Loves of a Blonde (1965). Найз залуугийнхаа гэрэл зургийг орон дотроо найздаа үзүүлэн гайхуулах Andula мөн найз залуугаасаа бэлгэнд авсан бөгжийг
үзүүлэн сайрхахад найз нь “чи хариуд нь юу өгсөн бэ” хэмээн асуухад Andula
юу ч өгөөгүйгээ санан жаахан ичин зовдог.. хорь орчим насны энэ бүсгүй бол
манай киноны гол баатар ба тэрээр хуучин социалист Чехословак улсын гутлын
үйлдвэр болон охидын сургууль бүхий бяцхан тосгонд ажиллаж бас суралцан
амьдарна.. энэ тосгон улсын төлөвлөгөөг биелүүлэхээр шаргуу ажиллах агаад бараг
дан хүүхнээс бүрдэх буюу арван зургаан эмэгтэйд нэг эрэгтэй ногдох харьцаатай
хүүхнүүдийн тосгон болой.. үйлдвэрийн удирдлагаас ажилчин хүүхнүүдийнхээ урам
зориг болон сэтгэл санааг өргөх үүднээс тосгоных нь хажуугаар өнгөрөх цэргийн
ангийг нэг өдөр тосгондоо зогсоон үдэшлэг зохион хүүхнүүдтэйгээ хамт дуулж,
бүжиглүүлж, бас уулгахаар болно..
уг үдэшлэгт мэдээж Andula найз охидын хамтаар
оролцох бөгөөд тэднийг өөрсдөөс нь нэлээн ах, ахимаг насны гурван ах офицер
ойрхон ширээнээс илэрхий ширтэн сээтэн хаяна, сонирхуулахад энэ цэргийн ангийн
албан хаагчид бүгдээрээ дундаж насны, гэр бүлтэй эрчүүд байдаг нь инээдтэй.. Andula
тэргүүтэй залуу хүүхнүүд буянтай энэ өдөр залуу сайхан эрс хүсэн байтал хөгшин
эрчүүд эргүүлэхэд даанч дурамжихан байхад офицерүүд шинэ шөл, соргог бал бурам
амтлах энэ боломжийг алдчихгүйг хичээнэ, офицерүүд зөөгчийн дуудан залуу
хүүхнүүд рүү дарс илгээх бөгөөд санаа нь бол дарс илгээсэн байхад хүүхнүүд энэ
шөнө хүслийг нь хангана гэж тооцоолно.. хөгшин офицерүүд болон залуу
хүүхнүүдийн дунд ахимаг насны гурван хүүхэн суух ба офицерүүд тэр гурвыг нэг
нүдээр үзэхгүй бол тэр гурван хүүхэн чухам залуусыг хүсэн, ширээнээ уйтгарлан
суух бол Andula найзуудын хамт хөгшин офицерүүдээс ичин тэднийг битгий л наашаа
зүглээсээ хэмээн залбиран сууцгаана..
эдгээрийг
түрүүнээс хойш ажиглаж байсан үдэшлэгийн хөгжимчин буюу төгөлдөр хуурч Milda
нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргэхийг хүлээж байсан ба залуухан, өнгө зүс
муугүй тэрээр зугтааж байсан Andula-ын итгэлийг олоод зогсохгүй жаахан манарсан
хүүхнийг уран сайхан үгээрээ, бас мэдээж жаахан хүчирхийллээр өвөртөө
оруулчихна.. уусан дарс болон хотын залуугийн гоё үг, зөөлөн харьцаа Andula-г
нүцгэлэхэд хүргэх бөгөөд өрөөний цонхны хөшгийг хаах гэж харин Milda шөнийн
талыг бардаг хөгжөөнтэй бол залуугийнхаа дор энэ миний насны хайр, энэ миний эр
хэмээн итгэн нулимс унагах Andula хөөрхий.. хурьцалын дараа хүүхэн залуугаас
хотод найз охингүй биздээ гэж мянгантаа асууж, захиа бичээрэй, хааяа очиж байна
шүү хэмээн олон зүйлд “тохиролцох” ба маргааш нь Milda тосгоноос явсанаас хойш
сураггүй таг болох агаад хүүхэн бүх юмаа цүнхлээд Milda-ын заасан гэрийнхэн
хаяг руу нь давхин очно.. Milda туршлагагүй эр байжээ, тэрээр жинхэнэ гэрийн
