Brief Encounter (1945).1945 онд буюу дайны дараахан Их Британий үзэгчид
театрыг нулимсаараа дүүргэж байсан, магадгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг
бүтэлгүй хайрын кино, мөн Их Британий кино хүрээлэнгээс гаргасан бүх цаг үеийн
хамгийн шилдэг Их Британи киноны хоёрдугаар байрт жагсахын сацуу бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 151-р байрт бичигдэж буй эл классик романтик
бүтээлтэй танилцая.. энэхүү киног Английн домогт кино найруулагч, кино зохиолч David
Lean Английн жүжгийн зохиолч Noël Coward-ын зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд
эл киног David Lean-ын хамгийн шилдэг кино ч гэх нь байдаг.. Их Британий кино
хүрээлэнгээс David Lean-г бүх цаг үеийн хамгийн шилдэг кино найруулагчдын 9-р
байрт жагсаасан ба David Lean нь “The Bridge on the River Kwai”, “Lawrence of
Arabia”, “Doctor Zhivago” гэсэн Эпик бүтээлүүд болон суут зохиолч Charles
Dickens-ын “Great Expectations”, “Oliver Twist” романуудыг амжилттай кино
болгосноороо дэлхийд алдаршсан билээ.
энэхүү бүтээл кино урлагийн реалист
үеийн жижиг хэмжээний чухал бүтээлд тооцогдохын дээр тухайн үеийнхээ од
жүжигчдийг тоглуулаагүй боловч найруулагчийн бишрэм шийдэл, өөгүй романтик
зохиол болон Celia Johnson \Английн жүжигчин, энэхүү кино хамгийн алдартай
бүтээл нь\, Trevor Howard \ Английн жүжигчин, мөн л энэхүү кино түүний хамгийн
оргил ажил нь\ нарын гол дүрийн бахдам жүжиглэлт нь сонирхолтой, уярам зөөлөн,
бас сэтгэл өвдөм гайхалтай романс бий болгожээ.. кино маань Оскарт гурван
төрлөөр нэр дэвшсэн үүнд: David Lean шилдэг найруулагчид, Celia Johnson шилдэг
эмэгтэй гол дүрээр өрсөлдөж байжээ.. Оросын нэрт хөгжмийн зохиолч Sergei
Rachmaninoff-ын хайр сэтгэлийн гэрэл гэгээ хийгээд хагацал, салалтын гашуун
мананг гүн мэдрүүлэх хөгжим киноны турш чихнээ уянгална..
хориглогдсон хайрын
шувуухайнууд буюу киноны маань азгүй хосууд кинон дээр бэлгийн харьцаанд
ордоггүй ба тийм сэдэл ч үзэгчдэд төрүүлдэггүйг судлаачид үзэхдээ: энэ бол
дундаж ангийн ухамсартай хамаатай буюу насанд хүрсэн, сэхээтэн давхаргын төлөөл
болох тэд бүдүүлэг доод давхарга болон ялзарсан дээд давхаргуудаас илүү ёс
суртахуунтайгаар үүнд хандсан гэсэн ба гол дүрийн хориглогдсон хос цэвэр ариун,
насанд хүрч ухаажсан хайрыг үлгэр жишээ болгон үзүүлсэн гэж би хувьдаа бодох..
киноны турш Laura нөхрөө хуурч байгаадаа өөрийгөө зэмлэн үүнээс цаг үргэлж
өөрийгөө татан гаргах гэж хичээхтэйгээ зэрэгцэн шинэ хайрандаа улам сорогдон
татагдаж шаналан тэмцэх хэдий ч нэр төр, үнэ цэнээ алдалгүй үлдэж чаддагт нь үе
үеийн үзэгч түүнийг буруутгахгүй харин ч өрөвдөн ойлгодог.. тус бүтээлийг
нээлтэй хийх үед эмэгтэй хүн эдийн засаг болон бэлгийн хараат байдлаас хол
байсан нь уг бүтээлийг алдаршихад бас бүтэн бий болоход чухал нөлөө болжээ..
кино Laura-ын хүүрнэлээр буюу нөхөртөө хандан наманчилан бүх нууц түүхээ ярих
бодролын, эргэн санасан хэлбэрээр үзэгчдэд хүрэх бөгөөд энэ бол цөхөрч бууж
өгсөн, гэмшиж эргэн ирсэн эмэгтэйн хүүрнэл байх болно.. өгүүлэх нь, 1938 оны
хамгийн сүүлийн сарын нэгэн орой Английн хаа нэгтээ орших галт тэрэгний буудал
дээр орших жижигхэн кафе дотор дөч дөнгөж хүрч яваа гэмээр эр, эм хоёр
өгүүлэшгүй зовлонд унасан царайтай сууцгаах ба эд бол тогтсон сайхан
амьдралтай, даруу, хайхрамжгүй нөхөртэй, хоёр хүүхдийн ээж Laura болон мөн л амьдрал нь жигдэрсэн, эхнэр
хүүхэдтэй, эмч мэргэжилтэй Alec хоёр болой..
