Sabrina (1954). Нью Иоркийн саятан Larrabee насан өндөр болсон өвгөн бөгөөд түүний хоёр хүү Linus \ Humphrey Bogart \ болон David \ William Holden \ хоёр өдөр шөнө шиг өөр буюу ах Linus нь ажлын хэнхэгтэй, ажилдаа хэт улайрсанаар хувийн амьдралаа орхигдуулсан, үзэмж тааруу ч шударга, ухаалаг дөч эргэм насны эр бол дүү нь болох David нь энэ бүхний эсрэг буюу үргэлж зугаалж цэнгэсэн, ажиллах гэдгийг мэддэггүй бөгөөд ахыгаа бодвол үзэмж сайхан, үүнийгээ ч ашиглан үзэсгэлэнтэй хүүхэн бүрийг урхиддаг агаад гоё сайхан хөлнөөс болж гучин насандаа гурвантаа хуримлаж, гурвантаа салсан эр ээ..
өвгөн Larrabee том хүүдээ бүрэн итгэн хамаг юмаа даатгасны дотор болчимгүй дурламтгай бага хүүгээ ч мөн ахад нь даатгасан нь энэ айлын эзэн нь Linus гэж хэлэхэд буруудахгүй.. энэ баян айл тансаг харшдаа байсхийгэд л нүсэр үдэшлэг хийх бөгөөд үдэшлэгт газар газрын цуутай баячууд, нэртэй одод, мөн мэдээж үзэсгэлэнтэй хүүхнүүд уригдан ирцгээнэ.. уг үдэшлэгээс Linus бизнесийн түншүүдтэйгээ улам ойртох бол David үзэж хараагүй гоо үзэсгэлэн, амталж мэдрээгүй уруул, нүдийг хайн, хайснаач олох ба шинээр нээсэн газар орноо эзэгнэн суух нарийн, өөрийн гэсэн аргаа хэрэглэнэ, энэ арга техник ч үргэлж бүтэх бөгөөд эл аргыг товчхон танилцуулбал: тэрээр үдэшлэгээс нэг хүүхнийг сонгоод хамт бүжиглэхдээ уран чамин үгээр илбэдэж дөнгөөд хоёулахнаа хамт байя хэмээгээд хүүхнээ олноос хол теннисны талбай руу илгээчихээд өөрөө барменээс хоёр хундага, нэг шампаансак аваад араас нь очсоноор янагийн ажил амжилтаар дуусах ба тэр хичнээн хүүхэнтэй теннисны талбайд шампаансак уусныг янагийг ивгээгч саран авхай л мэднэ.. нэгэн удаагийн үдэшлэг заншсан ёсоор архи дарс гол шиг урсан, гял цал хатагтай, ноёд нар ихэрхэн маяглацгаан, мөн мэдээж David нэг хүүхэнтэй бүжиглэж байхад нэлээн зайтай орших модон дээрээс энэ айлын жолоочийг насаараа хийж буй үнэнч өвгөн Thomas-ын ганц охин Sabrina \ Audrey Hepburn \ гомдсон, атаархасан, арга барсан харцаар гуниглан харах агаад хорь л гарч яваа энэ хүүхэн хүүхэд байхаасаа энэ модон дээрээс өөр ертөнцийн юм шиг тансаг амьдрал болон гоё ганган хувцас хунарт мөрөөдөн тэмүүлж ирсэн бөгөөд угийн хортой шартай Sabrina хэзээ нэгэн цагт энэ ертөнцийн нэг хэсэг болохоо дотроо хэдэн удаа андгайлсаныг таашгүй билээ..
хоёр жилийн өмнө модон дээр уйлж
суусан Sabrina одоо харин хээнцэр дэгжин, гоо үзэсгэлэн нь гэрэлтсэн хүүхэн
аавыгаа хүлээн зогсоол дээр зогсож байгаад санамсаргүйгээр David-тай уулзана, David
түүнийг огт таньсангүйгээр үл барам ийм гоо хүүхэн бас байдгаа гэж гайхан гэрт
нь хүргэж өгөх болдог ба хачиралтайн тэд нэг гэрт ирж, үл таних гоо хүүхэн нь
жолоочийнх нь охин болохыг мэдээд David нүд нь орой дээрээ гарахад Sabrina
үүнийг мэдрэн бах нь ханана.. цоо шинэ Sabrina-г харсан аав нь, энэ баян айлын
зарцууд болон Linus хүртэл мэл гайхаж, гоо үзэсгэлэнгийн биширнэ.. одоо David-ын
өдрийн бодол, шөнийн зүүд нь Sabrina болж, Sabrina-г л өөрийн болговол сүнсээ
өгөхөөс буцахгүй шунан дурлах ба Sabrina-г эргүүлж эхлэхэд хүүхэн ч үүнийг хүсч
байсан учир бие сэтгэлээ өгөхөд бэлэн байв.. ээлжит нэгэн үдэшлэгтээ David Sabrina-г
урин нөгөө аргаа хэрэглэхээр завдана, харин Sabrina энэ аргын эхлэл болон
төгсгөлийг мэддэг хирнээ хүлээн зөвшөөрөх бөгөөд David-тай л хамт байвал бусад
нь хамаагүй байв.. тэдний дотносолд өвгөн жолооч охиноо шалиг эрийн тоглоом
болчих бий гэж болгоомжлох бол Linus дүү нь Elizabeth-тэй суухгүй бол их
мөнгөний ажил нурах нь хэмээн дургүйцнэ.. үдэшлэг болдогоороо болж, David нөгөө
аргаараа Sabrina-г теннисны талбай руу явуулчихаад хоёр хундагаа халааслан,
шампаансакаа аваад жаргахаар явах гэж байтал Linus яриа өдөн зогсоон Elizabeth-ын
талаар, хуримын талаар ярих ба яриандаа халсан David халаасандах байх хундагаа
мартан сандал дээр суун бөгсөө бэртээх буюу бөгс нь шүүрэн шанага болно, үүнийг
мэдээж ах нь зориуд хийсэн бөлгөө.. теннисны талбайд Sabrina догдлон байхад David
биш Linus шампаансак барин орж ирээд: David ирэх боломжгүй болсон, гэхдээ
түүний гэр бүлээс хүн байна гээд тэд шампаансакаа уунгаа сарны дор сайхан яриа
өрнүүлдэг.. Linus-г яхир, хүйтэн гэж бодож явсан Sabrina тэр шөнөөс хойш сайн
хүн болохыг нь олж мэдэх бол Linus-ын мөстсөн зүрх анх удаагаа Sabrina-гаас
болж уярч, хайлж эхэлнэ.
