Хүйтэн бороо




La Notte (1961). Канн, Берлин болон Венецийн кино наамдын дээд шагналыг бүгдийг нь хүртсэн цөөхөн кино найруулагчийн нэг бол Италийн гайхамшигтай кино урлаач Michelangelo Antonioni ба түүний жараад онд бүтээсэн шилдэг киноных нь нэг болсон, бас аугаа “хөндийрлийн” трилогийнх нь хоёрдахь кино болох тус гүн гүнзгий санаатай, бараг философийн бүтээлтэй танилцая.. юуны өмнө, би Michelangelo Antonioni-г асар их хүндлэн дээдэлдэг бөгөөд түүний L'Avventura (1960), La Notte (1961), L'Eclisse (1962) гэсэн хөндийрлийн трилого нь кино урлагийн түүхэндэх хамгийн чухал, хамгийн аугаа трилогийн тоонд ордог билээ.. 

уг кино Берлины наадмаас алтан баавгай шагнал авсан ба кинонд итгэлцэл нь хөгзрөн, хайрын аялал нь дуусч байгаа эхнэр, нөхрийн нэг өдрийн амьдралыг үзүүлнэ.. киноны гол дүрүүдэд: Италийн төдийгүй дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Marcello Mastroianni, Францын гоо сайхан жүжигчин Jeanne Moreau болон Италийн дэлгэцийн сахиусан тэнгэр Monica Vitti гурав тоглосон ба эл гурван царайлаг жүжигчин үзэмж төгс, гоо сайханлаг байдлаараа киноны гадаад хиймэл давхаргыг, капиталист нийгмийн хөнгөн хуурмаг талыг илтгэх ч үнэндээ киноны санаа өгүүлэмж хөндийрсөн, найдлага тасрам агаад хувхай хүйтэн завхрлыг үлэмж гоо зүйн яруу найраглалгаар эвцэлдүүлэн бүтээж чадсан найруулагчийн сод ухаан ажээ..

 киноны мөн чанар буюу үзэгчдэд хүргэх санаа олон, үүнээс цөөн хэдийг сонгон өгүүлэхэд: кино бидэнд битүүхнээр хувь хүний сэтгэл хөдлөл, оюун санаа болон үл итгэлцлээс үүсэх шаналалыг мэдрүүлэх бөгөөд үүнд нэн ялангуяа нийгмийн дээд \үүнд баячууд, сэхээтнүүдийг хэлэв\ хэсгийн худлаа загвар хөөсөн амьдал хийгээд оюун санааны доройтол, ялзарал нь тэдний амьдралыг тэвчишгүй уйтгар, гунигтай болгож буйг харуулна.. киноны нэг хэсэгт буюу Giovanni, Lidia хоёрын зочлон очдог үдэшлэгийн хэсэг дээр гэнэтийн аадар бороонд найрлан, наргиж байсан ноёд, хатагтай нар үймсэн шаагиж, зарим нь хүүхэд шиг зүггүйтэн, нэг ёсондоо зиндаа, насандаа баймгүй тэнэгтэж сахилгагүйтдэг бөгөөд энэ бол байгаль дэлхий хүн төрөлхтний хуурамч ааш аягийг өөрийнхөөрөө “угааж”, хүн төрөлхтөн байгаль дэлхийд эвдэн сүйдэлсээр байгаа болон эвдлэн сүйдэлсэн нурман дээр нь там барьж байгаад хилэгнэн ийнхүү галан ташуураар ташуурдсан мэт санагдана..

киноны гол дүр Giovanni юм шиг, түүнийг тойрох бүсгүйчүүд зөвхөн дагалдах сэдэв юм шиг анхандаа санагдах ч сайтар ажиглавал киноны гол дүр Lidia, бас кинонд гарах эмэгтэй дүрүүд бөгөөд үзэгч Lidia-ын өнцөгөөс үйл явдлыг үзэнгээ түүний дотоод сэтгэлийг киноны турш базлуулах нөхөртөө эргэлзэх, мөн өөрөө нөхөртөө хайртай юу, эсхүл хайр нь бөхчихсөн үү, гэсэн асуултад хариулт хайх ба Lidia-ын царай төрх киноны туршид зовиурьтай, шаналгаатай үзэгдэх нь киноны мөс шиг хүйтэн уур амьсгалын цөм болно.. нөхөр нь өөрийг нь хуурч байгааг Lidia нүдээрээ харсан ч тоохгүй учир нь тэрээр нөхөр нь үргэлж хуурч ирсэнийг мэддэг тул үүнийг тоохоо байж, одоо нөхрөөсөө салах шийдийг гаргаад байгаа бол Giovanni алдар нэрийг олох тусам эхнэрээсээ хөндийрөн, эхнэрээ анхных шигээ анхаарахаа больж, бүр зарим нандин дурсамжаа ч ор тас мартсан байдаг ба тэрээр өөрийгөө эхнэртэй одоо ч хайртай гэж боддог ч өөр хүүхэнтэй уулзахгүй байж чадахгүй хүн ажээ.. киноны нэг хэсэгт тэд анх танилцсан газраа Lidia-ын шаардлагаар шахуу уулздаг нь хүүхний салахын өмнөх дурсамж юмуу, эсхүл нөхрийнхөө янаг хайрыг ахин сэргээх гэсэн оролдлого уу гэдгийг хэлэх хэцүү бөгөөд киноны төгсгөлд тэд хурьцаж дуусдаг ч нийлсэн үү, салсан уу эсэх нь тодорхойгүй..

