Shoplifters (2018). Өгүүлэх нь, нэгэн тавь орчим насны эр арав арай хүрээгүй болов уу гэмээр жаал хүүг дагуулсаар хүнсний дэлгүүрт орж ирэнгүүтээ өөр өөр лангуу руу салж одоцгоох ба тэд нүдээрээ ирмэлцэн, нууц дохио зангаагаар ярилцах нь үүнийгээ олон дахин хийж гаршсаныг илтгэх бөгөөд тэд дэлгүүрээс гарахдаа бэлэн гоймон, ундаа чихэр гэх мэт хүнсний зүйлсийг мөнгө төлөлгүй авсан буюу хулгайлсан байлаа: хижээл насны эр эл хэргээ зөвтгөж хүүд хандаж “энэ бүхэн хэн нэгний өмч биш, энэ бүхнийг хүн худалдаж авдаггүй болохоор хулгай биш” хэмээн хэлнэ, энэ бол түүний амьдралын мөрдлөгө юм.. Токиогийн хаа нэгтээ орших жижигхэн байшинд нэг эхээс төрөөгүй, огт цусан төрөл биш хэдий ч хэн хэнийхээ арыг дааж, бие биедээ итгэн олсоноо хуваан эвтэй найртайгаар найман настайгаас наян насны хүртэл эр, эм холилдсон таван хүн нэг гэр бүл болж амьдарцгаана..
дээр хэлсэн тавь орчим насны эр энэ гэр бүлийн өрхийн тэргүүний
үүргийг гүйцэтгэнэ, түүнийг Osamu гэх бөгөөд туранхай, жижигхэн, харваас доожоо
муутай ч гаргууд хулгайч ба өдрийн цагаар барилга дээр ажиллана, тэгвэл энэ гэр
бүлийн гэрийн эзэгтэйн үүргийг Nobuyo гэх гуч гаран насны хүүхэн гүйцэтгэх ба
хүүхэн хувцас угаалгын газар ажиллана, мэдээж боломж гарвал хулгай хийхээс
буцахгүй.. мөн дээр дурдсан жаалыг Shota гэнэ, түүнийг Osamu багадана аварч,
улмаар өсгөн хүмүүжүүлээд өөрийн төрсөн хүү шигээ санан ааваа гэж дуудуулахыг
хүсэх ч хүү хэзээ ч ааваа гэж дууддаггүй байлаа, гэсэн тэд маш дотно
харилцаатай.. энэ айлд хорь орчим насны Aki хэмээх охин байх агаад царай зүс
тун дажгүйн улмаас оройн цагаар тайчих үзүүлбэр үзүүлдэг бааранд ажиллана, энэ
газар нь тайчихаас гадна үйлчлүүлэгчтэй уулзан ярилцаж, гэмгүйгээр тэврэлдэн
хамт унтаж болдог хотын залуусын ганцаардлыг тайлдаг нөгөө талдаа залуу охидын
мөнгө олдог тийм газар ажээ..
айл болгонд эмээ байдаг ёсоор энэ айлд бас эмээ
бий: эмээг Hatsue гэх бөгөөд энэ байшин бол түүнийх, тэрээр нас барсан
нөхрийнхөө тэтгэмжээр амь зуухын дээр санаж сарвайх хүнгүй учир хөгшин эдгээр
залуусыг харж хөгжин бас халамжлуулан амьдарна.. эмгэн Aki-д хамгийн сайн
хандаж мөнгө өгөн, юм худалдан авч өгөхийн дээр бүр өвөртлөн унтах бол охин ч
эмгэнд энэ гэр дотроос хамгийн сайн хандана, эмгэн охинд ингэж хандах шалтгаан
байлаа: эмгэн нас барсан нөхрийнхөө хоёрдахь эхнэрээс төрсөн хүүгийнд хааяа
зочилно, хүү ч сайн хандан мөнгө өгөх бөгөөд Aki бол хүүгийнх нь төрсөн охин
агаад эцэг, эх нь охиноо гадаадад сурч байгаа гэж итгэхэд охин нь тайчиж
явлаа.. ийм нэг айл Токиод амьдрах агаад тэд цөм их бага хэмжээгээр хулгай хийх
юмуу луйвар хийн амьдрах ч голдуу хоол ундны зүйлс юмуу жижиг сажиг хэрэглээний
юмс тоншино, энэ айл бол ойр зуурын хэрэглээгээ л хангасан, нийгмээс бүрэн
тусгаарлагдсан хулгайч гэр бүл юм..
