Jules and Jim (1962). Австри
болон Франц улсууд дэлхийн нэгдүгээр дайнд хоорондоо дайтахаас өмнө Парист
нэгэн Австри, Франц хоёр залуу урлагийг харах хараа болон үзэл бодлоороо нэгдэн
нөхөрлөн дотносох ба хорь гаран насны залуус үзэл бодол хийгээд урлагийн
сонирхол, тэр ч бүү хэл охид, хүүхнүүдээ хуваалцан дундаа хэрэглэнэ.. тэд бол шар
үстэй, намхан, ичимхий Австри залуу Jules \ Oskar Werner-Австрийн тайз, дэлгэцийн
жүжигчин\ болон өндөр, хар үстэй, шалиг Франц залуу Jim \ Henri Serre-Францын жүжигчин\ бөгөөд
хоёулаа урлаг, утга зохиолын өндөр мэдлэгтэй, дээд зэргийн боловсон Bohemian
амьдралын хэв маягтай залуус болой..
найзууд ийнхүү хүүхнүүдийг хуваалцан,
хольж солин явсаар Catherine \ Jeanne Moreau-Канны наадмын шагналт Францын
жүжигчин, дуучин, найруулагч\ хэмээх маш үзэсгэлэнтэйн дээр халдаж боломгүй эрх
дураараа, солонгон ааштай хүүхэнтэй танилцаж, улмаар гурвуул дотно нөхөрлөх
бөгөөд тэд хамт хооллохоос авхуулаад хамт зугаалах мэтээр үргэлж хамт явцгаах
агаад залуус нэгэн зэрэг хүүхэнд дурласан нь тодорхой бол хүүхэн хэн хэнтэйн
ижил тэгш харьцана.. хэн нэгэн нь түрүүлж хүүхэнд сэтгэлээ илчлэх нь мэдээж
байсан агаад энэ нь Jules байна, хайрын хүсэлтийг Catherine болох ёстой юм
шигээр хүлээн аван тун албаны байдлаар зөвшөөрөх бөгөөд уг явдалд Jim уурлаж
бас гайхсангүйгээр үл барам найздаа хандаж: энэ хүүхэн өөрийн гэсэн өвөрмөц
ертөнцтэй, энэ дэлхий дээр тэр жаргалтай байхгүй, түүнд нэг эр хүн хангалтгүй
хэмээдэг..
Jules, Catherine хоёр дөнгөж хуримлахтай зэрэгцэн дэлхийн нэгдүгээр
дайн эхэлж Jules болон Jim эх орныхоо төлөө тулалдахаар аянд дайнд мордон
найзууд салцгаах ба тэд дайнаар хоорондоо нүүр тулах бий хэмээн айцгаана.. дайны
жилүүдэд Catherine жирэмслээд бас төрж охин гаргах бол Jim-г найз хүүхэн нь
болох Gilberte хүлээх хэдий ч Jim түүнтэй зөвхөн хонохоос хайргүй байлаа,
үүнийг нь ч Gilberte мэддэг, хүлээн зөвшөөрдөг байлаа..
хар дайн дуусчээ, Jules
эхнэр болон охиноо аван Австридаа харин ойн модон дунд сайхан байшиндаа амар
амгалан аж төрөнгөө зохиол бичин амьдрах ба Jim найз нь тэдэн дээр зочлон
очиход галт тэрэгний буудал дээр Catherine бяцхан охины хамт тосоод гэртээ
аваачина, гурван найз уулзалдаад хэр баяр хөөр болохоос гадна хуучнаа яаж
дурсан баясалдсаныг энд өгүүлэхгүй бөгөөд тэдний гадаад төрх л жаахан
өөрчлөгдсөнөөс доторх сахилгагүй, ирмүүн, цогтой чанар нь хэвээрээ агаад мэдээж
Catherine болон Jules хоёр эхнэр, нөхөр болсон нь ихээхэн өөрчлөлт байлаа..
тэглээ гээд тэдний харилцаа эрс өөрчлөгдсөнгүй өнөөх л хөгжөөнтэй хэвээрээ бол Jim-ын
Catherine-г хайрлах сэтгэл мөн л хэвээрээ бөгөөд хүүхэн ч үүнийг анзааран харц
болон үйл хөдлөлөөрөө илт сээтэн хаяна, харин Jules бүгдийг чимээгүй ажиглана..
Jim, Catherine хоёрт хоёулахнаа байх үе ирэхэд залуу далдуур зүрх сэтгэлээ
илчлэх ба харин хүүхэн түүнээс: чи Gilberte-тэйгээ суугаач, тэр чамд их хайртай
гэхэд Jim: тэр намайг ямарч шийдвэр гаргасан ойлгоно, тэр намайг насаараа
хүлээх хүн гэж хариулдаг.. тэр оройдоо Jules, Jim мөн л аминчихан уулзахад Jules найздаа хандаж: Catherine бид хоёр
удахгүй сална, бид хоёр тохирохгүйн, тэр надаас уйдсан, энэ хугацаанд олон удаа
намайг араар тавьсан гэж хэлдэг.. ингээд хэд хоноод Jim буцах ба Catherine хурдан
буцаж ирэхийг хүссэн захиа Парис руу бичсээр байгаад Jim-г буцаан авчрахад Jules-ын
бичсэн: чи хурдан ир, Catherine чамд хайртай, чи ч бас хайртай биздээ, би энэ
хүүхэнд дэндүү хайртай болохоор хүслээр л байна гэсэн үгстэй захиа давхар томоохон
хүч болно.. Jim хувцас хунараа аваад Jules-нд нэг мөсөн нүүж ирэх бөгөөд
ингэснээр Jim, Catherine хоёрын янаг дурлал ил болох буюу тэд хамтдаа унтах бол
Jules үүнийг харин ч баяртайгаар хүлээн авч гурвуулаа барагалж жаргалтай
амьдарна.. энэ үед Jim хүүхэд хүсэж эхлэх бөгөөд даанч Catherine хүүхэд олохгүй
байх агаад дээр нь хүүхэн уурласан юмуу ааш нь хөдлөхөөр Jules-ын өрөө рүү
ордог, хааяа Jules-дээ л хайртай гэсэн хандлага нь Jim-г буцаад Парис явах
шалтгаан болно..