тэднийг ийн суун байтал гаднаас
нэг хүүхэн орж ирээд Laura-тай мэндлээд ам хамхилгүй ярьж эхлэх бөгөөд энэ
хүүхэн ойрд Laura-тай уулзаагүй түүний найз байв, Alec галт тэрэгний дохиогоор
босон: би явах боллоо гээд дурамжихнаар хүүхнүүдтэй салах ёс хийхдээ Laura-ын
мөрөнд хүрэхэд хүүхэн алхаар цохиулах мэт хадагдан үлдэх агаад залуу кафегаас гарсны
хойно Laura-ын найз зогсоо зайгүй юм ярихад Laura хөшөө мэт гөлрөн сууж байгаад
гэнэт гүйн гараад таван хормын дараа үхээд боссон хүн шиг цонхийж цайчихсан хүн
эргэн найз дээрээ ирнэ.. тэр оройдоо Laura гэртээ ирээд хоёр хүүхэд маань
өрөөндөө унтаж байна, нөхөр маань хажууд минь байна гэтэл би түүнийг бодсоор
гэж бодуутаа гэнэт уйлахад нөхөр нь сандран тайтгаруулах ба эхнэр чинь
шалтгаангүй, гэнэт уйлж эхэлвэл нууц амрагтай болж гэж бодож болно.. ингээд
зочны өрөөндөө орцгоож, Laura юм оёход нөхөр нь ном уншина, энэ үед Laura
өөрийнхөө бодолд нөхөртөө хандан дөнгөж үүрд салсан ч зуурдын учрал байсан нууц
амраг Alec-тайгаа яаж танилцаж, өдөр хоногуудыг хэрхэн хамт өнгөрүүлсэнээ
наманчилан ярихаас нь үзэгч бид энэ зуурдын учралтай бас танилцана.. пүрэв
гариг бүр Laura галт тэргээр хотын төв орж дэлгүүр хэсч, театрт жүжиг үзэх
бөгөөд нэгэн удаагийн тогтсон заншлаараа явж байгаад нүдэндээ элс оруулчихаад
тэвдэн байхад эмч Alec тусалсанаар тэд галт тэрэгний кафед танилцжээ.. Alec
өөрийгөө идеалист хүн гэдэг бөгөөд нүдэнд дулаахан, итгэж болохуйц, өөртөө итгэлтэй
болох нь ярианаас нь мэдрэгдэх бол Laura үзэсгэлэнтэй биш ч эвтэйхэн, ухаалаг, боловсролтой хүн ба тэд ийм
хөгжилтэйгөөр танилцжээ.. дараагийн пүрэв гаригт тэд номын сангийн үүдэнд
тааралдан мэндлээд өнгөрөх, тэрний дараагийн пүрэв гаригт мөн л санамсаргүйгээр
рестаронд тааралдан хамт хооллохдоо тун дотно танилцаж амжихдаа бие биедээ
дурлах агаад гаднасаа өө сэвгүй харагдах тэдний амьдралд үнэндээ хайр
үгүйлэгдэж байжээ..