Juri гэрээсээ яваад хэдэн сар өнгөрч эцэг, эх нь эрэл сурал болон
цагдаадаа тулсан нь мэдээж бөгөөд охиныг одоо зурагтаар зарлан орон даяар хайж
эхэлсэн нь Shota тэргүүтэнгүүдэд цагдаагаас зугтаах шалтгааныг нь хоёр дахин
нэмэх ба хэрвээ баригдвал энэ хэрэг төдийгүй маш олон хэрэг нь илчлэгдэн балрах
байлаа.. иймийн учир тэд охинд Lin гэх шинэ нэр өгөөд үсийг нь тайран бүрэн
өөрчилнө.. охин болон тэдний харьцаа одоо их дотно болоод зогсохгүй охин дэлгүүрээс
хулгай хийж сурч эхлээд байв.. Shota нэг өвгөний дэлгүүрийг “дээрэмдээд”
сурчихсан агаад нэг өдөр Lin-ын хамт орж ээлжит хулгайгаа хийчихээд гарч явахад
өвгөн Shota-г дуудан уулзан чихэр өгөнгөө “наад охиноороо ахиж битгий хулгай
хийлгээрэй” гэнэ, энэ нь өвгөн Shota-г хулгай хийдгийг аль хэзээний мэддэг
болохыг илтгэнэ.. Shota уг явдалд нулимсаа гартал, ёс суртахуунаа сэртэл ичих
бөгөөд угаасаа ухаантай, энэ амьдрал өөрийнх нь биш гэдгийг ухамсарладаг хүүд
энэ явдал хүчтэй нөлөөлнө.. энэ үеэр эмгэн сэтгэл хангалуунаар нүд анина, гэвч
эмгэнийг оршуулах мөнгө Shota тэргүүтэнгүүдэд байгаагүйгээс гадна ингэвэл
цагдаад баригдах учир эмгэнийг байшингийнхаа дотор буюу өрөөнийхөө шалыг ухаад
булж орхих ба эмээ гэж хэзээч байгаагүй, эмээг ахиж ярьж болохгүй гэж өөр
хоорондоо тохиролцдог, энэ явдалд мэдээж Aki хамгийн их шаналдаг..
Shota болон Lin
хоёр ээлжит дэлгүүртээ ороод байхад Lin хулгай хийхээр завдахад Shota энэ
охиныг ийм замаар оруулж болохгүй, өөр шигээ болгож болохгүй гэж шийдээд лангуу
нураагаад хүмүүсийн анхаарал татан зугтааж охиныг авраад өөрөө зугтааж яваад
хөлөө хугалчихна.. Shota эмнэлэгт хэвтсэнээр гэр бүлээ цөмийн цагдаад барьж
өгөөд зогсохгүй гэр бүлээ эгнэгт тараана.. Shota-г Osamu, Nobuyo хоёр авраагүй
харин олсон бол Nobuyo нөхрөө алсан нь баригдана, ийнхүү Nobuyo шорон явж, Shota
өнчин хүүхдүүдийн газарт очих ба Aki болон Lin гэртээ харьцгааж, Osamu мэдээж
хуулийн хариуцлага хүлээдэг.. кадр өөрчлөгдөхөд Shota, Osamu хоёр загас барин
зогсох агаад тэд Nobuyo-г шоронд эргэхэд хүүхэн хүүд жинхэнэ эцэг, эхийнх нь
байдаг газар хийгээд хэрхэн олсоноо үнэнээр хэлэхэд хүү гэртээ харихаар хатуу
шийддэг.. автобусны буудал дээр Osamu төрсөн мэт санадаг Shota-аас салж ядан
зогсоход хүү харин огт тоохгүйгээр унаандаа суун үүрд салж одох бөгөөд одоо гэр
бүлгүй, орь ганцаараа үлдэх Osamu нүдэндээ нулимстай автобус дэмий л даган
гүйхэд Shota түүнийг эцсийн бас анхны удаа ааваа гэж дотроо хэлдэг..
орчин
цагийн Озу гэж өргөмжлөгдөх болсон Японы кино найруулагч Hirokazu Kore-eda эл
бүтээлээрэй 2018 оны Канны кино наадмын дээд шагналыг хүртэн, Оскарт шилдэг
гадаад кино төрөлд нэр дэвшиж байсан ба 1997 оноос хойш Канны кино наадмын дээд
шагналыг хүртсэн анхны Япон кино болжээ.. найруулагч Hirokazu Kore-eda
киноныхоо зохиолын санааг “Like Father, like Son” хэмээх гайхамшигтай бүтээлээ
хийх явцдаа хөгжүүлж явсан ба зохиолын судалгаа гэж өнчин хүүхдүүдийн асрамжийн
газраар явж, ядуу хүмүүсийн болон хулгайчдын амьдралыг судалсанаас гадна түүнд
Японы эдийн засгийн хямрал их нөлөөлжээ.. тэрээр киногоо нийгмийн ухамсар гэж
тодорхойлоод киноныхоо санааг ганц нэг дүрээр харуулах биш илүү өргөнөөр
нийгмийн доторх гэр бүлийг харуулахыг зорьсон гэжээ.. кино маань Канн-аас гадна
маш олон шагнал авсан ба кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсаны дотор суут
зохиолч Charles Dickens-ын ”Oliver Twist” романтай харьцуулсан байдаг.. эл
бүтээл орчин үеийн буюу капиталист нийгмийн харилцаа болон гэр бүлийн өнгө
төрхийг бодитоор үзүүлсэн бөгөөд капиталист нийгэмд эмээгийн тэтгэвэрийг
хүлээгчид, биеэ үнэлэгчид, бас хулгай хийгчид маш их байдаг билээ.. гэр бүлийг
юу бий болгодог юм бэ? Мах цусны тасархай юмуу ойлголцож нэгдэж чадсан
хүмүүсийн хамтрал юмуу? Ээж хүн заавал сайн хүн байдаггүйг, аав хүн бүр
хүүхэдтэй хайртай байдаггүйг уг бүтээлээс харах агаад Osamu буруу аргаар
амьдардаг сайн хүн юм..
Comments
Post a Comment