Jim-г мэдээжээр Gilberte хүлээж аваад, Catherine-аас ирэх олон
захиаг хүлцэнгүйгээр дамжуулахдаа: чи явж болно, гэхдээ ядаж надтай долоо хоно
гэж Jim-г уях ба Catherine-аас ирэх захианд: би жирэмсэн болсон, би чамд
хайртай гэсэн үгс байх агаад энэ бүхэн даанч худлаа болохыг Jim мэдэж байлаа.. ийнхүү
Jim Gilberte-тэйгээ суухаар зэхэж байтал Jules, Catherine хоёр Парист
амьдрахаар ирнэ, найзууд мэдээж дотно хэвээрээ бол Catherine Jim-тэй хоёулахнаа
үлдсэн хойноо гар буу тулгаад: чи намайг сонго, үгүй бол үх гэдэг бөгөөд бөөн
ноцолдосны эцэст Jim хүүхнээс буугийн салгачихаад зугтааж орхино.. уг явдлаас
төд удалгүй гэхдээ сэтгэлийн түгшүүр намжсан хойно Catherine, Jules болон Jim
гурав нэгэн кафед уулзах агаад кафе нуурын эрэг дээр орших бөгөөд Catherine
машин дотроосоо Jim-д хандан: хэлэх юм байна, машинд суучих гэхэд залуу машинд
суунгуут Catherine хаазаа нэмэн хурдалсаар гүүрнээс машинтайгаа, мөн Jim-тэйгээ
живж үхэхийг Jules харсаар үлддэг..
Францын шинэ давалгаа хөдөлгөөний гол кино
урлаачдын нэг суут François Truffaut-ын бүрэн хэмжээний гуравдахь бүтээл нь
болж гарсан энэхүү кино нь шинэ давалгаа хөдөлгөөний чухал бүтээлийн тоонд
орохын сацуу ер нь кино сан хөмрөг дөх цаглашгүй гоо үзэсгэлэнтэй кино гэж одоо
ч үнэлэгддэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 84-р байрт
жагсдаг аа.. хайрын гурвалжингийн талаар үзүүлэх эл кино шиг хүмүүс хоорондын
сэтгэлзүйн болон сексийн харилцааны нарийн ширийнийг гарган тавьсан тулхтай
бүтээл эдүгээ ч цөөхөн бөгөөд Empire сэтгүүл дэлхийн шилдэг зуун кинондоо
багтаасан классик болсон кино ажээ.. найруулагч François Truffaut киноныхоо
зохиолоо Францын зохиолч Henri-Pierre Roché-ын хагас намтарчилсан зохиол дээр
үндэслэн бүтээсэн агаад киноны гурван гол дүр бодит хүмүүсээс улбаатай ажээ..
киноны хөгжим анх сонсоход л чихэнд хүрэх ба Францын хөгжмийн зохиолч Georges
Delerue-ын \түүнийг кино урлагийн Моцарт гэдэг\ энэ кинонд зориулж бичсэн
хөгжим Time сэтгүүлийн шилдэг зуун кино хөгжмийн тоонд багтдаг..
уг кино маань
хожмын уран бүтээлчдэд асар ихээр нөлөөлсөн байдгаас дурдвал: домогт Martin
Scorsese гайхамшигт “GoodFellas” киноныхоо хүүрнэгч, түргэн монтаж, хурдтай
хэмнэлээ “Jules and Jim”-ээс санаа авсан бол “Amélie” бүтээл мөн л үлэмж санаа
авсан байдаг ба Cameron Crowe-ын “Vanilla Sky” болон Wes Anderson-ын “The Life
Aquatic with Steve Zissou” бүтээлүүд их бага хэмжээгээр тус киноноос санаа
авчээ.. киноны гол дүр, гол төв жүжигчин Jeanne Moreau буюу Catherine агаад
Catherine бол үзэсгэлэнтэй, ухаалаг, сексий хэдий ч тэрээр хоосон бүтэцтэй,
эмэгтэй хүнд харшилсан хоёр идеаг нэгтгэсэн дүр бөгөөд Catherine-ын дүрийг
Францын шинэ давалгааны эрхэм жишээ, загвар эмэгтэй дүр гэдэг ажээ.. гүүрэн
дээрээс үсэрдэг хэсэгт орлон тоглогч нь согтуу байсан учир Jeanne Moreau өөрөө үсэрч, улмаар хоёр хоног
халууран орондоо хэвтсэн бөгөөд кино багийнхан ердөө 15 хүнээс л бүрдэж
байжээ.. сонирхуулахад, Stephen Hawking эл кинонд дуртай байжээ..
Comments
Post a Comment