Хөхөөний уйлаан


Charulata (1964). Энэтхэг улс Их британий колони байсан цаг үед өгүүлэх кино маань өрнөнө.. сайхан том байшиндаа хорь орчим насны залуухан, гоо үзэсгэлэнтэй, мөн дээр нь ухаалаг, оюунлаг Charu хүүхэн бяцхан театрын дурангаараа гудмаар явах хүмүүсийг сонжин өрөөнөөс өрөө, цонхноос цонх руу дэгдэн гүйх нь хүүхнийг том байшиндаа ганцаардаж, уйддаг болохыг харуулахаас гадна торон доторх шувуухайг зүйрлэх мэт.. Charu хүүхдэрхэг бөгөөд яруу найраг болон уран зохиол шимтэн сонирхож өдөржин л том байшиндаа ном уншингаа эр нөхрөө хүлээх бол түүний нөхөр Bhupati ажил гээд оройтож ирэх юмуу эхнэрийнхээ дэргэд байнга байж чадахааргүй нийгмийн идэвхтэй, хөдөлмөрч хүн болой.. 

энэ Bhupati бол тийм ч хөгшин биш гуч гаран настай нүдэнд дулаахан, эхнэртэй маш их хайртай эр бөгөөд улс төрийн сонин эрхлэгч, улс төрийг хорхойсон сонирхох либерал үзэлтэн.. Bhupati гэр орон оо барууны маягаар тохьжуулж, өөрөө ч бас барууны маягаар хувцаслах агаад барууны ном уншиж боловсорсон сэхээтний ангид хамаарагдах сүрхий залуу.. Bhupati эхнэрээ уйдаж, ганцаараа гэртээ гуниглаж байгааг аль хэдийнээс анзаарах болсон тул нэг оройн хоолон дээр эхнэртэй хандан “чамдаа хань болж чадахгүй байгаад уучлаарай, чамд хань болгохоор ах Umapada-г чинь эхнэр Manda хоёрыг авчиран гэртээ суулгая, Manda чамд хань болж, Umapada миний ажилд тусална биз” хэмээхэд Charu яасан ч яахав гэсэн байдлаар хүлээн авдаг..
ингээд Umapada, Manda хоёр тэднийд нүүж ирнэ: Umapada-д Bhupati итгэл хүлээлгэн сониныхоо газарт ажилд аваад зогсохгүй хамаг нарийн ширийн ажлаа даатган өгнө, тэр ийм л итгэмтгий хүн бөгөөд хүмүүс бие биендээ итгэж бас итгэлийн дааж амьдрах ёстой, үгүй гэвэл амьдрал утгагүй гэж үзэгч бол Manda, Charu хоёр өдрийг хөзөр тоглох юмуу ойр зуурын яриа ярьсан шиг өнгөрүүлнэ, гэвч оюунлаг Charu-д энэ нь бөөн уйтгар болж, хань болж буй хүнээсээ залхаж ирсэн ч чимээгүй тэвчсээр.. амьдрал ийнхүү үргэлжилж байтал Bhupati-ын гэрт бөл дүү Amal нь хэсэг хугацаагаар амьдрахаар ирнэ.. Amal бол их сургуулийн оюутан, зохиолч болох хүсэлтэй, ном их уншдаг, царайлаг, хөгжилтэй залуу ба тэрээр насаар Charu-тай чацуу байв.. Amal-ын хөгжилтэй, оюунлаг байдал гэрийг сэргээх ба Charu үүнд хамгийн их сэргэн баясна: хүүхэн өөрийн үеийн залуутай тоглон марзагнахын хажуугаар өөрийнх нь хэмжээний оюунлаг хүн гэрт ирсэнд урам орж Bhupati-г өөр хот руу ажлаар явахад захиа бичих бөгөөд Bhupati эхнэрийнхээ бичих чадвартайг эргэн санаад Amal дүүдээ хандаж “миний эзгүйд чи Charu-д хань болж байгаарай, цаадах чинь бичих авъяастай чи туслаарай” гэж захина.. 

Amal, Charu хоёр өдөржин хамт яруу найраг, утга зохиол ярилцан цэцэрлэгт хүрээлэнд амрах ба энэ үеэр Amal зохиол бичих санаатайгаа, мөн юу бичих тухайгаа хүүхэнтэй ярилцана, энэ үед хүүхэн Amal-д тэмдэглэлийн дэвтэр бэлэглэхээр дотроо шийднэ.. Charu-ын Amal-г хардаг харц одоо анхныхааг бодвол тогтсон, бахдсан, энхрийлсэн аясаар гэрэлтэх бөгөөд залуугийн гэнэн, ухаалаг бас хөгжилтэйд татагдаж улмаар ухаангүй дурласан байлаа.. тэрээр Amal-даа зориулан өөрийнхөө хөөрхөн гараар тэмдэглэлийн дэвтэр хийгээд бэлэглэхдээ ингэж хэлнэ “чи үүн дээр оюунаасаа гарах бодлуудаа бичээрэй, гэхдээ ямарч тохиолдолд үүн дээр бичсэнээ сонин, сэтгүүлд нийтлүүлж болохгүй шүү” гэсэн болзолтойгоор өгөх ба хүүхний хувьд тэмдэглэлийн дэвтэр нь тэдний нандин харилцаа, хайрынх нь бэлгэдэл болохоор ингэж өмчилжээ.. 

