Унаж хоцорсон өнчин жимс


Once Upon A Time In Anatolia (2011). Туркийн Азийн нутаг дэвсгэрт хамаарагдах Анатолийн хойгийн хээр талд гурван цагдаагийн машин буюу хоёр хөнгөн тэрэг, нэг жийп чийдэнгээрээ шөнийн харанхуйг гэрлээрээ цоолон явсаар нэгэн булаг дээр ирж зогсоход машинуудаас ойролцоогоор арваад эрс буух агаад эдгээр хүмүүс бол өгүүлэх киноны маань гол дүрүүд болох цагдаагийн дарга Naci, прокурор Nusret, сэжигтэн Ramazan болон эмч Cemal тэргүүтэй газар ухагчид, жолооч, мөн цагдаагийн офицеруудаас бүрдэнэ.. цагдаагийн дарга дэргэдээ сэжигтэнг авчраад: энэ газар мөн үү? Чи итгэлтэй байна уу хэмээн энэ ажлаа түргэн дуусгахыг хүссэн өнгөөр асуухад сэжигтэн болох урт үстэй, цонхигор царайтай, ёстой л муу хүн байхад таарахаар төрхтэй эр: сайн санахгүй байна, их харанхуй байгаа учир сайн харагдахгүй байна гэж амандаа үглэх бөгөөд цагдаа нар сайн эрсэний дээр мөн сэжигтэн энэ газар биш гэсэн бат нот үгээр энэ багахан бүлэг цааш аялалаа үргэлжлүүлнэ..

 цэлмэг тэнгэрт ноёлох сар бага Азийн салхит талыг дээрээс нь аймшигтайгаар тольдоход хүний зориудаар гаргасан замаар хүйтэн могой лугаа гулсан явах хуулийн чанга нударга болсон уг гурван машинд хүн амины хэрэгт холбогдоод, үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн ах дүү хоёр сэжигтэн, тэдэнд алуулсан хохирогчийн цогцсыг шинжлэх эмч, уг хэргийг буюу цогцсыг сэжигтэний заавраар олох үүрэгтэй цагдаагийн дарга болон уул хэргийг гардан гүйцэтгэн, ахлан удирдах прокурор нар бас бус хуулийн ажилтан, цагдаа нарын хамтаар явах ба сэжигтэн хүн алах үедээ согтуу байсан, ямартай ч эргэн тойрон модтой бас нэг булагтай газар байсныг санахаас өөр юу ч санахгүй байна гэхэд цагдаагийн дарга болох ажилдаа шаргуу ч бас ажилдаа туйлдан ядарсан эр түүнийг амьд явах цаг хожоод байна, эсхүл биднээр тоглон наадаж байна гэж уурсан цаг өнгөрөх түсам сэжигтэнтэй бүдүүлэг, доромж харьцана..

