Зуны дурлал




Grease (1978). Би та нарын анхаарлыг 1958 оны зун Калифорни мужийн Rydell их сургуульд болсон нэгэн хайрын, тэмцлийн хийгээд сургамжтай мюзикал түүхэд хандуулъя.. орон нутгийн
Rydell их сургуулийн Greaser бүлгэмийн \энэ нь тэр үеийн залуусын нэгэн төрлийн хэлбэр, загвар буюу дэгжин машинтай, ганган хувцастай залуус\ залуу Danny \John Travolta – Америкийн жүжигчин тэрээр уг кинонд тоглохоосоо нэг жилийн өмнө мөн алдартай мюзикл Saturday Night Fever-д тоглон алдаршаад байв\ Австралиас солилцоогоор сурахаар ирсэн ялдам охин Sandy-тай \Olivia Newton-John – Англи-Австралийн жүжигчин, дуучин тэрээр дөрвөн удаагийн Grammy шагналтай \ учир ургуулна, өөрөөр хэлбэл тэд зунжингаа хамт далайн эргээр зугаалж, зун мартагдашгүй романтик өдрүүдийг өнгөрөөж улмаар хэн хэнийхээ зүрхэнд хайраар тамгалагдана.. гэтэл зун дуусч, хичээлийн шинэ жил эхлэхэд Sandy Австрали руугаа явахаар болоход Danny охинд хамаг л хайрын халуун амлалтыг өгөхөд охин ариун хайр, үнэнч итгэлээ хариу болгон өгч буйгаар кино эхэлнэ.. тухайн сургуулийн төгсөх ангийн хөгжилтэй, дурламтгай, мөн хөгжмлөг залуус үзэгч биднийг киноны турш дагуулж, өөрөөр хэлбэл хөтлөн явахдаа цэвэр романтик фантааз болон гэгээлэг хайрын бодомжоор цэнгүүлэхийг урьдчилан баталъя.. 

Rydell их сургуулийн хамгийн ганган, од залуусын бүлгэмийг T-Birds гэнэ, уг бүлгэмд киноны гол дүрийн нэг Danny тэргүүтэй Kenickie, Doody, Sonny нар багтах ба залуус бусдаасаа хувцсараа ялгарахын дээр бардам зангаараа, зоригоороо, мөн мэдээж ганганаараа үеийнхэн дундаа алдартай.. тэгвэл тус сургуульд The Pink Ladies хэмээх од охидын бүлгэм бас бий, үүнд сургуулийн хамгийн дэгжин, авъяаслаг, бас бусдаасаа халуухан охид багтах ба жишээн Danny-д сэтгэлтэй The Pink Ladies-ын бүлгэмийн ахлагч Rizzo \Stockard Channing – Америкийн жүжигчин, энэ кино замналынх нь хамгийн алдартай бүтээл\ болон түүний дагалдагчид Frenchy, Marty нар болно.. Danny зуны дурлалдаа мансууран Rizzo-г үл тоосон нь Rizzo том өш санах шалтгаан болох агаад энэ охин асар бардамаас гадна өөрийгөө ноён оргил гэж бодогч ажгуу..
тэгсэн Sandy нутаг буцсангүй, шалтгаан нь зуных нь хайр ч байж болох ба тэрээр зөөлөн, итгэмтгий, бас ичимхий бөгөөд ямартай ч охин Rydell сургуульд сурахаар ирнэ.. бүх юмаараа элит охин Sandy шууд The Pink Ladies-ын гишүүн болно, гэнэн, цайлган Sandy бүх юмаа буюу зуны хайрынхаа талаар Rizzo-д ярьсан нь алдаа болох буюу ялагдахыг үл тэвчих Rizzo Sandy болон Danny хоёрыг уулзуулж болохгүй гэдгийг ойлгож, хор хутгахыг санаархана.. энэ үед Danny өөрийн бүлгэмийн хамт өрсөлдөгч дайсан the Scorpions хэмээх өөрсөдтэйгөө ижил бүлгэмийн эсрэг хариу цохилт өгөхөөр машин дээрээ ид \энэ нь машины уралдаан маягийн юм ба энэ нь тэр үеийн залуусын өрсөлддөг арга байжээ \ ажиллаж байв.. зун салахдаа, хэн, хэн нь мөнхийн хайраа олсноо мэдэж байвч аргагүй нөхцлийн улмаас салсанаа мэдэх тэд энэ хугацаанд Sandy-г үүрд явсан гэж бодсон Danny охиныг үргэлж бодож байхад Sandy түүнтэйгээ удахгүй уулзана, тэгэхдээ түүндээ гэнэтийн бэлэг барина гэж баярлах.. 

