Тамлагч


Diabolique (1955). Анхааруулга: уг киног үзсэн бол найзууд болон ойр дотныхондоо битгий яриарай, мөн үзээгүй бол битгий уншаарай, учир нь, киноны мөн чанар эхнээс нь дуустал үзэхэд оршино.. Парисаас нэлээн зайтай хөдөө газарт нэгэн хувийн дотуур байртай хөвгүүдийн сургуулийн хашаанд гаднах төрхөөрөө үсний өнгөөрөө л ялгарах болохоос нас хийгээд өнгө зүсээрээ барагалж ялгагдахааргүй хоёр дажгүй хүүхэн бохирдож заваартсан устай усан санг ширтэн бодлогширонгүй, мөн зовсон байдалтайгаар сууцгаана.. хар үстэй хүүхнийг Christina \ Véra Clouzot – Бразил-Францын жүжигчин\ гэдэг бөгөөд аймхай, нялцгай тэрээр уг сургуулийн захирлын эхнэр бол шар үстийг нь Nicole \ Simone Signoret – Францын аугаа эмэгтэй жүжигчдийн нэг\ гэдэг ба зоригтой, муу ухаандаа сайн энэ хүүхэн эл сургуульд багш хийнэ..

 тэдний чимээгүй санаашран суухыг Nicole эвдэн: цаадахыг чинь алчихъя, чи зовлонгоосоо үүрд хагацана, хойшид тэсэхийн арга алга гээд цааш нь, би энэ баяраар гэртээ харина чи намайг дагаад яв, тэнд очоод цаадахыг чинь дуудаж авчираад нударч орхиё, хэн ч мэдэхгүй шүүдээ хэмээн ятгахад Christina энэ яриаг айж бас сонирхон сонсох агаад өчигдөр шөнө Nicole-ын алъя гээд байгаа хүн түүнийг зодон бас хүчиндсэн учир өшөөгөө авахаас гадна тамын тарчлаанаас ангижрахыг хүсэн уг саналыг хүлээж аваад хамтрахаар болно.. хүүхнүүдийн яриад буй, алахыг хүсээд байгаа аймшигт этгээд бол тус сургуулийн захирал Michel \ Paul Meurisse – Францын жүжигчин\ ба асар харамч, үнэнхүү дээрэлхүүн дээр хүчирхийлэгч, тамлагч тэрээр Christina-ын албан ёсны нөхөр бол Nicole-ын нууц амраг юм, хачирхалтайн хүүхнүүд энэ харилцааг мэддэг хэдий ч өөр хоорондоо тэрсэлдэхгүйгээр харин ч нөхөрлөн найзлана.. хүүхнүүд Michel-ын зэрлэг ааш авир, балмад хүчирхийлэгч байдлыг тэсэхээ болин ийнхүү шийдэхэд сургуулийн хүүхдүүдтэй Michel-ын нохой гахай шиг доромж харьцдаг байдал мөн нөлөөлсөн бөлгөө..

баярын өдөр болж Nicole болон Christina хоёр Nicole-ын гэр рүү нууцаар явцгаах ба тэд зоориноосоо насанд хүрсэн хүн элбэг багтчих хэмжээтэй хайрцаг авч явна, нэлээд хэдэн цаг явсаар Nicole-ын гэр болох хөлсний байрт ирээд хайрцагаа дамнасаар өрөөндөө орцгооход нөгөө талд Michel хүүхнүүдийг хэл сураггүй алга болсонд учиргүй уурлан байлаа.. хүүхнүүдийн буюу Nicole-ын аллагын төлөвлөгөө ийм: шөнө болохоор Christina утсаар нөхрөө дуудан энд авчирах ба Michel-ын ирэх шалтгаан нь Christina түүнээс салахаар болсоноо, нууц амрагтаа болсоноо хэлэх юм, харин Michel-г ирэхэд үнэтэй архи аваад дотор нь хор хийн түүнд уулгана, бараг үхсэн түүнийг хүүхнүүд устай онгоцонд живүүлээд нэг мөр дуусгах агаад цогцосын нөгөө хайрцагтаа хийн буцаж сургууль дээрээ ирээд бохиртож, заваартсан устай усан санд хийх юм, ингэдэг нь Michel санамсаргүй усан санд унаж үхсэн байдлыг бий болгох байлаа.. цаг нь тулахад Christina сандран улмаар эргэлзэж эхлэх бөгөөд одоо биш бол хэзээч үгүй, чи өрсөхгүй бол тэр чамайг хэзээ нэгэн цагт ална хэмээн ятгах Nicole-ын үгээр Christina нөхрүүгээ утастана.. шөнө болж Michel ирэх дөхөхөд Nicole хортой архиа Christina-д өгөөд өөрөө хажуу айлындаа орно, түүнийг явахаас өмнө Christina: өвдөх үү гэж асуухад Nicole хариуд нь, үгүйээ, гэрэл унтрахтай л адил хэмээдэг.. 