 суут кино найруулагч Michelangelo Antonioni өөрийнхөө бүтээлүүдэд эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс илүү ухаалагаар үзүүлдэг бөгөөд үүнийгээ: эмэгтэй хүний мэдрэх чадвар юунаас ч илүү нарийн, эрэгтэй хүн сэтгэл хөдлөлдөө захирагдан бодит оршихуйг бараг үргэлж мэдэрч чаддаггүй ба тэд эмэгтэй хүнээс давамгайлж гарахыг хүсдэг учир зарим мэдрэмжээ хүчээр нуудаг гэж хэлжээ.. найруулагч Michelangelo Antonioni өөрөө эмэгтэй хүмүүсийн дунд өсөж, тэднийг хайрладаг байсан учраас түүний киноны эмэгтэй дүрүүд гайхамшигтай нарийн бас онцгой ертөнцтэй байдаг.. капиталист нийгэмд, орчин үеийн нийгэмд эмэгтэй хүмүүсийн үнэ цэнэ, үүрэг чадвар юу байх вэ гэдэг киноны бас нэг сэдэв бөгөөд капиталист нийгэмд эмэгтэй хүний авъяас чадвар үрэгдэж гоо үзэсгэлэн нь л тэдний үнэ цэнийг тодорхойлогч болсон, ингэснээр эмэгтэй хүн ийм нийгэмд зовох болно гэсэн санааг тусгаад орчин үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нандин харилцаа нийгмийн үнэлэмжээс, буруу үнэ цэнээс болж хөндийрч байгааг кино үзүүлжээ.. 

Lidia гудамжаар ганцаараа алхан эргэн тойрноо ажиглан явахдаа сүндэрлэн харагдах гоё ганган байшин, машинуудыг хараад энэ бүхнийг хүн яах гэж бүтээв? Бид нэг нэгнээ хэрхэн хайрлах вэ? Арилжааны ертөнцөд хайр, эмэгтэй хүн болон урлагийн үнэ цэнэ юу юм бэ гэж өөрөөсөө асуусах бөгөөд бид байгаль дэлхийгээ хайр гамгүй эвдлэн сүйтгэж буй, хүн хүнээ хэмлэн идэж буй нойрондоо явагчид, магадгүй энэ нойрноосоо хэзээч сэрэхгүй бизээ.. кино анх гарахад 16 наснаас дооших хэмээн хорьж байсан ба эмнэлэгт Giovanni үл таних охинтой үнсэлцдэг хэсэг, Lidia-ын усанд ороход цээж ил гардаг хэсэг, мөн цэцэрлэгт хүрээлэнд хоёр хүүхэн бие биенээ янхан гэж дууддаг хэсгүүдийг зохимжгүй гээд танаж байсан агаад тус кино маань бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 237-р байрт жагсдаг аа.. сонирхуулахад, уг киног Stanley Kubrick болон Lars von Trier хоёр дээдэлдэг ба мөн киноны олны хэсэгт Италийн философич Umberto Eco тоглодог..

 ингээд киноны үйл явдлаас товчхон: амжилттай яваа зохиолч Giovanni (Marcello Mastroianni) дур булаам эхнэр Lidia-ын  (Jeanne Moreau) хамтаар саяхан хагалгаанд орсон ч амьд үлдэх найдваргүй болсон найз Tommaso-гоо эргэхээр эмнэлэгт ирж буйгаар кино эхэлдэг.. гэр бүлийн хоёр гуч нэлээн гараад дөч дөхөж буй ч сэтгэл татах чадалтайгаас гадна өмссөн зүүсэн нь нийгмийн дээд хэсгийнх болохыг илтгэнэ.. тэд найзынхаа өрөөнд орох гэж яваад нэгэн өрөөнөөс гэнэт гарч ирсэн энгийн бус байдалтай ч залуухан, үзэсгэлэнтэй хүүхний үл ойлгогдох яриаг чагнаж хэсэг саатах ба ингээд найзынхаа байх өрөөнд ороход найз нь ээжтэйгээ хамт байж байна.. Giovanni-ын шинэ ном хэвлэгдсэний баяр, бас Tommaso-ын хагалгаа амжилттай болсны баяр болгож тэд оргилуун дарс ууцгаахад Lidia татгалзан, маргааш найз дээрээ ирнээ хэмээгээд ганцаар явж одоход нөхөр нь огт хориглодоггүй.. харин анх хүүхнийг өрөөнд орж ирэхэд Tommaso энхрий дотно харцаар угтаад гарыг нь шунан шунан үнсдэг.. Tommaso, Giovanni хоёр оргилуун дарсаа шимингээ үхэл, амьдрал бас орчин үеийн тухай ярицгаахад Tommaso эцсийн удаа найзтайгаа ярилцаж байгаагаа сайн мэдэж байв.. 

