.. самурай нар тосгоны аль л зэвсэг барьж чадах хүн бүрийг дайчлан сургаж эхлэх бөгөөд дайтах төлөвлөгөөгөө гаргана: тосгон уул усаар халхлагдан дайсны нэвтрэн орж ирэх зам 4-5 газарт байх ба тус газар бүрт хамгаалалтын бэхлэлт босгож харуул манаа гаргана, хамгийн гол нь тариачдыг зоригжуулах байв.. Дайсан бол бүрэн зэвсгэлсэн, морьтой дөчин эр, өдөр хоног өнгөрсөөр дээрэмчид ч ирэх дөхсөн бол самурай нар өөр хоорондоо дотно болж, түүгээр ч үл барам тариачидтай ч нөхөрсөг болцгооно. Энэ дунд хамгийн залуу самурай тосгоны хамгийн гуа охинтой сэтгэлийн холбоо үүсгэх нь киног улам ээдрээтэй болгоно..
Японы домогт кино найруулагч Akira
Kurosawa-ын энэхүү туульсын драмаг орчин үеийн анхны акшин кино гэдэг бөгөөд
кино урлагийн түүхэнд хамгийн олон дахин хийгдсэн, дахин сэргээгдэж, мөн иш
татагдсан асар их нөлөө үзүүлсэн цөөхөн киноны нэг хэмээдэг.. өнөө үеийн кино
зохиолын нийтлэг элементыг анх үүсгэсэнээрээ, олон камераар зэрэг зураглах
болон тайз заслын гайхамшигаараа уг бүтээл тухайн цагтаа шинэчлэгч, шинэ салхи
оруулагч болсон ба уг кино зөвхөн өөрөө урлагийн бүтээл байгаад зогссонгүй хожмын
олон шилдэг киноны эх сурвалж нь, урам зориг нь болсон билээ.. 2018 онд BBC-гээс энэхүү бүтээлийг Англи хэл
дээр биш буюу гадаад хэл дээрх хамгийн аугаа киногоор нэрлэсэн бол Sight &
Sound сэтгүүлээс манай гаригийн хамгийн шилдэг кино 17-р байрт жагсаасан агаад TSPDT сайтаас бүх цаг
үеийн хамгийн шилдэг мянган киноны аравт жагсаажээ.. киноны гол дүрүүдэд Toshiro
Mifune \150 гаруй кинонд тоглосон шилдэг жүжигчин\, Takashi Shimura \200 гаруй кинонд
тоглосон шилдэг жүжигчин \ тэргүүтэй Японы шилдэг жүжигчид тоглосон, мөн энэ
хоёр эрхэм Akira Kurosawa-ын замналынх нь бараг бүх кинонд тоглосон гол
жүжигчид нь байсан билээ.. найруулагч Akira Kurosawa анхандаа самурайн нэг
өдрийн амьдралыг харуулсан кино хийхээр хүсэж байжээ, ингээд судалгааны ажлын
явцад тариачидыг хамгаалж байгаа самурайнуудын тухай шинэ санааг олсон ба
киноны анхны нэрийг зургаан самурай гэж нэрлэх гэж байгаад Akira Kurosawa болон
түүний кино зохиолчид зургаан самурай гэж гэж нэрийдвэл уйтгартай болох нь
тиймээс ер бусын нэг дүр нэмж оруулъя гэснээр кино одооны нэр хийгээд бүтцээ
олжээ..