ингээд, Michel ирж эхнэртэйгээ хэрэлдэж, салахгүй гэж зүтгэхдээ гуйж нэг, аргадаж нэг, сайн хүн болно гэж амлан олон аргаар үзэн Christina-г уяруулж дөнгөөд байхдаа архийг олж хараад уучих ба их удалгүй ухаан алдчихна, энэ үеэр Nicole орж ирээд усан онгоцыг усаар дүүргээд хүүхнүүд Michel-г дамжилсаар устай онгоцонд живүүлж баталгаатай алах агаад дамжлуулж явахдаа Michel ухаан орж байна уу гэлтэй байсан нь аймшигтай.. маргааш өглөө нь цогцыг хайрцагтаа хийсэн хүүхнүүд хайрцгаа өргөн машиндаа хийх гэж үйлээ үзэх бөгөөд сургууль дээрээ шөнө ирэх хүртэл замын турш багагүй адал явдал үзнэ, нэг үгээр айсан хүнд аргал хөдөлнө гэдэг болно.. хүүхнүүд сургуулийнхан унтаж байх хойгуур цогцосыг усан санд амжилттай хийж чадна, одоо тэд хэн, хэзээ цогцосыг олох бол гэдгийг л хүлээх үлдэнэ..
 гэвч хүлээлт удаан үргэлжлэв: бохир усны гаднаас цогцос харагдахгүй ба хүнд юмтай хамт уясан учир хөвж гарах боломжгүй байлаа.. нэг, хоёр өдөр өнгөрлөө, хэн ч цогцосыг олсонгүй бол хүүхнүүд сандарч эхлэв, тэр дундаа Christina байж сууж чадахаа болиход Nicole түүнийг тэвчээртэй байхыг шаардана.. тэд элдэв төрлийн шалтаг гаргаж хүүхдүүдийг усан сантай ойрхон тоглуулж, бүр зарим нэгийг нь шумбуулсан ч цогцосыг илрүүлж үл чадах ба Christina энэ шаналгаат зовлонг түргэн дуусгахыг хүсэн өөрийнхөө мөнгөөр усан санг цэвэрлүүлтэл тэнд хов хоосон байх нь тэр.. уг явдал хүүхнүүдэд хэрхэн нөлөөлсөнийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш, Christina бүр байдгаа алдан: энэ бол бурхны шийтгэл хэмээн улаан сүсэгтэн болж өрөөгөө бурханаар дүүргэхэд Nicole яаж ч ухаанаа хурцалсан учрыг олж чадахгүй байлаа..