Amal бэлэгнийхээ дэвтэрт бичсэн нэг эссэгээ Charu-д уншиж өгчихөөд “эгч та бас юм бичээж” гэсэн санал тавих ба Charu-г эзгүй хойгуур Amal Manda-аас ямар сонинд нийтлэлээ өгч болохуу хэмээн сэмээрхэн асууна.. тэр шөнөдөө Bhupati бөл дүүдээ гэргий болох сайн айлын сайхан охин олсон гэдгээ дуулгах үед Charu-ын царай шөнө шиг болох агаад Amal саналаас эрс татгалзахад Charu-ын царай өдөр шиг гийгээд зогсохгүй инээмсэглэлээ үл нууна.. хэдэн өдрийн дараа Amal-д сонины газраас эссэг чинь нийтлэхээр боллоо гэсэн захиа ирэх агаад уг мэдээг сонссон Charu уурласаар өрөөндөө ороод хаалгаа түгжин уйлж эхлэх бөгөөд тэр өдөр гэртээ эрт ирж таарсан Bhupati эхнэрийгээ уйлж байхыг золтой л харж чаддаггүй.. Amal эгчийнхээ тэгтэл уурлаж бас гомдож буйд гайхаад тохиролцоогоо энгийн л зүйл байсан ухааны юм ярьж өөрийгөө өмгөөлдөг бөгөөд хүүхэн уг явдлаас болж өөрийнхөө түүхийг бичиж сонинд нийтлүүлдэг ба Amal эгчийнхээ оюуны, мөн бичих чадварыг бишрээд үргэлжлүүлэн бичихийг хүсэхэд Charu “би ахиж юу ч бичихгүй” хэмээн уйлдаг.. 

Английн сонгуулиар либералистууд засгийн эрхэнд гарсны баяр болж Bhupati-ын гэрт баяр хийх бөгөөд баярт ирсэн хүмүүс Bhupati-д эхнэр чинь  сонинд өгүүллэг нийтлүүлсэн, тэгэхдээ маш сайн өгүүллэг болж хэмээн магтан баяр хүргэхэд Bhupati гайхаж бас сандарна.. энэ үед Umapada эхнэрийн хамт Bhupati-ын бүх мөнгийг хулгайлахаас гадна нэр дээр нь баахан өр тавьчихаад зугтааж одно.. уг итгэл эвдсэн хэрэг Bhupati-ын сонины газрыг бүрэн дампууруулж, модоо барихад хүргэх бөгөөд Bhupati бөл дүүгээ өрөөндөө дуудахад Charu Amal-г тэвэрч аваад “юу ч болсон энд үлдэнэ гэж амлаач” хэмээн гуйхад залуу хүйтнээр түлхчихээд ах дээрээ ордог: ах нь түүнийг ойр дотны хүний урвалт ямар хэцүү юм бэ гээд гаслахад Amal-ын царай цонхийн цайж, маш их гэмшил, ичгэвтэр төрх илэрнэ.. маргааш өглөө гэхэд Amal энэ гэрээс үүрд явсан байх агаад тэрээр Charu –д хайртай байсан уу, үнэхээр зориуд тоглоомоор эргүүлдэг байсан уу \кинонд тийм улайм цайм сээтэгнэл гардаггүй\ гэдэг эргэлзээтэй ч залуу ухаалаг алхам хийсэн нь гарцаагүй юм.. 

 Amal явсанаас хойш Charu нулимсаа хэдэн удаа залгисныг мэдэхгүй ч тэрээр нөхөртэйгөө шинэ сониноо эхлүүлж, өөрөө нийтлэгч болохоор болоод байтал Amal-аас захиа ирж Bhupati баяр болох бол Charu тоохгүйг хичээнэ.. нөхрийгөө явсан хойно Charu захиаг уншин ёстой асгартлаа, дэлбэртлээ уйлж байхад Bhupati санамсаргүй гэртээ эргэн ирсэнээр эхнэрийгээ харж бүхнийг ойлгох ба гэрээсээ явахаар шийдсэн ч замынхаа дундаас буцаад гэртээ ирэхэд эхнэр нь үүдэн дээрээ хүлээж байдаг.. 
Энэтхэгийн их бичгийн хүн Rabindranath Tagore-ын ("The Broken Nest") гэдэг романаас сэдэвлэн Энэтхэгийн их кино найруулагч Satyajit Ray-ын бүтээсэн эл бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 413-р байрт жагсдаг.. киноны сэтгэл татам хайрын тойруу яриа, уйтай өнгө аяс нь тансаг камерын хөдөлгөөн хийгээд амттай зураглалаар илрэх бөгөөд кинонд гарах түүх дөнгөж хагас, харин үлдсэн хагас түүхийг кино дууссан хойно үзэгч тархиндаа бодож олох ёстой ажээ.. энэ киноны хамгийн алдартай сцен бол Charu-ын цэцэрлэгт савлуураар тоглодог ба суут Jean-Luc Godard уг киног хамгийн дуртай киногоороо нэрлэсэн бол Satyajit Ray өөрийн бүтээсэн кинонуудаасаа энэ л кинондоо хамгийн хайртай гэсэн байдаг ажээ.. 

Comments