энэ нэмж оруулсан дүр нь Toshiro Mifune-ын бүтээсэн дүр бөгөөд найруулагч
Akira Kurosawa түүнд энэ дүрээ өөрийнхөөрөө импровизацлан бүтээх эрх олгосон
байдаг.. кино жилийн дотор бүтсэн бөгөөд киноны төгсгөлийн тулааны хэсэг уг нь
зуны сүүлээр авагдах хуваарьтай байсан боловч хойшилсоор хоёр сард маш хүйтэнд
зураг авсан байдаг агаад хожим жүжигчин Toshiro Mifune энэ талаар: амьдралдаа
тэгж даарч үзээгүй хэмээн дурссан байдаг ажээ.. киноны маань олон дүр буюу
баатрууд цуглан нэг зорилго, нэг даалгаварын төлөө зорьж байгаа сэдэв анхдагч
болсон ба уг кинонд гарах ассемблейн хожмын бүх ийм төрлийн киноны эцэг нь
болсон гэдэг бөгөөд Америкийн The Magnificent Seven (1960) бүтээл шууд энэхүү
киног дуурайж хийгдсэн байхад The Invincible Six (1970), Battle Beyond the
Stars (1980), The Seven Magnificent Gladiators (1983), Seven Swords (2005) болон
Star Wars зэрэг кинонууд долоон самурайгийн нөлөөгөөр бүтэж, зарим элементийг
нь зээлдсэн байдаг байхад самурайгаас A Bug's Life, Samurai 7 гэсэн анименууд
санаа авсан гэгддэг ажээ.. кино 207 минут үргэлжлэн дундаа завсарлах агаад энэ
нь Akira Kurosawa-ын хамгийн урт кино нь болсон байдаг, мөн Америкт гарахад
Америкийн талаас манай үзэгчид тийм удаан сууж кино үзэж чадахгүй гэж эмээн
тавин минутыг хасч гаргаж байсан ба кино үнэхээр урт хэдий ч сайн зохиол, сайн
өгүүлэмжтэй болохоор нэг амьсгаагаар үзэж дуусгачих гайхамшигтай сонирхолтой
бүтээл ээ.. киноны олны хэсэг тун үнэмшилтэй байдаг нь Akira Kurosawa-ын олны
хэсгийг анхааран үздэг онцлогтой холбоотой..
самурайн талаарх өгүүлэх хамгийн
мундаг кино ч байж болох тус бүтээлд гарах самурай нараа найруулагч дэндүү
бодит гэмээр, маш нарийн урласан байдаг, өөрөөр хэлбэл самурай тус бүрийн зан
чанар, хувцас хэрэгсэл, давуу болон сул талыг нарийн шигтгэж үзүүлсэн байдаг ба
мастер найруулагч маань самурайн дэг жаягийг сайн мэддэг байсан нь тус киног
дэлхий нийтийн хит кино, цоо шинэ маяг бүрэлдэн үүсэхийн гол гогцоо байсан
болов уу.. киноны утга санаа хийгээд самурайн ёсоор дамжуулан түмэнд түгээх санаа
асар олон, жишээлбэл: шагнал, олз горьлолгүй самурайн ёсондоо хүлээсэн
үүргийнхээ төлөө амиа өгөх нь барууны олон сонгодог бүтээлийг санагдуулам ба
тариачид болон самурай нар хэзээч хамт байхгүйг дайсан нь үгүй болмогц
самурайнуудыг тариачид огт тоохоо больдог, үүнд нь ч самурай нар
гомдоллодоггүй, бүр дөрвөн самурайгаа алдсан ч тэд дуугай л замаа хөөдөг.. мөн
анхнаасаа өөр “язгууртай” бол үүрд тэр хэвээрээ байна гэдгийг тариачин болон
самурайн онцлогоос харуулах ба хамтран ажиллах, нийцтэй, таарамжтай байх гэсэн
Япон хүний эрдэмүүдийг эл бүтээлд тусгасан агаад энэ бол зүгээр нэг акшин кино
биш үүрэг хариуцлага болон нийгмийн дүрмийн талаарх хичээл юм.. сонирхуулахад, энэ бүтээл Akira Kurosawa-ын анхны самурайтай кино нь ба George
Lucas, Andrei
Tarkovsky нар уг киног дээдлэн үздэг ажээ..
Comments
Post a Comment