тийн байтал санаандгүй байдлаар манай хайрын шувуухайнууд сургуулийн нэгэн үдэшлэг дээр таарах бөгөөд хоорондоо таарах бүх боломжийг хорт Rizzo чамбай зохион байгуулна, чухам Rizzo яагаад тэднийг үдэшлэг дээр буюу олны дунд уулзуулах гэсэн шалтгаан бол өөрийгөө сургуулийн шилдэг, хайр сэтгэл гэж мэддэггүй харин хөөрхөн охидыг хэрэглээд хаядаг гэсэн өнгө төрхтэй болсон Danny-г онгироо, бардам зангаасаа болон найзуудаасаа ичихийн үүднээс нэг охинд дурласанаа хэзээч гадагш гаргаж чадахгүйг, хэрвээ тийм байдалд орлоо гэхэд тэр охиноо бардам зангийнхаа дор тавьж, олны өмнө гутаан доромжилно гэж маш сайн мэдэж байв, Rizzo үүнийг.. Sandy ханхүүгээ харуут гайхахын сацуу жаргалаар бялхтал, хариу Danny найзуудынхаа өмнө түүнтэй үл таних хүн шиг дэндүү бүдүүлэг бас доромж харьцах ба Sandy үүнд яаж цочирсдсоныг асуух хэрэггүй бол Rizzo ганц сайн бах нь ханадаг.. Danny бол ганган, чамин байдлыг л эрхэмлэдэг онгироо бас тэнэг залуу ба янзын зэвүүн, сүрдэм гялгар хиймэл бүтээсэн төрхөндөө энэ явдлаар хохирч, ичиж үхмээр тэнэг байдалд орохоос илүү хайрыгаа гомдоож бас хайраасаа урвасандаа дотроо өөрийгөө ихэд зүхээд өнгөрөх хэдий ч түүнд гэмээ ухааран засрах хийгээд уучлалт гуйн чин сэтгэлээр хайрлах нинжин зүрх заяасан байлаа.. харин Sandy ухаалаг, даруу бас үнэнч хайранд итгэдэг охин Danny-ын “жинхэнэ” төрхийг мэдээд үхтлээ гомдох нь мэдээж бөгөөд энэ хайрын дундуур Rizzo хамгийн хожсон, баярласан нь байлаа.. 

хайр сэтгэлээсээ болж орчин тойрон болон өөрийнхөө ойр дотно хүмүүсээс ичих буюу өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэж чадахгүй байгаа хүмүүст зориулсан бүтээл бөгөөд энэ бол өөрийнхөөрөө байж чаддаггүй, бусдад таалагдах гэж амьдардаг хүмүүсийг хатгаж, чимхэсэн кино.. хамгийн эрх чөлөөтэй зүйл бол хайр байдаг, үүнийгээ өөрөө шийдэж чадахгүй бол амьдраад хэрэггүй бөгөөд оюун санаагаар хийгээд сэтгэлээрээ ганцаардал гэсэн сайн дурын шоронд өөрийгөө хорих хүмүүст зориулсан кино.., өсвөр насныхны хошигнол хийгээд хайр сэтгэлийн асуудлыг хурц өрнөлтэйгөөр, асар хөгжилтэйгөөр фантаазлан үзүүлсэн энэхүү загварлаг, маягтай мюзикл нь 1978 оны хамгийн их ашиг олсон кино болсон \ 6 саяар бүтээд 395 саяын ашиг олсон\ бөгөөд уянгалаг хирнээ цоглог дуу бүжиг нь тавиад оны хээнцэр дэгжин хэв маягийг тусгахдаа удаан хэмнэл, фантаазын дүрслэлээрээ урам зориг, сэтгэл хөдлөлийг өдөөхөөс гадна романтик мэдрэмж төрүүлнэ..

Америкийн кино найруулагч Randal Kleiser-ын анхны бөгөөд оргил ажил нь болсон эл мюзикл нь Jim Jacobs болон Warren Casey хоёрын ижил нэрт тайзны мюзиклээс сэдэвлэсэн ба зохиолыг нь Bronte Woodard бичжээ.. кино гарсан даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны дээр асар их ашиг олсон ба киноны саундтрак цомог нь нэгдсэн улсад тухайн жилийнхээ хамгийн их зарагдсан цомгийн хоёрдугаар байрт жагссан агаад мөн Оскарын наадамд шилдэг хөгжим төрөлд нэр дэвшиж байв.. кино 2019 оны байдлаар дэлхий дахинаас 1.531 тэрбумын ашиг олоод байгаа ба дэлхий дахинаас хамгийн их ашиг олсон мюзикл кино гэсэн алдрыг 13 жил эзэмшсэн The Sound of Music-г киног ардаа хийж тэргүүн байрыг эзэмшиж байгаад Les Misérables, Mamma Mia! болон Beauty and the Beast гэсэн мюзиклууд гарсанаар байраа алдан одоогоор дэлхий дахинаас хамгийн их ашиг олсон мюзикл киноны \
live action musical \ дөрөвдүгээр байрт жагсаж байна.. уг бүтээлийг 1978 онд гарсан шилдэг киноны нэг гэж үзэхээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг мюзикл киноны тоонд оруулдаг бөгөөд Channel 4 тус киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мюзикл киногоор нэрлэж байжээ.. 1982 киноны хоёрдугаар ангийг хийсэн ч бүрэн сүйрсэн бөгөөд эхний ангид тоглосон гол жүжигчид тоглоогүй нь амжилт олоогүйн шалтгааных нь нэг байсан болов уу..

Comments