энэ үед Lidia эмнэлэгийн гадаа уйлж зогсох бөгөөд эмнэлэгт ирэх замын турш болон эмнэлэгийн өрөөнд хүртэл дуу муутай, сэтгэл нь хөндүүр мэт харагдана, Giovanni найзынхаа өрөөнөөс гарч явахдаа нөгөө хүүхэнтэй таарч, бараг хүчээр чирэгдэн өрөөнд нь орж тэврэлдэн үнсэлцэнэ, өрөөнд орсных дараахь үйл явдалд Giovanni мэдээж дургүйцэхгүй харин ч хүсэмжлэн дайрах ба сувилагч нар амжиж ирэн галзуу хүүхнийг Giovanni-гаас салгаагүй бол тэд хурьцах байлаа.. Giovanni эмнэлэгээс гарч яваад уйлж буй эхнэрээ хараад дагуулан шинэ номныхоо баярын цэнгүүнд очно, Giovanni-г шүтэн бишрэгчид нь, найз зохиолчид нь, найзууд нь угтан улмаар түүнийг бүжин аван эхнэрээс нь хамж одох агаад олны дунд ганцаардсан Lidia цэнгүүнийг орхин гадуур, гудамжаар үдээс хойшжин тэнэнэ.. харин энэ үед Giovanni баярын цэнгүүндээ хамаг анхаарлаа хандуулж байгаад өндөрлөсөн хойно нь гэртээ очиход эхнэр нь гэртээ байсангүйд гайхан байтал Lidia хэсэг залуусын зодооныг үзээд болиоч хэмээн шаргуу шаардсаар болиулдаг агаад нөхрөө утсаар дуудсанаар гэртээ харьдаг.. 

орой болж хоёулахнаа байя гэсэн Lidia-ын хүсэлтээр тэд тайчих үзүүлбэр үзүүлдэг газарт очин дарс уун суулаа гээд халуун дотно яриа, бүлээн уур амьсгал төрөхгүй бөгөөд Giovanni эхнэртээ хандаж: би юунаас ч урам зориг авахаа болилоо, зөвхөн дуртгал л байна гэж хэлдэг.. тайчих баараас гараад тэд Giovanni-г урьсан нийгмийн дээд зиндааны үдэшлэгт очно, Lidia тэнд мөн л уйтгарлан, бусдаас өөрийгөө тусгаарлан ганцаараа байхад Giovanni урьсан айлын эзэн, асар баян найзаасаа өндөр цалинтай ажлын санал сонсох боловч зохиолч хүнд таарахгүй, тэгээд ч би номноосоо мөнгө олдог хэмээн татгалзана, дашрамд хэлэхэд Lidia баян айлаас гаралтай билээ.. тусгаарлагдсан Lidia-г үдэшлэгт ирсэнээс нь хойш нэг залуу байнга харан мэдэгдэхүйцээр дагах бол нөгөө талд Giovanni баян найзынхаа үзэсгэлэнтэй охин Valentina-тай танилцан тоглоом тоглох ба тэрээр охиныг илт эргүүлэхэд охин ч муухай аашлан түлхэхгүй.. 

Giovanni, Valentina хоёрыг үнсэлцэж байхыг Lidia холоос хараад тайвнаар, хайхрамжгүйгээр өнгөрөөх бөгөөд энэ мөчийг харахаасаа өмнө найз Tommaso-г үхсэнийг мэддэг, энэ үед бороо орон цөм үймэхэд Lidia-г холоос харж байсан залуу шууд хүүхэн дээр ирээд машиндаа суулгаад авч одоход Giovanni энэ боломжийг ашиглан Valentina-г эзэмдэхийг хүсэх боловч харин Valentina түүнийг эхнэртэйг мэдсэний дээр гэр бүл үймүүлэх тэнэг хүн биш гэдгээ Giovanni-д хэлдэг, харин нөгөө талд Lidia нэг шөнийн жаргал хүсэхгүй гэдгээ өнөөх үл таних эрд хэлээд үдэшлэгт эргэн ирдэг.. энэ үед үүр цайж байх ба Lidia, Giovanni хоёр харихаар голфын талбайгаар алхаж байтал Lidia нөхөртөө хандаж: Tommaso үхсэн, тэр надад их юм зааж сургаж бас намайг зоригжуулдаг байсан, гэхдээ би та хоёроос чамайг сонгосон учир нь би чамд хайртай байсан харин одоо чамд хайргүй болсон гэж хэлэхэд Giovanni асар гайхах бас айх зэрэгцэн: би чамдаа одоо ч хайртай гээд тэврэн авч тавихгүй байсаар эхнэрээ янаглалын таашаалд согтоож чадах агаад энэ үед нар нэлээн дээр мандаж эхлээд байв..

Comments