дараагийн булаг хүртэл хол, шөнө урт учир машинд явагчид болох цагдаагийн дарга, эмч болон прокурор нар замын турш шатлан захирах ёс, ёс зүй, үхэл, гэр бүлээс өгсүүлээд тараг, шарсан махны тухай ярих ба тэдний ярианы гол сэдэв эцэстээ хүүхэд ер нь эцэг эхийнхээ алдааг үүрэх ёстой юу гэсэн сэдэвт хүрэх үед бас нэгэн булаг дээр ирэх бөгөөд сэжигтэнийг даган цагдаагийн дарга энэ газар мөн байгаасай хэмээн чөтгөр ч амарч байх шөнө дунд гуравдахь удаагаа сэжигтэнийг даган явна.. энэ үед ядарч, алжаасан бүх хүн машинаасаа гаран хөл гараа хөдөлгөж, ус энэ тэрхэн ууж идэнгээ хараал идсэн газар нь мөн байгаасай, булуулсан үхдэл хурдан олдоосой гэсэн хүсэл ядарсан царайнаас нь илт харагдана.. дулаахан ч салхитай энэ хүүр хайсан шөнө эдгээр хэсэг бүлэг хүмүүсийн хувьд бодсоноос нь урт удаан өнгөрч, одоо тэд ажил, зорилгынхоо тухай биш өөрийнхөө тухай, ойр тойрныхоо хүмүүсийн тухай бодож эхэлтэл тийм нам гүм, тийм бясалгам тусгаар шөнө болох агаад эмч болон прокурор хоёр хийх юмгүй учир хэн хэндээ итгэснээс үү, эсхүл ийм онцгой ахуй орчинд ер нь хүмүүс илэн далангуй болдог уу, бүү мэд ямартай ч тэд ийнхүү ярилцана: прокурорын найзынх нь эхнэр үхэх өдрөө он, сар,тэр бүү хэл цагтайгаа зөгнөж хэлсэн бөгөөд үхэхийнхээ өмнө хүүхэд төрүүлж, ийм юм байхуу, яагаад ийм байдаг билээ гэж эмчээс асуухад эмч: хөнгөхөн инээмсэглээд, үхэж болох зөндөө шалтгааныг хэлж байтал цагдаагийн дарга сэжигтэнг зодсоор ойгоос гарч ирэх ба сэжигтэн ээлжит удаагаа санаатай юмуу санамсаргүйгээр газраа андуурсан нь залхаж, ядарсан цагдаагийн даргын уурыг эцэст нь тулгажаа.. бүлгэм зогсоогоогүй бол сэжигтэнг магад цагдаагийн дарга уурандаа зодсоор алах байсных үгүйсгэхгүй бөгөөд бүлгэм үнэгэн шөнөөр ойрхон орших тосгоны даргынд буун хэсэг амрахаар болно.. 

бяцхан тосгоны дарга тэднийг хөл алдан угтан, гэгээ ороогүй ч гэсэн хоол, ундаар дайлангаа: энэ хавьд моорг барьж өгөөч гэсэн хүсэлтийг минь дээд удирдлагад уламжлаач, тосгоны залуус хот бараадан тосгонд хөгшчүүл л үлдлээ, хөгшчүүл нь үхэхдээ дараа нь шууд булуулах дургүй байна, учир нь хүүхдүүдээ ирж өөрсдийг нь эцсийн удаа харна гэдэгт итгэдэг тул ялзарч өмхийрсөн цогцос хадгалах хэцүү байна гэж прокурорд хэлэх мөчид тог тасран тас харанхуй болно.. харанхуй жаахан өрөөнд нойрмоглосон эмч, прокурор, цагдаагийн дарга нар ившээн байхад царан дээр аяга цай болон дэнлүү барьсан маш үзэсгэлэнтэй хүүхэн орж ирэн бүгдийг нойрноос нь сэрээх бөгөөд бүх эрчүүд хүүхний гоо үзэсгэлэнд шоконд орно.. нар мандахтай зэрэгцэн сэжигтэн алсан хүнээ хаана булсанаа үнэнээр хүлээх мөчид эмч болон прокурор нөгөө үхлээ зөгнөсөн нууцлаг хүүхний талаар ярилцах агаад прокурор энэ амиа хорлолтуу, эсхүл их эм уудаг байсны гор уу гэж асуухад эмч: эмнээс болсон гэнэтийн цочрол байж болно, эсхүл эм хэтрүүлсэн амиа хорлолт байж болно гэдэг ба ямартай ч хүүхэн хүнд алуулаагүйг тэдний яриа батална.. 