тэр өдөр тэд театр орж, энэ тэрүүгээр зугаалж хэзээч
амсаагүй мэдрэмжээ мэдэрцгээх бөгөөд Alec-ын ятгалгаар дараагийн пүрэв гаригт
дахин уулзаж өдрийг хамт өнгөрүүлэхээр болно.. дараагийн уулзалтад тэд хэзээ
язааны найзууд шиг уулзалдах агаад уулзалт үнэндээ болзоо шиг болж, тэд эхнэр
болон нөхрүүдээ өөр хоорондоо ярицгаах ба Laura нөхрөө энгийн л, ерөнхийдөө
сайн хүн гэхэд Alec эхнэрээ намхан, хар үстэй гэж ярьдаг.. орой болж гэр гэртээ
харих замд Laura Alec-ын эхнэр ямар
хүүхэн бол, одоо гэртээ очиход нь эхнэр нь яаж угтах бол гэж бодно.. Laura
гэртээ ирэхэд хүү нь осолд орсон байна, үүнд тэрээр өөрийгөө буруутгах ч
дараагийн пүрэв гаригт очихгүй байж чадахгүйгээ ухаарах ба нөхөртөө өөр эр
хүнтэй хоолонд орсон, бас жүжиг үзсэн гэж хэлж үзэхэд нөхөр нь сайн хэрэг байна
гээд хайхардаггүй.. Laura болон Alec-ын харьцаа улам нээлттэй болж, уулзахын
тулд санаатайгаар, зориудаар худлаа хэлж уулздаг болох агаад нэгэн удаагийн болзолтоор
хэн хэндээ хайр сэтгэлээ илчлээд анхны үнсэлтээ хийцгээнэ.. анхны үнсэлтэндээ
уруул нь чимчигнэх Laura харих замдаа хүмүүс өөрийг нь мэдчихээд хараад бас
жигшиж байгаа юм шиг санагдан ичин, зовон явна.. ээлжит нэгэн пүрэв гаригт нууц
амрагууд шампаансик шимэн сууж байгаад Laura-ын найз хүүхнүүдтэй таарчих буюу
гардуулчихна, энэ явдал Laura-г маш эвгүй байдалд оруулах бөгөөд уг баларсан
явдлын дараа хүүхэн Alec-ын гэрт дөнгөж очоод байтал Alec-ын найз гэнэт орж
ирсэнээр Laura хэзээч үзээгүй ичгэвтэр байдалд орох ба хэрвээ Alec-ын найз
ирээгүй бол магадгүй тэд хурьцах байсан бизээ.. энэ бүхнээс эл харилцаагаа
таслан зогсоох ёстойг ухаалаг Laura ойлгон үүнийгээ ч Alec-д хэлэхэд Alec зөвшөөрөхөөс
гадна удахгүй өөр улс руу урт хугацаагаар явах гэж байгаагаа хэлдэг, тэдэнд
ямар хүнд, хичнээн хоосрол, ганцаардал мэдрэгдсэнийг төсөөлөмгүй..
ингээд тэд
эцсийн болзоогоо пүрэв гаригтаа товлоод тэр өдөржин хамт байгаад өнөөх кафед
салах хором бүхнээ тоолонгоо ярилцан байх үе буюу киноны эхэн хэсэгт бид ийнхүү
ирэх бөгөөд Laura залуудаа хандан: би үүнийг тэвчихгүйн, үхдэг ч болоосой
хэмээхэд Alec: чи үхвэл намайг мартчихна, би дурсагдаж байхыг хүснэ гэдэг..
тэднийг ийнхүү ярилцаж байхад Laura-ын найз хүүхэн ирж тэдний салалтыг үймүүлэх
бөгөөд салалтаа хулгайлуулсандаа, тасалдуулсандаа гомдож, цөхөрцгөөнө.. Alec-г
кафегаас үүрд гарч явсан хойно Laura найзынхаа ярихыг огт сонсолгүй харин ухаан
санаан: тэр эргээд ирэх болов уу, эсхүл би гарч дууддаг юм билүү гэсэн бөөн
бодолд манарах ба Alec-г явсныг илтгэх галт тэрэгний дуунаар суудлаасаа үсрэн
босоод гадагш гаран ирж буй галт тэрэгний доогуур орохыг завдах хэдий ч зүрх нь
хүрэлгүй зэвхий царайлсан амьтан кафед буцаж орсон нь тэр ээ.. яг энэ мөчид нөхөр
нь Laura-г сэрүүн зүүднээс нь сэрээгээд: чи хэсэг хугацаанд надаас маш их хол
байлаа, одоо харин наддаа эргэн ирлээ гэж хэлэхэд Laura нөхрөө тэврэн цурхиран
уйлдаг ба нөхөр нь түүнийг аль хэзээ мэдсэнийг ойлгодог..
НЭМЭЛТ: Энэ кино нь Noel Coward-ын
нэг үзэгдэлт "Still Life" жүжгээс сэдэвлэсэн бөгөөд бүхий л үзэгдэл
нь төмөр замын зогсоолын хоолны газарт өрнөдөг. Тайзны жүжгээс сэдэвлэсэн
кинонуудад түгээмэл байдагчлан кинонд зөвхөн жүжигт дурдагдсан газрууд болох
кино театр, ресторан, доктор Lynn-ын өрөө болон Laura-ын гэр дүрслэгддэг. Мөн
жүжигт дурдагддаггүй хэд хэдэн газар бий; тухайлбал, нууран дээрх завьтай
хэсэг, Laura-ын цэцэрлэгт хүрээлэнд ганцаараа харанхуйд сууж тамхи татдаг гэх
мэт хэсгүүд юм. Кинонд зарим хэсгийг хоёрдмол утгагүй, илүүтэй драматик
болгожээ. Дурлагсад дотно харилцаанд орох шинжтэй өнгө аястай хэсгүүд байдаг;
жүжигт тэд бэлгийн харилцаанд орсон эсэхийг үзэгчдэд үлдээдэг бол кинонд тэгж
гардаггүй.
Comments
Post a Comment