 энэ үед угаалгын газраас Michel-ын үхэхдээ өмсөж байсан хүрэмийг цэвэрлээд захиалгын дагуу авчирч хүүхнүүдийн сүнсийг зайлуулах агаад хүүхнүүд хэн захиалга өгөв, хаана өгөв гээд мөрдөн нэг угаалгын газарт ирнэ, тус газар Michel гэдэг нэрээр тэр хүрэмийг өгсөн, хүрэмний халаасанд ийм түлхүүр байсан хэмээн нэгэн зочид буудлын өрөөний түлхүүрийг хүүхнүүдэд өгөх бөгөөд түлхүүрийн дагуу буудалд очиход буудлын ажилтан: тийм хүн үнэхээр буусан, гэхдээ өдрийн цагаар байдаггүй, шөнө ирж хонодог байх, ерөөсөө харж байгаагүй гэнэ.. захирлаа сураггүй болсонд сурагчид болон ажилтангууд гайхна, харин нөгөө талд хүүхнүүд бүр учраа олохоо больж, өөрсдийгөө галзуурав уу, солиоров уу гэж санацгааж, ер нь Michel-г алсан юмуу? Ер нь яах гэж ийм хэрэг хийв, чи буруутай, би буруугүй гэцгээн Christina, Nicole бие биен рүүгээ сүүлдээ дайрцгаан цагдаад очиж бүх үнэнээ хэлнэ гэж Christina уйлагнана.. энэ үед сонинд голоос эр хүний цогцос олдсон гэдэг мэдээг тэд уншина, Michel-ын цогцос байх гэж итгэн моорг дээр Christina-г очиход нэг өвгөн түүнийг холоос сүрхий ажиглах агаад мооргт байх цогцос харамсалтайн Michel-ынх биш байна.. 

Christina-г мооргоос гарч явахад нөгөө өвгөн хүрч ирээд: би тэтгвэртээ гарсан мөрдөгч, таны алга болсон нөхрийн хэрэгт ажиллаж байгаа гэж хэлэхэд хүүхэн барьж алдан сандарсанаар хашир мөрдөгчийн анхаарлыг маш ихээр татна.. Christina угийн сул дорой хүн учраас болоод буй итгэмээргүй зүйлсэд бүр хямарч дуусах ба өдрөөс өдөрт бие нь муудан улмаар түүнд Nicole тусгай эм өдөр болгон өгнө.. ингээд, бараг арав хоног өнгөрлөө, захирал бас л байхгүй сургуулийнхан жинхэнээсээ санаа зовж эхлэхтэй зэрэгцэн сургуулийнхны бөөнөөрөө зураг авхуулах өдөр ирнэ, өөрөөр хэлбэл энэ өдөр захирал заавал байх ёстой болой.. тэр өдрийн өглөө нэгэн сурагч хүү цонх хагалсан гэж шийтгүүлэн зогсоно, хүүхнүүд хүүгээс хэн чамайг шийтгэсэн гэж асуухад хүү захирал хэмээн хариулдаг ба энэ сургуультай хамаатай бүхний орсон гэрэл зурагт захирлын дүрс орсон байх буюу байшингийн наана авхуулсан хүмүүсийн ард, цонхны цаана Michel-ын дүрс тодрон харагдана.. Christina нүгэлээ хүлээн бараг үхэхийг хүсэхэд Nicole бушуухан эндээс зайлахыг хүснэ.. 

сэтгэлзүйн триллер жанраар алдаршсан Францын кино найруулагч Henri-Georges Clouzot-ын энэхүү шедевр триллер нь “Psycho”, “Peeping Tom” болон “Repulsion” нарын домогт кинонууд гарахаас өмнө хамгийн ихээр үзэгчдийг цочирдуулсан, айлгасан бүтээл байсан ба бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 634-р байрт жагсдаг.. киноны зохиолыг Францын нэрт гэмт хэргийн зохиолчид болох Pierre Boileau болон Thomas Narcejac хоёрын “She Who Was No More” гэх романаас сэдэвлэсэн бөгөөд триллер хийгээд хоррор жанрыг амжилттай хольсон уг бүтээл өдгөө классик хоррор кино гэгддэг.. найруулагч Henri-Georges Clouzot уг романы эрхийг суут кино урлаач Alfred Hitchcock-гоос өрсөн авсан байдаг ба Alfred Hitchcock уг романаар кино хийхийг маш их хүсэж байсан гэдэг, гэхдээ тэрээр уг киноны хамгийн том фен байсан гэдэг бөгөөд алдарт “Psycho” бүтээлээ туурвихад уг кино маш том урам зориг өгсөн гэдэг..  романд Christina болон Nicole хоёрын лесбиан хэсэг байдгийг кинонд алгассан ба жүжигчин Véra Clouzot уг кинон дээр гардаг дүр шигээ гэнэт 46 настайдаа зүрх нь хаагдан үхсэн байдаг..

Comments