David шархдсан бөгснөөсөө болж хэд хоног орноосоо
босох аргагүй болж Sabrina-г зугаацуулах үүргийг ах нь саналаараа авах ба David-г
Sabrina-гаас холдуулж, Elizabeth-тэй суулгаж, Sabrina-г яаж ийгээд өөр тийшээ
явуулчихвал Linus-ын хамаг ажил бүтэхээр байсан хэдий ч Linus өөрийн ухаангүй
хүүхэнд татагдан, бага багаар хайранд “унана”.. David-г орлосон Linus Sabrina-д
маш их таалагдаж, түүнтэй өнгөрүүлсэн өдрүүд хэзээч амсаагүй жаргалыг мэдрүүлэх
нь би үнэхээр David-д хайртай билүү гэсэн бодлыг хурцаар төрүүлнэ.. Linus болон
Sabrina хоёрын харьцаа улам гүнзгийрэх үеэр David ч эдгэх бөгөөд Linus дүүгээ Elizabeth-тэй
заавал суу гэж шаардаад өөрөө Sabrina-г Франц руу явуулж, маш их мөнгө өгөхөөр
төлөвлөнө.. Sabrina зүрх сэтгэл, оюун ухаанаа ойлгохоо болин сэтгэлээ нээн
ярилцахаар Linus-ын ажил дээр очих бөгөөд Linus шударга хүн тул бүгдийг буюу
өөрөө түүнд хайртайгаасаа бусдыг үнэнээр хэлэхэд Sabrina Франц явах билетийг
аваад мөнгийн үлдээдэг нь нэгэнт David-д хайргүйгээ ухаарсан учир бас Linus
өөрийг нь үлдээч гэж гуйхгүй байгаад гомдон явахаар болдог.. тэр шөнө Linus нүд
амраалгүй бодож хоносоор дүүгээ Sabrina-тай нь суулгая, ер нь хайр сэтгэл
мөнгөнөөс чухал гэдгийг өөрийнхөө ганцаардсан, уйтгартай амьдралаас олж харах
агаад дүүгээ болон хайрт хүүхнийхээ жаргалыг өөрийнхөөсөө дээр тавих энэ үед Sabrina
хөлөг онгоцонд сууж байдаг.. хурим болно, хурим болохгүй гэсэн маргааныг
эцэслэхээр Linus хоёр гэр бүлийнхнийг цуглуулаад David Elizabeth-тэй
хуримлахгүй гэж хэлэх гэтэл гаднаас David орж ирээд би Elizabeth-тэйгээ сууна,
хурдан сууя гэх бөгөөд тэрээр Sabrina ахад нь хайртай болсныг мэдсэн учир ийм
шийдвэр гаргажээ.. David ахдаа хандан: цаадах чинь явлаа, хайрынхаа араас гүй
ахаа гэхэд Linus хар хурдаараа гүйн оддог оо..
Америкийн домогт кино найруулагч
Billy Wilder-ын эл романтик, комеди драм бүтээл нь Америкийн зохиолч Samuel A.
Taylor-ын “Sabrina Fair” зохиолоос сэдэвлэгдсэн бөгөөд кинонд холливуудын домгууд
болох Humphrey Bogart, Audrey Hepburn, William Holden нар тоглосон ба кино тэр
жилийнхээ Оскарын наадмаас шилдэг хувцас загвар шагнал хүртжээ.. энэ кино
бүхэлдээ Audrey Hepburn-ын гоо үзэсгэлэн, гайхам тоглолт, эрхэмсэг төрхөнд
хөтлөгдөх бөгөөд түүний нэрийн хуудас болсон киноны нэг билээ.. Audrey Hepburn,
William Holden хоёр зураг авалтын үеэр янаг амрагийн холбоо тогтоосон ч төд
удалгүй больсон байдаг бол Audrey Hepburn-ын оронд өөрийн эхнэр Lauren Bacall-г
тоглуулахыг Humphrey Bogart хүсч байсан гэдэг.. Humphrey Bogart өөрөө эцсийн
мөчид Cary Grant-ын оронд энэ кинонд тоглохоор болсон ба замналынхаа турш
яргавар мөрдөгчийн дүр эсхүл ууртай эрийн дүр бүтээсэн тэрээр боловсролтой,
романтик дүр бүтээхээсээ эсэргүүцэн, ийм төрлийн кинонд ийм дүр бүтээх ёсгүй
хэмээн найруулагч Billy Wilder-тэй санал зөрж байсан ч сүүлд кино амжилт олсон
хойно уучлалт гуйж байжээ.. тухайн үед Audrey Hepburn 24 настай, William Holden
35 настай, Humphrey Bogart 53 настай байжээ.. сонирхуулахад, киноны нэрийг
“жолоочийн охин” гэж солихоор төлөвлөж байсан байна..
Comments
Post a Comment