хаягаа Andula-д заачихсан ба хүүхэн нэг саруулхан орой Milda-ын төрсөн гэрт
буюу ээж, аав дээр нь шуудхан орчих бөгөөд огт танихгүй охин цүнхтэйгээ хүүг нь
асууж ирсэнд хөгшчүүл мэл гайхаж цэл хөхөрнө.. бараг хөдөөнөөс бүх юмаа
цүнхлээд хүүгийн зорин ирсэн охиныг хөөж туух эрх хөгшин эцэг эхэд байсангүй,
мөн хүүгийнх нь эхнэр ч болох магадлалтай энэ охиныг яах учраа тэд олохгүй
бөгөөд юу ч гэсэн гэртээ хонуулахаар болно.. шөнөжин ууж, хүүхэндсэн Milda
бараг үүрээр гэртээ ирээд орон дотор нь хүүхэн унтаж байхыг хараад аймшигтай
гайхах агаад ааваасаа энэ хэн бэ? Манай хамаатан юмуу гэж асууна.. Milda-ын ээж
хүүгээ танихгүй хүүхэнтэй унтуулахыг хүссэнгүй өвөртөө унтуулах ба ээж л болсон
хойно хүүгээ баахан зэмлэж, ёс суртахуун болон шударга ёсны лекцийг
нулимстайгаар унших агаад үүн дээр аав нь зодуур, нүдүүрээр байнга
заналхийлнэ.. энэ бүх яриаг Andula хаалганы цаанаас сонсон уйлах ба маргааш нь
тосгондоо буцаж очоод хотод сайхан байсан, миний найз залуугийн эцэг, эх их
сайн хүмүүс байна лээ гэдэг..
Чехийн кино урлагийн шинэ давалгааны классик
бүтээл гэгдэх болсон энэ бүтээл суут Milos Forman-г Оскарт анхлан нэр
дэвшүүлсэн ба уг комеди драм бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 572-р
байрт жагсдаг.. Milos Forman киноныхоо санааг болсон явдлаас сэдэвлэсэн бөгөөд
уг кинондоо мэргэжлийн бус жүжигчид тоглуулаад зогсохгүй тэднийг импровизацлан
байгаагаар нь тоглуулжээ.. кино бүх талаараа баримтад киноны хэлбэрээр зураглагдсаны
дээр жүжигчдийн импровизацласан тоглолт энэхүү бүтээлийг бодитой, жинхэнэ мэт
сэтгэгдэл төрүүлнэ.. түрүүн хэлсэнчлэн кино мэргэжлийн бус жүжигчдээр амилсан
ба кинонд тоглосон хүмүүсийн ихэнхи нь энэ киног бүтээгчдийн найз юмуу хамаатан
садан байсан агаад Andula-д тоглосон Hana Brejchová нь Milos Forman-ын хамаатны
охин байсан бол Vladimír Menšík, Vladimír Pucholt хоёр л мэргэжлийн жүжигчин
байсан бөгөөд Milda-д тоглосон Vladimír Pucholt амьдрал дээр хүүхдийн эмч
болсон байдаг.. судлаачид уг киноны ухвар санааг дарангуйлсан нийгмийн элэглэл
болон гуниг гэдэг бөгөөд ерөнхийдөө уг киноны хэлэх гэсэн санаа бол залуу насны
тогтмол бус хайр, дундаж насныхны бухимдал болон төөрөгдөл, мөн залуу хөгшин
гэсэн үе хоорондын зөрөөг үзүүлжээ..
НЭМЭЛТ: Кино судлаач Питер Хэмес
найруулагч Милош Форманы замналын турш байнга байж ирсэн гурван сэдвийг эл
бүтээлд ч байгааг олж харжээ; залуу насны зуурдын хайр, дундаж насны төөрөгдөл
ба цөхрөл, үе хоорондын зааг. Тэгвэл өөр нэг голлох сэдэв бол дарангуйлагдсан
нийгмийг тойрсон секстэй холбоотой ичгүүр болон төөрөгдөл аж. Мөн ихэнх
шүүмжлэгчид кинонд тоталитар дэглэм дэх өдөр тутмын амьдралын харуулсан хошин
ба гунигтай нэгдлийн тухай тайлбар өгдөг. Харин зарим нь, кинонд тусгасан санаа
бол зөвхөн төрийн буруугаас бус харин хувь хүмүүс өөрөө өөрсдөдөө тусгаарлалт
бий болгодог гэдгийг бас онцолжээ.
Comments
Post a Comment