нар дүүрэн мандаж, манай хайгуулчид ч эцсийн эцэст нүгэлт газарт ирэх бөгөөд үнэхээр ч модоор хүрээлсэн булагтай сайхан газарт гуч орчим насны, дунд зэргийн нуруутай эрийг чандлан хүлэн булсан байна, үхдэл өмхийрч муудаагүй ч аль хэдийнээ хүн утгаа алджээ.. хүүрийг авч явах гэтэл хүүрийг хийх уутыг ажилчид мартсан байх агаад хөшсөн, сэжиг хүрэм хүүрийг тэд машиндаа бөөн хэрүүл, ууртайгаар буюу хошин байдалтайгаар чихэн авч явдаг нь киноны барьцгүй, ганц хоёрхон жанрт хамаарагдахгүйг илтгэнэ.. сэжигтэн болон хуулийнхан ажлаа буюу хэнийг хэн алсаныг тодруулчихаад хотод ирэхэд сэжигтэнг нэг хүүхэн бас арав орчим насны хүү хүлээж байх агаад хүү сэжигтэн рүү чулуу шиддэг, гэтэл сэжигтэний хүн алах шалтгаан энэ хүү буюу тэрээр үнэндээ энэ хүүгийн аав \хүү үүнийг мэдэхгүй\ ба ямар нэгэн хорслоор эхнэрийнхээ шинэ нөхрийг алж, одоо төрсөн хүүдээ үзэн ядагдсандаа цөхрөн уйлна.. ийнхүү эмч хүүрэнд задлан шинжилгээ хийхэд хүүр амьдаар булуулсан байх ба эмч үүнийг тайландаа бичихээс татгалзах бол прокурорын эмчтэй хийсэн сүүлийн ярианаас бид амиа хорлосон эхнэртэй хүн хэн гэдгийг мэднэ.. 

эдүгээ цагийн хамгийн сонирхолтой бас ирээдүйд дуурсагдан үлдэх кино урлаачдын нэг Nuri Bilge Ceylan эл гайхамшигт киноныхоо зохиолыг кинондоо тоглосон нэгэн дүрийн бодит амьдралаас сэдэвлэсэн буюу найруулагч Nuri Bilge Ceylan өөрийн төрж өссөн хатуу ёст тосгоноос дүрүүдийнхээ оюун санаа болон ахуй орчиноо эл бүтээлдээ дүрслэн буулгажээ.. эл бүтээл Канны наадмын Grand Prix шагнал хүртсэн бөгөөд кино А. Чеховын нэгэн богино өгүүллэгээс маш их санаа авчээ.. уг кинонд гарах машины гэрэлд салхин найгах өвс ногоо, шөнийн салхинд сэржигнэх модны навчны дуу болон горхины усанд хөвөх алимны сцен маш гунигтайн дээр тун яруу найраглаг ба өвсний үнэр, хацар илбэх салхи, усны чимээ үзэгчдэд мэдрэгдэхүйц амьд учир үзэгчид эл яруу сайхан зураглалыг харангаа орчиноосоо тасран бодлогширох бөлгөө.. кино эхнээсээ төгсгөл хүртэл энгийн, бараг өрнөлгүй агаад \нэлээн тэсвэр шаардсан урт бүтээл\ гайхам үйл явдал, гэнэтийн эргэлтгүй жамаараа яваа амьдралыг л харуулах нь жинхэнэ мэдрэмж, жинхэнэ бясалгал руу хөтөлнө.. сэжигтэн чухам яагаад хүн алсан нь тодорхойгүй, сэжигтэний хувь заяа яаж төгссөн нь мөн тодорхойгүй ба учир битүүлэг гэмээр уур амьсгалаа үзэгчийнхээ оюунд үлдээн орхигдог нь амттай ажээ.. харанхуй өрөөг дэнлүүгээр гэрэлтүүлэн орж ирэх үзэсгэлэнтэй хүүхэн яг л сахиусан тэнгэр шиг санагдсан ба сэжигтэн түүнийг хараад уйлах энэ сцен маш үзэсгэлэнтэйгээс гадна сэтгэл хөвөлзүүлэм.. энэхүү бүтээлийг үзсэн хэн бүхэн би нэг удаа Анатолий үзээд хэмээн догдлонгуй ярина гэдэгт итгэлтэй байна..

Comments